Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1232

 

 

 

 

 

 

2019         11             19                                            1232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Цийн Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Цийн А, Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Төв аймгийн Угтаалцайдам сумын ... гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоот нийтийн байрны гадаа “үгээр доромжиллоо” гэх шалтгаанаар Р.Дийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар гэрт орсны дараа А.Хишигжаргал руу шидсэн шилэн аягыг Р.Д гараараа хаасны улмаас баруун гарын 2 дугаар хуруу зүсэгдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ааас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.  

 

Хоёр.Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:

 

  1. Хохирогч Р.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байхад найз Хишигжаргал над руу утсаар залгаад “гэрт хүрээд ир, хоёулаа хамт жаахан юм ярьж сууя” гэсэн. Би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байрлах нийтийн байранд ирсэн. Бид хоёр дэлгүүр явж 2.5 литрийн савалгаатай том пиво авч хувааж уугаад сууж байхад Хишигжаргалын найз Хонгорзул гэж танихгүй эмэгтэй ирсэн. Маргааш өглөө нь унтаж байхад Хишигжаргалын найз залуу А ирсэн. Бид дөрөв 2.5 литрийн савалгаатай хоёр том пиво хувааж уугаад орой нь гарч бааранд орж пиво захиалж уусан. Тэр үед Хишигжаргал найз залуутайгаа хэрэлдэж маргалдаад баарнаас гараад хоорондоо зодолдох гээд байхаар нь “чи болиоч” гэж шаардлага тавихад А гэх залуу миний үснээс зулгаагаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид нийтийн байрны гадаа ирээд “гэртээ оръё” гээд Хишигжаргалыг араас нь тэврээд зогсож байхад А баруун гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Хэсэг манараад “цагдаад дуудлага өгнө” гээд орилоход Хишигжаргал надаас “битгий цагдаад дуудлага өгөөч” гээд гуйгаад байхаар нь би цагдаад дуудлага өгөөгүй юм. Бид дөрөв Хишигжаргалын гэрт хоноод өглөө босоход миний зүүн нүд хөхрөөд тагларсан байсан. ...Би “Лазер Мед” эмнэлэгт толгойны томографийн зураг авахуулсан. Мөн “Топуна” эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Өдрийн орны төлбөр 40.000 төгрөг, нийт 400.000 төгрөг төлсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

-2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 29-ний орой ...00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололын нэрийг нь мэдэхгүй бааранд Хишигжаргал, Хонгорзул, А бид хэд ороод хүний 0.5 литрийн савалгаатай пиво уусан. Бааранд сууж байхад А, Хишигжаргал хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад байсан. ...баарнаас гараад такси бариад Хишигжаргалын нийтийн байр руу явж байхад Хишигжаргал, А хоёр хэрэлдээд машин дотор барьцалдаад авахаар нь би голоор нь ороод салгах гэтэл намайг А үсдсэн. ...нийтийн байрны гадаа ирээд Ат хэдэн үг хэлэхэд намайг А үсдэхэд Хонгорзул, Хишигжаргал, бас нэг залуу салгасан. Хишигжаргалыг уйлаад зогсож байхаар нь  би аргадаад зогсож байхад А гэнэт миний баруун нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Миний нүд өвдөөд, би уйлаад цагдаа дуудна гэхэд Хишигжаргал надаас гуйгаад дуудуулаагүй. Маргааш өглөө нь босож ирэхэд миний баруун нүд хөхөрч хавдаад нээгдэхгүй байхаар нь нүдний хавдраа буулгах гээд Хишигжаргалынд хэд хоносон. ...Би өөрөө согтуу байхдаа газар хөл алдаж унаад баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтлүүдийг учруулсан. А миний нүд рүү цохисны дараа бид хэд өрөөндөө ороод Хишигжаргалтай хамт сууж байхад А ширээн дээр байсан шилэн нэг зүйлийг Хишигжаргал руу шидэхэд нь би баруун гараараа хаахад баруун гарын 2 дугаар хуруу зүсэгдсэн. Хохирлын 586.200 төгрөг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

 

            2. Гэрч А.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 5 дугаар сарын 29-ний өглөө найз А Төв аймгийн Угтаалцайдам сумаас ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын буудал дээр байдаг бааранд орж пиво уусан. А надад үг хаяад, хардаад хэрүүл хийгээд байхаар нь бид хэд баарнаас гараад такси бариад гэр рүүгээ харих замд А надтай хэрүүл хийгээд, Д намайг өмөөрөөд Атай хэрэлдэж, тэр хоёр хоорондоо барьцалдаж авсан. Нийтийн байрны хашааны гадаа ирээд би Ат гомдоод уйлаад зогсож байхад Д намайг тайвшруулаад зогсож байхад А уурлаад Д чамаас болж байгаа юм гэж хэлээд толгой руу нь нэг удаа хүчтэй цохисон. Д “миний нүд рүү цохичихлоо” гэж орилоод цагдаа дуудна гээд байхаар нь би Дийг аргадаж гэртээ хамт орсон. Гэрт ороод байж байхад А согтуурхаад ширээн дээр байсан шилэн аягыг над руу шидэхэд Д баруун гараараа хааж, хуруу нь зүсэгдээд цус гарсан. Маргааш өглөө нь Дийн баруун нүд хөхөрч хавдаад нээгдэхгүй байсан. ...А гэж залуу миний найз залуу байсан юм. Тухайн үед намайг хардаж хэрүүл маргаан хийсэн. Д намайг өмөөрч байгаад Ат цохиулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

 

            3. Гэрч П.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:

“...Д ирэхгүй байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр баруун нүд нь улайж хөхөрсөн ирсэн. Би юу болсон талаар асуухад найз Хишигжаргал миний гар утсыг ломбардсан, Хишигжаргалын найз залуу А намайг зодсон, нүд рүү цохисон гэж хэлсэн. ...Дийг дагуулж яваад эмнэлгээр үзүүлж толгойны томографийн зураг авахуулсан. Эмч хэлэхдээ Дийн баруун нүдний ухархайн яс нь цөмөрч хугарсан, толгой хавантай байна гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

            4. Шүүгдэгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

            “...Хишигжаргалын гэрт ороход 3 эмэгтэй, 3 эрэгтэй хүн хэвтэж байсан. Би Хишигжаралд “энэ юун хүмүүс юм бэ, явуулаач” гэж хэлэхэд “манай найз нар байгаа юм” гэж хэлсэн, хоёр эрэгтэй нь гараад явсан. Би нойр хүрээд унтаад сэрэхэд Хишигжаргал, Д, Хонгорзул, түүний найз залуу дөрвүүлээ пиво хувааж уугаад сууж байсан. Би Дид “чи гэр орондоо хариач” гэж хэлэхэд “ийм нүүр царайтай яаж харьдаг юм бэ” гэж надад хэлсэн. Дийн биеийн хоёр хөлийн өвдөг нь шалбарсан, хоёр тохойны арьс нь зулгарсан байсан. ...шөнийн 00 цагийн үед  нийтийн байрнаас гарч Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын тэнд байрлах бааранд орж суугаад хүний 0.5 литрийн савалгаатай 2 шил пиво уусан. Тэндээс шөнийн 01 цаг өнгөрч байхад гараад такси барьж Хишигжаргалын нийтийн байрны гадаа ирж буугаад Хишигжаргалтай хэрэлдэж муудалцсан. Би Хишигжаргалыг гэр орондоо хүмүүс цуглуулж архидлаа гэж хэлснээс болоод хэрэлдсэн. Д бид хоёрын дундуур орж “чамд хамаагүй шүү” гэж хэлээд намайг хоёр гараараа үсдэж дарахаар нь би баруун гараа саваад толгой руу нь нэг удаа цохиход үснээс гараа тавьсан. Би нийтийн байрны өрөөнд ороод Хишигжаргалд хандаж “чи Дийг гэр рүү нь явуулаач” гэж хэлсэн. Хишигжаргал, Д хоёр хоорондоо хэрэлдэж бие бие рүүгээ эд зүйл авч шидэж байгаад тайвшраад унтсан. Маргааш өглөө нь босоод Дийг харахад баруун нүд нь улайгаад хавдаад, нээгдэхгүй байна, яасан юм бэ гэж асууж байсан. Би Дид хандаж чи намайг хэл амаар доромжлоод миний үснээс зулгаахаар нь би цохисон, тэгээд хавдсан байх гэж хэлсэн. Дийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 7060 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд доод зовхинд хүрэн өнгийн цус хуралттай, баруун нүдний алимны салстад цус харвалттай. Баруун мөрөнд 6х6 см, хүрэн өнгийн цус хуралттай. Баруун гарын дээд хэсэгт 2х0.1 см, тойроод хүрэн өнгийн зулгаралтай. Баруун гарын 2-р хурууны 2-р үенд 2х0.1 см дугуйрсан мэс заслын оёдолтой улайж хавдсан чинэрсэн шархтай, хурууны хөдөлгөөн хязгаарлагдсан. Баруун шилбэний гадна дунд 4х4 см, өмнөд дунд 6х6 см, зүүн гуяны өмнөд дунд 5х5 см хэмжээтэй хүрэн шаргал өнгийн цус хуралттай. Зүүн шилбэний өмнөд дунд хэсэгт хөндлөн 2х0.2 см, 2.2х0.2 см, 2х0.3 см хэмжээтэй гүн улаан өнгийн улайсан шархтай.

2019.6.05-ны өдрийн “Лазер мэд” эмнэлгийн толгойн КТГ-д: ...баруун нүдний ухархайн дотор хана 1.4 см өргөн хэсэгт этмойд хөндий рүү 0.4 см гүн цөмөрсөн хугаралтай, этмойд хөндий цустай. ...гэжээ.

Дүгнэлт:

-Р.Дийн биед баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун мөр, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун гарт зулгарал, баруун гарын 2-р хуруу, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /шинжээч Ө.Сарангэрэл/...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

6. Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:

“... Р.Дийн биед үүссэн баруун мөр, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун гарт зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун гарын 2-р хурууны шарх нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

 

            7. Хохирогч Р.Дийн хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 61-64 дүгээр тал),

8. Шүүгдэгч Ц.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр тал), шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 66-73 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн албан тоот (хавтаст хэргийн 50 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ат холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.А нь Р.Дийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар гэрт орсны дараа А.Хишигжаргал руу шидсэн шилэн аягыг Р.Д гараараа хаасны улмаас баруун гарын 2 дугаар хуруу зүсэгдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч Ц.А нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Аын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоот нийтийн байрны гадаа “үгээр доромжиллоо” гэх шалтгаанаар болон А.Хишигжаргалыг хардаж, Р.Дийн нүүрэн тус газар гараараа цохисон, улмаар А.Хишигжаргал руу шилэн аяга шидэх явцдаа Р.Дийн баруун гарын 2 дугаар хурууг зүсэж, хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун мөр, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун гарт зулгарал, баруун гарын 2-р хуруу, зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

 -хохирогч Р.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Хишигжаргал найз залуутайгаа маргалдаад баарнаас гарсан, хоорондоо зодолдох гээд байхаар нь “болиоч” гэж шаардлага тавихад А миний үснээс зулгаагаад хэл амаар доромжилсон. ...нийтийн байрны гадаа нь ирээд ...Хишигжаргалын араас нь тэврээд зогсож байхад А баруун гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),  мөн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

            -гэрч А.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А надад үг хаяад, хардаад хэрүүл хийгээд байсан. Д намайг өмөөрөөд Атай хэрэлдэж, тэр хоёр хоорондоо барьцалдсан. Нийтийн байрны гадаа ...А уурлаад Д чамаас болж байгаа юм гэж хэлээд толгой руу нь нэг удаа хүчтэй цохисон. ...А согтуурхаад ширээн дээр байсан шилэн аягыг над руу шидэхэд Д баруун гараараа хааж, хуруу нь зүсэгдээд цус гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

            -гэрч П.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д ирэхгүй байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр баруун нүд нь улайж хөхөрсөн ирсэн. ...Хишигжаргалын найз залуу А намайг зодсон, нүд рүү цохисон гэж хэлсэн. ...Эмч хэлэхдээ Дийн баруун нүдний ухархайн яс нь цөмөрч хугарсан, толгой хавантай байна гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

            -шүүгдэгч Ц..Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...Хишигжаргалыг гэр орондоо хүмүүс цуглуулж архидлаа гэж хэлснээс болж хэрэлдсэн. Д бидний дундуур орж “чамд хамаагүй шүү” гээд намайг хоёр гараараа үсдэж дарахаар нь би баруун гараа саваад толгой руу нь нэг удаа цохисон. ...Маргааш өглөө нь босоод Дийг харахад баруун нүд нь улайгаад хавдаад, нээгдэхгүй байна, яасан юм бэ гэж асууж байсан. Би Дид хандаж чи намайг хэл амаар доромжлоод миний үснээс зулгаахаар нь би цохисон, тэгээд хавдсан байх гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7060 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 30 дугаар тал), шинжээч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тус гэмт хэрэг нь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хардалт, үл ойлголцлын улмаас гарсан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.А нь хохирогч Р.Дийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Аыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Харин шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах шаардлагагүй гэж үзэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ц.Аын хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Ц.А нь хохирогч Р.Дийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Р.Д нь хэрэгт 586.200 төгрөгийн баримт ирүүлснээс шүүгдэгч нь 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Ц.А дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх ба, уг хугацаа дууссан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

Шүүхээс шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Ц.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу мал малладаг зэргийг харгалзан түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн ... тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Р.Дид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА