Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1100

 

 

 

 

 

 

   2019           10          21                                             1100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0243/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

О овогт Бийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн О овогт Бийн Э, 1996 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварын ашиглалт, оношилгооны засварчин, тогооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух, урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 8 дугаар сарын 13-нд 17 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны урд замд “Ниссан Кондор” загварын ... УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч О.А, Э.Э нарыг мөргөж, О.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. О.А 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 10 нас 4 сар 5 хоногтой тухай нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

2.Насанд хүрээгүй хохирогч О.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эгч Эгийн хамт дэлгүүр орохоор гэрээсээ гарсан. Зам хөндлөн гарцаар гарч байтал нэг машин баруун талаас ирж мөргөсөн. “Шижир” дэлгүүрийн эгч манай ээж рүү утсаар залгаж ярьсан. Ээж ирээд бас түргэний машин ирээд биднийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Цагаан өнгийн ачааны автомашин намайг мөргөсөн. Ирж байгааг нь хараагүй. Бид хоёр хөтлөлцөөд явж байхад гарц дээр мөргөсөн. Миний баруун талаас ирж мөргөсөн. Миний баруун талын эгэм хугарсан.. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

 

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцогтын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“... Тухайн осол болсон өдөр би гэртээ байсан. Манай дээд талын айлын эмэгтэй утсаар танай хоёр хүүхэд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би шууд осол болсон газар очиход нэг нь уйлчихсан сууж байсан. Жолооч түргэн болон цагдаа дуудсан байсан. Түргэн ирж үзээд биднийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Э.Эгийн ээж миний төрсөн эгч юм. Энхцогт эгч сэтгэцийн өвчтэй эрүүл хүн биш учраас би өөрийн охин О.А, Э.Э нарын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Мөн Э.Э бас сэтгэцийн өвчтэй. Хоёр хүүхэд осол болсон үеийг бодвол гайгүй болсон. Жолооч одоогийн байдлаар эмчилгээний мөнгө өгөөгүй байгаа. Хоёр хүүхдийг цаашид эмчлүүлэх зардал авах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар нийт 478.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал), түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

4. Гэрч М.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...Баянхошууны 7 дугаар хорооны автобусны буудал дээр байдаг үсчинд үсээ будуулаад сууж байтал гэнэт машин хүчтэй тоормослох чимээ гараад “түс” хийсэн дуу гарсан. Хүмүүс орилолдоод байсан. Тэгээд цонхоор хартал 10 орчим насны охин орилоод зам дээрээс уйлаад босоод ирсэн. Бас хүүхэд хүнээр түшүүлээд замын хажуу талд гараад ирсэн. Би тэгээд гүйж очоод нөгөө хүмүүст хүүхдийг хамаагүй босгож болохгүй хэвтүүл гэж хэлсэн. Утсаа шүүрч аваад түргэн дуудсан чинь Дорнод аймгийн түргэн байна өнөөдөр системийн алдаа заагаад байна цагдаа руу залга гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Мөргөсөн машин нь боржур даваад зогссон байсан. Том охины хамраас тухайн үед цус гоожсон байсан. Удалгүй түргэн болон цагдаа ирсэн. Хоёр хүүхдийг гэмтэл аваад явсан. Нэг охины эмээ, ээж ирсэн чинь нэлээд ядруу байрын хүмүүс байсан. Гэтэл хажуугийн хүмүүс энэ том охины ээж, энэ хоёр саажилттай гэж хэлж байсан. Тогтуун нартай үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тэр хоёр хүүхэд гарцаар гарч байгаад мөргүүлсэн. Миний үс зассан газар болохоор гарцны хажуу талд байдаг юм. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 37 дугаар тал),

 

5. Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би Орбитод цемент буулгачихаад тэндээсээ харих гээд явж байсан. Баянхошууны 7 дугаар хорооны автобусны буудлын хажуугийн гарц дээр хоёр хүүхдийг дайрсан. Тэр хоёр охин хөтлөлцөөд зогсож байсан. Зогсож байхаар нь машины урдуур гэнэт гүйхгүй байх гэж бодсон. Тэгээд тулаад очсон чинь шууд гүйж таарахад нь би үрүүлээ баруун гар тийш дарахад боржур даваад толиороо шүргэсэн. Түргэн болон цагдаа дуудсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь аав бид хоёрын дундын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь нэрээ шилжүүлнэ гэж хэлээд 4 жил гаруй алга болсон. Хөөцөлдөөд олохгүй байна. Би жолоо барих эрхийн үнэмлэхтэй. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Эмчилгээний төлбөр болох 1.000.000 төгрөг төлсөн. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 63 дугаар тал),

 

            6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9850 дугаартай дүгнэлтэд:

            Хэсэг газрын үзлэгт: Эгэмэнд даралттай боолт хийгдсэн, эмзэглэлтэй. Зулайн баруун хуйханд 5х5 см талбайд овойж хавдсан.

ГССҮТ-н бичигт: VIII/13 17.50: баруун эгэмний хугарал. Тархи доргилт.

Нурууны КТГ хариуд: “...Баруун талын эгэм их биеийн дунд хэсгээр зөрүүгүй хугаралтай” гэжээ.

            ДҮГНЭЛТ:

О.Агийн биед баруун эгэмний хугарал, тархи доргилт, зулайн хуйханд хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.... /шинжээч С.Одончимэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9851 дугаартай дүгнэлтэд:

            Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт 4х4 см, баруун самсаанд 4х2.6 см зулгаралттай. Дээд уруудын баруун хэсэгт хаван, цус хуралттай. Баруун гарын шуунд гөлтгөнөн аравч тавигдсан. Зүүн өвдөгт 5х5 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн сарвууны ар талд 0.6х0.5 см шалбаралттай.

ГССҮТ-н бичигт: Нүүр, гарын шууны зөөлөн эдийн няцрал. Тархи доргилт.

Мөнгөн гүүр КТГ-т: “Баруун нүдний эргэн тойронд зөөлөн эд бага зэрэг зузаарч хавагнасан” гэжээ.

            ДҮГНЭЛТ:

Э.Эмүжингийн биед баруун хацар, уруул, шуу, өвдөг, гарын сарвуунд цус хуралт, шалбаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ... /шинжээч С.Одончимэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар тал),

 

8.Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 46557 тоот дүгнэлтэд:

- Уг Nissan Condor загварын ... УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд болон хойд тэнхлэийн дугуйн тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байна. ...Эргэх болон ослын дохио асахгүй, мөн дуут дохио ажиллахгүй зэрэг гэмтлүүд байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг хангахгүй байна.

- Урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй, эргэх болон ослын дохио асахгүй мөн дуут дохио байхгүй зэрэг гэмтлүүдтэй байна.

- Урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны зөрүү стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байх боломжтой. Тухайн замын гадаргуугийн байдал автомашины хурд зэргээс хамаарч тоормосны зам уртсахад нөлөөлнө. Эргэх болон ослын дохио асахгүй мөн дуут дохио ажиллахгүй зэрэг гэмтэлтэй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох ба хэрэв ашигласан тохиолдолд замын хөдөлгөөнд оролцогч автомашин явган зорчигч нарт үл ойлгогдох, болзошгүй осол хэргийн үед анхааруулах боломжгүй нөхцөл байдал үүсгэнэ.

            - Тоормосны шингэн дамжуулгатай ABS системтэй байна. Тоормосны систем хэвийн бус ажиллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна.

            - Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой.

            - Хяналт үзлэгийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд уг тээврийн хэрэгслийн спидометр нь хэвийн байна. /Шинжээч Д.Ганхуяг,Ч.Зоригттөгс, Г.Өлзийбаяр/ ...” гэсэн дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрэл зураг авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас (хавтаст хэргийн 57-51 дүгээр тал),

 

9. Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвд “...... УБК ачаатай машин 2 хүүхэд дайрчихлаа гэх, хамарнаас нь цус гараад байна гэх дуудлагыг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 7 минут 20 секундэд хүлээн авсан...” лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар тал),

 

10.Түргэн тусламжийн төвд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 7 хорооны автобусны буудал дээр зам тээврийн осол гарсан талаар 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 7 минут 15 секундэд өгсөн тухай дуудлагын хуудас (хавтаст хэргийн 71 дүгээр тал),

 

11. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-10 дугаар тал), Жолооч Б.Эгийн (0.00 хувь) согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

12. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны урд талын Автобусны буудлын замын хойд талд байрлах “Үсчин”-ний үйл ажиллагаа явуулдаг газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд:

“... Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны урд талын автобусны буудлын урдаасаа хойшоо чиглэлийн урсгалтай замд зорчих хэсгийн хоёр талаар ар араасаа явж байгаа автомашинууд харагдах ба, замын гол хэсгээр зорчих хоёр эгнээ зам байна. Тухайн эгнээгээр бичлэгийн 10 дахь секунтэд цагаан өнгийн ачааны автомашин явж байгаа харагдана. Уг бичлэг нь 16 дахь секунтэд гарцаар хоёр хүүхэд гүйж гарч ирээд тухайн цагаан өнгийн “Кондор” маркийн автомашины урд хэсэгт мөргүүлж, бичлэгийн 25 дахь секунтэд автомашины хөдөлгөөнүүд удааширч байгаа 30 секунтын бичлэг байлаа. ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дүгээр тал), тус бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 74 дүгэрэ тал),

 

13. ... УБК улсын дугаартай “Nissan Condor” маркийн эзэмшигч Чулууны Отгонбаяр” бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч Б.Эгийн жолооны үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар хавтаст хэргийн 69 дүгээр тал),

 

14. О.А, Э.Э нарын эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлын баримтууд (хавтаст хэргийн 32-34 дүгээр тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

15. Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн“... Э манай 2 дахь хүү юм. ...Би Чулууны Отгонбаяр гэдэг хүнээс 2010 онд “Ниссан Кондор” ... УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тэр хүнтэй утсаар холбогдоогүй 9 жил болж байна. Одоо хаана байгааг мэдэхгүй. Тухайн үед Ч.Отгонбаярын бичиг баримт дутуу байсан болохоор нөгөө хүн гэртээ хариад бичиг баримтаа олоод ирнэ гэж хэлээд сураггүй алга болсон. Нэр шилжигдээгүй болохоос хариуцлагыг нь хүү бид хоёр хүлээнэ. Ямар ч байсан хүний машин биш. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 35 дугаар тал),

 

16. Б.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа  (хавтаст хэргийн 66 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Эд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Б.Э нь2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны урд замд “Ниссан Кондор” загварын ... УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин, явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч О.А, Э.Э нарыг мөргөж, О.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн дүгнэлтдээ хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргахгүй.  Хохирлын тухайд шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрт 900.000 төгрөг өгсөн. Яллах дүгнэлтэд 458.000 төгрөг төлсөн гэсэн боловч түүнээс хойш хохирогч нарт 300.000 төгрөг нэмж төлсөн. Мөн шатахууны зардал 100.000 төгрөг өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардал төлөгдсөн гэсэн баримтаа бичээд өгөөч гэхэд “баримт өгөхгүй, мэдүүлэгтээ хэлнэ” гэж хэлээд баримт өгөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Эгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 07 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны урд замд “Ниссан Кондор” загварын ... УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч насанд хүрээгүй хохирогч О.А, насанд хүрээгүй Э.Э нарыг мөргөж, хохирогч О.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй Э.Эгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар тал),

-түргэн тусламжийн төвийн дуудлагын хуудас (хавтаст хэргийн 71 дүгээр тал),

-2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-10 дугаар тал),

-хэрэгт авагдсан зам тээврийн ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дүгээр тал)

-насанд хүрээгүй хохирогч О.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эгч Эгийн хамт дэлгүүр орохоор гэрээсээ гарсан. Зам хөндлөн гарцаар гарч байтал нэг машин баруун талаас ирж мөргөсөн. ... Бид хоёр хөтлөлцөөд явж байхад гарц дээр мөргөсөн. Миний баруун талаас ирж мөргөсөн. Миний баруун талын эгэм хугарсан.. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би шууд осол болсон газар очиход нэг нь уйлчихсан сууж байсан. Жолооч түргэн болон цагдаа дуудсан байсан. ...Түргэн ирж үзээд биднийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-гэрч М.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Баянхошууны 7 дугаар хорооны автобусны буудал дээр байдаг үсчинд үсээ будуулаад сууж байтал гэнэт машин хүчтэй тоормослох чимээ гараад “түс” хийсэн дуу гарсан. Хүмүүс орилолдоод байсан. ...цонхоор хартал 10 орчим насны охин орилоод зам дээрээс уйлаад босоод ирсэн. Бас хүүхэд хүнээр түшүүлээд замын хажуу талд гараад ирсэн. Би утсаа шүүрч аваад түргэн дуудсан. ...цагдаад дуудлага өгсөн. Мөргөсөн машин нь боржур даваад зогссон байсан. Том охины хамраас тухайн үед цус гоожсон байсан. ...Тэр хоёр хүүхэд гарцаар гарч байгаад мөргүүлсэн....” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 37 дугаар тал),

-шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ...Баянхошууны 7 дугаар хорооны автобусны буудлын хажуугийн гарц дээр хоёр хүүхдийг дайрсан. Тэр хоёр охин хөтлөлцөөд зогсож байсан. Зогсож байхаар нь машины урдуур гэнэт гүйхгүй байх гэж бодсон. Тэгээд тулаад очсон чинь шууд гүйж таарахад нь би үрүүлээ баруун гар тийш дарахад боржур даваад толиороо шүргэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 63 дугаар тал),

            -шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9850 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 41 дүгээр тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9851 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч О.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Эг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 46557 тоот дүгнэлтээр шүүгдэгч Б.Эгийн жолоодон явсан “Ниссан Кондор” загварын ... УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн зарим эд ангиуд нь стандартын шаардлага хангахгүй талаар дүгнэлт гаргасан байх боловч эдгээр шаардлага хангахгүй эд ангиуд нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байх тул шүүхээс шүүгдэгч Б.Эг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх талаар, энэ талаар Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийх, буруутгах боломжгүй, улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг тэмдэглэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үед гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шийдвэрлэх үндэстэй ба хохирогчид учирсан хор уршигаас гадна, иргэний нэхэмжлэгчид учирсан хор уршгийг хамтатган шийдвэрлэх арга хэмжээг авахаар хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч О.Агийн “Натур” оношилгооны төвд хийлгэсэн оношилгооны төлбөр 150.000 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгт хийлгэсэн оношилгооны төлбөр 120.000 төгрөгийн, нийт 270.000 төгрөгийн баримт, Э.Эмүжингийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн оношилгооны төлбөрт 120.000 төгрөг, эмийн үнэ 43.100, 16.600 төгрөгийн, нийт 179.700 төгрөгийн баримтууд хэрэгт авагдсан байна. (хавтаст хэргийн 32-34 дүгээр тал),

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонцогтод дээрх баримтаар гарсан зардалд 450.000 төгрөгийг, мөн өөрийн сайн дураар 350.000 төгрөг, шатахууны зардалд 100.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, нийт 900.000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонцогт нь 450.000 төгрөгийн төлбөр хүлээн авсан талаар мэдүүлсэн (хавтаст хэргийн 20 дугаар тал) байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол нөхөн төлөгдсөн, энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгонцогтод шүүх хуралдааны товыг шүүхийн ажилтан мэдэгдэхэд “хөдөө орон нутагт байгаа тул шүүх хуралд оролцохгүй” гэснийг дурдав.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс “шүүгдэгч Б.Э нь “Ашидбаяр” ХХК-д засварчнаар ажилладаг, тус компанид ажиллаж байгаад цагдаад шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр түр чөлөөлөгдсөн. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх,  гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, нөгөө талаас  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу явган хүний гарц дээр хохирогчийг тээврийн хэрэгслээр мөргөж хохирол учруулсан хохирлын хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин улсын яллагчийн торгох ял оногдуулах дүгнэлтийг үндэслэлгүй, өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч Б.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй байх ба, “Ашидбаяр” ХХК-нд жолоочоор ажилд саяхан орсон юм гэж мэдүүлэх боловч энэ талаар ажил эрхэлдэг баримтгүй, түүний цалин хөлс, орлого, санхүүгийн эх үүсвэрийн нотолсон баримтгүй тул торгох ялыг сонгох, оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.  

 

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгтбитүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирсэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О овогт Бийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогч О.А, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч насанд хүрээгүй Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зам тээврийн осол хэргийг харуулсан бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг  хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА