Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2020/0211/З |
Дугаар | 221/МА2020/0592 |
Огноо | 2020-10-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2020/0592
Б.А-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нарыг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 463 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.А-ы нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 463 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д тус тус заасныг баримтлан Б.А-ы нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр захирамжийн О.Жагзмаад холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Т.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нар давж заалдах гомдолдоо : “... Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар 1999 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 49 тоот зөвшөөрлөөр “амьтны хүрээлэн” татан буугдаж, газрыг нь иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гарсны дагуу хэний ч эзэмшиж, ашиглаагүй газар болох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 8-84а тоот 374 м.кв газрыг Б/159 дугаар захирамжаар О.Жагзмаад газар эзэмших эрх 141487 дугаар гэрчилгээг олгосон нотлох баримтыг шүүх яаж үнэлсэн нь эргэлзээтэй.
Нэхэмжлэгчийг 1997 оноос эхэлж амьдарсан гэдгийг батлах нотлох баримт байхгүй. 1997 онд тэр газарт “Амьтны хүрээлэн” байсан нь О.Жагзмаагийн 2000 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бичсэн өргөдөл, хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байхад худал хэлж бичсэн хүний үгийг бусад ямар нотлох баримтаар үнэлээд байгаа нь тодорхойгүй. Мөн О.Жагзмаа нь 374 м.кв газраа тойруулан хашаа барьсан байна. Эзэмшиж байсан газраа хашаа бариад байхад иргэн Х.Баде түүний гэр бүлийн гишүүд зүгээр байж байх уу? Тэр үед иргэдэд газар эзэмшүүлэхдээ иргэдийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх журам үйлчилж, бүртгэлийн карт нээж өргөдөл хүлээн авсан цаг минутыг тэмдэглэн хяналтын картанд дугаар өгдөг журамтай байсан. Одоо ч уг хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа.
Харин иргэн Х.Бадед О.Жагзмаад газар олгосноос хойш 9 сар 3 хоногийн дараа буюу 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 8-84а тоот 300 м.кв газар эзэмших гэрчилгээг олгожээ. Үүнээс үзэхэд хаяг нь өөр, хугацаа нь өөр, газрын хэмжээ нь өөр байна. Гэтэл Х.Баде нь 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшил газраа өмчилж авахын өмнө кадастрын зургийг хийлгэхдээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 8-84 тоот 672.15 м.кв гэж хийлгэсэн. Гэтэл Цайзын 8 дугаар гудамжинд 84 тоот гэсэн хаяг байхгүй. Харин 8-84а, 8-84б гэсэн албан ёсны хаяг байдаг.
Гэтэл энэ 2 газрыг нь нийлүүлэн Цайзын 8-84 гэж хаяглан 672.15 м.кв гэж 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 522 дугаар захирамжийн 438 дугаарт уг газрыг өмчлүүлэх захирамж гаргасан нь бусдын эрх ашгийг зөрчсөн байхад шүүх үүнд хууль зүйн үүднээс дүгнэлт хийсэнгүй. О.Жагзмаа ганц бие архаг хууч өвчтэй байсан болон нас барсны дараа өвлөх эрх нээгдэхгүй байх хугацааг ашиглан хуурамч баримт бүрдүүлэн Кадастрын зураг хийлгэж түүнийг үндэслэн өмчлөх захирамж гаргуулсан байна.
Шүүх Х.Бадеийн суурьшин амьдарч, үл хөдлөх хөрөнгөө барьсан газрыг бусдад өмчлүүлэх, ашиглуулах боломжгүй гэсэн боловч 50 м.кв биш хүн амьдрах боломжгүй, эд зүйл хадгалах зориулалтаар ашигладаг.
Т.Түмэндэлгэр надад өгөхдөө анхнаасаа чанар муутай материалаар барьсан. Талийгаачийг нас барснаас хойш бид очиж засаж сэлбээгүй, ирэн очин байсан учир их үнэ хэлэхгүй, тэгээд ч үл хөдлөх эрхийн хөрөнгийн гэрчилгээ аваагүй гэж хэлсэн учраас би ч гэрчилгээ аваагүй. Газрыг нь ашиглах хэтийн төлөвлөгөөтэй байсан. Х.Баде болон түүний хүүхдүүд уг амбаарыг барьсан юм бол энэ олон жил үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй байгааг анхаарах нь зүйтэй.
Мөн Т.Түмэндэлгэр, Т.Б нар нь уг газарт амьдарч байгаагүй байна гэжээ. Т.Түмэндэлгэр нь өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан эд хөрөнгөө захиран зарцуулах эрх үүссэний дагуу Т.Батцэцэгт өгсөн. Т.Б нь хуулийн дагуу хүчин төгөлдөр өмчилж авсан улсын бүртгэлийн гэрчилгээтэй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх хөрөнгийг авч эд зүйлээ хадгалах зэргээр ашиглаж байсан. Өмчлөгч нь уг газар, амбаартаа заавал амьдран суух ёстой гэсэн хуулийн заалт байхгүй.
Х.Баде, түүний хүүхдүүд 2001 оноос хойш тасралтгүй энэ хаягт амьдарсан, энэ объектыг барьсан гэсэн ямар ч нотлох баримт байхгүй.
Энэ бүгдээс дүгнэлт хийхэд иргэн Х.Баде анхнаасаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаар баримтаа газрын албанд үнэн зөвөөр өгөөгүй. Бусдын газартай давхцуулж баримт өгсөн. Нөгөө талаар Баянзүрх дүүргийн газрын алба мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар зохицуулалт хийлгүй хайнга хандсан.
Тухайн үед Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо Цайзын 8 дугаар гудамжинд 84 тоот гэсэн хаягийн бүртгэл огт байхгүй байхад хуурамч хаяг үүсгэж үндэслэлгүйгээр бусдын эзэмшил газар дээр газар давхардуулан олгосон шийдвэр гаргасан байхад шүүх 8-84 гэснийг бусдын өмчлөлийн 8-84а болгон шийдвэр гаргаж гуравдагч этгээд Т.Б-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Т.Б нь улсын бүртгэлийн хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, түүн дотор байгаа хашаа, хуучин амбаар худалдаж авсан байхад шүүх 1997 оноос хойш Х.Баде болон түүний үр хүүхдүүд амьдарч байгаа, түүний үл хөдлөх хөрөнгө байгаа гэж дүгнэсэн нь хэт хийсвэр Т.Б-ийг худалдаж авснаас хойш уг хашаанд нэхэмжлэгч талын гэх хүн ирж амьдарч байгаагүй. Харин уг газрыг дахин төлөвлөлтөд оруулах тухай яригдаж эхэлсэн үеэс Х.Ахтолхан нь шүүхэд хандсан. Иймд Т.Б би Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шударга өмчлөгч учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан, нотлох баримтыг зөв үнэлэн шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А-оос Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр захирамжийн О.Жагзмаа, нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Т.Түмэндэлгэрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 250 дугаар захирамжаар[1] “Х.Бадед Цайзын 8-84 тоот хаягт байрлах газрын ашиглах эрхийн гэрчилгээг”, нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар[2] “Х.Бадед Цайзын 8 дугаар гудамж 84 тоот хаягт байрлах 672,15 м.кв газрыг өмчлүүлсэн” байх бөгөөд нэхэмжлэгч Б.А-д өвлөх эрхийн гэрчилгээний[3] дагуу дээрх газрыг өвлүүлсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр захирамжаар[4] “О.Жагзмаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 8-84 тоот газрын ашиглах эрхийн гэрчилгээ”, нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар[5] “Т.Түмэндэлгэрт Цайзын 8 дугаар гудамжны 84а тоот хаягт байрлах 352,89 м.кв газар”-ыг өмчлүүлжээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, “, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” тус тус гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2000 оны 08 дугаар сарын 21-ний өдөр О.Жагзмаа нь маргаан бүхий газар дээр эзэмших эрхийн гэрчилгээ авахаар Баянзүрх дүүргийн газрын харилцааны албанд хүсэлт гаргасан байна[6]. Энэхүү хүсэлтийг үндэслэн О.Жагзмаад газар ашиглах эрхийн гэрчилгээ гарсан байх бөгөөд цаг хугацааны хувьд үүний дараа нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн гэрчилгээ гарчээ.
Хэдийгээр гуравдагч этгээд нь нэхэмжлэгчээс өмнө газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчээс өмнө амьдарч байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Тодруулбал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Т.Б нь Цайзын 8-83 тоотод амьдарч байсан” гэх тайлбар, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13/199 дугаар албан бичигт[7] “... давхцуулан өмчилсөн гэх газруудын кадастрын зургийг Google earth ортофото зурагтай он оноор шалгахад иргэн О.Жагзмаа нь тус хорооны Цайзын 9 дугаар гудамжны 83 тоот газарт нагац дүү Л.Батаатай хамт оршин сууж байсан”, мөн Т.Түмэндэлгэр[8], Л.Батаа[9]нарын иргэний үнэмлэхийн хаягаас үзвэл “Баянзүрх дүүрэг, Цайзын 19 дүгээр хороо, 8 гудамж, 83 тоотод оршин сууж байсан” үйл баримт тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч “Х.Баде нь эхнэр хүүхдийн хамт 1997 оноос хойш Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 8 дугаар гудамжны 84а тоот хашаанд амьдарч байсан” гэх тайлбар, гэрч Д.Хишигбуянд хууль сануулан авсан “... 1999 онд газар өгч байхад энэ хүмүүс тухайн газар дээр нүүж ирсэн. Энэ хүний гэр бүлийн хүмүүсийг сайн мэднэ ...” [10] гэх мэдүүлэг, Б.Адилбекийн 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 08, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд цахилгааны төлбөр төлсөн баримтууд[11], Х.Бадеийн иргэний үнэмлэх[12], Б.Адилбекийн цэргийн үүрэгтний үнэмлэх[13] зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 8-84 тоотод амьдарч байсан болох нь тогтоогдож байна.
Эндээс үзвэл гуравдагч этгээдэд нэхэмжлэгчээс өмнө маргаан бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээг олгосон боловч бодит байдал дээр тухайн газарт нэхэмжлэгч өмнө амьдарсан байх тул энэ талаарх нотлох баримтыг зөв үнэлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, гуравдагч этгээдийн гомдол, тайлбар үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий газар дээр Х.Баде амьдарч байх үед гуравдагч этгээд нь уг газар дээр давхцуулан хүсэлт гаргасан гэж үзэхээр байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.3-д “Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д ”Газрын кадастр” гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан.
Тодруулбал аймаг, нийслэлийн газрын алба нь кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхдээ газар дээр нь очиж тэмдэгжүүлж, координатжуулах хуулийн зохицуулалттай байна.
Эндээс үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр гуравдагч этгээдээс өмнө амьдарч байсан байх бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нар газар ашиглуулах, өмчлүүлэх тухай шийдвэр гаргахдаа газар дээр нь шалгалт хийж, кадастрын зургийг үйлдээгүй нь хууль зөрчсөн буюу хууль бус үйл ажиллагаа, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Т.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтас 13-15 хуудас
[2] 1 хавтас 16-17 хуудас
[3] 1 хавтас 93 хуудас
[4] 1 хавтас 28-29 хуудас
[5] 1 хавтас 25-27 хуудас
[6] 1 хавтас 65-67 хуудас
[7] 1 хавтас 32 хуудас
[8] 1 хавтас 107 хуудас
[9] 1 хавтас 80 хуудас
[10] 1 хавтас 202-205 хуудас
[11] 1 хавтас 190, 192-194 хуудас
[12] 1 хавтас 99 хуудас
[13] 1 хавтас 191 хуудас