Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1271

 

 

 

 

 

 

   

  2019         12              02                                             2019/ШЦТ/1271 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Д.Туяана,

шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Сийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн , Б овогт Сийн Х, 1967 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, Б бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал борлуулах ажил хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч С.Х нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салст, хэлний салстын язрал, эрүү, хүзүүнд зулгаралт, бүсэлхийд зулгаралт, цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ:

Би Говь-Алтай аймгаас “Маяти” маркийн машинаар 9 тооны адуу ачиж ирсэн. Ирээд Эмээлт дээр нэг шил архи уугаад халамцуу байж байтал эхнэр ирээд намайг том машин барьж явж байж архи уулаа гэсэн. Улмаар гадаа эхнэрээ утсаар ярьж байхад нь “хэнтэй утсаар яриад байгаа юм” гээд зодсон нь үнэн. Намайг том машин барьж явж байгаад архи уусан гэж эхнэр бодсон юм шиг байна лээ. Би машин барихдаа архи уугаагүй, эзэнгүй айлын хашаанд архи уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөрийн болчимгүй үйлдлээс болж эхнэртээ гар хүрсэндээ харамсаж байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би нөхөр Хтай 1991 онд гэр бүл болоод дундаасаа 3 охин төрүүлсэн, албан ёсны гэр бүл юм. Нөхөр бид хоёр хөдөө аймгуудаар яваад мах худалдан авч Эмээлт зах дээр худалдан борлуулдаг ажил эрхлээд 10 гаруй жил болж байна. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Х Говь-Алтай аймгаас адуу ачаад ирсэн байсан. Би хотод хүргэн Сүхболдынд байж байгаад өөрийн машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт өртөө, амьд малын захын цайны газарт 18 цагт очиход Х нилээн согтуу сууж байхаар нь би Хыг “согтуу байж том машинтай адуу ачаад ирсэн байна” гэж ойлгоод уурлаж “чи яагаад согтуу машин бариад байгаа юм бэ” гэхэд миний өөдөөс “хуц” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн цайны газрын эзэн Ламжавын нөхөр Ядамсүрэнг дуудаж машиныг нь бариулах гээд гар утсаар ярих гээд зогсож байхад Х араас хүрч ирээд “яасан их хүнтэй ярьдаг юм, чи хэнийг дуудаад байгаа юм бэ” гэж хэлээд миний үснээс зулгааж эзэнгүй хашаа руу чирч орсон. Тэгээд үснээс зулгаагаад тавихгүй, газар унагааж духаар газар мөргүүлээд, дээрээс өвдгөөрөө хэвлий хэсэгт өвдөглөөд байсан. Мөн асаагуур гаргаж ирээд “чамайг би унаж яваа машинтай чинь шатаачихна шүү” гээд байхаар нь “миний хөгшин тайвшир” гэж гуйж байгаад арай гайгүй болохоор нь би зугтаж цайны газар руу гүйж ороод нагац дүү Ламжавыг цагдаа дуудаад өгөөрэй гэж хэлээд цагдаа дуудуулсан. Миний биед учирсан гэмтлийг Х үснээс зулгааж, газар унагаж, хөлөөрөө бүсэлхий хэсэгт дарж учруулсан. Бид хоёрт маргалдах зүйл гардаг боловч зодож цохиж байсан удаа байхгүй. Анх удаа гар хүрсэн болохоор нь маш их гомдож, урьд цагдаад өгсөн мэдүүлэгтээ намайг хэд, хэдэн удаа зодож байсан гэж мэдүүлсэн. Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн талаар төлбөрийн баримт байхгүй. Мөн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид одоо эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

2. Гэрч Х.Цацралмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад 18 цагийн үед ээж О над руу залгаад аав чинь намайг зодчихлоо, хүрээд ир гэхээр нь би нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт өртөө, Амьд малын захын хажууд байдаг цайны газар очиход аавыг цагдаагийн машинаар цагдаагийн хэлтэс рүү аваад явж байсан. Харин ээж цайны газар сууж байхаар нь ээжийн машинд сууж цагдаагийн газар ирсэн. Дараа нь миний сонссоноор ээж аавыг архи уусан байхаар нь машинтай явж байж архи уулаа гээд уурлахад аав өөдөөс нь уурлаж хэрүүл маргаан болсон байсан. Тухайн үед ээжийн хамраас нь бага зэрэг цус гарч тогтоод хатсан байсан. Мөн үс нь сэгсийсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

 

3. Гэрч Н.Ламжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хотод гэртээ байж байхад Х ах миний гар утас руу залгаад Ядамсүрэн та хоёр хаана байгаа юм гэж асуухаар нь гэртээ байна гэж хэлэхэд би хөдөөнөөс танай хоолны газрын гадаа ирсэн байна, та нар ирэх юм уу гэхээр нь би одоо гэрээсээ гарах гэж байна, удахгүй очно гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоолны газар 17 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг хоолны газар ороод байж байхад гаднаас О эгч орж ирээд Х ахтай “сайн явж ирэв үү, яасан удаан явж ирдэг юм” гэх мэтээр хоорондоо юм ярьж байгаад О эгч гар утсаар ярих гээд түрүүлээд гараад явсан. Араас нь Х ах гараад явсан чинь удалгүй О эгч уйлаад ороод ирсэн. Тэгээд надад хандан “чи дуудаад байхад яагаад гарч ирдэггүй юм, арын эзэнгүй хашаанд маргалдаж зодолдсон” гэж хэлсэн. Тэгээд байж байхад Х ах араас нь орж ирээд маргалдаад байсан. Энэ үед О эгч намайг цагдаа дуудаад өг гэхээр нь би өөрийн эзэмшлийн 88741195 дугаарын гар утсаар цагдаагийн байгууллагад нөхөр нь согтуу эхнэрээ зодоод байна гэж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд О эгчийг дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж хэлээд Х ахыг авч явсан. Тэгэхэд О эгч хоёр охиноо дуудсан байсан тул Хүсэлмаа, Цацралмаа нар ирээд ээжийгээ цагдаагийн байгууллага руу аваад явсан. Өөрсдийнх нь маргалдаж байгааг сонсоход О эгч Х ахыг хол замд ачаатай машинтай архи уугаад ирлээ гэж ойлгоод загнаад  байсан. Архинаас болж маргаан үүссэн байсан. О эгчийн үс нь бага зэрэг сэгсийсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

 

4. Шүүгдэгч С.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... Би эхнэртэйгээ сүүлийн  10 гаруй жил хөдөө орон нутгаар явж мал худалдан авч борлуулдаг ажил эрхэлж байна. 2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед Говь-Алтай аймгаас Эмээлт дээр адуу ачиж оруулж ирээд байж байхад Эмээлтэд хоолны газар ажиллуулдаг эхнэрийн хамаатны дүү Ламжав байхгүй байхаар нь залгаж асуухад хотод байна, удахгүй очно гэж хэлэхээр нь Ламжавыг хүлээх зуураа хамт хөдөө яваад надад тусалдаг залуу Билгээтэй хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи эзэнгүй хашаанд хувааж уугаад Билгээг явуулсан. Тэгээд би Ламжавын ажиллуулдаг цайны газарт ороод сууж байхад гаднаас эхнэр орж ирээд надад учиргүй уурлаад, харааж загнаад, согтуу машин барилаа, архи уулаа гээд байсан. Эхнэр цайны газраас гараад гар утсаараа хүмүүс рүү яриад хүн дуудаад байх шиг байхаар нь яасан гэж хүн дуудаад байгаа юм гэж бодоод араас нь очоод чи хэнтэй яриад, хэнийг дуудаад байгаа юм гээд хэрүүл хийсэн. Миний мэдэж байгаагаар би эхнэрийнхээ үснээс зулгааж газар унагасан байсан. Тэгтэл эхнэр чи зээ хүүгээ бодооч, яагаад ингээд байгаа юм гээд байхаар нь гэнэт ухаан орж үснээс нь гараа авч, дээрээс нь босох үед эхнэр гүйгээд Ламжавын хоолны газар руу гүйгээд орсон. ...Би эхнэр Оийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрт учирсан гэмтлийг би гараараа цохиж, үснээс нь зулгааж, газарт унагаж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дугаар тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12200 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний булчингийн чангаралтай. Хэлний үзүүр зүүн хэсэгт 0.2х0.2 см 2ш хазагдсан салст язарсан шаргал өнгөртэй, доод уруулын зүүн доод хэсэгт 0.4х0.1 см, эрүүний гол хэсэгт 0.2х0.2 см, хүзүүний зүүн урд дээд хэсэгт 2.1х0.2 см зулгаралттай. Зулайн зүүн ар хэсэгт 8.5х1 см, баруун ар хэсэгт 2.8х1 см, 2х0.8 см, дагзны зүүн дээд хэсэгт 3х1 см тус тус үс халцарч унасан, хуйх улайсан, эмзэглэлтэй. Доод уруулын дотор салст баруун хэсэгт 0.2х0.1 см жижиг язарсан, шаргал өнгөртэй. Бүсэлхийн зүүн хэсэгт хөндлөн байрлалтай 8х2 см ногоон шаргал өнгийн цус хуралттай гол хэсэгт 2х0.3 см зулгаралттай, 2х1 см, 1х1  см, баруун өвдөгт 0.3х0.2см, шилбэний урд дээр 0.2х0.2 см, урд доод хэсэгт 0.7х0.4 см зулгаралттай.

Дүгнэлт:

-Б.Оийн биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салст, хэлний салстын язрал, эрүү, хүзүүнд зулгаралт, бүсэлхийд зулгаралт, цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч эмч Б.Ганзориг/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

6. Налайх дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 71 дүгээр тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 70-74 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 57-58 дугаар тал),

 

7. Шүүгдэгч С.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 72 дугаар тал), С.Х, Б.О нар гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар тал), Налайх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр тал), Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  С.Х нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Хад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч С.Х нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салст, хэлний салстын язрал, эрүү, хүзүүнд зулгаралт, бүсэлхийд зулгаралт, цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан, шүүгдэгч С.Х нь гэм буруугийн талаар маргаагүй, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “ өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Хын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Хэргийн үйл баримт, гэрлэлтийн гэрчилгээнээс үзвэл шүүгдэгч С.Х, хохирогч Б.О нар нь 1991 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон, 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч С.Хишибат, хохирогч Б.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.

 

Шүүгдэгч С.Х нь нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.Оийг гараараа цохих, үснээс нь зулгаах, газарт чирэх, духаар нь газар мөргүүлэх, өвдөглөх зэргээр зодож, машинтай чинь шатаана шүү гэж заналхийлж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салст, хэлний салстын язрал, эрүү, хүзүүнд зулгаралт, бүсэлхийд зулгаралт, цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

-хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Хыг “согтуу байж том машинтай адуу ачаад ирсэн байна” гэж ойлгоод уурлаж “чи яагаад согтуу машин бариад байгаа юм бэ” гэсэн.  ...Ядамсүрэнг дуудаж машиныг нь бариулах гээд гар утсаар ярих гээд зогсож байхад Х араас хүрч ирээд “яасан их хүнтэй ярьдаг юм, чи хэнийг дуудаад байгаа юм бэ” гэж хэлээд миний үснээс зулгааж эзэнгүй хашаа руу чирч орсон. ...үснээс зулгаагаад тавихгүй, газар унагааж духаар газар мөргүүлээд, дээрээс өвдгөөрөө хэвлий хэсэгт өвдөглөсөн. ...Мөн асаагуур гаргаж ирээд “чамайг би унаж яваа машинтай чинь шатаачихна шүү” гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-гэрч Х.Цацралмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ээж О над руу залгаад аав чинь намайг зодчихлоо... гэсэн. ...миний сонссоноор ээж аавыг архи уусан байхаар нь машинтай явж байж архи уулаа гээд уурлахад аав өөдөөс нь уурлаж хэрүүл маргаан болсон байсан. Тухайн үед ээжийн хамраас нь бага зэрэг цус гарч тогтоод хатсан, үс нь сэгсийсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-гэрч Н.Ламжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О эгч уйлаад ороод ирсэн. Тэгээд надад хандан “чи дуудаад байхад яагаад гарч ирдэггүй юм, арын эзэнгүй хашаанд маргалдаж зодолдсон” гэж хэлсэн. Тэгээд байж байхад Х ах араас нь орж ирээд маргалдаад байсан. ...О эгчийн үс нь бага зэрэг сэгсийсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

-шүүгдэгч С.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Эхнэр цайны газраас гараад гар утсаараа хүмүүс рүү яриад хүн дуудаад байх шиг байхаар нь яасан гэж хүн дуудаад байгаа юм гэж бодоод араас нь очоод чи хэнтэй яриад, хэнийг дуудаад байгаа юм гээд хэрүүл хийж, ...эхнэрийнхээ үснээс зулгааж газар унагаасан. ...Би эхнэр Оийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрт учирсан гэмтлийг би гараараа цохиж, үснээс нь зулгааж, газарт унагаж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12200 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24 дүгээр тал), Налайх дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 71 дүгээр тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 70-74 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 57-58 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч С.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Оийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг Б хангасан байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь үл ойлголцол, шүүгдэгч С.Х архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал зэрэг нөлөөлжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.Х нь хохирогч Б.Оийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.О нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ  шүүгдэгч С.Хтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.Х нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч С.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч С.Хад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад С.Х нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт  гаргасныг прокурор хянан шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч С.Х  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгч С.Хад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний  орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.О нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч С.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  С.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА