Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1253

 

 

 

 

 

 

     

   2019           11             28                                        1253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0388/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ж овогт Бын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овогт Бын Г, Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “...” ХХК-д дизайнераар ажиллаж байгаа гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын гадаа 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим А.Утай тааралдахад А.У “чи яагаад архи уусан юм бэ” гэж хэлсний улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар цохиж, хүзүүг нь боож, биед эрүү ясны баруун салааны эрүүний өнцөг дайрсан цууралт, эрүүний баруун урд гадаргуун зулгаралт, хүзүүний цус хуралт үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

            2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед компьютер тоглоомын газраас гараад явж байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. А.Угийн тавьсан шаардлагыг хүлээж авч чадаагүй, түүнийг цохисон юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хоёр.Эрүүгийн ...  дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч А.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим “...” зочид буудлын хажуу талд байх дэлгүүрээс гараад явж байгаад Г гэх залуутай таараад “чи яагаад архи уусан юм бэ” гэсэн чинь Г “миний архи уух чамд хамаагүй, би чиний амаар архи уугаагүй” гэхээр нь би “чи муухай харагдаж байна” гэж хэлсэн чинь намайг янхан гээд байхаар нь “чи миний янхан байхыг хаана харсан юм” гэж хэлсэн чинь “чамайг ална” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь Гийг “чи чаддаг юм бол намайг цохиотох” гэсэн чинь Г намайг цохисон. Миний толгой эргээд, эрүү өвдөөд байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Г намайг гараараа нэг удаа баруун шанаа хэсэгт цохиод, хүзүү хэсгээс боосон. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар тал),

 

            2. Гэрч Э.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “... 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би “...” зочид буудлын доор байдаг писи тоглоомын газарт тоглох гээд 18 цаг өнгөрч байхад ороход танил ах Г 2-3 хүнтэй хамт сууж байсан. Тухайн үед Г ах согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тоглож байхад писи ажиллуулдаг эгч хөөгөөд байхаар нь Г ах найзуудаа дагуулаад гарсан. Үүдэнд зогсож байхад писи тоглоомын газар ажилладаг У эгч ирээд Гийг “чи яагаад архи уугаад байгаа юм” гэсэн чинь “чи миний архи уухыг заадаг хэн бэ, чи миний ээж юм уу” гээд хоорондоо тоглоом шоглоом болоод юм ярьж байснаа жинхнээсээ муудалцаад эхэлсэн. Би очоод хэрүүлийг нь болиулаад салгах гэхэд У эгч Гийн толгой руу нь гараараа цохисон. Гийг авч явах гэсэн чинь У эгч араас нь зууралдаад байсан. Тэгэхээр нь би “хоорондоо асуудлаа шийдээд учраа олоорой” гэж хэлээд тэр хоёрыг писи тоглоомын газрын урд үлдээгээд буцаад писи тоглоомын газар руу орчихоод гарч ирэхэд тэр хоёр хэрэлдээд зогсож байсан. У бид хоёрын араас зуураад надад хандаж “гай болмооргүй байгаа бол холд” гэж хэлээд тавихгүй байсан. Г ах Уг “чи зүгээр байгаарай” гээд гараараа алгадсан чинь У уйлаад ахыгаа дуудсан. Ах нь ирээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

            3. Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “... Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын “...” зочид буудлын нэг давхарт байрлах “Stars” нэртэй писи тоглоомын газрын үүдэнд хуучны танил У гэх охинтой таарсан. У “чи яагаад архи уучихсан юм бэ” гэхээр нь би “миний архи уух чамд хамаагүй, чиний амаар архи уусан юм уу” гэж хэлээд цааш явах гэсэн чинь У “чи юу гэнээ” гээд миний гараас татаад байхаар нь “яагаад гараас татаад байгаа янхан бэ, зайлаач” гэсэн чинь “чи намайг янхандаж явж байхыг хаана харсан юм” гээд над руу дайраад байхаар нь “чи угаасаа янхан шүү дээ” гэж хэлсэн чинь У над руу орилоод “би хэнээс ч айхгүй шүү” гээд ах нарыгаа дуудна гээд байсан. Удалгүй ах нар нь гэх 2 залуу ирээд намайг өшиглөхөөр нь би тэр залууг гараараа цохиход тэр 2 залуу намайг цохиод газар унагасан. Удалгүй цагдаа ирсэн. Би Угийн баруун шанаа хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон. ...мөн Уг цааш бай гээд хүзүү хэсэгт нь гараараа түлхсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3122 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Ам ангайлт хязгаарлагдсан. Эрүүний баруун урд гадаргууд 1.5х0.5 см улаан ягаан өнгийн зулгаралттай. Хүзүүний зүүн хажуу дунд гадаргууд 2.5х1.5 см улаан ягаан өнгийн цус хуралттай. Эрүүний баруун талд эмзэглэл ихтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.10.17-ны өдрийн “Натур” эмнэлгийн толгойн КТГ-д: “...Эрүү ясны баруун салаанд эрүүний өнцөг дайрсан цууралттай...” гэсэн онош.

Дүгнэлт:

-А.Угийн биед эрүү ясны баруун салааны эрүүний өнцөг дайрсан цууралт, эрүүний баруун урд гадаргуун зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч Н.Энхцолмон/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

5. Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 35 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр тал), “Print house” ХХК-ний “Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дизайнераар ажиллаж байгаа” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Гт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ А.Утай маргалдаж,  түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, өмгөөлөгч Л.Энхтунгалагаас “...шүүгдэгч Б.Г гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар гаргаж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын гадаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн А.Утай “миний архи уух чамд хамгаагүй” гэж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хүзүүг нь боож, биед эрүү ясны баруун салааны эрүүний өнцөг дайрсан цууралт, эрүүний баруун урд гадаргуун зулгаралт, хүзүүний цус хуралт үүсгэсэн хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч А.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г “миний архи уух чамд хамаагүй, би чиний амаар архи уугаагүй, чамайг ална” гэж хэл амаар доромжлоод,  ...намайг цохисон. Миний толгой эргээд, эрүү өвдөөд байсан. ...Г намайг гараараа нэг удаа баруун шанаа хэсэгт цохиод, хүзүү хэсгээс боосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар тал),

            -гэрч Э.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...У эгч ирээд Гийг “чи яагаад архи уугаад байгаа юм” гэж хэлсэн чинь “чи миний архи уухыг заадаг хэн бэ, чи миний ээж юм уу” гээд хоорондоо ...муудалцаад эхэлсэн. ...Г ах Уг “чи зүгээр байгаарай” гэж хэлээд гараараа алгадсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

            -шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...У намайг “чи яагаад архи уучихсан юм бэ” гэхээр нь би “миний архи уух чамд хамаагүй, чиний амаар архи уусан юм уу” гэж хэлсэн. ...Би Угийн баруун шанаа хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон. ...мөн Уг цааш бай гээд хүзүү хэсэгт нь гараараа түлхсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  3122 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 14 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Б.Гийн хохирогч А.Угийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Харин прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг, хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэсэн байх боловч хэргийн үйл баримтаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүх зөвтгөн шийдвэрлэхэд оролцогч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхөөргүй байх тул уг алдааг зөвтгөсөн болохыг дурдав.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Угийн бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан ба, хохирогч А.У нь Б.Гоос 300.000 төгрөг авсан, одоо 200.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн (хавтаст хэргийн 41 дүгээр тал) байх боловч хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, баримтгүйгээр 300.000 төгрөг хүлээн авсан байна. Иймд шүүгдэгч Б.Гийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад зааснаар хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул улсын яллагчийн гаргасан 1.000.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү. Шүүгдэгч Б.Г нь “...” ХХК-д ажиллаж эхлээд удаагүй байгаа, торгох ялыг биелүүлэх боломжтой” гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

Шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой ажил эрхэлдэг орлоготой байдлыг  харгалзан түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Бын Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн ... тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч А.Уд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА