Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2026/ХШТ/43

 

З.Л, О.А, О.А,

Г.Б, Н.Ц,

П.Л нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                      

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2562 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаар магадлалтай, З.Л, О.А, О.А, Г.Б, Н.Ц, П.Л нарт холбогдох 2406067432294 дугаартай хэргийг шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1657 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,

Мөн шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, Л.

 

2.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, А.

 

3.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Сүхбаатар районы ардын шүүхийн 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 247 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 298 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн,  А.

 

4.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой,  Б.

 

5.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ц.

 

6.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  Л.

 

Шүүгдэгч З.Л, Н.Ц, Г.Б, О.А, П.Л, О.А нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ... УЕУ улсын дугаартай “Нijet” загварын тээврийн хэрэгслээр нийт 478,4 кг бүхий хэмжээтэй 8 шуудай цайрсан самрыг түүж, бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч З.Л, О.А, О.А, Г.Б, Н.Ц, П.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л, О.А, О.А, Г.Б, Н.Ц, П.Л нар тус бүрт 1 жилийн хугацаагаар зорчих эхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүгдэгч З.Л, О.А, О.А, Г.Б, Н.Ц, П.Л нарыг оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 95,042,900 /ерэн таван сая дөчин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу 15,840,483 /арван таван сая найман зуун дөчин мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа 8 шуудай буюу 478,4 кг цайрсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л, О.А, О.А, Г.Б, Н.Ц, П.Л нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... УЕУ улсын дугаартай “Daihatsu Hijet Truck” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу З.Лээс 833,333 төгрөг, О.Аоос 833,333 төгрөг, О.Аөөс 833,333 төгрөг, Г.Бгаас 833,333 төгрөг, Н.Цоос 833,333 төгрөг, П.Лас 833,333 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Ц гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... миний бие одоогийн байдлаар эхнэр, охины хамт ... дүүргийн ... дүгээр хороонд амьдардаг. Шинээр гэр бүл болоод 1 жил гаруй хугацаа болж байгаа бөгөөд ирэх 9 сард дахин шинэ хүн мэндлэх гэж байгаа, залуу гэр бүл байна. Хэрэв надад 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ялыг Баянзүрх дүүрэгт онолдуулбал, ажил олдоц багасаж, ар гэрийн амьдрал маань нэг жилийн хугацаанд дордох хэмжээнд хүрнэ. Иймд надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэжээ. 

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шатнаас П.Л-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж оролцсон. Оролцох үедээ П.Л-ын өөрийнх нь байр суурь буюу торгох ялаар солиулах гомдлыг нь дэмжиж оролцсон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хяналтын журмаар гомдол гаргасан шалтгаан нь П.Л-ыг нэг жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэтэл П.Л нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд ажилладаг. Иймээс түүний ажил, гэр гэсэн амьдрах нөхцөл нь алдагдаж байгаа учраас энэ байдлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зорчих эрхийн хүрээ хязгаарыг тэлэх боломжтой байна. П.Л нь анхан шатны шүүхээс тогтоосон гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар маргаагүй. Иймд хөдөлмөрлөх эрхийг нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Байгалийн ургамлын тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр”-ийг хамааруулсан бөгөөд уг жагсаалтад 2015 оны 410 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, “Нарсны төрлийн модны үр” (ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ)-ийг ховор ургамалд хамруулсан байна.

Шүүгдэгч З.Л, О.А, О.А, Г.Б, Н.Ц, П.Л нар нь бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал болох 478.4 кг самрыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон ба Эрүүгийн хуульд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хууль хэрэглээний хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг прокурорын яллах дүгнэлт, шат шатны шүүхээс буруу тооцсон байна.

Хэрэгт нийт 4 төрлийн шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд шүүгдэгч нарын түүж бэлтгэн, тээвэрлэсэн самрын нийт хэмжээ 478.4 кг буюу 236,568,800 төгрөгийн үнэлгээтэй байхад шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №3337 дугаартай шинжээчийн дүгнэлтийг баримтлан 192.2 кг самар буюу 95,042,900 төгрөгийн хохирлыг байгаль, экологид учруулсан гэж тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Иймд хэрэгт авагдсан шинжээчийн ЕГ0325/5492, ЕГ0325/5493, ЕГ0325/5494 дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч тус бүрийн түүж бэлтгэсэн самрын хэмжээг тодорхой тогтоосон байх тул учруулсан хохирлыг шүүгдэгч тус бүрд нь ногдуулан, хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Энэ төрлийн хэргийг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн практикийг сүүлийн 3 жилээр судлахад самрыг байгалийн ховор ургамлын төрөлд хамааруулан, түүнийг хууль бусаар түүж бэлтгэх, тээвэрлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцох хууль хэрэглээ тогтсон байна.

Харин байгаль, экологид учруулсан хохирлыг тооцохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийг харилцан адилгүй буюу хоёр өөр байдлаар хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулж байна. Тухайлбал, зарим тохиолдолд хохирлыг гурав, заримд нь тав дахин нэмэгдүүлэн тооцож байна.

“Ургамлын аймаг” нь тухайн ургамлын төрөл, зүйлийн оршин тогтнол, нөхөн сэргэх чадавхыг хамгаалах ойлголт бол “ойн сан” нь ой мод, ойн бүрдэл, нөөц, экосистемийн бүтцэд хамаарах ойлголт юм. Хяналтын шатны шүүхийн практикт самрыг ойн дагалт баялаг бус, байгалийн ховор ургамалд хамааруулан дүгнэсэн тул экологи-эдийн засгийн үнэлгээг ургамлын аймагт учруулсан хохиролд тооцож, тав дахин нэмэгдүүлэн гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэв учруулсан хохирлыг ойн санд учруулсан хохирол гэж үзвэл самар нь ойн дагалт баялагт тооцогдож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болохоор байх тул нэгэнт гэмт хэрэгт тооцсон тул хохирол нөхөн төлбөрийн 2 янзын шийдвэрийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү.

Энэ шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг нэмэгдүүлэн тогтоох эсэх нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ тул хэлэх тайлбар байхгүй болно.

Иймд дээрх хохиролтой холбоотой өөрчлөлтүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан гомдлыг үндэслэн З.Л, Н.Ц, Г.Б, О.А, П.Л, О.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.Л, Н.Ц, Г.Б, О.А, П.Л, О.А нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрээс байгалийн ховор ургамалд тооцогддог сибирийн нарс /хуш/ модны 8 шуудай үр 478.4 кг бүхий цайруулсан самар /үр/-ыг түүж бэлтгэсэн, “Дайхацу хайжет” загварын ... УЕУ дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хор уршгийг харгалзан хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаж нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг буруу хэрэглэж төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг буруу тогтоосон байх тул түүнийг зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан ургамлыг нэн ховор, ховор, элбэг гэж ангилан байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ховор ургамал ангилалд хамааруулж, энэ төрөлд багтах ургамлын жагсаалтыг Засгийн газар батлан мөрдүүлэхээр хуульчилжээ.

 

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан байна.

 

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заасан “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг “самар” тооцогдох бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах”-аар  журамласан ба тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар зохицуулсан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээгдэх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буй юм.

 

Шүүгдэгч нар нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох сибирь хуш модны самрыг их хэмжээгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  

 

Байгалийн баялаг, ойн сангийн нөөц нь нөхөн сэргээгдэх боловч урт хугацаа шаарддаг, экологийн ач холбогдол өндөрт тооцогддог тул хууль тогтоогчоос түүнийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд онцгой анхаарч, ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлж, түүнийг өсөн нэмэгдүүлсэн байдлаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр хуульчилсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалд 1 кг нойтон хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 98.900 төгрөгөөр тогтоосны дагуу 478.4 килограмм самрын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 47.313.760 (дөчин долоон сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар) төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, 141.941.280 (нэг зуун дөчин нэгэн сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ная)  төгрөгийг 6 шүүгдэгч тус бүрт хуваан 23.656.880 төгрөгийг (хорин гурван сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун ная) гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Мөн хоёр шатны шүүх хэрэг бүртгэлтийн шатанд хураагдсан гэмт хэрэг үйлдэж олсон байгалийн ховор ургамал сибирь нарс /хуш/ модны үр 478.4 кг бүхий 8 шуудай цайруулсан самрыг хэрхэн шийдвэрлэх талаар орхигдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлогод оруулах нэмэлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон зохицуулалт юм.

 

Иймд анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд нарын “зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгох, хүрээ хязгаарыг өөрчлөн Баянзүрх болон Баянгол дүүрэг болгох” агуулга бүхий хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2562 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаар магадлалд:

 

“1.1.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар 47.313.760 (дөчин долоон сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар) төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, 141.941.280 (нэг зуун дөчин нэгэн сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ная) төгрөгийг 6 шүүгдэгч тус бүрт хуваан 23.656.880 (хорин гурван сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун ная) төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

 

1.2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон байгалийн ховор ургамал сибирь нарс /хуш/ модны үр 478.4 кг бүхий 8 шуудай цайруулсан самрыг улсын орлогод оруулсугай.” гэсэн өөрчлөлтүүдийг тус тус оруулсугай.

 

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                    ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                    Ц.ОЧ

                   

                                                                Ч.ХОСБАЯР 

                                                       

                                                        Б.ЦОГТ