Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1221

 

 

 

 

 

     

2019           11             18                                          1221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

З овогт Эгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт Эгийн Н, Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “...” ХХК-д мужаанаар ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн ... оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокены гадна иргэн Ц.Бтай “караоке дотор томорлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохих, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нгаас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.  

 

Хоёр.Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ц.Болортулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа тараад найзтайгаа уулзсан. Эгч Болормаа руу залгатал Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Цамбагаравын “Титэм” караокед найзуудтайгаа байна гэхээр нь машины түлхүүр авах гээд явж очсон. Очоод коридорт нь уулзаад түлхүүр авах гэж байтал үл таних хүн манай эгчийг “гичий” гэхээр нь эгчийгээ өмөөрөөд “чи яахаараа манай эгчийг гичий гэдэг юм бэ” гээд маргалдсан. Нөгөө залуу согтуу байсан. Найзууд нь гэх хоёр залуу салгаад аваад явсан. Би “Титэм” караокены гадаа шорлог идээд эгчийг хүлээж байтал намайг “хөөе энэ нөгөө караокед томроод байсан залуу мөн байна” гэхээр нь “та нар яах гээд байгаа юм бэ” гэхэд нэг залуу нь үсэрч ирээд хамран тус газар нэг удаа цохиход би шууд унасан. Намайг унасан байхад хүзүүнээс татаад “босоод ир, зодолдъё” гээд байсан. Манай эгч цагдаа дуудлаа гэж хэлтэл нөгөө залуучууд зугтсан. Намайг цохисон залууг барьж авч үлдээд цагдаад хүлээлгэж өгсөн. Миний хавирга тухайн үед хөндүүрлээд байсан. Намайг нэг хүн зодсон, бусад нь зодоогүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гадаад улс руу явах гэж байгаа учраас уг хэргийг хурдан шийдүүлмээр байна. Шүүх хуралд оролцохгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

            2. Гэрч Д.Баярбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “... Би Н гэх залуутай багын найзууд, нэг суманд өссөн юм. 2019 оны 6 дугаар сард Хархорин захын хажуу талын барилгын кразанд ажилд ороод, 2019 оны 7 дугаар сарын 20-нд Нг ажилд оруулсан. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Н, Энхбат бид гурав ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын караокед ороод нэг шил архи, нэг, нэг шил пиво уусан юм. Энхбат согтоод өрөөнөөс орж гараад явж байгаад хүнтэй муудалцсан гэхээр нь гараад хартал өндөр залуу, өндөр хүүхэнтэй муудалцаад байсан. Салгаад уучлалт гуйгаад орсон. Өндөр залуу нь танай найз чинь манай эгчийг гичий гэсэн гээд уурлаад байсан. Караокенаас гараад Цамбагаравын урагшаа явж байтал гадаа шорлог зардаг хүний хажууд караокед муудалцсан залуу бас нэг залуутай шорлог идээд зогсож байсан. Н “энэ нөгөө караокед томроод байсан залуу байна” гээд дахиад муудалцаад, тэр залууг үсрээд нэг цохисон. Тэгэхээр нь удахгүй цагдаа ирнэ гэж бодоод бид хоёр зугтаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

            3. Гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Барилга дээр ажиллаж байхдаа Н гэх залуутай танилцсан. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Титэм” караокед Н, Баярбат бид гурав орж үйлчлүүлсэн. Дотор нь ороод бид нэг шил 0.5 литрийн архи, нэг, нэг шил пиво хувааж уусан. Би нилээн согтоод, ариун цэврийн өрөө ороод таньдаг эмэгтэйгээ дуудаад сууж байхад үл таних өндөр эгч над руу сүрхий хараад байхаар нь “үхсэнээ хараав гичий минь” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эгчтэй хамт явж байсан бидний үеийн банди надтай маргалдаад байж байхад Н, Баярбат нар салгаад караокены өрөө рүү орсон. Караокенаас гарахад караоке дотор муудалцаж байсан залуу шорлог идээд Цамбагаравын төлбөртэй зогсоолын тэнд зогсож байсан. Н “энэ түрүүн томроод байсан залуу мөн байна” гэж хэлээд, бид гурав дөхөж очоод нөгөө залуутай муудалцаад, барилцаж авсан. Эгч нь бас өөр залуутай гарч ирээд бөөн маргаан болсон. Н хэрэлдэж байгаад дээгүүр нь үсрээд хамран тус газар нь цохиод, ганц өшиглөсөн байх. Би согтуу байсан учраас цагдаа удахгүй ирнэ гээд зугтаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

            4. Гэрч Ц.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “... 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед Цамбагаравын ойролцоо караокед орсон. Караокед 00 цаг 29 минутад манай дүү Б ирээд түлхүүр өгөх гэж байхад хажуу караокед үйлчлүүлж байсан залуучуудын нэг нь “гичий минь үхсэнээ харсан юм бэ” гэхэд манай дүү өмөөрөөд маргалдаад салсан. Цаг дуусаж байсан учраас гаръя гээд би ариун цэврийн өрөөнд орчихоод, тооцоо хийгээд гарахад надтай хамт явж байсан Нямка гэх залуу Б нар уг караокены гадаа шорлог идэж байхаар нь тэр хоёрыг загнаад битгий гудамжнаас шорлог авч идээд бай, машиндаа суу гэж хэлсэн. Тэгтэл шорлог зардаг охин намайг мөнгөө өг гээд маргаан болж байтал караокед хэл амаар доромжлоод байсан залуучууд хөөе чи мөнгийг нь өгөөч гээд бүгдээрээ бид гурав руу дайраад, нэг залуу нь манай дүү Болортулгын хамран тус газар нь цохиод унагаасан. Тэгээд тэр залуучуудын нэг нь цагдаа ирж байна гэж хэлтэл нөгөө залуучууд зугтаад явсан. Тэгэхээр нь манай дүү Б хамар руу нь цохисон этгээдийн араас нь хөөгөөд барьж аваад, би араас нь гүйгээд өмднөөс нь зулгаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

 

            5. Шүүгдэгч Э.Нн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “... Би “Sunday 2” плазад мужааны ажил хийдэг юм. Хамт ажилладаг Баярбат, Энхбат нартай хамт 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цамбагаравын тэр хавьд байрлах караокед орсон. Уг караокед байхдаа манай найз Энхбат согтоод 23 цагийн үед мөн уг караокед үйлчлүүлж байсан эмэгтэйтэй муудалцаад гичий минь гэж хараасан гэсэн. Тэгээд Баярбат бид хоёр болиулаад нөгөө эмэгтэйн дүү гэх залуутай бас маргалдаад салсан. Караоке хаалаа гэхээр нь бид гурав гадаа гартал үүдэнд нөгөө муудалцсан эмэгтэйн дүү болон хамт явж байсан залуу шорлог идээд зогсож байхаар нь “чи муу сая караокед томроод байсан уу” гээд муудалцсан. Тэгж байгаад эгч нь гарч ирээд бид нар хоорондоо хэрэлдсэн. Дүү нь бас  томроод байхаар нь үсрээд хамран тус газар нь нэг удаа цохиод, унахаар нь хавирган тус газар нь 1-2 удаа өшиглөсөн байх. Тэгтэл манай найзуудын нэг нь цагдаа ирж байна гээд зугтаасан. Би зугтаах гэж байтал надад цохиулсан залуу болон нөгөө хүүхэн бариад машиндаа суулгаад цагдаа нар ирээд саатуулах байр руу саатуулсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11339 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: “...Хамрын нуруугаар хавдартай, хэлбэр дүрс алдагдсан, зүүн нүдний дээд зовхинд 5х2.5 см, доод зовхинд 2.5х2 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн хавиргаар эмзэглэнэ. Хүзүү хоолойн урд хэсэгт 5х0.2 см арьсны зулгаралттай. ...”

ДҮГНЭЛТ:

-Ц.Болортулгын биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхины цус хуралт, хүзүүний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

-Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /шинжээч Ж.Ганцэнгэл/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

7. Шүүгдэгч Э.Нн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 53 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар тал), “...” ХХК-ний “... Э.Н нь манай компанид барилгын мужаан мэргэжлээр ажилладаг. Сарын цалин нь 900.000 төгрөг...” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийнх хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокены гадна иргэн Ц.Бтай “караоке дотор томорлоо” гэх шалтгаанаар маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгч Э.Н нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Э.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Нн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” караокены гадна иргэн Ц.Бтай “караоке дотор томорлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохих, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхины цус хуралт, хүзүүний арьсны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Ц.Болортулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үл таних хүн манай эгчийг гичий гэхээр нь эгчийгээ өмөөрөөд “чи яахаараа манай эгчийг гичий гэдэг юм бэ” гээд маргалдсан. Тэгээд ...”Титэм” караокены гадаа шорлог идээд ...байж байтал намайг “хөөе энэ нөгөө караокед томроод байсан залуу мөн байна” гэхээр нь “та нар яах гээд байгаа юм бэ” гэхэд нэг залуу нь үсэрч ирээд хамран тус газар нэг удаа цохиход би шууд унасан. Намайг унасан байхад хүзүүнээс татаад “босоод ир, зодолдъё” гээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

            -гэрч Д.Баярбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Караокенаас гараад Цамбагаравын урагшаа явж байтал гадаа шорлог зардаг хүний хажууд караокед муудалцсан залуу бас нэг залуутай шорлог идээд зогсож байхад Н “энэ нөгөө караокед томроод байсан залуу байна” гээд дахиад муудалцаад, тэр залуу үсрээд нэг цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

            -гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үл таних өндөр эгч над руу сүрхий хараад байхаар нь үхсэнээ хараав гичий минь гэж хэлсэн. ...нөгөө эгчтэй хамт явж байсан ...банди надтай маргалдсан.  Н, Баярбат нар салгасан. ...Караокенаас гарахад караоке дотор муудалцаж байсан залуу шорлог идээд ...зогсож байсан. Н “энэ түрүүн томроод байсан залуу мөн байна” гэж хэлээд, ....Н хэрэлдэж байгаад дээгүүр нь үсрээд хамран тус газар нь цохисон, ганц  өшиглөсөн байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

            -гэрч Ц.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...караокед үйлчлүүлж байсан залуучуудын нэг нь гичий минь үхсэнээ харсан юм бэ гэхэд манай дүү өмөөрөөд маргалдаад салсан. ...Б караокены гадаа шорлог идэж байсан. ...шорлог зардаг охин намайг мөнгөө өг гээд маргаан болж байтал караокед хэл амаар доромжлоод байсан залуучуудын  ...нэг залуу нь манай дүү Болортулгын хамран тус газар нь цохиод унагаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

-шүүгдэгч Э.Нн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...манай найз Энхбат нь согтоод ..караокед үйлчлүүлж байсан эмэгтэйтэй муудалцаад гичий гэж хараасан гэсэн. Караоке хаалаа гэхээр нь гадаа гартал үүдэнд нөгөө муудалцсан эмэгтэйн дүү болон хамт явж байсан залуу шорлог идээд зогсож байхаар нь чи муу сая караокед томроод байсан уу гээд муудалцсан. ...томроод байхаар нь үсрээд хамран тус газар нь нэг удаа цохиод, унахаар нь хавирган тус газар нь 1-2 удаа өшиглөсөн байх. Гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

 

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11339 тоот дүгнэлт  (хавтаст хэргийн 31 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Нд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Э.Н нь хохирогч Ц.Болортулгын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Нг  дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Э.Нн хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Э.Н нь хохирогч Ц.Болортулгын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч тус хэргийн хохирогч Ц.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Э.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Э.Н дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

Шүүхээс шүүгдэгч Э.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Э.Нн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Эгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн ... тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА