Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1189

 

 

 

 

 

      2019           11             12                                          1189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0294,

гэрч Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

А овогт Мийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаар, нэг хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Мийн Г, Монгол Улсын иргэн, 1999 оны  12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 23 цаг 25 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” захын хойд талын замд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон. ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрчийн өгсөн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 21 дүгээр хороолол орохоор Хар хорин захын замд явж байхдаа явган хүний гарц дээр ногоон гэрэл асаад урд талын машин зогсохоор нь зогссон. Тэгээд уг машиныг нэгдүгээр эгнээ рүү орохоор нь тус эгнээгээр л явах гэж байгаа юм байх гэж бодсон. Би машинаа хөдөлгөөд явахад түс тас хийх чимээ гарсан. Буугаад хартал хүн хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж, цагдаа дуудсан. Тэр хүнийг би хараагүй. Би 2018 оны 3 дугаар сард жолооч болж, түүнээс хойш машин жолоодож байгаа. Хохирогчид нийт төлбөрт 3.800.000 төгрөг төлсөн гэв.

 

Гэрч Б.Энхбаяр мэдүүлэхдээ: Тэр өдөр Хар хорин худалдааны төвийн зүүнээс баруун чигт автобусны буудал дээр таксинд явахаар би өөрийн машинтай зогсож байсан. Явган хүний гэрлэн дохио эхнийх нь асахад нэг согтуу хүнийг хамт явж байсан хүмүүс нь орхиод гарцаар гараад явсан. Ногоон гэрлэн дохио хоёр дахь удаа асаад өнгөрөхөд тэр согтуу хүн зам дээр хэвтэж байсан. Ногоон гэрлэн асахаас өмнө машинууд зам дээр хэвтэж байсан согтуу хүнийг тойрч өнгөрч яваад байсан. Ногоон гэрлэн дохио гурав дахь удаагаа асахад гарцын шугаман дээр хөндлөн хэвтэж байсан согтуу хүн дээгүүр нэг машин даваад гараад явсан. Энэ байдлыг харсан гэрч зөндөө байгаа гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 56 минутаас 01 цаг 30 минутын хооронд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,  гэрэл зураг (хавтаст хэргийн 7-13 дугаар тал),

 

2. Замын цагдаагийн газарт 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 23 цаг 27 минут 26 секундэд дуудлага ирсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

3. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 23 цаг 28 минут 53 секундэд түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан тухай лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр тал),

 

3.Жолооч М.Гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /0.00 хувь буюу хэрэглээгүй/ (хавтаст хэргийн 16 дугаар тал),

 

4.Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хар хорин захын хойд талын замд байдаг нэрийг нь мэдэхгүй бааранд гурван найзын хамт орж дөрвүүлээ 0.75 литрийн архи авч уусан. Бид баарнаас шөнө гараад салаад харихаар болсон. Би ... захын хойд талын зохицуулдаггүй явган хүний гарцаар ганцаараа яг ямар гэрлээр орсныг мэдэхгүй, ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах үед 3 дугаар эгнээнд зүүнээс баруун чиглэлтэй нэг машин зогсох шиг болсон, үүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Халамцуу байсан. Осол болох үед замын хөдөлгөөн сийрэг талдаа байсан санагдаж байна. Ослын улмаас миний биед цээжний баруун талын 3-6 дугаар хавирга, мөн зүүн талын 5, 6 дугаар хавирга хугарсан, зүүн талын дал хугаралтай, нурууны 12 дугаар нугалам яс хугарсан байсан. Жолооч ослоос хойш 350.000 төгрөгийг л өгсөн. Гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

 

5. Гэрч Т.Төрөөгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “... 2019 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай найз М.Г нь өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би суугаад Циркээс 21 дүгээр хороолол орох гээд Сонгинохайрхан дүүргийн ... захын хойд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байгаад гэрлэн дохиотой зохицуулагддаг явган хүний гарц дээр зогсчихоод дөнгөж хөдөлтөл түс тас хийгээд чимээ гарсан. Энэ үед би утсаар оролдоод явж байсан. Тэгтэл М.Г машинаасаа ганцаараа буугаад буцаж ирээд найз нь хүн мөргөчихлөө, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөрэй гэсэн. Би өөрийнхөө 85387723 дугаараас 102, 103-т дуудлага өгсөн. Эхэлж түргэн тусламжийн машин ирсэн. Тэр эрэгтэй хүнийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд машиндаа суулгаад явсан. Үүний дараа цагдаа ирж хэргийн газарт хэмжилт, үзлэгийг хийж, ачигч дуудаж, машиныг ачиж явсан. М.Г бид хоёр эрүүл байсан. Замын хөдөлгөөн сийрэг талдаа байсан. Замын гэрэлтүүлэг асаалттай, зам нь нойтон, үзэгдэх орчин хэвийн, эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ асфалтан зам байсан. ...Машинд мөргүүлсэн хүн нь согтуу эрэгтэй хүн байсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

6. Гэрч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн”...2019 оны 8 дугаар сард /өдрийг санахгүй байна/ 23 цагийн орчимд би Х.Верна аксент 68-07 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон кабиндаа ямар нэгэн хүнгүйгээр хотын төвд халтуур хийж байгаад Сонгинохайрхан дүүрэг, Хар хорин захын автобусны буудал дээр очиж зогссон. 23 цаг өнгөрч байхад замын хойд талаас хойноосоо урагшаа чиглэлтэй гэрлэн дохиотой явган хүний гарцаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн зам хөндлөн гарч яваад зүүнээс баруун чиглэлтэй явах гэрлэн дохиотой явган хүний гарцан дээр ирж хөндлөн байдалтай хэвтээд өгсөн. Тэгтэл гэрлэн дохиотой явган хүний гарцан дээр машинууд ирж зогсоод зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр явахдаа тухайн хүнийг тойрч гараад байсан. Тэр хүн нь зүүнээс баруун чиглэлтэй явах 1,2,3 дугаар эгнээнүүдийн 2 дугаар эгнээний харалдаа гарцан дээр хэвтэж байсан. Ойролцоогоор 20 гаран минутын дараа зүүнээс баруун чиглэлтэй явах 1,2,3 дугаар эгнээнүүдийн харалдаа машинууд ирээд гэрлэн дохиотой явган хүний гарцны улаан гэрэл асах үед зогссон. Энэ үед машиныхаа хөгжмийг нилээн чангалсан нэг машин байсан. Машин явах ногоон гэрэл асах үед 2-р эгнээний машинууд 1-р эгнээ рүү шилжиж ороод явж байсан. Гэтэл 2-р эгнээ сулартал мөнгөлөг өнгийн “Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь чигээрээ явахдаа явган хүний гарцан дээр согтуу хэвтэж байсан тэр нэг эрэгтэй хүний дээгүүр гараад зогссон. Тухайн үед тэр машин нь ямар нэгэн зогсоох арга хэмжээ авсан зүйл байхгүй. Осол болох үед би машинаасаа гарсан, найзтайгаа юм яриад зогсож байсан. Би гэрлэн дохиотой явган хүний гарцан дээр тулж очоод өөрийнхөө дугаараас 103-т дуудлага өгсөн. Ойролцоогоор 20-30 минутын дараа түргэн ирж тэр эрэгтэй хүнийг үзээд машиндаа суулгаад авч явсан. Ослыг 5-10 метрийн зайнд харсан. ...Осол хийсэн машин 2-р эгнээнд хоёр машины ар талд зогсож байсан. Харин 1 болон 3 дугаар эгнээнд машинууд зогсож байсан. Замын гэрэлтүүлэг ассан, зам  хуурай, цаг агаарын байдал дулаахан, гэрлэн дохиотой явган хүний гарцтай, эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ асфалтан зам байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

 

7. Яллагдагч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “... 2019 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, кабиндаа найз Төмөрөөгийн хамт Циркээс 21 дүгээр хороолол орох гээд Сонгинохайрхан дүүргийн нутагт, Хар хорин захын хойд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байсан. Гэрлэн дохиотой явган хүний гарцны улаан гэрэл асахаар нь зогссон. Энэ үед миний машины урд талд ямар нэг машин байхгүй байсан. ...ногоон гэрэл асахаар нь хөдөлтөл түс тас гэх чимээ гарсан. Би тэр даруй зогссон. Машинаасаа буугаад хартал машины ард талд согтуу байрын нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Найз Төрөөд цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгөөрэй гэсэн. 5-10 минутын дараа түргэн тусламжийн машин ирж, эмч нь тэр хүнийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Үүний дараа цагдаа ирж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн. Би тэр үед эрүүл машин барьж явсан. Осол болох үед замын хөдөлгөөн бага зэрэг түгжрэлтэй байсан. Миний жолоодож явсан машин баруун талдаа жолооны хүрдтэй. Зам хуурай, үзэгдэх орчин хэвийн, замын гэрэлтүүлэг ассан, эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ асфалтан зам байсан. Машинд учирсан эвдрэл гэмтэл байхгүй. Хохирогчийн эмчилгээнд 800.000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал),

 

8. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10524 тоот өвчний түүх (хавтаст хэргийн 59-70 дугаар тал), хохирогч Б.Гын компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн баримт (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9889 тоот дүгнэлтэд:

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10524 тоот өвчний түүхэнд: Г ..цээжийн битүү дарагдал. Арьсан доорхи хий хуралдалт.

Хэсэг газрын үзлэгт: Зүүн шанаа хэсэг зулгаралттай, баруун шуунд зулгаралттай. Цээжний баруун талд гуурс тавигдсан. Онош: цээжний битүү гэмтэл, арьсан доорхи цус хуралт гэжээ.

Дүгнэлт:

1.Гын биед одоогоор дүгнэлт гаргах боломжгүй, шинжилгээ дутуу байна ...” /шинжээч С.Одончимэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35 дугаар тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 1176 тоот дүгнэлтэд:

-Гын биед хавсарсан гэмтэл, уушигны няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, хий шингэнийг соруулах мэс ажилбарын дараахь байдал, олон хавирганы хугарал, нурууны TH 2,3,4 дүгээр нугаламын хугарал, зүүн шанаа, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно.

-Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална...” /шинжээч С.Одончимэг/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дугаар тал),

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4225 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн Б.Гын гэх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна /шинжээч Ж.Оюунаа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37 дугаар тал),

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарны 15-ны өдрийн 4524 тоот дүгнэлтэд:

-Б.Г 2019.8.10 гэсэн хаягтай цусанд 3.4 промиллын спиртийн агууламж илрэв. Цусанд 3.4 промилли спирт агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /шинжээч Б.Энхмандах/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38 дугаар тал),

 

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 267 тоот дүгнэлтэд:

-“Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ...салхины шилний дээд ирмэгт хар тень наасан, доод хэсэгтээ наалддаг туузан бичиг наасан, зүүн гар талын хойд крыло хонхойсон, урд хоёр оврын гэрэл стандартын бус өнгийн гэрлийн чийдэнтэй, улсын дугаарын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын их гэрлийн ойрын тусгалын чадал, баруун гар талын их гэрлийн ойр болон холын тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй байна. Их бүрдэл дутуу зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

-салхины шилний дээд ирмэгт хар тень наасан, доод хэсэгтээ наалддаг туузан бичиг наасан, зүүн гар талын хойд крыло хонхойсон, урд хоёр оврын гэрэл стандартын бус өнгийн гэрлийн чийдэнтэй, улсын дугаарын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээрийн осолд нөлөөлөхгүй.

- зүүн гар талын их гэрлийн ойрын тусгалын чадал, баруун гар талын их гэрлийн ойр болон холын тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй нь жолоочид үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч тухайн замын нөхцөл байдал гэрэлтүүлэгтэй, гэрэлтүүлэгүйгээс хамаараад тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй. ...” гэсэн дүгнэлт, автомашины гэрэл зураг (хавтаст хэргийн 43-49 дүгээр тал),

 

13. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 434 тоот дүгнэлтэд:

1.”Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажилгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”

-10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Болдбаатарын Гыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан “явган зорчигчид дараах зүйлийг хориглоно.

б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатаайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна./шинжээч Б.Батзориг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дугаар тал),

 

14. “Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь М.Г бүртгэлтэй талаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 50 дугаар тал),

 

15. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч М.Г, хохирогч Б.Год 350.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 94 дүгээр тал, ард талд), хохирогч Б.Гын хохирлын төлбөрт 3.800.000 төгрөг хүлээн авсан тухай 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон тодорхойлолт (хавтаст хэргийн 99 дүгээр тал),

 

16. Шүүгдэгч М.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 90 дүгээр тал), жолоочийн лавлагаа /В ангилал хүчинтэй/ (хавтаст хэргийн 92 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Гэд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч М.Г нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 10-нд шилжих шөнө хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн а-д заасан “жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын болон ар оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөн үргэлжлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй “Тоёота приус” 30 маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, эхлэх, чиг өөрчлөх, байр өөрчлөхдөө бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Гыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн  газарт   үзлэг   хийсэн   тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын бүдүүвч зураг, хохирогч Б.Г, гэрч Т.Төрөө, Б.Энхбаяр нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, тээврийн цагдаагийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчид 3.800.000 төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй, учирсан хор уршгийн хувьд урьдчилан дүгнэлт хийх боломжгүй, харин өмгөөлөгчийн гаргасан цагаатгах саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий цагаатгах байр суурьтай оролцсон ба, дүгнэлтдээ “улсын яллагч шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн а-д заасан заалтаар буруутгаж байх боловч шүүгдэгч  М.Гийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь эвдрэлгүй, гэмтэлгүй байсан, тус дүрмийн заалтыг зөрчөөгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар харагдана. Стандартын бус гэрэлтүүлэгтэй явсан гэж буруутгаж байгаа боловч тус гэрэл нь стандартын гэрлээс илүү тусгалтай, шатдаггүй, сайн гэрэл байсан. Энэ гэрэлтэй явсан нь осол гарахад нөлөөлөөгүй. Ойрын гэрэл асахгүй байсан зүйл байхгүй.

Шинжээчийн дүгнэлт яллах үндэслэл болохгүй. Нотлох баримтаар давхар нотлогдох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэсэн байгаа. Гэвч шинжээчийн дүгнэлтэд тэр нь эвдэрсэн гэж шууд заасан зүйл байхгүй.

Мөн шүүгдэгч М.Г нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний гарц дээр зогссон. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулж үзэх хэрэгтэй. Жолооч М.Г замын хөдөлгөөний дүрмийн дагуу явсан. Зорчих хэсгийн улаан гэрэл асахад зогссон, зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асахад хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Урд талын хөндлөн шугамаас явган хүний гарц хүртэл 80 см байдаг. Жолоочийн урд гэрэлтүүлэг ойрын 2 метр түүнээс цааш тусгалтай байхаар хийгддэг. Гэтэл явган хүний хөндлөн цагаан шугам 80 см зайтай автомашины урд гэрэлтүүлэг 2 метрээс цааших зүйлсийг харах боломжтой тул жолооч харах боломж байгаагүй. Тухайн үед замын гэрэлтүүлэг муу байсан тул замын голд хэвтэж байсан хүнийг харах боломж бодит байдал дээр байгаагүй. Иймд шүүгдэгч хуулиа биелүүлж тээврийн хэрэгсэл жолоодсон. Явган хүний гарц өнгөрөхдөө 2 тал руугаа харж аюулгүй ажиллагаагаа хангаж явсан. Мөн энэ хэрэг гарахад явган зорчигчийн буруутай үйлдэл нөлөөлсөн тул шүүгдэгч М.Гийг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж  мэтгэлцэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 23 цаг 25 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” худалдааны төвийн хойд талын замд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон. ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

-2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,  гэрэл зураг (хавтаст хэргийн 7-13 дугаар тал), Замын цагдаагийн газарт ирсэн дуудлагын  лавлагаа (хавтаст хэргийн 14 дүгээр тал), түргэн тусламжийн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр тал),

-гэрч Т.Төрөөгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...М.Г нь ...“Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би суугаад ...Сонгинохайрхан дүүргийн Хар хорин захын хойд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байсан. ...гэрлэн дохиотой зохицуулагддаг явган хүний гарц дээр зогсчихоод дөнгөж хөдөлтөл түс тас хийгээд чимээ гарсан. М.Г ...найз нь хүн мөргөчихлөө ...” гэсэн. ...тусламжийн машин ирж, тэр эрэгтэй хүнийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...цагдаа нар ирж хэргийн газарт хэмжилт, үзлэгийг хийж, ачигч дуудаж, машиныг ачаад аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

-гэрч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “Сонгинохайрхан дүүргийн хар хорин захын автобусны буудал дээр зогсож байхад ... гэрлэн дохиотой явган хүний гарцаар согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй хүн зам хөндлөн гарч яваад. ...гарцан дээр ирж хөндлөн байдалтай хэвтээд өгсөн. ...явган хүний гарцан дээр машинууд ирж зогсоод зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр явахдаа тухайн хүнийг тойрч гараад байсан. ...“Тоёота приус” 30 маркийн ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь чигээрээ явахдаа явган хүний гарцан дээр согтуу хэвтэж байсан эрэгтэй хүний дээгүүр гарч яваад зогссон. Тухайн үед тэр машин нь ямар нэгэн зогсоох арга хэмжээ авсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал), мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10524 тоот өвчний түүх (хавтаст хэргийн 59-70 дугаар тал),

-яллагдагч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...”Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ...Сонгинохайрхан дүүргийн нутагт, Хар хорин захын хойд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байсан. ...гэрлэн дохиотой явган хүний гарцны улаан гэрэл асахаар нь зогссон. ...ногоон гэрэл асахаар нь хөдөлтөл түс тас гэх чимээ гарсан. ...машинаас буугаад хартал машины ард талд согтуу байрын эрэгтэй хүн хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал),

-тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 434 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дугаар тал) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нь шүүгдэгч М.Г Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах тухай дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Гийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхэд үзлэг хийлгэхээр тусгай мэдлэгийн шинжээч томилсон байх ба, Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын төв “Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд зүүн гар талын их гэрлийн ойрын тусгалын чадал, баруун гар талын их гэрлийн ойр болон холын тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй боловч, тухайн замын нөхцөл байдал гэрэлтүүлэгтэй, гэрэлтүүлэггүйгээс хамаараад тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй. ...” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар буюу шүүгдэгч М.Гийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд түүнтэй хамт явсан гэрч Т.Төмөрөө “тухайн өдөр...замын гэрэлтүүлэг асаалттай ...байсан гэж, тухайн хэрэг үйл явдлыг харсан  гэрч Б.Энхбаяр“... Замын гэрэлтүүлэг ассан байсан....” гэж тус тус мэдүүлсэн, мөн хэрэг учралын газарт тухайн цаг хугацаанд цагдаагийн ажилтан дуудлагаар очиж үзлэг хийж, орчны нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургаас үзэхэд замын гэрэлтүүлэг асаалттай байгаа зэрэг нь шүүгдэгч М.Гийн зам тээврийн осол гаргасан газар нь тухайн үед замын гэрэлтүүлэгтэй газар байна.

Мөн гэрч Б.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...тухайн үед гэрлэн дохиотой явган хүний зам дээр машинууд ирж зогсоод зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр явахдаа тухай хүнийг тойрч гараад байсан, зөвшөөрөгдсөн ногоон гэрэл хоёр удаа асаж, унтраад гурав дахь удаагаа асах үед “Тоёота приус 30” маркийн ... УБЧ улсын дугаартай автомашин гарцан дээр хэвтэж байсан хүний дээгүүр гараад явсан гэж мэдүүлснээс үзэхэд замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүд тухайн зам дээр байгаа саадыг харж, тойрч гарах үйлдэл хийж байсан нөхцөл байдал тогтоогдож байх ба, харин шүүгдэгч М.Г нь замын хөдөлгөөнд оролцохдоо саадыг хараагүй, зам тээврийн осол гаргах болсон шалтгаан нөхцөл нь түүний жолоодон явсан тээврийн хэрэгсэл эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байх шаарлагыг хангаагүй буюу зүүн гар талын их гэрлийн ойрын тусгалын чадал, баруун гар талын их гэрлийн ойр болон холын тусгалын чадал нь стандартын шаардлага хангаагүй зэрэг нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Нөгөө талаас техникийн шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч Б.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-б-д заасан “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатаайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн ба, хохирогч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 3.4 промиллын согтолтын хүнд зэргийн улмаас явган хүний гарцан дээр хэвтсэн хууль бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Гын эрүүл мэндэд хүнд гэмтэл учуулсан тус зам тээврийн осол хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч М.Гийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Тус зам тээврийн ослын хэргийн улмаас Б.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба, хохирогч Б.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, харин хохирлын төлбөрт 3.800.000 төгрөг хүлээн авсан тухай 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон тодорхойлолт (хавтаст хэргийн 99 дүгээр тал)-ыг хэрэгт ирүүлсэн тул шүүгдэгч М.Гийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн түүний жолооны эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдах гэсэн дүгнэлтийг гаргасан,  

Шүүгдэгч өмгөөлөгч Ц.Бат-Өлзий дүгнэлтдээ “...шүүгдэгч М.Г гэм буруугаа хүлээж хохирол төлж барагдуулсан, хувийн байдлын хувьд 18 настай, бага насны охинтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, энэ хэрэг хөнгөн гэмт хэрэг, гэм буруугийн хувьд болгоомжгүй, хайхрамжгүй байдлаар үйлдэгддэг зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Хүндрүүлэх нөхцөл байхгүй. Мөн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Зам дээр хөндлөн хэвтэж саад учруулсан. Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэж заасан байдаг тул уг заалтыг хэрэглэн, 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуульд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий шүүгдэгч М.Гэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.16 дахь заалтад “өмгөөлөх тал“ гэж шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгоно” гэж заасан ба, өмгөөлөх тал буюу шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгч М.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж маргаж, цагаатгах байр суурьтай оролцсон нь гэм буруугийн талаар маргасан гэж үзнэ.

Иймд гэм буруугийн талаар маргасан тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч М.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүй гэх дүгнэлт үндэслэлгүй юм.

 

4.Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч М.Гийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1213832 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Мийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гэд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч М.Гийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1213832 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн ... тоот хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Б.Год энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г тус хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн  зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА