Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 485

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч “М” ХХК болон “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-020,,,, “Г” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-020,,, дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, цуцлагдсан тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч “М” ХХК, “Г” ХХК болон нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Г.Т нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0739 дугаар шийдвэрээр “...“М” ХХК, “Г” ХХК-иудын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн XV-01,,,,, “Г” ХХК-ийн XV-0,,,0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч, цуцлагдсан тусгай зөвшөөрлүүдийг сэргээн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасан” байдаг. Энэ шүүхийн шийдвэр гарахаас өмнө Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр “дээрх 2 тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэв” гэсэн утга бүхий мэдэгдлийг өгсөн. Бид нэхэмжлэлээ 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул бидний зүгээс Ашигт малтмалын газарт “шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг” хүссэн албан бичгийг хүргүүлсэн. Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэр болон бидний хүсэлтийг авсны дараа 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 6/1886 дугаар мэдэгдлээр “М” ХХК-нд, 6/1885 дугаар мэдэгдлээр “Г” ХХК-нд тус тус тусгай зөвшөөрлүүдийг сэргээж байгааг мэдэгдсэн. 

Бидний зүгээс тусгай зөвшөөрлийг сэргээсэн цаг хугацаагаар тооцож дараа жилийн төлбөрийг төлнө гэж ойлгосон. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7/1689 дугаар мэдэгдлээр, “М” ХХК-нд, 7/1691 дугаар мэдэгдлээр “Г” ХХК-нд дараа жилийн төлбөрийг төлөх хугацааг буруу тооцож төлөхийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл “М” ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний дотор, “Г” ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор тус тус дараа жилийн төлбөрийг төлөхийг мэдэгдсэн. Ингэснээр бид дараа жилийн төлбөр төлөх хугацаа болоогүй байхад төлбөр төлөх нөхцөл байдалд орж хэрэв төлөхгүй бол тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудал үүсч бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Улмаар “М” ХХК-ийн эзэмшиж байсан XV-02,,,5 дугаар бүхий, “Г” ХХК-ийн эзэмшиж байсан XV-02,,,4 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дугаар шийдвэрээр цуцалсан байна.

 Гэхдээ энэ талаар бидэнд албан ёсоор бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй бөгөөд бид мэдсэн даруйдаа хүлээн зөвшөөрөөгүй тул 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдлоо гаргасан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/1373 дугаар албан бичгээр “...танай 2 компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0739 дугаартай шийдвэрээр сэргээж, хүчинтэй байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тооцсон байна..., ...танай 2 компани тусгай зөвшөөрлүүдийг үрэгдүүлсний улмаас Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр нөхөн олгож XV-02,,,5, XV-02,,,4 дугаар бүхий зөвшөөрөл үүсчээ..., ...XV-02,,,5, ХV-02,,,4 дугаар бүхий зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон 02,,,4 дугаар бүхий зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдэж улмаар цуцалсан, иймд цуцалсан шийдвэрт гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж тусгажээ. 

Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0739 дугаар шийдвэрээр “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч, цуцалсан тусгай зөвшөөрлүүдийг сэргээн шийдвэрийг буруугаар тайлбарлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тусгай зөвшөөрлүүд сэргээсэн гэж үзэж манай тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, бидний гомдлыг хүлээж аваагүйд гомдолтой байна. Дээрх шийдвэрээр дараа жилийн төлбөр төлөх хугацааг буруу тооцож манай 2 компанийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан үйлдлээс болж 2017 онд явуулах хайгуулын үйл ажиллагаа цуцлагдаж, хайгуулын дараа жилийн төлбөрийг хуульд заасан цаг хугацаанд төлөх ямар ч боломжгүй нөхцөл байдалд орж манай 2 компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...“М” ХХК болон “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “М” ХХК өөрийн эзэмшиж байсан Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён, Сэврэй сумдын нутаг “Тэнүүн-1” нэртэй 39188.32 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 2,,,5Х дугаар тусгай зөвшөөрлийн, “Г” ХХК-ийн өөрийн эзэмшиж байсан Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён сумдын нутаг “Тэнүүн-1 нэртэй 22969.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 2,,,4Х дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.7-т “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан цуцлах үндэслэл бүрдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу Кадастрын хэлтэс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1689, 7/1691 тоот мэдэгдлийг дээр дурдсан аж ахуйн нэгжүүдийг албан ёсны хаягаар хүргүүлсэн. “М” ХХК болон “Г” ХХК мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу ямар ч баримтыг ирүүлээгүй. Иймд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр дээрх аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0,,,4, XV-2,,,5 дугаар тусгай зөвшөөрлийг цуцласан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасны дагуу Кадастрын хэлтэс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 7/120, 7/121 тоот мэдэгдлийг “М” ХХК болон “Г” ХХК-ийн албан ёсны хаягаар хүргүүлжээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна. Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч “М” ХХК болон “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч “М” ХХК болон “Г” ХХК-иас “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн ХV-02,,,5, “Г” ХХК-ийн ХV-02,,,4 дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн ХV-0,,,5, “Г” ХХК-ийн ХV-02,,,4 дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. 

Үүнийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан мэдэгдлийг хүлээн авсан буюу 2016 оны 3 дугаар сарын  25-ны өдрөөс тооцон дараа жилийн буюу 2017 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх ёстой байтал захиргааны байгууллага 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс гэж буруу тооцон, төлбөр төлөхийг шаардаж, тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэж маргасан.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1576 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён, Сэврэй сумдын нутаг, “Тэнүүн-1” нэртэй газарт 92842 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх XV-01,,,3 тоот тусгай зөвшөөрлийг “О” ХХК-д олгож, “О” ХХК иас уул ашигт малтмалын хайгуулын XV-01,,,3 тоот тусгай зөвшөөрлийг “М” ХХК-нд шилжүүлэх хүсэлт гаргаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д эзэмшүүлсэн байна. 

 

“М” ХХК дээрх тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-нд шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаар шийдвэрээр “Г” ХХК-д шилжүүлсэн боловч “Гоулден эссэнс монголиа” ХХК тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн “М” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасантай холбогдуулан, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1123 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён, Сэврэй сумдын нутагт дахь “Тэнүүн-1” нэртэй 92532.08 гектар талбай бүхий XV-01,,,3 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг гурав хувааж, “Тэнүүн-2” нэртэй 39188.32 гектар талбайд шинээр XV-01,,,9 тоот тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгон, “Тэнүүн-1” нэртэй 22969.19 гектар талбайд XV-01,,,0 тоот тусгай зөвшөөрлийг шинээр бичиж “Г” ХХК-д олгож, үлдэх 30374.57 гектар талбайг “Г” ХХК-ийн эзэмшиж буй XV-01,,,3 тоот тусгай зөвшөөрлийн хавсралтад, өөрчлөгдсөн хэмжээгээр бичилт хийн тус тус 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар эзэмшүүлсэн байна.   

 

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 234 дүгээр шийдвэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 739 дүгээр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч компаниудын эзэмшиж байсан XV-02,,,4, XV-02,,,5 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцон 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж, мэдэгдэл хүргүүлжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч компаниуд “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан мэдэгдэл хүргүүлсэн өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг “тусгай зөвшөөрөл олгосон өдөр” гэж үзэн, мөн өдрөөс тооцон төлбөр төлнө” гэсэн үндэслэлээр XV-02,,,4, XV-02,,,5 тоот тусгай зөвшөөрлийн 2017 оны төлбөрийг төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасантай нийцээгүй байна.

 

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “М” ХХК, “Г” ХХК XV-0,,,4, XV-02,,,5 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс тооцон жил бүр урьдчилан төлөхөөр тодорхой заажээ. 

 

Тухайн тохиолдолд, XV-02,,,4, XV-02,,,5 тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч компаниудад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 234 дүгээр шийдвэрт “... тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцон сунгаж” байгааг тодорхой заасан, үүнийг тусгай зөвшөөрөл эзэмшигч эс зөвшөөрч маргаагүй байх тул 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг “тусгай зөвшөөрөл олгосон өдөр” гэж үзэн 2016 оны 11 дүгээр  сарын 14 ний өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг төлөх мэдэгдэл хүргүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, мөн тусгай зөвшөөрлийг төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүйтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.1д заасныг зөрчөөгүй байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгах” ба “тусгай зөвшөөрлийн хугацаа үл тасалдах” зарчмын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцон сунгасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй болно.

 

Мөн “М” ХХК болон “Г” ХХК ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гээгдүүлсэнтэй холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 127, 128 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г дахин олгосон байх бөгөөд үүнийг тусгай зөвшөөрөл олгосон өдөр гэж үзэх ёстой мэтээр шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй бөгөөд ийнхүү гэрчилгээг дахин олгохдоо “тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс тооцно” гэж хавсралтад тодорхой тэмдэглэж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч нар XV-02,,,5, XV-02,,,4 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй болохоо мэдэж байсан буюу мэдэх боломжтой байжээ. 

 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1689, 7/1691 дугаар албан бичгээр хүргүүлсэн “тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх” мэдэгдлүүдийг нэхэмжлэгч тал хүлээн аваад Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүнийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийг нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу “...тусгай зөвшөөрлийн төлбөрийг тооцох хугацааны талаарх тайлбараа” захиргааны байгууллагад гаргаагүй болохоо шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн болно.

Иймд, нэхэмжлэгч “М” ХХК болон  “Г” ХХК-иас гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “М” ХХК болон “Г” ХХК-иудын “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн ХV-02,,,5, “Г” ХХК-ийн ХV-02,,,4 дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХТУЛГА