Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1168

 

 

 

 

 

 

      2019           11            06                                         1168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Лгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Лгийн С, Монгол Улсын иргэн, 1991 оны  02 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй, “...” ХХК-д камер хянагч ажилтай,  ам бүл 5, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Л.С нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны 23 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот хашааны урд замд “Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас “Хонда CBR-400” маркийн ... улсын дугаарын мотоциклтой зорчигч Ц.Бг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 02-нд 22 цаг өнгөрч байхад “Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон хашаа руугаа орох гээд ухрах үйлдэл хийж байхдаа төв зам дээр явж байсан мотоцикльтэй зорчигч Ц.Бг мөргөсөн. Ц.Бгийн мотоцикль гэрэлгүй байсан учраас би хараагүй. Гэрэлтэй байсан бол би харах байсан. Хохирогчид даатгалын байгууллага 815.600 төгрөгийг шилжүүлсэн гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ харих гээд өөрийн худалдаж авсан “Хонда CBR-400” маркийн ... улсын дугаарын мотоцикльтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын замд явж байтал мотоцикль гэрэлгүй болсон. Гэр ойрхон юм чинь гээд гэрэлгүй явж байтал урд зам дээр нэг приус маркийн автомашин хашаандаа орох гэж байгаа бололтой ухарч байсан. Би амжаад гарчих байх гээд хойгуур нь гарах гэхэд приус машин ухарч ирээд намайг мөргөсөн. Тэгээд би шидэгдэж газарт унасан. Цагдаа, түргэн ирсэн. Осол гарах үед зам орчны байдал хэвийн, замын гэрэлтүүлэг байхгүй, харанхуй байсан. Ослын улмаас миний хамар, гар хугарч, төмсөгний хагалгаанд орсон. Мөн мотоцикль эвдэрсэн. Би өөрийн мотоциклийн хохирлын үнэлгээг хийлгэхэд 1.125.000 төгрөг болсон. Энэ хохирлыг приусын жолооч даатгалаас барагдуулж өгнө гэсэн. Мөн эрүүл мэндийн эмчилгээ болон зураг авахуулахад 1.000.000 төгрөг болсон. Жолооч мөн даатгалаас барагдуулна гэсэн. Би ганцаараа явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

 

2. Хохирогч Ц.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 18 дугаар тал), эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 73-76 дугаар тал),

 

3. Иргэний хариуцагч Д.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай машиныг нөхөр С жолоодон явсан. Тэгээд хашааны гадаа ирээд зам дээр зогсоод хойшоо ухраад хашаа руу орох гэтэл гэнэт түс тас гээд зүүн хойд хэсэг рүү нэг юм хүчтэй мөргөсөн. Машинаас буугаад хартал машины зүүн хойд талд мотоцикл хажуулдсан байдалтай, жолооч нь машины баруун талд газарт унасан хэвтэж байсан. Би дуудлага өгсөн. ...Осол гарах үед харанхуй, замын гэрэлтүүлэг байхгүй байсан. Манай нөхөр жолоочийн хариуцлагын даатгалаас хохирлыг барагдуулахаар болсон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

 

4. Гэрч Б.Шижир-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “Хонда CBR-400” маркийн ... улсын дугаарын мотоциклийг Ц.Б гэх залууд зарсан юм. ...дээрх мотоциклийг 4.800.000 төгрөгөөр худалдсан. Төлбөрийг Ц.Б бүрэн төлсөн тул би мотоциклтой хамааралгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

5. Шүүгдэгч Л.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын үед Т.Приус ... УНУ улсын дугаартай автомашиныг жолоодож өөрийн аав ээж дээрээ ирээд, хашаандаа оруулах гээд зам дээр ухарч байтал гэнэт түс тас гээд машины зүүн хойд хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Мотоциклтой хүн машины зүүн хойд хэсэг рүү мөргөж, жолооч нь машины баруун талд газарт шидэгдэж унасан байдалтай байсан. Манай эхнэр манай ээж рүү ороод утсаар дуудлага өг гэж хэлсэн байсан. ...Машинд хажууд эхнэр сууж явсан. Харанхуй байсан болохоор мотоциклтой хүн явж харагдаагүй. Мотоцикл нь гэрэлтүүлэгтэй байсан бол хараад зогсох байсан. “Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай машин нь эхнэрийн эзэмшилд байдаг. Мотоциклийн үнэлгээ болох 1.152.000 төгрөгийг даатгалаас гаргуулж өгнө. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9817 тоот дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: машинд мөргүүлсэн.

Хэсэг газрын үзлэгт: баруун гарт боолт хийсэн. Баруун гарын бугуйн дотор гадаргууд шаргал өнгийн шимэгдэж эхэлсэн 5.3 см цус хуралттай. Бэлэг эрхтэний хуухнагт 5 см оёдол тавигдсан хагалгааны шархтай.

УНТЭ-т хэвтэн эмчлүүлсэн гэх магадлагаанд: Баруун төмсөг гэмтэлтэй тул төмсөгийг авах мэс ажилбар хийгдэж биеийн байдал сайжирсан гэжээ.

ГССҮТ-ийн үзлэгт: Хамар ясны хугарал. Баруун шуу ясны цууралт. Баруун төмсөг 5.6х3.7 см эхо ойлт жигт бус, бүтэц алдагдсан. Гадаргуугийн хэлбэр дагасан шингэнтэй. Баруун төмсөгний шарх гэмтэл, төмсөг авах мэс ажилбарын дараах байдал. ...” гэжээ.

ДҮГНЭЛТ:

-Ц.Бгийн биед баруун төмсөгний няцарсан шарх, цусан хураа, төмсөг авах мэс ажилбарын дараах байдал, хамар ясны хугарал, баруун шуу ясны цууралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэлтийн төгсгөлөөс шалтгаална...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

7.Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 59795 тоот дүгнэлтэд:

-“Тоёота маркийн приус загвар”-ын  ... УНУ улсын дугаартай автомашины тоормосны аппарат хэвийн, гар тоормос ажиллаж байна, жолооны механизм, явах эд анги хэвийн, дуут дохио ажиллаж байна, зүүн хойд гэрэл хагарч унасан, гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, дохио, салхины шил бүтэн, шил арчигч хэвийн, дугуй бүрэн байна.

-Урд их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, зүүн хойд гэрэл хагарч унасан, хойд гуфер хугарч унасан, баруун хойд крыло чихэгдэж орсон зэрэг эвдрэлтэй. ...эдгээр гэмтэл нь тухайн ослын үед үүссэн, урд их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн ослын өмнө үүссэн. ...тухайн осолд их гэрлийн тусгал харанхуй үед жолоочийн үзэгдэх орчин хязгаарлагдана, уг осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. ...” гэсэн дүгнэлт, автомашины гэрэл зураг (хавтаст хэргийн 34-39 дүгээр тал),

 

8.Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 416 дугаар дүгнэлтэд:

- “Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Лгийн С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

-“Хонда CBR-400” маркийн ... улсын дугаарын мотоциклийн жолооч Цэрэндорж овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

-Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 62 дугаар тал),

 

9. Шийтгэлийн хуудас /Ц.Бд Зөрчлийн тухай хуулийн 14.7.1-д зааснаар шийтгэл ногдуулсан тухай/ (хавтаст хэргийн 63 дугаар тал),

 

10. “Хонда CBR-400” маркийн ... улсын дугаарын мотоциклийн эвдрэл, хохирлыг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээ, гэрэл зураг (хавтаст хэргийн 67-68 дугаар тал),

 

 11. “Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай автомашин нь “Тайгын булаг авто” ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 50 дугаар тал),

 

12. Шүүгдэгч Л.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), урьд эрүүгийн хариулага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 58 дугаар тал),  жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), ... ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дугаар тал ) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Сд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Л.С нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасныг зөрчиж, “Хонда CBR-400” маркийн ... улсын дугаарын мотоциклтой зорчигч Ц.Бг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Л.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Сгийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.С нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот хашааны урд замд “Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас “Хонда CBR-400” маркийн ... улсын дугаарын мотоциклтой явсан зорчигч Ц.Бг мөргөж, түүний эрүүл мэндэд “баруун төмсөгний няцарсан шарх, цусан хураа,  төмсөг авах мэс ажилбарын дараах байдал, хамар ясны хугарал, баруун шуу ясны цууралт” бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...“Хонда CBR-400” маркийн ... улсын дугаарын мотоцикльтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын замд явж байтал ...урд зам дээр нэг приус маркийн автомашин хашаандаа орох гэж байгаа бололтой ухарч байсан. Би амжаад гарчих байх гээд хойгуур нь гарах гэж явтал приус машин ухарч ирээд намайг мөргөсөн. Тэгээд би шидэгдэж газарт унасан. ...Ослын улмаас миний хамар, гар хугарч, төмсөгний хагалгаанд орсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-иргэний хариуцагч Д.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай машиныг нөхөр С жолоодон явсан. Тэгээд хашааны гадаа ирээд хойшоо ухраад хашаа руу орох гэтэл гэнэт түс тас гээд зүүн хойд хэсэг рүү нэг юм хүчтэй мөргөсөн. Машинаас буугаад хартал машины зүүн хойд талд мотоцикл хажуулдсан байдалтай, жолооч нь машины баруун талд газарт унасан хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-Л.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын үед Т.Приус ... УНУ улсын дугаартай автомашиныг жолоодож өөрийн аав ээж дээрээ ирээд, хашаандаа оруулах гээд зам дээр ухарч байтал гэнэт түс тас гээд машины зүүн хойд хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Жолооч нь машины баруун талд газарт шидэгдэж унасан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9817 тоот дүгнэлт   (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

-Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 416 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 62 дугаар тал), Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ, гэрэл зураг (хавтаст хэргийн 67-68 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайн зам тээврийн осол гарахад хохирогч Ц.Б нь эрхийн үнэмлэхгүйгээр, гэрэлтүүлэггүй мотоциклийг жолоодон явсан буруутай үйлдэл байх бөгөөд тус үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан болох нь шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 63 дугаар тал)

 Мөн шүүгдэгч Л.Сгийн “Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай автомашин нь тухайн ослын өмнө урд их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байсан талаар тусгай мэдлэгийн шинжээч буюу Автотээврийн үндэсний төвийн шинжээч дүгнэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.С нь хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учуулсан тус зам тээврийн осол хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх шүүгдэгч Л.Сг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Тус зам тээврийн ослын улмаас хохирогч Ц.Бд хүнд хохирол учирч, мэс ажилбарт орсон байх ба, хэрэгт эмчилгээний зардалд гарсан 815.600 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг ирүүлсэн байна. Мөн түүний эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг “Ашид билгүүн” ХХК нь 1.152.000 төгрөгөөр тогтоожээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Сг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авсан ба, энэ хугацаанд хохирогч Ц.Бд мотоциклийн эвдрэлийн үнэлгээ 1.152.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн болох нь Хаан банкны орлогын баримт, хохирогчийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Мөн “Монре даатгал” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.Бд 815.600 төгрөгийг шилжүүлсэн тухай баримтыг ирүүлсэн.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Мөн хохирогч Ц.Б нь хүнд гэмтлийн улмаас мэс ажилбарт орсон байх ба, шинжээч нь “цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэлтийн төгсгөлөөс шалтгаална” гэж дүнгэсэн ба, тус гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг бүрэн арилаагүй байх тул хохирогч нь цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Сгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

            Шүүгдэгч Л.Сгийн жолоодон явсан “Тоёота приус” маркийн ... УНУ улсын дугаартай автомашин нь “Тайгын булаг авто” ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй (хавтаст хэргийн 50 дугаар тал) байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Д.Отгончимэгийг эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцах этгээд гэж иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Л.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн түүний жолооны эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдах гэсэн дүгнэлтийг гаргасан,  

Шүүгдэгч Л.С нь өмгөөлөлдөө “хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Л.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Л.Сгийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 992760 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.С нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Лгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Л.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Л.Сгийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 992760 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн ... тоот хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.С нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Ц.Бд энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь энэ хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА