Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 08

 

Э.Баясгалангийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 516 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Э.Баясгалангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Ганзоригт  холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ж.Отгонтуяагийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч  Ж.Отгонтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,  нарийн бичгийн дарга Б.Алтандөш нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Гэрлэлт цуцлаж, хүүхдийн тэтгэлэг олгож өгнө үү. 2005 оны 5 сарын 19-нд гэрлэлтээ батлуулсан. Дэлэг гэдэг хүн баталсан. Бид 2 хамт очсон. Тэр хүн нас барсан. Намайг ганцаараа батлуулсан гэж гүтгэж байна. 2004 оны 7 сарын 30-нд Ганзориг хөдөөнөөс ирсэн. Тэгэхэд жирэмсэн болсон. Ганзориг нь 2007 оны 8 сарын 4-нд Улаанбаатар явж, Тоосгоны үйлдвэрт ажил хийж байсан. 2004 оны 9 сарын 11-нд би Ганзориг дээр очиж 2 хонож байсан. Өөрөө хүүхдээ хүлээн зөвшөөрдөг байсан. Ганзориг 2004 оны 11 сард ажлаасаа гараад ирсэн. Буцаж яваагүй. Жирэмсэн байх хугацаанд болон төрсний дараа ч ээж, эгч нар нь эргэж ирдэг байсан. Одоо намайг Ганзориг танихгүй гэж худлаа ярьж байна. 2008 оны 6 сарын 1-нд гэрээсээ гарсан. Тэр чигээрээ ирээгүй. Тэгээд Мөнхцэцэг гэдэг хүүхэнтэй суусан байсан. 2005 оны 4 сарын 4-нд охин Мөнхтуяа төрсөн. Тийм учраас миний хүүхэд биш гэх ямар ч үндэслэл байхгүй. Сар, өдрөөр нь хөөж болно. 2008 оны 6 сард Улсын шинжилгээний төвд охин Г.Мөнхтуяа бид 3 биеэрээ цусаа өгч шинжилгээ хийлгэсэн тул дахин шинжилгээ өгөх шаардлагагүй гэж  бодож байна гэжээ.

 

Хариуцагч М.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Баясгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ганзоригтой гэр бүл байсан бөгөөд охин Мөнхтуяаг төрүүлсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг олгохыг хүссэн байна. Гэтэл миний бие Баясгалантай гэр бүл болоод хүүхэд төрүүлэх нь битгий хэл нэг гэрт амьдарч байгаагүй бөгөөд гэр бүл батлуулахдаа надад мэдэгдэлгүйгээр сумын ИБМА-ны ажилтантай хуйвалдаж хийсэн байсан. Баясгалан нь 2006 онд мөн энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээнд яв гэхэд  ямар ч шалтгаангүйгээр удаа дараа цааргалж, дургүйцэж байсан учраас  шүүгч нэхэмжлэлийг нь буцааж шийдвэрлэсэн.2008 онд гаргасан нэхэмжлэлийнх нь дагуу шинжээч томилж Шүүхийн шинжилгээний төвд шинжилгээ хийлгэсэн боловч  уг шинжилгээгээр Баясгалангийн хүүхэд Мөнхтуяа нь миний хүүхэд мөн гэж гарсанд маш их гайхаж байна. Уг шинжилгээ нь 14 хоногийн дотор аймагтаа очно гэж шинжилгээ авсан лаборант хэлсэн боловч шалтгаангүйгээр 10 гаруй хоног саатаж ирсэн. Урьд нь шинжилгээ очиж өгье гэж гуйгаад байхад дургүйцээд байснаа гэнэт дахин нэхэмжлэл гаргаж шинжилгээ өгсөн. Шинжилгээ өгсний дараа   гэрийнхнийхээ хамт хариуг нь гартал УБ хотод байсан зэрэг  байдал нь шинжилгээнд нөлөөлсөн байж болзошгүй  гэсэн хардлага төрүүлж байна. Дээрх нөхцөл байдлууд нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 01 тоот  шинжилгээний дүгнэлтэнд эргэлзээ төрж байгаа тул миний зүгээс урьд нь дүгнэлт гаргасан Ганболдыг оролцуулахгүйгээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Заан овогт Элдэв-Очирын Баясгалан, Мижиддоржийн Ганзориг нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2005 оны 4 сарын 4-нд төрсөн охин Г.Мөнхтуяагийн эцэг нь Мижиддоржийн Ганзориг мөн болохыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Г.Мөнхтуяаг эх Э.Баясгалангийн асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг М.Ганзоригоос охин Г.Мөнхтуяаг 11 нас хүртэл нь сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч М.Ганзориг нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж,

Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянани шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 13108 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Отгонтуяа давж заалдах гомдолдоо: ... Зохигчид 2005.04.04-нд төрсөн охин Мөнхтуяагийн биологийн эцэг нь М.Ганзориг мөн, биш гэж, түүнчлэн 2005.05.20-нд бүртгэлийн 65 дугаарт бүртгэгдсэн  гэрлэлт хүчинтэй, хүчингүй гэж тус тус маргалдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байна. Шүүх хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч охин Мөнхтуяагийн биологийн эцэг нь М.Ганзориг мөн эсэхийг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоолгохоор 2008.08.18-нд 440 тоот захирамжаар шинжээч томилж, шинжилгээний объектуудыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд биечлэн очихыг даалгаж хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.  Хариуцагч М.Ганзориг нь шинжилгээ өгөхөөр 2008.09.24-нд ШШҮТ-д очсон нь, нэхэмжлэгч Э.Баясгалан, охин Мөнхтуяа нар шинжилгээнд ирээгүй нь, тэрчлэн уг захирамжинд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргаагүй болох нь, уг захирамж одоо болтол биелэгдээгүй, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гараагүй болох нь хэргийн материалаас харагдаж байна. Ийм байхад шүүх хэргийг 2008.12.01-нд үндэслэлгүйгээр сэргээж, хариуцагч М.Ганзоригт хэргийн материал танилцуулалгүй, шүүх хурлын товыг мэдэгдэлгүй, шүүх хуралдаанд оролцуулалгүй, 2008.12.02-нд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж охин Мөнхтуяагийн эцэг нь М.Ганзориг мөн болохыг тогтоож, М.Ганзоригоос зохих тэжээн тэтгэлэг гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.  Энэ шийдвэрийг шүүх одоо болтол хариуцагчид гардуулах ажиллагаа хийгээгүй, эс зөвшөөрсөн нөхцөлд давж заалдах гомдол гаргах эрхтэйг нь тайлбарлаж өгөөгүй байна.

Дээрх хэргийг хянан хэлэлцэх ажиллагаанд  хариуцагч өөрийгөө төлөөлүүлэхээр хэн нэгэнд итгэмжлэл олгож байгаагүй, өмгөөлөгчийн туслалцаа авахаар хэн нэгэнтэй гэрээ хэлцэл хийж оролцуулсан баримт хэрэгт байхгүй байна.  Гэтэл шүүх хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд  ямар ч эрх, статусгүй Д.Дарьсүрэн гэх хүнийг хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч байдлаар шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг шийдвэрлэсэн байх юм. Д.Дарьсүрэн нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн байр сууриар оролцож, хэргийн материалтай хариуцагчийн хувиар М.Ганзоригийн өмнөөс гарын үсэг зурж байсан нь хэрэгт харагдаж байх ба М.Ганзориг нь ийм эрх, дархыг дээрх хүнд олгоогүй байна. Тэрчлэн шүүх 2008.12.02-нд хийх шүүх хурлын товоо урд өдөр нь буюу 2008.12.01-ний 10 цаг 35 минутад цахилгаанаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын холбоонд мэдэгдэж, тус сумын холбоо нь мөн өдрийн 10 цаг 37 минутад М.Ганзоригийг хот шилжиж явсан талаар хариу цахилгаан мэдээ явуулсныг шүүх хүлээн авч энэ тухай материалыг хэргийн 45-р хуудсанд хавсаргасан байна. Дээрх байдлууд нь шүүх хариуцагчийг хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд зохих журмын дагуу бодитой оролцуулах арга хэмжээ аваагүй, эрхийг нь ноцтой зөрчсөнийг илтгэн харуулж байна. М.Ганзориг нь Э.Баясгалантай гэрлэж байгаагүй, охин Мөнхтуяа нь цаг хугацааны  хувьд миний хүүхэд байх үндэслэлгүй, ШШҮТ-ийн дүгнэлт, гэрлэлтийн бүртгэл зэрэг нь эргэлзээтэй хэмээн маргаж, шүүхийн 516 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.  Давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ дахин шинжилгээ хийлгүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хариуцагч талын хүсэлтгүйгээр түүнийг төлөөлүүлж өмгөөлөгч оролцуулан хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг хариуцагчид гардуулаагүй гэсэн үндэслэлүүдээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  гомдлыг  хангах үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч Э.Баясгалан нь гэрлэлтээ цуцлуулж, 2005 оны 4 дүгээр сарын 04-нд төрсөн охин Мөнхтуяагийн эцэг М.Ганзоригоос охиндоо тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч М.Ганзориг нь Э.Баясгалантай гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй, Мөнхтуяагийн эцэг биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

         Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авч, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хариуцагчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт  гаргуулах ажиллагаануудыг хуульд заасан журмын дагуу хийсэн боловч хариуцагчийн хүсэлтээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай шүүгчийн захирамжийг биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, хариуцагчид шүүх хуралдааны зарыг мэдэгдэлгүй шүүх хуралдаан хийх, хариуцагчийн хүсэлтгүйгээр түүнийг төлөөлүүлэн өмгөөлөгч оролцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2,  99 дүгээр зүйлийн 99.2-т заасныг тус тус зөрчсөн  хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

         Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд хариуцагчийн  эрх зөрчигдсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э.Баясгалангийн нэхэмжлэлтэй М.Ганзоригт хариуцагдах гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр  буцаасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Ганзоригоос  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ                          Ц.ОТГОНЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                           П.ДОЛГОРМАА

                                            Т.БЯМБАЖАВ