Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 514

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Х” ТББ-аас 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн өргөдөлд хариу өгөхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг шийдвэрлэн хариу өгөхийг даалгуулах” тухай шаардлага бүхий “ төв” ТББ-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус байгууллагаас 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт хандан 17/11 дугаар албан бичгээр Агаарын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүсч, өргөдөл гаргасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 06/01834 дүгээр албан бичгээр “Х” ТББ-д хариу мэдээлэл ирүүлсэн нь бүрэн бус, хангалтгүй, бидний тавьсан 8 асуултын зөвхөн 1, 2 дугаар асуултад бүрэн бус байдлаар хариулсан гэж үзэхээр байна. Хэрэв хариуцагч тал бидний тавьсан 8 асуултад тус бүрт нь бүрэн дүүрэн байдлаар хариултыг албан бичгээр өгсөн тохиолдолд манай байгууллагаас эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байна” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н миний бие нэхэмжлэгч “Х” ТББ-аас гаргасан өргөдлийг шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 7 дугаар сарын 01-ны дотор албан бичигт дурдсан 8 асуудал тус бүрээр нь албан ёсоор бичгээр хариу өгөх болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасанчлан, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхийг эдлэх бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “Х” ТББ-аас 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн өргөдөлд хариу өгөхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг шийдвэрлэн хариу өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдааны явцад илэрхийлж, бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ-1/87 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н-д олгосон итгэмжлэлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг тусгайлан олгосон байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.7-д “хуульд заасан бусад эрх”-ийг эдлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбарыг дэмжсэн /хүлээн зөвшөөрч/ бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү бичгээр гаргасан тайлбар нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67, 68 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар “...шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн “Х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан  олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА