Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0605

 

           “М К А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, хариуцагч Б.Х, Ц.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 595 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ын  гаргасан давж заалдах гомдлын дагуу “М К А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З, Б.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 595 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн /2008/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.З, Б.Х нарын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 250013001 тоот Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай” “М К А” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж давж заалдах гомдолдоо: “... Зөрчлийн тухай хуулийн 18.1 дүгээр зүйлд “Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.

Татварын улсын байцаагчийн 250013001 тоот акт нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэн байхад буюу хүчин төгөлдөр болон дагаж мөрдөж эхлээгүй байсан Зөрчлийн тухай хууль, энэ хуулийн зүйл, заалтыг үндэслэн “шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэж шүүх хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Шүүх “зөрчлийн хэрэг хянан хэлэлцэв” гэж шийдвэр гаргасан нь мөн хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.8-д “Захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална...”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэж заасан.

Гэтэл татварын улсын байцаагч нар тус компанид холбогдох эрүүгийн 201626021760 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосноос хойш 9 сар гаруй хугацаа өнгөрсний дараа захиргааны акт үйлдэж, хариуцлага хүлээлгэсэн нь дээрх хуулийн заалтууд болон захиргааны акт гаргахтай холбоотой хууль тогтоомжуудыг илт зөрчсөн хариуцагчийн хууль бус үйлдэлд шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийн хохирлыг шийдвэрлэх асуудалд татварын улсын байцаагч нар акт бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хэргийн хохирол төлүүлэхтэй холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ”, 17.2-т “Хэрэв эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй бол уг нэхэмжлэлийг хуульд заасан журам, харьяаллын дагуу гаргана”, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Татварын алба нь шүүхэд... нэхэмжлэл гаргана”, 28.2.6-д “хуульд заасан бусад асуудлаар ...” гэж заасны дагуу татварын алба эрүүгийн хэргийн хохирлыг иргэний журмаар шийдвэрлээгүй, захиргааны акт гаргасан хариуцагчийн хууль бус үйлдэлд шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Тус компани нь бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай цементийг “Говийн хөх од” ХХК, “Далайдорж” ХХК-иас худалдан авсан, уг худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, падаан, Хаан банкны 5029018476, Худалдаа хөгжлийн банкны 405050174 тоот дансанд төлбөр төлсөн орлогын мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн падаан зэргээр нотлогдож байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 595 дугаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хууль хэрэглээний өөрчлөлт оруулан гомдлыг хангахгүй орхилоо.  

Анхан шатны шүүх “М К А” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З, Б.Х нарт холбогдуулан гаргасан “2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 250013001 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нар “М К А” ХХК-ийн 2008-2012 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж[1], шалгалтаар “М К А” ХХК нь “Говийн хөх од” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12881761 тоот падаанаар 193,763,636.00 төгрөгийн, “Далайдорж” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12283628 тоот падаанаар 215,863,636.36 төгрөгийн, нийт 409,627,272.4 төгрөгийн зөрчил илэрч, 40,962,727.2 төгрөгийн нөхөн татвар, нийт 40,962,727.2 төгрөгийн акт ногдуулсан байна[2].

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... тус компани нь бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай цементийг “Говийн хөх од” ХХК, “Далайдорж” ХХК-аас худалдан авсан, уг худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн баримт, падаан, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн дансанд төлбөр төлсөн орлогын мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн падаан зэргээр тогтоогдож байна” гэжээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-т “Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасан.

Тодруулбал татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлох үүрэгтэй бөгөөд анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам,  стандартын дагуу хөтөлнө. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас гадна бэлтгэн нийлүүлэгч талын бараа материал худалдсан зарлагын баримт, худалдан авагч талын орлого, зарлагын баримт, төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ бодитоор гарсныг нотлох дансны бүртгэлүүд, мөнгөн гүйлгээний тайлан зэргээр давхар нотлогдоогүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхгүй гэж ойлгоно.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/1516 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн “Говийн хөх од” ХХК-ийн 2012 оны 10, 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан[3],  Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02/1351 дүгээр албан бичигт хавсарган ирүүлсэн “Далайдорж” ХХК-ийн 2012 оны 1-12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан[4], 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 220052 дугаар Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн “... “М К А” ХХК нь бараа, ажил, үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа 2012 онд “Говийн хөх од” ХХК-иас 193,763.6 мянган төгрөгийг 12881761, “Далайдорж” ХХК-иас 215,863.6 мянган төгрөгөөр 12283628 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар бичүүлэн авсан...” гэх дүгнэлт[5], 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаар “... Шинжилгээнд ирүүлсэн 15 аж ахуйн нэгжийн татварын улсын байцаагчийн 16 дүгнэлтээс нэр бүхий 14 компанийн дүгнэлт үндэслэлтэй байна ... ” гэх шинжээчийн дүгнэлт[6], Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 дугаар “... Нийслэлийн татварын хэлтэстэй харьцдаг 2626411 регистртэй “М К А” ХХК-ийн захирал М.Мандахбаяр нь “Говийн хөх од” ХХК-иас 12881761 дугаартай падаанаар 193,763.6 мянган төгрөг, “Далайдорж” ХХК-иас 12283628 дугаартай падаанаар 215,863.6 мянган төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн... ” гэх тогтоол[7] зэргээс үзвэл нэхэмжлэгч “М К А” ХХК нь “Далайдорж” ХХК, “Говийн хөх од” ХХК-иудаас бодитой худалдан авалт хийгээгүй, хий бичилттэй падаан ашиглан албан татвар хасч тооцон татварт тайлагнасан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “М К А” ХХК нь хуульд заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, хууль бус үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд энэ талаар шалган тогтоосон татварын улсын байцаагч нарын үйлдэл нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Мөн нэхэмжлэгч “... татварын улсын байцаагчийн 250013001 тоот акт нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэн байхад буюу Зөрчлийн тухай хууь хүчин төгөлдөр болон дагаж мөрдөж эхлээгүй байсан Зөрчлийн тухай хууль, энэ хуулийн зүйл заалтыг үндэслэсэн. Мөн татварын улсын байцаагч шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсний дараа буюу 9 сарын дараа акт үйлдсэн ..” гэж гомдол гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол дүүргийн прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн[8], 2016  оны 12 дугаар сарын 09-ний өдөр хяналт шалгалт хийх тухай томилолт[9] гаргасан.

 Мөн Татварын ерөнхий хуулийн /2008 он/  11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, Зөрчлийн тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актыг Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө гаргасан байх боловч нэхэмжлэгч “М К А” ХХК нь зөрчил гаргасан нь нэгэнт тогтоогдсон тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “... Татварын албан эрүүгийн хэргийн хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлээгүй захиргааны акт бичсэн хариуцагчийн хууль бус үйлдэл байна ...” гэж маргаж байх боловч “М К А” ХХК-ийн зөрчилд нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй, мөн нэхэмжлэгчид ногдуулсан төлбөрийг хохирол гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 221 дугаар зүйлийн 221.1-д “Татварын алба дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 221.1.2-т “Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих”  28.1-д “Татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 28.1.3-т “Татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулах”,  28.1.10-т “Татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн ... татвар төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх”,  29.1-т “Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.1-д “Татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” гэж тус тус зааснаас үзвэл татварын улсын байцаагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд татвар ногдуулсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдээр зөв дүгнэлт хийсэн байх боловч Зөрчлийн тухай хуулийг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 595 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2...” гэснийг хасч, 3 дахь заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу ... 5 хоногийн дотор ...” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1-т заасны дагуу ... 14 хоногийн дотор ...” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М К А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 1 хавтас 14 хуудас

[2] 1 хавтас 15-16 хуудас

[3] 1 хавтас 136-137 хуудас

[4] 2 хавтас 67-73 хуудас

[5] 1 хавтас 99-100 хуудас

[6] 1 хавтас 120-123 хуудас

[7] 1 хавтас 124-126 хуудас

[8] 2 хавтас 60 хуудас

[9] 2 хавтас 47 хуудас