Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 906

 

2016 оны 10 сарын 11 өдөр

 

Дугаар 183/ШШ2016/00906

               Улаанбаатар хот

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:*******,*******,

Нэхэмжлэгч: ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******, “Номин Юнайтед” цогцолбор 7 дугаар давхарт байрлах “г” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.                                                                                                  

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “******* миний бие “” ХХК-д 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулагчаар ажилд орсоноор талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан “” ХХК-ийн НИД-т няраваар дэвшин ажилласан. 2011 оны 5 дугаар сарын 01-нд “Номинтав Трейд” ХХК-д няраваар ажилласан бөгөөд “г” ХХК-ийн Номин Косметикс салбарт 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан няраваар ажилд орсон. Гэтэл 2-6/98 дугаартай захиралын тушаалаар 13,342,665 төгрөгийн эд хөрөнгийг дутаасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Намайг ажлаас халах тухай тушаал 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан байсан.  Би тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний гардан авсан. Тэр үед би “г” ХХК нь Номин Косметикс салбарын няраваар ажиллаж байсан. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 16,309,194 төгрөг дутаасан гэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2443 тоот тогтоолоор эд хөрөнгө, мөнгө үрэгдүүлж, дутаасан нь нотлогдохгүй учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7,555,200 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******* миний бие “” ХХК-ийн эрх зүйн газарт 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан орлогын шалганаар ажилд орсноор талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 26-нд “Номин косметикс” салбарт тушаал дэвшин няраваар ажилд орсон. Гэтэл 2-6/97 дугаартай захиралын тушаалаар 12,431,556 төгрөгийн эд хөрөнгийг дутаасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. “г” ХХК нь Номин косметикс салбарын няраваар ажиллаж байсан. Намайг ажлаас халах тухай тушаалыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан байсан. Тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 12-ны гардан авсан. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 16,309,194 төгрөг дутаасан гэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2439 тоот тогтоолоор эд хөрөнгө, мөнгө дутаасан нь тогтоогдож, нотлогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,885,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

          “Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. *******, ******* нар нь Номин холдинг трейдинг ХХК-ийн косметик салбарын агуулахын няраваар ажиллаж байсан. *******, ******* нартай хариуцагч байгууллага хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдэгтэй огт маргаагүй. *******, ******* нар нь ажилд орсноос хойш ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийлгэж байгаагүй учир 2015 оны 5, 6 дугаар сард Номин холдинг трейдинг ХХК-ийн аудитын газраас тооллого хийгдэж, аудитын дүгнэлтээр *******, ******* нар нь ажил үүрэгтэй хариуцлагагүй хандаж их хэмжээний бараа материалын дутагдал гаргаж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу эд хөрөнгийг тоолохтой холбоотой заалтуудыг тус тус зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан. Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халсан тушаалыг хүлээн авсан. Нэхэмжлэгч ******* нь  2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлаас халсан тушаалаа хүлээн авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 125-129 зүйлд хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг зохицуулсан байдаг. Мөн хуулийн 128 зүйлийн 128.1.2 дахь хэсэгт  зааснаар ажил олгогчийн санаачлагчаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлүүлнэ, мөн хуулийн 129 дүгээр зааснаар ажлаас буруу халсан тохиолдолд, ажлаас халсан тухай тушаалыг гардан авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч *******, ******* нар нь ажлаас халсан тушаалыг гардан авснаас хойш 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

         

Нэхэмжлэгч ******* ******* нар нь хариуцагч ”Номин трейдинг” ХХК-ийн “Номин Косметикс” салбарт холбогдуулан няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, зохих бичилтийг хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч ******* ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* нар нь ”Номин трейдинг” ХХК нь биднийг эд хөрнгө дутааж, хохирол учруулсан гэх үндэслэлээр ажлаас халсан нь буруу юм,  Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Монгол Улсын ерөнхий Прокурорын газар шалгаад бусдын эд хөрөнгө завшсан гэж эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэж хариу ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хариуцагч ”Номин трейдинг” ХХК нь нэхэмжлэгч нар нь эд хөрнгө дутааж, хохирол учруулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажлаас халах тухай тушаалын хувийг гардуулж гарын үсэг зуруулсан, мөн хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.

 

******* ******* нарыг ажлаас халах тухай ”Номин трейдинг” ХХК-ын “Номин Косметикс” салбарын гүйцэтгэх захиралын  №2-6/98, 2-6/97 тоот тушаалууд нь 2015 оны 10 дугаар  сарын 01-ний өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* нар  нь ажлаас халах тушаалаа 2015 оны 12 дугаар сарын 12, 14-ний өдөр гардан авсан ба шүүхэд нэхэмжлэлээ 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар болон 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын ерөнхий Прокурорын газраас тус тус гомдлын хариугаа авсан боловч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд зохих байгууллагад гаргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч ******* ******* нар нь 2015 оны 10 дугаар  сарын 01-ний өдрийн ажлаас халах тухай тушаалаа 2015 оны 12 дугаар сарын 12, 14-ний өдөр хүлээн авсан талаараа маргаагүй хүлээн зөвшөөрсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тул сэргээж өгнө үү гэж тайлбарласан.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт “шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт ”...хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нар хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэмд тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон гэх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх ба хугацаа сэргээх үндэслэл түүнтэй холбоотой баримтаа нэхэмжлэгч нар шүүхэд ирүүлээгүй тул шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдохгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах нэг сарын хугацаа өнгөрсөн байх тул ******* ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь: 

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ”Номин трейдинг” ХХК-ийн “Номин Косметикс” салбарт холбогдох, нэхэмжлэгч ******* ******* нарын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.   Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                                 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.САНСАРМАА