| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1124/Э |
| Дугаар | 1143 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 1143
2019 10 31 1143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч Х.Онолт,
хохирогч С.Б,
хохирогч, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Бадамханд /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0005/,
шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Н.Баярхүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1179/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ц овогт Дын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Х овогт Бы Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Ц овогт Дын М, Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник хангамжийн инженер мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 369 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, (РД:...).
2. Х овогт Бы М Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан системийн инженер мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх станцад диспетчер ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд 86 дугаар сургуулийн баруун талд иргэн С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад өнгөц язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү эгэмд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд 86 дугаар сургуулийн баруун талд “эцэг С.Быг зодлоо” гэх шалтгаанаар иргэн Д.Мыг зодож, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 11, 12 дугаар хавирганы хугарал, зүүн чих, зулай, дагзны хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, баруун шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 86 дугаар сургууль руу орох гээд явж байтал С.Б багш зөрөөд явсан. Тэгснээ “чи юу гээд байгаа юм” гээд эргэж ирэхээр нь би “юу ч хэлээгүй шүү дээ” гээд бид хоёр маргалдсан. Ингээд заамдалцахад хувцасны энгэрийн товч тасарсан. С.Б намайг тавиад би цагдаа руу дуудлага өгч, С.Б хүүхэд рүүгээ ярьж дуудсан. Би цагдаа дуудсан болохоор С.Б нь надаас салахгүй дагаад яваад байсан. Гэтэл гэнэт С.Бы хүүхэд Б гарч ирээд над руу дайрч намайг цохисон. Би буруу харахад араас нүдээд нилээн олон цохисон. Тэгээд би газар унахад С.Б хүү Быг барьж авсан. Салаад явж байхад араас дахиад ирсэн. Тэр үед цагдаа ирээд намайг эмнэлэгт үзүүл гээд явуулсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлчихээд цагдаа дээр ирэхэд шүүх эмнэлэгт үзүүл гэсэн. Би С.Быг цамцаар нь хоолойг нь шахсан. Түүнээс болж хоолой нь улайсан байх, түүнээс цохиогүй гэв.
Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Тэр өдөр гэртээ амарч байхад аав С.Б залгаж яриад нэг хүн намайг алах гээд байна гэхээр нь би гүйж гарсан. Хаана байгааг нь асуухад 86 дугаар сургуулийн хойно байна гэсэн. Очиход аав С.Б зодуулсан байдалтай байхаар нь уур хүрээд Д.Мтай зууралдаж, түүнийг нилээн түлхсэн. Энэ хооронд Д.М жижиг төмөр хашаанд бүдэрч унасан гэв.
Хохирогч С.Б мэдүүлэхдээ: Д.Мыг таньдаг байсан. Манай базын үеэл юм шиг байгаа юм. Д.Мы эхнэр нь манай сургуульд 2-3 жил багшаар ажиллаж байгаа. Тэр өдөр захирал намайг 82 дугаар сургууль дээр болох ёс зүйн хорооны хуралд очоод тайлбар өг гэсэн. Ингээд би 82 дугаар сургууль дээр болж байсан хуралд очиж тайлбар өгсөн. Ёс зүйн хорооны хуралд Д.Мы эхнэр Тунгалагыг ажилдаа ямар талаар асуусан. Тунгалагын талаар өөр багш ёс зүйн хороонд гомдол гаргасан юм байна лээ. Тэгээд Тунгалагын талаар би тайлбар өгчихөөд гарч яваад 86 дугаар сургууль руу орох гээд явж байхад Д.М, Тунгалаг нар таарсан. Тунгалаг ажил руугаа яваад орсон. Д.М намайг “гөлгөө” гэхээр нь би “юм хэлсэн үү” гэхэд Д.М намайг ална, чиний үйлдвэрчний эвлэлийн дарга гэж юу байдаг юм гэж доромжлоод шууд боож, хашаагаар чирч гаргаад хоолойг цамцаар боогоод, шанаа руу 3-4 удаа цохисон. Би ухаан балартаад суусан. Амнаас цус гарсан гэв.
Хохирогч Д.М мэдүүлэхдээ: С.Б намайг заамдсанаас хүзүү улайсан. Сүүлд хүүхэд нь болох Б ирээд цохисноос болж дагзны ар тал хавдаж, хөхөрсөн, 11, 12 дугаар хавирга хугарсан. Цагдаа руу явж байхад амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж, эход харуулж, компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд хавирга хугарсан байсан. Би энэ хүмүүсийг уучлал гуйх байх гэсэн чинь уучлал гуйгаагүй. Гэмтэл Бын цохилтоос үүссэн. Одоо бол хавирга эдгэрсэн. Даатгалаар эмчлүүлсэн. Компьютер томографийн шинжилгээ 120.000 төгрөгөөр хийлгэсэн. Энэ мөнгийг нэхэмжилнэ гэв.
Хоёр.Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:
Нэг.С.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэргийн баримтууд:
1.1 Хохирогч С.Бы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “... Би Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 2 дугаар сургуульд математикийн багш хийдэг. Бас сургуулийнхаа үйлдвэрчний хорооны дарга хийдэг. 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр захирал залгаад 1 дүгээр сургууль дээр ёс зүйн хорооны хурал болж байна, оч гэж хэлэхээр нь 1 дүгээр сургууль дээр ирэхэд багш хөгжлийн төвд ёс зүйн хороо хуралдаж байсан. Хэлэлцэж байсан асуудал нь ...Тунгалагийн асуудлыг авч хэлэлцсэн юм билээ. Би сургуулийнхаа үйлдвэрчний хорооны дарга болохоор ёс зүйн хорооны хуралд Мы эхнэр Тунгалагын ажлын явцын талаар болон харилцааны талаар асуухад өөрийн хариултаа хэлээд гарсан. Гараад 2 дугаар сургууль руу явж байсан чинь намайг нэг хүн “гөлгөө” гэж дуудах шиг болохоор нь би эргээд харахад М эхнэр Тунгалагийн хамт явж байсан. Тунгалаг цаашаа яваад сургууль руу орсон. М миний хажууд ирээд чамайг ална гэж хэлээд хувцаснаас гараараа бариад намайг чирч, 1 дүгээр сургуулийн хашааны гадна гарахаар нь би Мд хандаж “би чиний эхнэрт ямар ч гэм хийгээгүй” гэж хэлэхэд М намайг “нүд нь ширгэсэн хөгшин минь чамайг ална” гээд баруун гараараа миний цамцны захнаас заамдаж бариад, цамцны захаар боогоод зүүн гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү 3-4 удаа цохихоор нь би Мы урдаас эсэргүүцэж, зөрүүлж өөрийнх нь цамцны захнаас гараараа заамдсан. Би Мд мөчдүүлээд цамцны захыг нь тавьсан. Мы боолтод миний ухаан балартаад байхаар нь би чи одоо болиоч намайг алчих гээд байна шүү дээ, би цагдаа дуудлаа гэхэд М намайг тавиад “би цагдаа дуудна, чамайг шоронд хатаана, чиний үйлдвэрчний хороон дарга гэж юу байдаг юм, чи намайг зодсон наашаа хүрээд ир” гээд түрүүлээд алхсан. Миний амнаас цус гараад байхаар нь хүү М руу утсаар яриад аавыг нь хүн зодчихлоо, бие эвгүй болоод байна, хүрээд ир гэсэн. Хүү маань удалгүй ирсэн. Хүү М ирээд яасан юм та гэхээр нь хүн зодчихлоо гэсэн. М хүү бид хоёр руу ойртоод ирж байхаар нь энэ М намайг зодсон гэхэд М М руу дайраад зодох гээд цамцнаас нь бариад авахаар нь салгасан. М миний биед гэмтэл учруулсан. Эмчилгээний зардалд гаргасан зүйл байхгүй. Маас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дугаар тал),
1.2 Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн “... Аав Б над руу залгаад намайг нэг нөхөр багалзуурдаж унагаагаад алах нь, чи гараад ирээч гэсэн. 86 дугаар сургуулийн баруун хойд хэсэгт очиход аав хамраа гараараа дарсан, хамраас нь цус гарсан байсан. Хажууд нь танихгүй 50 орчим насны эрэгтэй буюу М гэдэг хүн байсан. Ааваас яасан юм гэж асуухад энэ харин намайг алах нь гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),
1.3 Шүүгдэгч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн “... 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 86 дугаар сургууль руу орох гэж явж байхад Б багш хажуугаар зөрсөн. Зөрж өнгөрөөд араас юу хэлээд байгаа юм гээд намайг хэлэхээр нь Б багшид би юу хэлсэн юм, юм хэлээгүй гэж хэлэхэд чи юм хэллээ шүү дээ гээд бид хоёр маргалдсан. Сургуулийн хашааны гадна гарсан. Би Б багшийг та хөгшин хүн байж нас намбандаа байгаач гэхэд “би нас намбандаа байгаагүй яасан юм” гээд намайг заамдаад авсан. Би зөрүүлж заамдсан. ...Гэмтлүүдийг Б багшийн биед гараараа цамцных нь захаар хоолойг нь боосон үйлдлээс болж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар тал),
-яллагдагчаар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),
1.4 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 ны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5777 тоот дүгнэлтэд:
-С.Бы биед эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад өнгөц язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” /шинжээч Ц.Нандинцэцэг/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49 дүгээр тал),
Хоёр. Хохирогч Д.Мы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн баримтууд.
2.1 Хохирогч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “... 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 86 дугаар сургуулийн баруун талд эхнэр Тунгалагийн хамт сургууль руу нь орох гээд явж байсан. Эхнэрийн ажлын Б гэгч бид хоёрын хажуугаар өнгөрсөн. Зөрж өнгөрөөд араас юу хэлээд байгаа юм бэ гээд надад хэлэхээр нь би Б багшийн хажууд ойртож очсон. Эхнэр цаашаа сургууль руугаа орсон. Б багшид би юу хэлсэн юм, юм хэлээгүй гэхэд “чи юм хэллээ шүү дээ” гээд бид хоёр маргалдах явцдаа 86 дугаар сургуулийн баруун талын хэсэгт сургуулийн хашааны гадна гарсан. Б багшийг та одоо хөгшин хүн байж нас намбандаа бай гэхэд би нас намбандаа байгаагүй яасан юм гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдсан. Бид хоёрын цамцны нэг нэг товч тасарч, бид бие биенийгээ тавьсан. ...Б багшийг цагдаад өгнө гээд, “энд нэг хүн намайг зүгээр явуулахгүй дээрэлхээд байна” гэж дуудлага өгөхөд Б багш бас утсаар ярьж хүүхдээ дуудаж байсан. 30 гаруй насны махлаг, 170 орчим өндөртэй шардуу царайтай залуу гүйж ирээд үгийн зөрүүгүй миний толгой хэсэг рүү 3-4 удаа цохиод би намхан төмөр хашааны хажууд байсан болохоор хойшоо ухарч байгаад Бы хүүгийн цохилтын хүчний улмаас төмөр хашаа давж газар унасан. Тэгээд босоод би цагдаа руу алхсан. Б багш хүүгээ дагуулаад явсан. Бы хүүд зодуулсны улмаас шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. 120.000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн. 200.000 орчим төгрөгөөр эм тариа авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
2.2 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Д.Мы мэдүүлгийг мөрдөгийн санаачилгаар газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
2.3 Гэрч Э.Тунгалагын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “... 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 11-12 цагийн үед 86 дугаар сургуулийн ордог хаалганы урдхан хэсэгт нөхөр Д.Мы хамт сургууль руу орох гээд явж байхад манай ажлын Б манай нөхрийг “хөөе” гээд чанга дуудсан. Нөхөр эргэж хараад Бтай уулзахаар явсан. Би сургууль руу явж ороод 3 давхрын цонхоор нөхөр болон Б багш хоёрыг харахад хоёулаа өмднийхөө халаасанд гараа хийсэн, сургуулийн гаднах хашааны баруун хаалгаар гарч явсан. Би гайгүй юм шиг байна гэж бодсон. Захирлын өрөөнд байхад утас дуугараад авч чадаагүй. Өрөөнөөс нь гараад нөхөр рүүгээ залгахад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна, Б багш хүүхэдтэйгээ нийлээд намайг зодчихлоо, би амьсгаа авч чадахгүй байна гэсэн. Нөхөр эмнэлэгт үзүүлэх гэж байна гэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр очсон. Томографийн зураг авахуулахад хавирга нь хугарсан байна гэсэн хариу гарсан. Нөхрийн маань нурууны ар хэсэгт хөхөрсөн, цамцны товч нь сэтэрсэн байсан. Сургуулийн гадна надаас салахдаа нөхөр гэмтэл бэртэлгүй байсан. Б багштай уулзаад, Б багш, түүний хүү хоёрт зодуулаад гэмтчихлээ гээд цаг алдалгүй цагдаа, эмнэлэгт хандсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
