Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 182/шш2016/00906

 

2016 оны 10 сарын 25 өдөр

       

Дугаар 182/ШШ2016/00906 

 

                    Улаанбаатар хот

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ч-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 113 400 000 төгрөг гаргуулах тухай,

Ц.Бд холбогдох зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Г.Чын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Д.Н, хариуцагч Г.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаадлагаа дэмжиж байна. Иргэн Г.Ч нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр зээлж авахаар тохиролцон зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу  18 дугаар байрны 08 тоотод байрлах 30 ам.метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Г.Чын дансанд 70 000 000 төгрөгийг шилжжүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч, Г.Ч нь ямар ч төлбөр тооцоо хийгээгүй болно. Г.Баярсайхан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шаардлага гаргаж байгаа.

Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа, тооцооны алдаа гаргасан байсныг зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд хариуцуагч Г.Чаас үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 5 600 000 төгрөг, алданги 37 800 000 төгрөг нийт 113 400 000 төгрөгийг барьцаа болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 18 дугаар байрны 08 тоотод байрлах 30 ам.метр талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ц.Б нь Иргэний хуулийн 281.1, 282.1, 232.6-т заасан шаардах эрхийн хүрээнд Г.Чаас 113 400 000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг гаргасан. Ц.Б, Г.Ч нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 70 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан байдаг.

            ... С.Г, Ч.Б нарын зөвшөөрөлийн дагуу  өрөө орон сууц барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Г.Чын данс руу 70 000 000 төгрөг шилжсэн нь Төрийн банкны гүйлгээний баримтаар нотлогдож байна. Дээрх баримт нь юуг нотолж байгаа вэ? гэхээр Иргэний хуулинд заасны дагуу зээлийн гэрээг байгуулсанд тооцогдох үндэслэл нь мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцогдоно гэдгийг нотлож байгаа юм.

Мөн О.Н, Т.Г нарт бэлнээр 21 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгийн  шатахууны карт, тоног төхөөрөмж, эд зүйлийг 5 000 000 төгрөг тооцсон, газар, авто машин шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч, энэ хэрэгт огт хамааралгүй. О.Н хэргийн оролцогч этгээд биш. Хариуцагч дарам шахалтанд орж мөнгийг О.Нн данс руу шилжүүлсэн гэж байгаа боловч ийм баримт хэрэгт авахгүй. Г.Ч нь өөрөө хүлээн зөвшөөрч, О.Нн данс руу мөнгийг шилжүүлсэн явдал нэхэмжлэгч Ц.Бтай ямар ч холбоо байхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.   

Хариуцагч Г.Ч хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний хувьд “ОУ” банк бус санхүүгийн байгууллагад 48 000 000 төгрөгийн өртэй, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6-23 тоот байрыг барьцаалсан байсан. 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу Т.Г гэдэг хүнээс 48 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 5 хоногийн хугацаатайгаар зээлж, өр төлбөрөө төлсөн. Т.Г нь мөнгө, төгрөг өгч авалцахдаа албан ёсны гэрээ хийгээгүй, өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулж, бидэнд баримт өгөөгүй.

... Тухайн үед манай байрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас  битүүмжилсэн байсан тул байрыг чөлөөлөх боломжгүй болсон байсан. Хөөцөлдөж байсан зээл бүтэхгүй болсон учир Т.Г барьцаа нэхсэн. Т.Г нь дээрх  48 000 000 төгрөгийг сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээл болгох санал тавьсны дагуу  өөрийн эцэг, эхийн нэр дээрх Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 18 дугаар байрны 08 тоотод байрлах орон сууцыг барьцаалж, 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр  зээлийн гэрээг Т.Гтэй хамтарч ажилладаг гэх О.Нтэй хийсэн. Зээлийн гэрээ байгуулахдаа хүү, алданги тооцож 55 000 000 төгрөгийн зээл авсан мэтээр хийсэн...

Бид зээлийн өндөр хүүтэй төлөх болсон учраас зээлээ төлөх гээд эхний сар          4 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг гээд нийт 18 000 000 төгрөг төлсөн ч үндсэн зээлээс хасагдаагүй, улам зээлийн хэмжээ ихэсч, өрийн дарамтад орох болсон. Ингээд Ц.Бтай очиж уулзахад үндсэн зээлээс та төлөлт хийгээгүй, зээлийн хүүгээ л төлсөн гэж тайлбарласан бөгөөд манай аав, ээж, эхнэрийн ажил, миний ажил, гэр орноор байнга очиж дарамтлах болсон. ... Дарамт шахалт их байсан учраас машинаа Т.Гийн нэр дээр, эхнэрийн нэр дээр байсан  0.7 га газрыг А.Мын нэр дээр шилжүүлэн өгсөн. Өөрт байгаа эд хөрөнгөө өгөөд л байхад л дарамт нь дуусахгүй байсан....

... Би зам засварын ажил эрхэлдэг байсан учраас төлбөрийг тоног төхөөрөмж, эд зүйлээр төлсөөр байтал хөгшин ээж, аав дээр очиж өр нэхэж дарамталж байсан. Зээлийн хүүд 21 000 000 төгрөгийг бэлнээр, 1 000 000 төгрөгийн шатахууны карт, гагнуурын аппарат, цахилгаан үүсгүүр гэх мэт 6 000 000 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл,  байрлах газрыг 5 000 000 төгрөгт А.Мын нэр дээр,   маркийн авто машиныг 6 000 000 төгрөгт тооцож, О.Нн дээр тус тус шилжүүлж өгсөн. Эдгээр хүмүүс төлбөрийг бүрэн төлөөгүй гэж намайг болон эхнэр хүүхэд, хөгшин настай эцэг, эхийг маань байнга дарамтлаж, айлган сүрдүүлж байсан учраас аргагүй эрхэнд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Бтай 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг  байгуулсан нь үнэн. ...Зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан боловч гэрээгээр шилжүүлсэн гэх 70 000 000 төгрөг, тэр дор нь О.Н өөрийн данс руу шилжүүлж авсан. ... Мөнгийг шилжүүлэх үед Ц.Б, О.Н хамт явж байсан, мөнгө шилжүүлэх үед ч О.Н, Ц.Б нар байсан. Тэд хоорондоо холбоотой, Төв аймгийн Баянчандмань сумын хүмүүс гэдэг нь нотлох баримтаар гаргаж өгсөн фото зураг бусад баримтаас тодорхой харагдана....

 Мөн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөнгөний шаардлага гарч, улмаар  зээл өгөх хүнийг хайсан бөгөөд манай хүү Ч.Э 95351111 гэх утас руу залгахад Ц.Б гэх хүнтэй холбогдоход “Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах  зочид буудлын 3 давхрын өрөөнд хүрээд ир” гэж гэсэн. Уг хаягаар очиход нь  Ц.Б ганцаараа байсан. Зээл авах талаар учир байдлаа хэлэхэд зээл олгох боломжтой гээд ярилцаж байхад гаднаас Т.Г гэх хүн ирж 48 000 000 төгрөгийн зээлийг олгож болно. Анх 48 000 000 төгрөг авсан. Би зээлсэн 70 000 000 төгрөгийг  өөрөө захиран зарцуулаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Г.Ч сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тул сөрөг  нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Анх 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ц.Б, Т.Г гэх хүмүүстэй уулзаж, 48 000 000 төгрөгийн зээлийг авсан. Уг зээлийг тохиролцсон хугацаанд төлөх үүрэгтэй байсан ч, тухайн үед  мөнгийг төлөх боломжгүй байсан учраас Ц.Б нь 58 000 000 төгрөгийн зээл болгох шаардлагыг тавьсан. Уг шаардлагыг хангах барьцаа хөрөнгийг хайж байгаад өөрийн эцэг, эхийн байрыг барьцаалахаар болж О.Нтэй 55 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 

            Үндсэн зээлийн төлбөр 10 000 000 төгрөг, хүүд 8 000 000 төгрөгийг тооцоолж төлсөөр байтал 2 сарын  дараа зээлийн хэмжээ багасахгүй улам нэмэгдсээр байсан. Үүнээс хойш дахин мөнгө өг гэж шаардаж байсан ч хэдэн төгрөг төлөх эсэх нь тодорхойгүй байсан. Дээрх хугацаанд зээл төлөх талаар дарамт шахалт их хэмжээгээр ирж байсан. Зээлдэгч нар нь 9-үүлээ ажилладаг бөгөөд бие, биеэндээ  итгэмжлэл өгч 2, 2-оороо нийлж мөнгө нэхдэг. Тэд манай аав, ээж, эхнэрийн ажил, миний ажил, гэр орноор байнга очиж дарамтлах болсон.

... Дарамт шахалт их байсан учраас зээлийн хүүд 21 000 000 төгрөгийг бэлнээр, 1 000 000 төгрөгийн шатахууны карт, гагнуурын аппарат, цахилгаан үүсгүүр гэх мэт             6 000 000 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл,   байрлах газрыг  5 000 000 төгрөгт А.Мын нэр дээр,   маркийн авто машиныг 6 000 0000 төгрөгт тооцож, О.Нн дээр тус тус шилжүүлж өгсөн. Эдгээр хүмүүс төлбөрийг бүрэн төлөөгүй гэж намайг болон эхнэр хүүхэд, хөгшин настай эцэг, эхийг маань байнга дарамтлаж, айлган сүрдүүлж байсан учраас аргагүй эрхэнд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Бтай 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан нь үнэн. ...

Зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан боловч гэрээгээр шилжүүлсэн гэх 70 000 000 төгрөг, тэр дор нь О.Н өөрийн данс руу шилжүүлж авсан. Зээлийн гэрээг байгуулснаас хойш хэсэг чимээгүй болсон. О.Б нь гэрээний дагуу 70 000 000 төгрөгийг өгсөн мэт харагдуулахаар  миний данс руу шилжүүлсэн боловч, тэр дор нь О.Нн данс руу шилжүүлсэн. Тус 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч бодит байдлаар 70 000 000 төгрөгийг аваагүй. Дарамт шахалтын дор зээлийн гэрээ хүчээр хийгдсэн учраас 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ц.Бы итгэмжлэгдсэн Н.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадахгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа юм уу, эсвэл Иргэний хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл гээд, уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа юм шиг тайлбарлаад байна....

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийг талаар талууд харилцан тохиролцсон байх ёстой байдаг бөгөөд Ц.Б, Г.Ч нар нь байгуулсан хэлцэлд гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон байгаа. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дүгээр зүйлд заасны дагуу талууд хүсэл зорилгоо илэрхийлсэн баримт, бичгийг үйлдэж, гарын үсгийг зурж баталгаажуулсан. Ц.Б, Г.Ч нар 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан. Иймд талууд  байгуулсан зээлийн гэрээ хуулийн заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Маргаан бүхий гэрээ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйл, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хууль зүйн үндэслэл талаас тайлбар хийхэд дээрх хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл биш юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... зээлийн гэрээг хүчинд автаж, дарамтад өртсөнөөс болж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж чадахгүйгээр байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч өрөндөө шатахууны карт, тоног төхөөрөмжийг өгснийг зээлийн үнийн дүнгээс хасаж тооцоогүй гэх тайлбарыг анхан шатны болон давах, хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргадаг. Хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүднээс холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй. Сөрөг  нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрх, үүрэг нь нь хариуцагчид байгаа. Гэвч эрх,  үүргээ хэрэгжүүлээгүй байж гомдол мэдүүлээд байна. Хуулийг мэдэхгүй, хуулийг буруу ойлгосон байх нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй гэж  Иргэний хуулинд заасан.

Г.Чад өөрт нь буруу байхгүй юм шиг тайлбарыг гаргаад байна. Тэрээр зээлсэн мөнгөө чөлөөтэй ашиглах, захиран зарцуулах боломжийг зээлдэгч олгох ёстой гэж тайлбарлаад байх юм. Г.Ч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээ байгуулж, мөнгийг авсан. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд  заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Г.Ч нь  гэрээний дагуу зээлсэн мөнгөө аваад О.Н гэдэг хүнд мөнгө өгсөн учраас төлбөр төлөх үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна.

Г.Чын гарын үсгийг үндэслэж л өөр хүний данс руу мөнгийг шилжүүлнэ шүү дээ. Банкны ажилтан дансны эзэмшигчийн гарын үсгийг үндэслэж, шилжүүлгийг хийнэ. Хэрвээ хүчинд автаад л байсан юм бол банкны хамгаалагчид хандаж, өөрийгөө хамгаалуулах, гэрээнд гарын үсэг зурахгүй байх боломж байсан. Ц.Б нь зээлийн гэрээний дагуу Г.Чын дансанд 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь банкны шилжүүлэгийн баримтаар нотлогдож байна. Хариуцагч нь  дарамт шахалтанд орж мөнгийг О.Нн данс руу шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт байхгүй. Г.Ч өөрөө хүлээн зөвшөөрч, О.Нн данс руу мөнгийг шилжүүлсэн явдал нэхэмжлэгч Ц.Бтай ямар ч холбоогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Чад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 5 600 000 төгрөг, алданги 37 800 000 төгрөг, нийт 113 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг,

Хариуцагч Г.Ч нэхэмжлэгч Ц.Бд холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

  1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

           Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч Г.Чад холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 5 600 000 төгрөг, алданги 37 800 000 төгрөг нийт 113 400 000 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002320 дугаарт  бүртгэгдсэн С.Гомбодоо, Г.Бямбажав нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 18 дугаар байрны 08 тоотод байрлах 30 ам.метр талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлээ дэмжиж байна. /1 дүгээр хавтас хэргийн 1-4, 2 дугаар хавтас хэргийн 52-54 тал/

            Хариуцагч Г.Ч нь нэхэмжлэгч Ц.Бтай 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч, 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Т.Г болон түүнтэй хамт ажилладаг гэх О.Нтэй байгуулсан зээлийн гэрээний үлдэгдлээр дахин зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлд 37 000 000 төгрөг төлсөн, бодитой 70 000 000 төгрөгийг аваагүй, О.Нн өмнө үүрэг хүлээсэн гэж маргаж байгаа болно.

Хариуцагч нь өөрийн татгалзалтай холбоотойгоор   байрлах  талбай бүхий газрыг А.Мын нэр шилжүүлсэн тухай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Г.Ч, О.Н нарын хооронд 55 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ,   маркийн  улсын дугаартай автомашиныг Ж.Э-ийн эзэмшлээс О.Нд шилжүүлсэн тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, фото зураг зэргийг нотлох баримтыг гарган өгчээ. /1 дүгээр хавтас хэргийн 14-16, 19-20, 32, 62-63 тал, 2 дугаар хавтас хэргийн 137-139 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь “... зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, Г.Ч нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлсэн мөнгөө буцааж төлөх, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр  тохиролцож, талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн” зээлийн гэрээг нэхэмжлэлийн  шаардлагынхаа үндэслэл болгож шаардаж байгаа ба хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч, харин гэрээний дагуу мөнгийг бодиттой шилжүүлж аваагүй” гэж тайлбарлаж байгаа болно.

Дээрх гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлдэгч нь 70 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид өмчлөлд  шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заажээ.

Зээлдэгч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй.

Нөгөө талаар гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгө мөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг.

Зээлдэгч, зээлдүүлэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байх тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болно.

Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, зээлийн гэрээ, банкны мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны хуулга зэрэг бусад нотлох баримтуудаас  үзэхэд Ц.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г.Чын дансанд 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч, тухайн өдрөө Г.Чын данснаас 70 000 000 төгрөг О.Нн дансанд шилжсэн байгаа нь Г.Чад мөнгийг бодиттой шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. /1 дүгээр хавтас хэргийн 19-20, 32, 40, 62, 202-250 тал, 2 дугаар хавтас хэргийн 1-73 тал/

Учир нь  хариуцагч Г.Ч нь анх өр чөлөөлүүлэх зорилгоор “зээл чөлөөлнө”  гэх зарын дагуу 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Т.Г, О.Н, Ц.Б нартай утсаар холбогдон Т.Гтэй амаар тохиролцож, 48 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй, 5 хоногийн хугацаатайгаар зээлж, зээлийг хугацаандаа төлж чадаагүй улмаас О.Нтэй 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 55 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, О.Нн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Ц.Бтай 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл, зохигчдын тайлбар 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г.Чаас Ц.Бд олгосон итгэмжлэл, гэрч Л.Наранчимэгийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 18, 19, 36-40, 88, 89 тал/

Тодруулбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа ... “талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ”-нээс илүүтэйгээр хариуцагчийн гаргасан ... 2014 оны 05 дугаар сараас хойш Т.Г, О.Н, Ц.Б нартай зээлийн харилцаатай байж, тодорхой хэмжээний зээл авч, буцаан төлөлт хийж байсан” гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн, үндэслэл бүхий тайлбар гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх тайлбар, түүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудыг үгүйсгээгүй, баримтаар няцаагаагүй болно.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Баас Г.Чад дансаар шилжүүлсэн 70 000 000 төгрөг, мөн өдрөө Г.Чаас О.Нд дансаар шилжүүлсэн 70 000 000 төгрөг талуудын хооронд өмнө нь үүссэн зээлийн төлбөр тооцоотой хамааралтай болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдсон гэж үзнэ.

Зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдоно.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.

Иймд зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

  1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хариуцагч Г.Ч нь нэхэмжлэгч Ц.Бд холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. /2 дугаар хавтас хэргийн 86-88 тал/

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаас дүгнэхэд: Ц.Б, Г.Ч нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч, уг гэрээний дагуу Ц.Б нь 70 000 000 төгрөгийг Г.Чад бодиттой шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Г.Чын сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Чаас 113 400 000 төгрөгийг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн С.Г, Г.Б нарын өмчлөлийн   тоотод байрлах  талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангуулах тухай нэхэмжлэгч Ц.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Г.Чын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Баярсайхнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660 800 төгрөг, хариуцагч Г.Чаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 508 000 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” тус шүүхийн  шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2016/00449 дугаар захирамж хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                 Ж.ЦЭНГЭЛ