Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 10

 

Х.Хишигбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар  сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00240 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Хишигбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2014.10.28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин 10890000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч М.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн нар оролцов.   

 

Нэхэмжлэгч Х.Хишигбат шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Хишигбат миний бие нь эмчээр 20 жил ажиллаж байна. Үүнээс Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээр 10 жил ажилласан. Тус төвийн ахлагч байсан С.Золжаргал нь намайг 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 13 тоот тушаалаар эмчлэгч эмчийн ажлаас ямар ч үндэслэлгүйгээр 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 13.00 цагт чөлөөлсөн. Миний бие уг тушаалыг эс зөвшөөрч 2014 оны 11 сард Сум дундын шүүхэд анх нэхэмжлэлээ гаргасан юм. Шүүх иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгдэж явсаар жил гаран болсон ба 2016 оны 3 сарын 4-ний өдөр шүүх хурал зарлагдсан боловч миний бие уг шүүх хуралд хожимдож ирсэний улмаас 2016 оны 3 сарын 4-ний өдрийн 139/ШЗ2016/00305 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан тул дахин нэхэмжлэл гаргасан. Миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв нь хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм. Өрхийн эрүүл мэндийн төв хамт олны хамтарсан хурлаар асуудал шийдвэрлэх ёстой байдаг. Энэ заалтыг тус өрхийн эрүүл мэндийн хамт олон хэрэгжүүлдэггүй өдий хүрч ирсэн. Нэхэмжлэгч Х.Хишигбат би уг тушаалд дурьдсанаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, танхайраагүй, бусдыг хэл амаар доромжилж, ажил тасалж, ажлын цагийг баримтлаагүй гэсэн үндэслэлээр хамт олны хурлаар хэлэлцэж захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй. Тухайн өдөр 13.00 цаг хүртэл Эрүүл мэндийн төвд ямар ч зөрчилгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж иргэдийн үзлэг оношлогоо, эмчилгээ хийж байхад өрөөнд орж ирээд шууд ажлаас халах тушаал өгсөн. Хэрвээ би дутагдал гаргаж байсан бол надад ямар нэгэн арга хэмжээ авагдах байсан байх. Гэтэл ямар ч хууль зүйн үндэслэлгүй шууд халсан тушаал гаргасан. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олны хурлаар ч хэлэлцүүлэлгүй шууд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Намайг ажилдаа эрүүл ирж үүрэгт ажлаа хийж байсныг тус өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон, иргэд гэрчилж нотлоно. Тус төвийн дарга байсан С.Золжаргалд ажил мэргэжлийн чиглэлээр үзэл бодлоо ярилцахад хүлээн авдаггүй, өөрийнхөө бодлоор үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ тал дээр санал бодол зөрчилдөж, үнэнийг нь би хэлснээр буруутан болж өнөөдөр ажилгүй болж хохирч явна.

Иймд Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2014.10.28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10890000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Сосорбурам шүүхэд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга /С.Золжаргал/-ын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, мөн Байгууллагын дотоод журам-ын 1 дүгээр зүйлийн 1.9.7 дахь хэсгийн 8, 9 дэх хэсгийг тус тус үндэслэн тус төвийн эмчлэгч эмч Х.Хишигбатыг ажлын байран дээр бусдыг хэл амаар доромжилсон, удаа дараалан ажлын цагийг таслаж, мөн ажлын цагийг баримталдаггүй тул үүрэгт ажлаас 2014 оны 10 сарын 28-ны өдрөөс чөлөөлсөн. Х.Хишигбатын гаргасан зөрчил нь холбогдох баримт, байгууллагын ажилтнуудын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа бөгөөд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухайн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг баримтлан гаргасан тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тус эрүүл мэндийн төв нь одоо орон тоо бүрэн, байгууллагын санхүүжилт хүрэлцэхгүй байгаа тул Х.Хишигбатыг эргүүлэн ажилд томилох, нэхэмжлэлд дурьдсан 10,890,000 /арван сая найман зуун ерэн мянга/ төгрөгийг олгох боломжгүй болно гэв.

 

 

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Найдан овогт Хүүхэнтогоогийн Хишигбатыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв даргын 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10890000 /арван сая найман зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Хишигбатад олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв /М.Сосорбурам/-д үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 259390 /хоёр зуун тавин есөн мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Гантулга давж заалдах гомдолдоо:   139/ШШ2016/00244 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч  дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Х.Хишигбат эмчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн “Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын  2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр холбогдох хуульд нийцсэн, үндэслэл нотолгоотой шийдвэр юм. Х.Хишигбат эмчийн гаргасан нэхэмжлэлд энэ тухай удаа дараа, маш тодорхой тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудад оролцож ирсэн боловч  анхан шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэлээ гэж үзэж байна. 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016.07.06-ны өдрийн 218/МА2016/00005 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх ба давж заалдах шатны шүүх залруулан шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байна гэж 2016.05.30-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

Гэтэл хөдөлмөрийн харилцаандаа холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн, бусадтай ажлын байран дээр зүй бусаар харьцсан , ажлын цаг баримталдаггүй,  этгээдийн хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлэн төсвөөс санхүүждэг байгууллагад хэт хохиролтойгоор хэргийг шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Иймд хэргийг дахин хянаж, анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00244 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна.

 Нэхэмжлэгч Х.Хишигбат нь Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2014.10.28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10890000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

         Хариуцагчийн төлөөлөгч М.Гантулга анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Учир нь Золжаргал даргын тухайн үед гаргасан ажлаас чөлөөлөх тушаал нь Х.Хишигбатыг ажлын байранд согтуурсан, ажлын цагийг удаа дараа тасалж байсан нь гэрчийн мэдүүлэг болон цагийн бүртгэлээр батлагдсан. Одоо манай байгууллагын 11, 12 дугаар саруудын төсөв нийлээд 7000000 /долоон сая/ төгрөг байгаа тул байгууллагын төсвөөс нэхэмжлэгч Х.Хишигбатад мөнгө гаргаж өгөх ямар ч боломжгүй гэж маргасан байна.

 

         Х.Хишигбатыг ажлын байран дээр дахин давтан согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирж танхайрсан, бусдыг хэл амаар доромжилсон, ажлын цаг баримталдаггүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар хуульчилсан байна.

 

           Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх нь хуульд нийцнэ. Гэтэл хөдөлмөрийн гэрээний талууд ноцтой зөрчил гэж үзэх тохиолдлыг гэрээгээр тохиролцоогүй,өмнөх зөрчилд хариуцлага ногдуулсан талаар нотлох баримтгүй байна.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар  сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00240 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ                          Т.БЯМБАЖАВ

 

                                             ШҮҮГЧИД                           Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                                                         Ц.ОТГОНЦЭЦЭГ