| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1208/Э |
| Дугаар | 1208 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1208
2019 11 14 1208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт Чын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Чын Б, Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээ марал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1995 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 99 дүгээр захирамжаар 3 сар 3 хоногийн хугацааны өмнө тэнссэн суллагдсан (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ... тоотод оршин суух В.Сыг “захирлын бууны нохой” гэх шалтгаанаар төмрөөр болон гараараа цохиж, “хуйханд нь шарх, баруун сарвууны дунд хурууны зөөлөн эдийн няцрал, чигчий хурууны зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ:
2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би машин худалдаж аваад, тэмдэглэж архи уусан. Эхлээд Жанцандарамтай хамт 0.75 литрийн архи уусан. Дараа, ганцаараа нэг шил архи уугаад нилээн согтсон. Дараа нь Жанцандарамын гэрт орсон. Би Амараа гэх айлын малчин. Со надад “Амараа танайхыг хөөж байсан, нүү гэсэн” гээд худал хэлээд байсан. Улмаар маргалдаад Со миний толгойг галын хайчны ишээр хага цохисон. Би гэртээ очиж цусаа тогтоочихоод буцаж орж ирээд намайг цохисон төмрөөр нь Сыг цохисон гэв.
Хоёр: Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан баримтууд:
1.Хохирогч В.Сын мөрдөн шалгах ажиллагаанд:
2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед ...манай хөрш Б гэх хүн согтуу орж ирээд “та хоёр юу яриад байгаа юм бэ” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “орж унт, чи согтуу байна” гэж хэлтэл “чи муу юу юм бэ, Амараа захирлын бууны нохой” гэж орилоод гараа далайгаад над руу дайраад байхаар нь би “чи цохиж чадахгүй юм байж гар” гэж хэлээд хаалгаар түлхэх гэтэл гэрийн үүдэнд миний давсаг руу өшиглөсөн. Гэрээс гарч явахдаа хаалга өшиглөөд та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд гараад явсан. Удалгүй манай гэрт орж ирэх гээд хаалган дээр байгаад байхаар нь би оруулахгүй гээд хаалга хаах гэхэд зүүн мөр рүү гараараа цохиж, галын сэтгүүр төмөр аваад миний толгойг цохиж хагалаад, баруун гар мушгиж, чамайг ална гичий минь гэж хэлсэн. Б тухайн үед нилээн согтуу байсан. Миний биед учирсан гэмтлийг Б учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“... Манайх Ч.Бийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу Давааны 2-56 тоот хашаанд 2018 оноос эхлэн хөрш айл болж, бие биенийхээрээ орж гарч байдаг хүмүүс юм. Б ...согтуу орж ирэхээр нь би “гар” гэж хэлсэн. Тэрнээс болж хэрүүл маргаан үүссэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хэргийг түргэн шуурхай, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),
2. Гэрч Ж.Жанцандармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...Би мэдүүлэг өгнө, татгалзах зүйл байхгүй. 2019 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ... тоот гэртээ байхад хөрш айлын залуу Б согтуу орж ирээд эхнэр Сыг “чи юу юм бэ” гэж хэлээд хэл амаар доромжилсон. Эхнэр Со “чи манайхаас гар, эрүүлдээ орж ир” гэж хэлээд гаргах гэтэл манай эхнэрийн зүүн мөр рүү гараараа цохиж, мөн галын сэтгүүр төмөр аваад толгой руу нь нэг удаа цохиод, гарыг нь мушгиад байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
3. Шүүгдэгч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:
“...2018 оны 9 дүгээр сараас эхлэн ... тоот хаягт оршин сууж, Амараа гэх хүний малыг маллаж, манаач Жанцандарамын хамт нэг хашаанд амьдардаг юм. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би хамаатны дүү Лхамдоржийн хамт 0.75 литр, 0.33 литрийн архи хувааж уусан. ...Жанцандарам урьд нь миний толгойг хагалж байсан болохоор би өс санаснаас болоод гэрт нь орж хэрүүл хийсэн. Тэгсэн Со манай гэрээс гар зайл гэж хэлээд миний толгой руу төмрөөр цохихоор нь би төмрийг нь булааж авах гээд зүүн гарыг нь мушгиж төмрийг нь авч байгаад буцаагаад толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Би Сын биед учирсан гэмтлийг галын сэтгүүр төмрөөр толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж учруулсан. Сүүлд галын сэтгүүр төмөр булаацалдаж байхад баруун сарвуу болон чигчий хуруунд гэмтэл үүссэн байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9216 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Дагз хэсгийн хуйханд 1.5х0.3 см хэмжээтэй зах ирмэг тэгш биш няцарсан шархтай, шархнаас цус ихээр гарч хатсан байдалтай. Баруун сарвууны дунд хурууны ард 1.5х1.5 см хавдсан, чигчий хурууны ард 0.2х0.2 см хүрэн улаан зулгаралт, зүүн мөрөнд 3х3 см хөх ягаан өнгийн цус хуралттай.
ДҮГНЭЛТ:
-В.Сын биед хуйханд шарх, баруун сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн
няцрал, чигчий хуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч
Т.Номинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дугаар тал),
5.Шүүгдэгч Ч.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр тал), Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаар таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 53-55 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 71-72 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Ч.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Бөд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ В.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс шүүгдэгч Ч.Б гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ч.Б, хохирогч В.Со нар нэг хашаанд айл хөрш байдаг байх ба, шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу 2-56 тоотод оршин суух В.Сыг гэрт “захирлын бууны нохой, захирал манайхыг хашаанаас нүү гэж хэлээгүй байхад чи захирал нүү гэж хэлсэн гэж худал хэллээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, улмаар гэрт нь агсам тавихад нь хохирогч В.Со гэрээсээ гаргах үйлдэл хийхэд түүний биед төмрөөр болон гараараа цохиж, “хуйханд шарх, баруун сарвууны дунд хурууны зөөлөн эдийн няцрал, чигчий хурууны зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч В.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хөрш Б согтуу орж ирээд ...Амараа захирлын бууны нохой гэж орилоод над руу дайрсан. ...гэрээс гар гэж хэлээд хаалгаар түлхэх гэхэд миний давсаг руу өшиглөсөн. ...удалгүй манай гэрт эргэж орж ирэх гээд хаалган дээр байхаар нь оруулахгүй гээд хаалга хаах гэхэд зүүн мөр рүү гараараа цохиж, галын сэтгүүр төмөр аваад миний толгойг цохиж хагалсан, ... баруун гар мушгисан. ...Миний биед учирсан гэмтлийг Б учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-гэрч Ж.Жанцандармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б согтуу орж ирээд эхнэр Сыг “чи юу юм бэ” гэж хэлээд хэл амаар доромжлоод ...эхнэрийн зүүн мөр рүү гараараа цохиж, мөн галын сэтгүүр төмөр аваад толгой руу нь нэг удаа цохисон, гарыг нь мушгиад байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
-шүүгдэгч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Со манай гэрээс гар зайл гэж хэлээд миний толгой руу төмрөөр цохихоор нь би төмрийг нь булааж авах гээд зүүн гарыг нь мушгиж төмрийг нь авч байгаад буцаагаад толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Би Сын биед учирсан гэмтлийг галын сэтгүүр төмрөөр толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч В.Сын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Бийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч В.Сын бие махбодид хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нь хавтаст хэрэгт хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, мөн нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг (хавтаст хэргийн 71 дүгээр тал) тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд нэг удаагийн ял шийтгэгдэж байх боловч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй, түүний хувиараа мал малладаг, тодорхой орлоготой зэргийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн орлогыг нь харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Чын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бөд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч В.Со нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА