Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1254

 

 

 

 

 

 

     

 2019           11           28                                               2019/ШЦТ/1254


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Х.Онолт,  

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Бын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Бын М, 1995 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн ...т оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн (РД:...).

 

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд иргэн Б.Ттай “таксины төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгээс: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр.Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

“...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны автобусны буудал дээр гараа өргөөд зогсож байхад цагаан өнгийн приус 20 маркийн машин ирээд авсан. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байранд төрсөн дүү Нандинцэцэгийн гэрт хүргүүлсэн. Таксины жолооч 4000 төгрөг гарсан гэхээр нь би “ахад нь мөнгө байхгүй байна, чи намайг дагаад орчих, дүүгээсээ мөнгө аваад өгье” гэж хэлээд Мгийн хамт ороод Нандинцэцэгийн хаалгыг нүдэхэд хаалгаа тайлаагүй. Буцаад байрны гадаа гарч ирээд сандал дээр сууж байхад таксины жолооч “хурдан мөнгөө өг би явмаар байна” гэхээр нь халаасаа ухаж үзэхэд 3000 төгрөг байхаар нь “надад 3000 төгрөг байна, чи энэ мөнгийг авчих” гэж хэлэхэд “чи мөнгөө гүйцээж өг” гээд намайг барьж аваад машин руугаа чирэхээр нь би машинд нь орохгүй гээд чаргууцалдахад намайг газарт унагааж байгаад миний толгой руу өшиглөсөн. Би хоёр гараараа нүүрээ хамгаалж байхад зүүн хөмсөг рүү онож өшиглөхөд арьс язраад цус гарсан. Тэр үед 11 дүгээр байрны 3 дугаар орцны жижүүр эмэгтэй гарч ирээд таксины жолооч Мг надаас салгаж холдуулаад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд Мгийн хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Тэгээд зүүн хөмсгөн дээрээ 4 оёдол тавиулсан. Хэрэг болсон өдрөөс хойш гүйлгээд байсан. Би бариачид очиж толгойгоо үзүүлэхэд тархи доргисон байна гэхээр нь 5 өдрийн 50.000 төгрөгөөр бариулсан. Гэмтлийн эмнэлгийн эмчийн бичиж өгсөн эмийг авахад 28.000 төгрөг болсон. Зүүн хөмсөгний шархыг цэвэрлүүлж 3 хоног боолт хийлгэсэн. Нэг өдрийн боолт цэвэрлэгээ 10.000 төгрөг, шүүх эмнэлэгт очиж үзүүлээд ирэхэд 20.000 төгрөгөөр такси барьсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Би гомдолтой байна. Дээрх гарсан зардлыг нэхэмжилнэ. Түүнчлэн хэрэг болсон өдрөөс хойш ажилдаа яваагүй. Долоон хоногт хоёр удаа Өмнөговь аймаг руу ирж очдог. Би нэг яваад ирэхдээ 400.000-500.000 төгрөгийн ашигтай явдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

 

            2. Гэрч Б.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн:

            “... 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө үүрээр 05 цагт манай байрны жижүүр эмэгтэй над руу утсаар яриад “танай ах чинь орцны үүдэнд хүнд зодуулчихлаа, хүргэж ирсэн таксины жолооч нь зодчихлоо, ах чинь архи уусан байна” гэж хэлсэн. Маргааш өглөө нь гэрт ирэхэд ах Тын зүүн нүд нь хавдсан, хөмсгөн дээрээ оёдол тавиулсан байдалтай гэртээ хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад таксины жолооч мөнгө дутуу өглөө гээд намайг зодсон гэж хэлж байсан. Хэрэг болсон өдрөөс хойш ах маань гүйлгээд 3 хоног гэртээ хэвтсэн. Тархи нь доргисон гээд 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 5 өдөр толгойгоо бариулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

            3. Гэрч Г.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

“... Би хүү Отгонхуягийн хамт 11 дүгээр байрны 1 дүгээр орцыг эргээд гэрээс гарахад 3 дугаар орцны үүдэнд манай байранд амьдардаг Нандинцэцэгийн ах нь гэх зүс таних Т гэдэг хүн газар хөлөө жийгээд суусан, зүүн хөмсөгнөөс нь цус гараад нүүр нь цус болсон уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад таксины жолоочид зодуулчихлаа гээд хажууд нь зогсож байсан залууг зааж байсан. Тэгээд манай дүү нарыг дуудаад өгөөч гэж гуйхаар нь би хүү Отгонхуягийг хүн дуудаж ир гэж явуулсан. Ар гэрээс нь хүн гарч ирэхгүй болохоор нь цагдаагийн тусгай дугаар 102-руу дуудлага өгсөн. Удалгүй 2 эргүүлийн цагдаа ирээд Т, таксины жолооч хоёрыг аваад явсан. Т ах өглөө 07 цагийн үед гэмтлийн эмнэлэг орчихоод ирлээ гээд толгойгоо боолгосон байсан. ...Таксины жолооч залуу 20 гаран насны, туранхай, 165 см орчим өндөртэй, бор царайтай, дээгүүрээ цагаан эрээн биеийн тамирын цамц, цайвар өнгийн гандмал өнгөтэй өмд өмссөн байсан. 27-85 УБӨ гэсэн улсын дугаартай Приус 20 маркийн машиныг миний машин гээд зааж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

            4. Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “... Би 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө өөрийн машинаар таксинд явж байгаад 04 цагийн үед ...21 дүгээр хорооллын автобусны буудал дээр хүн гараа өргөөд зогсож байхаар нь уулзвараар эргэж очоод тэр хүнийг авсан. 1 дүгээр хорооллын 12 дугаар байранд хүргүүлнэ гэж хэлсэн. Би Т гэж хүнээр зам заалгаад 12 дугаар байрны гадаа ирээд 4000 төгрөг гарсан гэж хэлэхэд “надад бэлэн мөнгө байхгүй байна, гэрт ороод эхнэрээсээ аваад өгье” гэж хэлээд намайг дагуулаад 12 дугаар байрны ...айлуудын хаалга нүдэж явж байгаад манай байр биш байна гэж хэлээд байрнаас гарснаа орцны үүдэнд сандал дээр хэвтээд “мөнгийг чинь өгнө, зайлаач” гэж хэлээд намайг хөөгөөд байсан. Би цагдаагийн газар хамт очъё гээд хоёр суганаас нь өргөөд явах гэтэл надтай чаргууцалдаад “явахгүй, хулгайчаа утсаа авъя” гэж орилж хашгираад байхаар нь миний дургүй хүрээд нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед орцны жижүүр бололтой нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь “танай байранд энэ хүн амьдардаг юм уу” гэж асуухад “энэ хүн манай байрны оршин суугчийн ах нь” гэж хэлж байсан. Тыг харахад зүүн хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тус байрны жижүүр цагдаад дуудлага өгөөд, хүн рүү утсаар ярьж хэлж байсан. Удалгүй хоёр цагдаа ирээд Тыг дагуулж яваад үзүүл гэж хэлэхээр нь эмнэлэг очиж үзүүлсэн. Хөмсгөн дээр нь нэг оёдол тавиад, рентгэн зураг авахуулахад эмч нь үзээд зүгээр гэж хэлсэн. Би Тын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11608 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгт 2.5 см шарханд 4ш мэс заслын оёдолтой.

Дүгнэлт:

-Б.Тын биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

-Шарханд анхдагч цэгцлэлт хийсэн байгаа тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч Т.Номинцэцэг/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

6. Гэрч Н.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

            “... Би  Мгийн эхнэр юм. Бид хоёр 2015 онд танилцаад, 2016 онд нэг гэрт орж гэрлэлтээ батлуулсан. М 1995 онд Өвөрхангай аймагт төрсөн. ...Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийг 2009 онд 9 дүгээр анги төгссөн, бүрэн дунд боловсролтой. М Монгол Улсын тод манлай уяач Билэгдэмбэрэлийн морийг уяж, мөн малладаг. Сарын 1 сая төгрөгийн цалин авдаг....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

7. Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 42 дугаар тал), шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 44-49 дүгээр тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 50-52 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийнх хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.М нь 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд иргэн Б.Ттай “таксины төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.М нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд такси үйлчилгээгээр үйлчлүүлж, өөрийнх нь машинаар хүргүүлсэн иргэн Б.Ттай “таксины төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөх, чирэх зэргээр бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...таксины жолооч “хурдан мөнгөө өг би явмаар байна” гэсэн. Тэгээд халаасаа ухаж үзэхэд 3000 төгрөг байхаар нь “надад 3000 төгрөг байна, чи энэ мөнгийг авчих” гэж хэлэхэд “чи мөнгөө гүйцээж өг” гээд намайг барьж аваад машин руугаа чирэхээр нь би машинд нь орохгүй гээд чаргууцалдахад намайг газарт унагааж байгаад миний толгой руу өшиглөсөн. Би хоёр гараараа нүүрээ хамгаалж байхад зүүн хөмсөг рүү онож өшиглөхөд арьс язраад цус гарсан. ...зүүн хөмсгөн дээрээ 4 оёдол тавиулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

            -гэрч Б.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...жижүүр эмэгтэй над руу утсаар яриад “танай ах чинь орцны үүдэнд хүнд зодуулчихлаа, хүргэж ирсэн таксины жолооч нь зодчихлоо, ах чинь архи уусан байна” гэж хэлсэн. ...ах Тын зүүн нүд нь хавдсан, хөмсгөн дээрээ оёдол тавиулсан байдалтай гэртээ хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад таксины жолооч мөнгө дутуу өглөө гээд намайг зодсон гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

            -гэрч Г.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зүс таних Т гэдэг хүн газар хөлөө жийгээд суусан, зүүн хөмсөгнөөс нь цус гараад нүүр нь цус болсон уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад таксины жолоочид зодуулчихлаа гээд хажууд нь зогсож байсан залууг зааж байсан. ...Удалгүй 2 эргүүлийн цагдаа ирээд Т, таксины жолооч хоёрыг аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

            -шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...Би Т гэж хүнээр зам заалгаад 12 дугаар байрны гадаа ирээд 4000 төгрөг гарсан гэж хэлэхэд “надад бэлэн мөнгө байхгүй байна, гэрт ороод эхнэрээсээ аваад өгье” гэж хэлсэн. ...орцны үүдэнд сандал дээр хэвтээд “мөнгийг чинь өгнө, зайлаач” гэж хэлээд намайг хөөгөөд байсан. ...надтай чаргууцалдаад “явахгүй, хулгайчаа утсаа авъя” гэж орилж хашгираад байхаар нь миний дургүй хүрээд нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед орцны жижүүр бололтой нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь “танай байранд энэ хүн амьдардаг юм уу” гэж асуухад “энэ хүн манай байрны оршин суугчийн ах нь” гэж хэлж байсан. Тыг харахад зүүн хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11608 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 24 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэгт хохирогч нь такси үйлчилгээгээр үйлчлүүлээд төлбөрөө төлөөгүй зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Б.Мгийн хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Тын бие махбодид хөнгөн хохирол учруулсан ба, хохирогч Б.Таас эмчилгээний зардал, олох байсан цалин хөлс зэргийг нэхэмжилж байгаа талаар хохирогчийн мэдүүлэгт дурдсан байх боловч энэ талаар нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.Мг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан, шүүгдэгч Б.М нь өөрийн өмгөөлөлдөө “...торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан байх ба, уг ялыг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр эдэлж дууссан болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолоор тогтоогдсон тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх,  гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдыг харгалзан түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь тус ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Мгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор хохирогч Б.Тт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар хохирогч Б.Т нь тус гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА