Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1107

 

 

 

 

 

 

    2019               10            22                                        1107  

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Х.Нарангуа,  

шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Гийн Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Х овогт Гийн Л 1986 оны 12 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Л нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас хамтран амьдрагч Т.Гийн цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Лаас: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1. Хэрэг учралын газарт 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг ажиллагаагаар хүрэн өнгийн иштэй хутга хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3-5 дугаар тал),

 

2. Хүрэн өнгийн иштэй нэг ширхэг хутгыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

 

3.Хохирогч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа буугаад найз нарын хамт Батаагийн гэрт пиво уусан. Тэгээд гэртэ эорой 23 цаг өнгөрч байхад гэртээ очсон чинь хамтран амьдрагч Л манай найз М.Даваацэрэнтэй хамт пиво уусан байдалтай, М.Даваацэрэн орон дээр унтаж байсан. Тэгэхээр нь би гэнэт М.Даваацэрэнтэй Г.Лыг хардаад үснээс нь зулгаагаад чирсэн чинь Г.Л гал тогооны тавиур дээр байсан бор өнгийн иштэй хутга аваад миний цээж хэсэг рүү хатгасан. Би цус алдаад ухаан алдсан. ...Лыг хардаад үснээс нь зулгаагаад чирсэн чинь Г.Л намайг хутгаар хатгасан. Надад одоо гомдол санал байхгүй ...“ гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

4. Гэрч М.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед Гийн гэрт орсон чинь Г ажлаасаа ирээгүй байсан. Би Гийг хүлээнгээ дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад Лын хамт  хувааж уучихаад орон дээр нь унтаж байтал гэнэт Г.Л хашгирахаар нь би сэрээд хартал Т.Г Г.Лыг үсдээд байж байсан. Тухайн үед Т.Г согтуу байсан. Тэгтэл Г.Л гал тогооны шургуулган дээр байсан бор өнгийн иштэй хутга аваад Т.Гийн цээжний зүүн хэсэгт нь зүсчихсэн. Тэгтэл Т.Г Г.Лын үснээс зулгаахаа болиод хойшоо болохоор нь би очоод Т.Гийг гэрийн гадаа гаргаад хэвтүүлсэн. Тэгтэл Л өөрөө цагдаа болон эмнэлгийн байгууллага дуудсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

5. Шүүгдэгч Г.Лын мөрдөн шалгах ажиллагаанд

Гэрчээр өгсөн “... манай нөхөр гэрт орж ирээд агсам тавиад байхаар нь хутгаар цээж рүү нь хатгачихсан юм. Миний үснээс чирээд байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал), мөн түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар тал), 

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10261 дугаар дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: бусдад хутгалуулсан.

Хэсгийн газрын үзлэгт: Цээжний урд хэсэг өвчүүний доод хэсэгт босоо байрлалтай 2.5 см урт анхдагч цэгцлэлт хийгдсэн 3 ширхэг оёдол тавигдсан эдгэж буй шархтай.

Дүгнэлт:

-Т.Гийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16 дугаар тал),

 

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4554 тоот дүгнэлтэд:

-шинжилгээнд ирүүлсэн 11 см бор өнгийн модон иштэй 22.7 см урттай хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна. (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

8. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 52 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 53-57 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

 

9.Шүүгдэгч Г.Лын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34  дүгээр тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 33 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), Г.Лын Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 41-43 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.Л нь хамтран амьдрагч Т.Гийг хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Г.Л нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Г.Л нь цагаатгах байр суурьтай оролцсон ба, өөрийгөө өмгөөлөн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “манай нөхөр Т.Г урьд хэд хэдэн удаа намайг зодож байсан. Тухайн гэмт хэрэг гарсан өдөр манай гэрт байсан М.Даваацэрэн Т.Гийг салгах гээд чадахгүй байсан. Хохирогч Т.Г намайг үсдээд чирээд байхаар нь өөрийгөө хамгаалах зорилгоор гарт таарсан зүйлээ авч түүнийг цохисон, тэр нь хутга байсан. Би өөрийнхөө биеийг хамгаалах үйлдэл хийсэн гэсэн дүгнэлт гаргасан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Лын холбогдсон хэрэгт хууль ёсны, шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Хохирогч Т.Г, шүүгдэгч Г.Л нар гэрлэлтээ батлуулаагүй ч  2015 онд гэр бүл болон хамтын амьдрал үүсгэн амьдарч байгаа хүмүүс байна.

Тухайн хэрэг үйл явдал болсон 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Т.Г, шүүгдэгч Г.Л нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан байна.  Мөн хамтран амьдрагч Г.Л нь өөрийнх нь  найз М.Даваацэрэнгийн хамт гэрт нь байсныг харсан хохирогч Т.Г нь хамтран амьдрагч Г.Лыг хардаж эр, эмийн хардалтын улмаас түүнтэй маргаан үүсгэж, улмаар хүч хэрэглэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө халдашгүй байдлыг зөрчиж, Г.Лын биед халдаж үснээс нь зулгааж чирсэн, үүний улмаас шүүгдэгч Г.Л нь өөрийгөө хамгаалж гартаа таарсан эд зүйл болох хутгаар түүнийг зүсэж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь хохирогч, яллагдагч, шүүгдэгчийн өгсөн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Л нь “урьд өмнө нь хамтран амьдрагч Т.Г намайг зодож гэмтээж байсан болохоор тийм байдалд хүрэхээс хамгаалж өөрийгөө хамгаалсан юм гэж мэдүүлсэн, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээгээр хохирогч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж эхнэр Г.Лын зоддог талаар дурджээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд Аргагүй хамгаалалтын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд Аргагүй хамгаалалт гэдгийг тодруулбал халдлага илт тулгарсан үед, халдлага нь аюултай өөрөөр хэлбэл өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл юм. Аргагүй хамгаалалт нь зодох, түлхэх, гэмтэл учруулах гэх зэрэг үйлдлүүдээр илэрнэ.

Тухайн хэргийн хувьд хохирогч Т.Г нь шүүгдэгч Г.Лын үснээс зулгааж чирсэн хүч хэрэглэсэн хууль бус үйлдэл хийснийг таслан зогсоох зорилгоор шүүгдэгч нь хутгаар цохих үед түүнийг зүссэн, өөрөөр хэлбэл Г.Лын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой  шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болгосны улмаас эсэргүүцэн довтолж хохирогчийн биед  хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан байна.

Мөн нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл болох бөгөөд шүүгдэгч Г.Л нь урьд хохирогч Т.Гт зодуулж, түүний улмаас гэмтэл авч байснаас дахин гэмтэх, амь насаа алдах аюулаас өөрийгөө хамгаалсан үндэслэл тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлээр улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй ба,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Лд холбогдох хэргийг  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Аргагүй хамгаалалтаас учирсан гэм хорыг арилгах үүргийг уг үйлдэл хийсэн этгээд хүлээхгүй тул хохирогч Т.Гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг гаргуулах үндэслэлгүй байна.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Л нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бор өнгийн модон иштэй 22.7 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устах комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5,  36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Гийн Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Лыг  цагаатгасугай.

 

            2. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Лд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бор өнгийн модон иштэй 22.7 см урттай хутгыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

            4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            6. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА