Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 20

 

2017.3.22 №20

Д.Баяржаргалд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0019/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд: 

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Ялтны өмгөөлөгч:Д.Оюунцэцэг,

Ялтан: Д.Баяржаргал нар оролцов.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянгын даргалж шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Баяржаргалын давж заалдах гомдлоор эрүүгийн 201623000319 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, Тамаа овогт Дамбын Баяржаргал  /РД: СШ82042914/

Д.Баяржаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Бархинаг” гэх газраас иргэн Э.Дашдоржийн хул азаргатай 26 тооны адууг хулгайлж, 12000000 / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Тамаа овогт Дамбын Баяржаргалыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалын хувьд оногдох эд хөрөнгөөс 100.000 /зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 03 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хонгор зүсмийн нэг тооны адууг хураан улсын орлогод оруулж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх /15 тооны морь битүүмжилсэн/ тогтоолыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял биелтэл хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.

Ялтан Д.Баяржаргал нь давж заалдах гомдолдоо: ... Хохирогч Э.Дашдорж нь миний эцгийн төрсөн дүү  юм. 2012 оны үед манай хүүхэд Анужинг гуйж уралдааны морь унуулж хөлсөнд нь 1 тооны шүдлэн үрээ өгнө гэж байсан боловч өгөхгүй байсан юм. Тэгэхээр нь миний уур хүрч 2 адууг нь хулгайлсан үнэн. Би хулгайлж авсан адууны оронд 2 тооны байдас өгсөн. Хохирлоо бүрэн төлсөн.  Би 4-13 насны 3 хүүхэдтэй, эхнэр маань аймгийн  төвд 3 хүүхдээ асарч сургууль, цэцэрлэгт явуулдаг. Би хөдөө малаа малладаг байсан. Намайг эзгүйд мал маллах хүнгүй зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан үзэлгүй баривчлах ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд миний ялд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Д.Баяржаргалд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, шийтгэх тогтоолд дурьдсан дүгнэлт нь ял шийтгэгдсэн этгээдэд ялыг зөв оногдуулахад нөлөөлөхөөр зөрүүтэй дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.4, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Баяржаргалд  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.СҮХГОМБО