Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 22

 

2017.04.05       №22

Ж.Мөнхмандах, Р.Дугардорж, Н.Батбаяр  нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0022/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга, 
Прокурор: П.Эрдэнэбаатар /онлайнаар/, 
Ялтны өмгөөлөгч: С.Нарангэрэл, Т.Багахүү, К.Баурижан,
Ялтан:  Ж.Мөнхмандах, Н.Батбаяр  нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Р.Батбаяр, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Ж.Батхүү, Т.Багахүү, ялтан Ж.Мөнхмандах нарын давж заалдах гомдлоор ялтан Ж.Мөнхмандах, Р.Дугардорж, Н.Батбаяр  нарт холбогдох эрүүгийн 201623010036  дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1978 онд төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 38-р байрны 25 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Хуучид овгийн Жанчивдоржийн Мөнхмандах /РД:СЩ78033119/
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1979 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35-р байрны 20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 05 сарын 31-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар 3400000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Дэд овгийн Рэгдэлийн Дугардорж /РД:СЩ79051716/
 Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1988 онд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Метро хаус констракшн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7-р хороо 49 дүгээр байрны 07 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хошууд овгийн Нацагдоржийн Батбаяр /РД:СЩ88022312/
Ж.Мөнхмандах нь 2013 оны 08  дугаар сарын 22-нд “Лут чулуу” ХХК-иас Мал угаалгын нэгдсэн ванн барихад зориулж, 21073800 төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын ажлыг тендер сонгон шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар хийж гүйцэтгүүлэн 2013 оны 9 дүгээр сарын 09-өөс 10-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэр 35-р байрны гадна Г.Ганхуягаас 1500000 төгрөгийн хээл хахуулийг өөрөө авсан, мөн 2014 онд “Орон сууцны гадна фасад будах ажлын гэрээ”-г байгуулж, тендерийн ажил гүйцэтгэн, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт авсан “Метро хаус констракшн” ХХК-ийн захирал Н.Батбаяраас 1500000 төгрөгийг 2014 оны 11 сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Б.Чимэгтуяагийн Хаан Банкны 5946041605 тоот дугаартай дансаар дамжуулан хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахуульд авсан,
Р.Дугардорж нь 2013 оны 08 дугаар сарын 22-нд “Лутчулуу” ХХК-иас Мал угаалгын нэгдсэн ванн барихад зориулж 21073800 төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын ажлыг тендер сонгон шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар хийж гүйцэтгүүлэн 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багийн нутаг дэвсгэр 48-р байрны гадна Г.Ганхуягаас 1000000 төгрөг мөн 2013 оны 9 дүгээр сарын 09-өөс 10-ны хооронд 500000 төгрөгийг тус тус хээл хахуулийг өөрөө авсан,
Н.Батбаяр нь 2014 онд Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Орон сууцны гадна фасад будах ажлын” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч, гэрээ байгуулан, тендерийн ажил гүйцэтгэж, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1500000 төгрөгийг Бор-Өндөр сумын засаг даргын орлогч Ж.Мөнхмандахад түүний эхнэр Б.Чимэгтуяагийн ХААН банкны дансаар дамжуулж хээл хахуульд өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын прокурорын газраас Ж.Мөнхмандахын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Р.Дугардоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар, Н.Батбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандахыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө болон бусдаар дамжуулж, хясан боогдуулж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Дэд овогт Рэгдэлийн Дугардоржийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Хошууд овогт Нацагдоржийн Батбаярыг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандахыг 500000 /таван зуун мянган/ төгрөгний эд хөрөнгийг хурааж, 6 /зургаан/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэд овогт Рэгдэлийн Дугардоржийг төрийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хошууд овогт Нацагдоржийн Батбаярыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Мөнхмандахад оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Р.Дугардоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Н.Батбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хошууд овогт Нацагдоржийн Батбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахаас 3000000 /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч Р.Дугардоржоос 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахын цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Р.Дугардорж, Н.Батбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж, Н.Батбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Дугардоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж, шүүгдэгч Р.Дугардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан төрийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2013 оны 08-р сарын 22-ны өдрийн 436 дугаартай Засаг даргын орлогч Ж.Мөнхмандах гэх гарын үсэг, тамга бүхий “Лут чулуу” ХХК-д хандсан албан бичиг 1 хуудас /2-р ХХ-ийн 167/, Засаг Даргын орлогч Ж.Мөнхмандах гэх бичиглэл бүхий “Мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо”-г 1 хуудас тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Ж.Мөнхмандах, Н.Батбаяр нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Р.Дугардоржийн Е1035010 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Дугардоржид буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Мөнхмандахын өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 38 дугаар байрны 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000478 дугаартай орон сууц, шүүгдэгч Р.Дугардоржийн өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000439 дугаартай орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, уг эд хөрөнгийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Р.Дугардорж, Н.Батбаяр нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээснийг тус тус  дурдаж шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Ж.Батхүү нь давж заалдах гомдолдоо: ... Миний үйлчлүүлэгч Ж.Мөнхмандахын Батбаяр, Ганхуяг нараас хээл хахууль авсан гэх боловч үйлдсэн хэрэгт хохирогч тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож ял шийтгэл халдааж байгаа нь үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Хэрэг үйлдсэн гэх арга хэлбэрийн хувьд Ганхуяг өөрөө Мөнхмандахыг дуудаж 1.5 сая төгрөгийг гэрийнх нь гадаа өгсөн байгааг анхаарах байсан. Батбаяр 1.5 сая төгрөгийг дансанд шилжүүлэн өгсөн хясан боогдуулсан гэж үүнээс ямар хохирол учирсан нь тогтоогдоогүй, эцгийнх нь бие муу байгаа учраас түүнд туслах зорилгоор мөнгө өгсөн гэж мэдүүлсээр байхад дүгнэлт хийлгүй хэт яллах талыг баримталсан. Хохирлын хэмжээнээс хамаарч ял хөнгөрүүлж хэрэглээгүй. Мөн хясаж боогдуулах үйлдэл хэрэглэсэн гэх боловч Батбаярыг албан тушаалтанд өөрөө хахууль өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэж байгаатай нийцэж байгаа эсэхийг шалгах. Мөнхмандахын гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг нарийвчлан шалгаж тогтоож чадаагүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнийг бусдад төлөх төлбөргүй гэсэн атлаа ял оногдуулахдаа хөнгөрүүлээгүй. Иймд Ж.Мөнхмандахад оногдуулсан 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлж, 500000 төгрөг эд хөрөнгө хураах ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар зүйлчилж, түүнд оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Т.Багахүү нь давж заалдах гомдолдоо: ... Н.Батбаяр нь орон сууцны гадна фасадыг будах тендерийг хуулийн хүрээнд шалгарч авсан болох нь тогтоогдсон. 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар болон “Метро хаус констракшн” ХХК-ийн хооронд орон сууцны гадна фасад будах ажлын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээг байгуулахад Мөнхмандах оролцоогүй, нөлөөлсөн зүйл ч байхгүй юм. Харин Мөнхмандахад өгсөн 1.5 сая төгрөгийн тухайд түүний эцгийнх нь эрүүл мэнд муу байсан учраас эмчилгээний зардалд тус нэмэр болох зорилгоор өгсөн. Энэ үйлдлийг ямар ч нотлох баримтгүйгээр хээл хахуульд өгсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. ... Хэрвээ Мөнхмандахын авсан гэх мөнгийг хууль бус гэж үзвэл түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэг байж болно. Уг гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив талын шинжүүд тогтоогдоогүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Иймд Н.Батбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ялтан Ж.Мөнхмандах нь  давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Батбаяртай багаасаа л  найз нөхдийн холбоотой байсан. Тухайн үед манай аавын эрүүл мэндийн байдал муу байсан болохоор надад туслах зорилгоор өөрөө сайн дураараа аавынхаа эмчилгээнд хэрэглээрэй гэж надад 1.5 сая төгрөг өгсөн. Миний хувьд Батбаярыг хясан боогдуулж түүнээс хээл хахууль авсан үйлдэл огт байхгүй. Иймд хэргийг дахин шалгуулж, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Ж.Мөнхмандахын бусдыг хясан боогдуулах замаар давтан үйлдлээр өөрөө болон бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял төлөвлөн яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ тухайн этгээдэд ямар шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгосон эсхүл хээл хахууль өгөхийг хэрхэн тулган шаардаж хясан боогдуулсан нь тодорхойгүй, мөн Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан ял сонсгосон атлаа яллах дүгнэлтэнд энэ талаар дурдаагүй зэрэг мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэт биш хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Ж.Мөнхмандахын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.
 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон 
 
ТОГТООХ нь:
1.  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж, Н.Батбаяр  нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорт буцаасугай.

2. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Ж.Мөнхмандахад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.ДЭНСМАА