2.4 Шүүгдэгч Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “... Манай аав Б над руу залгаад “намайг нэг нөхөр багалзуурдаж унагаагаад алах нь, чи гараад ирээч” гээд утсаа салгасан. Аав 86 дугаар сургуулийн ард гэхээр нь ...очиход хамраа гараараа дарсан, хамраас нь цус гарсан, хажууд нь 50 орчим насны эрэгтэй М гэдэг хүн байсан. Би яасан юм гэхэд энэ харин намайг алах нь гэхээр нь би М гэгч хүнийг заамдаж аваад гараараа хүзүүнийх нь хэсэг рүү нэг удаа түлхэхэд аав дундуур орж ирээд бид хоёрыг салгасан. Мыг цохиж зодоогүй, гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй, би учруулаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),
2.5 Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн Д.Мы осол гэмтлийн тохиолдлыг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 20 минутад бүртгэсэн тухай баримт (хавтаст хэргийн 61 дүгээр тал),
2.6 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 ны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5696 тоот дүгнэлтэд:
-Д.Мы биед цээжний зүүн талын 11, 12 дугаар хавирганы хугарал, зүүн чих, зулай, дагзны хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
-Гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56 дугаар тал),
2.7 Хохирогч Д.Мы өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 123 дугаар тал),
3. Шүүгдэгч Д.Мы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 124 дүгээр тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 126 дугаар тал), Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 369 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 168-172 дугаар тал),
4. Шүүгдэгч Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дугаар тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 118 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 114 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М, Б нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.М нь хохирогч С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-шүүгдэгч Б нь эцэг С.Быг өмөөрч хохирогч Д.Мыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж үзсэн. Иймд шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүгдэгч Баас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мд олгох, хохирогч С.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнд Д.Мыг төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Өмгөөлөгч Г.Бадамхандаас “...Б гэмт хэрэг үйлдэхэд хохирогч С.Б хатгасан тул хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэлтэй” гэж мэтгэлцэж байх боловч хатгасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамханд дүгнэлтдээ “...хохирогч Д.Мы тухайд хэлэхэд түүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Д.Мын үйлдэлтэй шууд холбоотой. Шүүгдэгч Бад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь гэмт үйлдэл дууссаны дараа хохирогч С.Б нь хүү Быг дуудсан нь гэмт хэрэгт хатгасан шинжийг агуулж байна. Хүүхдээ ирэхэд С.Б нь учир байдлыг тайлбарлан хэлэх байтал харин хүүхдээ гэмт хэрэгт хатгаж, зориуд гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, Д.Мыг зодуулсан, зодсоны дараа салгасан байх тул Бад холбогдох эрүүгийн хэргийг хоёр хүн бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул хэргийг буцааж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх саналтай байна. Хэрэв С.Б нь хүүхдээ хатгаагүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан. Бүх зүйл С.Баас үүссэн байдаг. Д.М түүнд ямар нэг үг хэлээгүй байхад түүнийг араас нь дуудаж хэрүүл маргаан эхлүүлсэн. Б нь гэм буруугийн хувьд шинжээчийн дүгнэлт гарсан учраас хүлээж байгаа гэж тайлбарласан ч, маргаж байна. Гэтэл шинжээч цаг хугацааны хувьд Д.Мд үүссэн гэмтэл нь шинэ, тухайн цаг хугацаанд үүссэн байгааг тогтоосон байгаа.
Харин Д.Мы шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй, хохирогч С.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ зөвшөөрдөг юм гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч Д.М нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү дүгнэлтдээ “...Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Д.Мы буруутай үйлдлээс болсон гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгч Бын хувьд эцэг нь хүнд зодуулсан байхаар нь явж очсон. Очиход Д.М нь аав С.Быг нь зодсон байдалтай байхаар нь түүнийг цохисон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б нь хохирогч Д.Мы хавирга хугарсан явдлыг зөвшөөрөөгүй. Гэвч нэгэнт шинжээчийн дүгнэлт гарсан учраас зөвшөөрч байгаа. Мөн өмгөөлөгч Г.Бадамханд нь хэргийн зүйлчлэлд маргаж байх ба, Б нь гэмт хэрэг үйлдэхэд хохирогч буюу түүний эцэг С.Б хатгасан тул зүйлчлэлийг хүндрүүлэх талаар дүгнэлт гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Хуулийг шууд уншиж үзэхээс илүү хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон уу гэдгийг үзэх ёстой. Харин тус гэмт хэрэг гарахад хохирогч Д.Мы буруутай байдал нөлөөлсөн. Хохирогч Д.М нь та нарыг шоронд явуулна гэж заналхийлээд байсан учраас түүнд эмчилгээний зардлыг төлж чадаагүй. Төлнө гэдгээ илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Б нь “миний үйлдлээс хохирогч Д.Мд хүндэвтэр гэмтэл учирсан гэдэгт эргэлзэж байгаа, би энэ хүний хавирга руу цохиогүй..” гэж гэм буруугийн талаар маргасан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.М, Б нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Нэг.С.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэргийн тухай:
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд 86 дугаар сургуулийн баруун талд иргэн С.Бтай тааралдсан байна. Улмаар тэд хоорондоо зөрж өнгөрөхдөө С.Баас “гөлгөө гэж хэлж үг хэлээр доромжиллоо” гэж, Д.М нь “ ямар ч үг хэлээгүй байхад доромжилсон гэж дайрлаа” гэх зэргээр тэд маргалдсан байх ба, тухай үед үүссэн энэхүү хувийн таарамжгүй харилцааны улмаас барьцалдаж, улмаар шүүгдэгч Д.М нь хохирогч С.Быг өмсөж явсан цамцаар хоолойг нь боох, заамдах зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад өнгөц язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү эгэмд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч С.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ...2 дугаар сургууль руу явж байсан чинь намайг нэг хүн “гөлгөө” гэж дуудах шиг болсон. ...эргээд харахад М эхнэр Тунгалагийн хамт явж байсан. ...М миний хажууд ирээд “чамайг ална” гэж хэлээд хувцаснаас гараараа бариад намайг чирч, 1 дүгээр сургуулийн хашааны гадна гарсан. ...М намайг “нүд нь ширгэсэн хөгшин минь чамайг ална” гээд баруун гараараа миний цамцны захнаас заамдаж бариад, цамцны захаар боогоод зүүн гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү 3-4 удаа цохисон. ...Мы боолтод миний ухаан балартаад байхаар нь би “чи одоо болиоч намайг алчих гээд байна шүү дээ, би цагдаа дуудлаа” гэхэд М намайг тавьсан. ...М миний биед гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дугаар тал),
-Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... Аав Б над руу залгаад “намайг нэг нөхөр багалзуурдаж унагаагаад алах нь, чи гараад ирээч” гэсэн. ...очиход хамраа гараараа дарсан, хамраас нь цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),
-Шүүгдэгч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би Б багшийг “та хөгшин хүн байж нас намбандаа байгаач” гэхэд Б багш “би нас намбандаа байгаагүй яасан юм” гээд намайг заамдаад авсан. Би зөрүүлж заамдсан. ...Гэмтлүүдийг Б багшийн биед гараараа цамцных нь захаар хоолойг нь боосон үйлдлээс болж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар тал), 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 ны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5777 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 49 дүгээр тал) зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн болсон үйл баримтаас хэргийн санаа зорилго, сэдэлийг тодорхойлбол:
Шүүгдэгч Д.М, хохирогч С.Б нар нь урьдын танилын харилцаатай, мөн Д.Мы эхнэр Э.Тунгалаг, хохирогч С.Б нар нь нэг сургуульд хамт багшаар ажилладаг байх бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр С.Б нь Д.Мы эхнэр Э.Тунгалагын багшийн ёс зүйн асуудлыг хэлэлцсэн хуралд оролцож, Э.Тунгалагын ажил байдлыг илэрхийлсэн тайлбарыг хэлсэн байх ба, уг хурлаас гараад явж байх замдаа шүүгдэгч Д.М, түүний эхнэр Э.Тунгалаг нартай тааралдсан, ингэхдээ Д.М нь хохирогч С.Быг “гөлгөө, чамайг ална, та одоо хөгшин хүн байж нас намбандаа бай” гэж хэлсэн зэргээс дүгнэхэд Д.М нь эхнэрийнхээ дээрх асуудлаас болж тэд урьдын таарамжгүй харилцаатай байсан байдал, улмаар уг таарамжгүй харилцааны улмаас тухайн үед үл ялих зүйлээс шалтгалан хоорондоо маргалдаж тус гэмт хэрэг гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М нь хохирогч С.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн гэм буруугийн талаар маргаагүй ба, хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан түүний үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Хоёр. Хохирогч Д.Мы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн тухай.
Дээр дурдсан маргаан бүхий асуудал болсоны дараа хохирогч С.Б нь өөрийн төрсөн хүү Быг “аав нь хүнд зодуулчихлаа” гэж дуудсан байна. Улмаар шүүгдэгч Б нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд 86 дугаар сургуулийн баруун талд “эцэг С.Быг” зодлоо гэх шалтгаанаар иргэн Д.Мыг зодож, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 11, 12 дугаар хавирганы хугарал, зүүн чих, зулай, дагзны хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, баруун шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:
-хохирогч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б багшийг “та одоо хөгшин хүн байж нас намбандаа бай” гэхэд “би нас намбандаа байгаагүй яасан юм” гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдсан. ...бид бие биенийгээ тавьсан. ...Б багш бас утсаар ярьж хүүхдээ дуудсан. ...хүү нь гүйж ирээд үгийн зөрүүгүй миний толгой хэсэг рүү 3-4 удаа цохиод би намхан төмөр хашааны хажууд байсан, хойшоо ухарч байгаад Бы хүүгийн цохилтын хүчний улмаас төмөр хашаа давж газар унасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
-2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Д.Мы мэдүүлгийг мөрдөгчийн санаачилгаар газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
- Гэрч Э.Тунгалагын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... нөхөр рүүгээ залгахад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна, Б багш хүүхэдтэйгээ нийлээд намайг зодчихлоо, би амьсгаа авч чадахгүй байна гэсэн. ...би гэмтлийн эмнэлэг дээр очсон. Нөхөр томографийн зураг авахуулахад хавирга нь хугарсан байна гэсэн хариу гарсан. Нөхрийн маань нурууны ар хэсэгт хөхөрсөн, цамцны товч нь сэтэрсэн байсан. Сургуулийн гаднаас надаас салахдаа нөхөр гэмтэл бэртэлгүй байсан. Б багштай уулзаад, Б багш, түүний хүү хоёрт зодуулаад гэмтчихлээ гээд цаг алдалгүй цагдаа, эмнэлэгт хандсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
-Шүүгдэгч Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Манай аав Б над руу залгаад “намайг нэг нөхөр багалзуурдаж унагаагаад алах нь, чи гараад ирээч” гээд утсаа салгасан. ...би М гэгч хүнийг заамдаж аваад гараараа хүзүүнийх нь хэсэг рүү нэг удаа түлхсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),
-Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн осол гэмтлийг бүртгэсэн тухай баримт (хавтаст хэргийн 61 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 ны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5696 тоот дүгнэлт “... (хавтаст хэргийн 56 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б нь гэм буруугийн талаар маргаж, хохирогч Д.Мы хавирга хугарсан нь миний үйлдэлтэй хамааралгүй, уг гэмтлийг би учруулаагүй гэж маргаж байх боловч шүүгдэгч Б нь хохирогч Д.Мыг удаа дараа цохисон, түүний цохилтын хүчний улмаас Д.М нь намхан хэмжээтэй төмөр хашаа давж унасан зэрэг нь тус хохирогчид гэмтэл учирсан шалтгаант холбоо, хамаарал бүхий байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Мы эрүүл мэндэд учирсан зүүн талын 11, 12 дугаар хавирганы хугарал нь шинэ гэмтэл болох нь тогтоогдсон бөгөөд эдгээрийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй.
Мөн өмгөөлөгч Г.Бадамхандаас “...шүүгдэгч Б нь хохирогч Д.Мд гэмтэл учруулсан шалтгаан нөхцлийг үзвэл С.Б нь хүү Б руу залгаж түүнийг дуудсан нь тус хэрэгт өдөөн турхирсан, гэмт хэрэг үйлдэхэд хатгасан шинжийг агуулсан байх тул Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь буруу, тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл байна гэж үзэж, хэргийг прокурорт буцаах гэсэн саналыг гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Хэргийн үйл баримтаар хохирогч С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...миний бие Д.Мд боолгосны улмаас ухаан балартаж бие эвгүй болсон тул хүү Быг дуудсан” гэж мэдүүлсэн ба үүгээр санаа зорилго нь өөрийн бие муу байсаны улмаас Быг дуудсан нөхцөл харагдаж байх ба, С.Б нь шүүгдэгч Быг гэмт хэрэг үйлдэхэд гуйсан, ятгасан, идэвхитэй дэмжлэг үзүүлсэн үйлдэл хийгээгүй, гэмт хэрэгт хатгасан, хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч С.Бы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Д.Мы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг, хохирогч Д.Мы эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан шүүгдэгч Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцов.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Д.М нь хохирогч С.Бд учруулсан хөнгөн, шүүгдэгч Б нь хохирогч Д.Мд учруулсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Д.М нь компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөгийг нэхэмжилсэн ба, хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүгдэгч Баас 120.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Мд олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч С.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба, хэрэгт ирүүлсэн баримтгүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамхандаас “...Д.М нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, орлогын хувьд тогтмол орлоготой биш байдлыг харгалзан түүнд хуульд заасан доод хэмжээгээр торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярхүүгээс “...шүүгдэгч Б нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой эрхэлсэн ажилтай, цалин орлоготой зэрэг байдлыг харгалзан түүнд улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар зэргээр нэг удаа ял шийтгэгдсэн байна.
Шүүгдэгч Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн баримттай байх ба шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.М, Б нар нь тус бүр Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч нарын хувийн байдал, цалин хөлс, орлого зэргийг харгалзан шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Д.Мд оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Бад оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Дын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-шүүгдэгч Х овогт Бы Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Бад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.Б нь шүүгдэгч Д.Маас нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баас 120.000 (нэг зуун хорин мянга) төгрөг гаргуулж хохирогч Д.Мд олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.М, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.М, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА