| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1105/Э |
| Дугаар | 1106 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 1106
2019 10 22 1106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч Х.Д,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ж т овогт Хы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж т овогт Хы Б, 1975 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгийн аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, дагавар охины хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
1.1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
2.1996 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 1/1 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, аймгийн давж заалдах шатны шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
3. 1998 онд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял,
4. 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 76 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
5. 2002 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
6. 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 91 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, аймгийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 4 дүгээр зүйлийн 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
7. 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 52 дугаар шийтгэх тогтоол, аймгийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
8. 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоол, аймгийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
9.2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоол, аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 8 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан(РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын гадна эхнэр Х.Дтэй маргалдан, түүний биед “эрүү, цээж, хоёр гарын бугалга, шуунд цус хуралт, зүүн гарын бугалга, 3 дугаар хуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХнь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байх үед эхнэр Д охиноо загнаад байхаар нь яагаад хүүхдээ загнаад байдаг юм гэж хэлсэн чинь Д “чамд миний хүүхэд хамаагүй” гэж хэлсэн. Энэ үгэнд нь би бухимдсан. Тэгээд ажил дээрээ ирэхэд Д уурлаад байсан. Тэгэхээр нь би орой кароаке орж пиво уусан. Тэгээд караокенаас гараад үүдний довжоон дээр пиво уугаад утсаар яриад сууж байтал Д машинаасаа бууж ирээд чи хэнтэй утсаар яриад байгаа юм гээд намайг барьж явсан цүнхээрээ цохьсон. Би Дийг яагаад байгаа юм бэ гээд зогсоох гээд гарынх нь шуунаас нь бариад авсан. Тэгээд бид хоёр нилээд ноцолдсон. Ноцолдож дууссаны дараа би Дээс нилээн зайтай зогсож байтал чи караокены түлхүүр аваад ир гэсэн. Би Д рүү түлхүүр шидтэл түүний эрүүг оночихсон. Дараа нь би өөрийн ноосон цамцаа авах гээд түлхүүр аваад ир гээд Дд хэлсэн чинь 2 давхар руу гараад, өрөөнд ороод дотроосоо түгжсэн. Тэгээд цагдаа дуудсан байна лээ. Намайг гараад явж байтал цагдаа ирээд эрүүлжүүлэх рүү авч явсан. Би Дтэй ноцолдож байхад гарт нь хэлхээтэй олон түлхүүр байсан. Тухайн түлхүүрийн улмаас гар нь зулгарсан. Д нэг уурлахаараа маш ууртай тул би тайвшруулахыг оролдсон. Надад Дийг зодох санаа, сэдэл байгаагүй. Гэхдээ би Дийн биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Д архи уусан хүнд дургүй учир намайг пиво ууж байхыг хараад шууд цохиод авсан. Би амьдралдаа олон алдсан. Дтэй нийлээд нийгэмшээд явж байтал ийм зүйл болсонд би гэмшиж байна гэв.
Хохирогч Х.Д мэдүүлэхдээ: Би Бтэй 2016 танилцаад, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Би өөрийн дөрвөн хүүхэдтэй, том хоёр хүүхэд маань хүнтэй суусан. Нэг нь оюутан. Одоо бага охин, Б нарын хамт амьдардаг. Би охиноо гэртээ байхдаа загначихаад гараад явж байхад Б надад хүүхдээ загналгүйгээр эвээр хэлж ойлгуулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Үүнээс болоод Б надад гомдсон байсан. Би гадуур ажил хөөцөлдөж байгаад ажил дээр оройны 19-20 цагийн хооронд ирэхэд ажлын гадаа Б пиво бариад уугаад сууж байсан. Тэгэхээр нь миний уур гэнэт хүрээд гар утсыг нь авч шидсэн. Тэгсэн чинь Б яаж байгаа юм гэхээр нь би цүнхээрээ түүнийг цохисон. Б намайг болиулах гээд хоёр гарын шуунаас бариад авсан. Бид хоёр 3-4 минут ноцолдсон. Би Бийг дахиж архи уух байх гэж бодоод түлхүүр аваад ир гэсэн чинь над руу түлхүүрээ шидсэн. Миний нүүрийг түлхүүр оносон. Би түлхүүрээ аваад явж байтал Б цамцаа авья гэсэн. Би дахиад архи, пиво уух байх гэж бодоод дээшээ гараад өрөөнд ороод хаалгаа дотроос нь түгжээд цагдаа дуудсан. Б архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ хэвийн байдаг. Амьдралдаа архинаас болж маш их алдаж байсан гэж надад ярьж байсан тул би Бийг архи уухад дургүй. Би архи уусан хүнд дургүй. Архи уусан хүнийг харахаараа биеэ барьж чадахгүй уурладаг. Цагдаа дуудаж мэдүүлэг өгсөн. Миний бие амархан хөхөрдөг. Б миний шуунаас барьсан тул хөхөрсөн байсан. Би тэр хөхрөлтийг хараад цочсон. Цагдаа та шүүх эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэсэн тул шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо бид хоёр эвлэрсэн гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
19-ний өдөр өгсөн:
“...Би Б гэх хүнтэй 2017 оноос хойш хамтран амьдарч байгаад 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа хүүхэдгүй. Би өөрөө 4 хүүхэдтэй. 3 хүүхэд маань том болоод гэрлээд тусдаа амьдардаг. Бага охин маань Б бид хоёртой хамт амьдардаг. Би хувиараа дэн буудал, паб ажиллуулдаг. Сүүлийн үед гэр бүлийн маргаантай байсан. Б үе үе архи согтууруулах ундаа хэрэглээд байхаар нь битгий уу гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би охиноо гэр орон цэвэрлэсэнгүй гэж загнатал Б манай охиныг өмөөрөөд хүүхэд битгий загнаад бай гэхээр нь чиний хүүхэд биш, чамд хамаагүй гэж хэлсэн. Орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “...” зочид буудлын гадаа Б пиво уучихсан, утсаар яриад сууж байхаар нь чи дотор орохгүй гадаа юу хийж байгаа юм бэ гэхэд чи намайг зайл гэсэн болохоор орохгүй гэж хэлсэн. Тэгээд намайг тоохгүй гар утсаараа яриад байхаар нь хэнтэйгээ яриад байгаа юм бэ гээд гар утсыг нь шидээд, цүнхээрээ нэг удаа цохисон. Б босож ирээд миний хоёр гар, шуунаас базсан. Би гартаа түлхүүр барьчихсан байсан болохоор 3 дугаар хуруу зулгарсан. Түлхүүр аваад ир гэтэл эрүү рүү түлхүүр шидээд оносон. Би зайл гээд Бийг хөөгөөд явахгүй болохоор нь ресепшнээр цагдаад дуудлага өгүүлсэн. Тухайн үед Б дунд зэргийн согтолттой байсан. Анх удаа надад гар хүрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
-2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:
“... 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Х.Б нь ...чи намайг хамаагүй хүн гэсэн гээд над руу агсраад дайрсан. Намайг гараараа шүргэж цохиод, үснээс зулгаагаад, зүүн талын хамар орчимд ураад, гар утас гартаа атгаж байгаад миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Миний гар утсыг авч шидсэн, мөн эрүү рүү түлхүүр шидсэн. Тэгээд би айгаад 2 давхар руу зугтаж гарахад араас ирээд “...” зочид буудлын ханын толь хагалаад ресепшин Амаржаргал гэх хүн рүү дайраад байсан. Би айгаад ариун цэврийн өрөөнд орж нуугдахад, манай ресепшинд намайг өмөөрөөд хашиж зогссон. Түлхүүр булааж авах гэж над руу дайрахдаа миний эрүү, цээж, хоёр гарын бугалга, шуунд цус хуралт, зүүн гарын бугалга, хуруунд зулгаралт гэмтэл үүссэн. Нүүр рүү 2-3 удаа цохисон. Зочид буудлын толь хагалсан. 60.000 төгрөгийг Б төлсөн учир нэхэмжлэхгүй. Миний бие Б гэх залуутай 2017 оны 01 дүгээр сард танилцаад, 7 дугаар сараас эхэлж манай гэрт манай гэрт хамт амьдрах болсон. Өөрийн гэсэн ямар нэгэн эд хөрөнгөтэй ирээгүй. Танилцсаны дараа архи уухгүй байж байгаад архи ууж эхэлсэн. Бага багаар архинаас холдуулсан боловч сүүлийн 8 сард 1-2 удаа уудаг байсан. Уухаараа агсам зантай. Би архи уудаг хүнтэй байж чаддагүй. Энэ байдлаас харахад архи уухаа болихгүй шинжтэй болохоор нь энэ хүнээс гэрлэлтийн баталгаагаа салгасан. Бид хоёрын дунд эд хөрөнгө байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн:
“... 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Huawei” брэндийн гар утастай байсан. Х.Бтэй зодолдож байхдаа миний гар утас унасан юм. Тухайн үед би айж сандраад гар утасны дэлгэц хагарсан байх гэж бодсон боловч дэлгэц хагараагүй шилэн наалт нь хагарсан байсан. Гар утсанд ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудал миний эзэмшилд байдаг. Уг зочид буудал “Мол бат тал” ХХК-ний нэр дээр байдаг, би захирал нь гэж явдаг. Хананы толь самбарыг тухайн үед Б өөрийнхөө ажлын цалингаар хохиролгүй болгосон. Уг толь 60.000 төгрөгийн үнэтэй толь байсан учир эд зүйлийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
04-ний өдөр өгсөн“... Би “Монбаттал” ХХК-ний ресепшнээр ажилладаг. Х.Д нь захирал гэж явдаг. Нөхөр Б нь менежер, бармен, хааяа нөгөө ээлжийн ресешн байхгүй үед гардаг, бүх л ажил хийдэг. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би амарч байсан. 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ээлж авахад нөгөө ээлжний ресепшин Амаржаргалаас Х.Б архи уугаад Д эгчтэй ноцолдож гар хөлийг нь зулгалсан, Б ахыг цагдаа дуудаж бариулсан гэж сонссон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
10-ны өдөр өгсөн“... Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг “...” зочид буудалд 2 жил гаруй ресепшний ажил хийж байна. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ээлжтэй ажиллаж байсан. Тэр өдөр Б караокед пиво уугаад сууж байсан юм байна лээ. Манай караоке 1 давхарт, буудал 2 давхарт байрладаг. 20 цагийн үед захирал Х.Д ирээд Амараа цагдаа дуудаарай гээд орилсон. Би цагдаа дуудсан. Захирал Бээс зугтаагаад угаалгын өрөөнд ороод хаалга цоожилсон. Угаалгын өрөөний хаалга нүдээд байж байхад цагдаа нар орж ирсэн. Буудлын гадаа түлхүүр булаацалдаж Х.Д захиралтай ноцолдож гарнаас нь базсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),
ны өдөр яллагдагчаар өгсөн:
“... Би Д гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 3 жил болж байна. Дундаасаа хүүхэдгүй. Гэрлэлтээ 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлуулсан. Бид хоёртой хамт 14 настай Кымбат хамт амьдардаг юм. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 22-22 тоотод байрлах гэртээ байхад эхнэр Д хүүхэд загнаад байхаар нь битгий загна гэж хэлтэл чамд хамаагүй гэхээр нь би гомдсон. Ажил болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны хойно байрлах “...” караоке, пабад ирсэн. Эхнэр Д өдөр гадагшаа гарахаар нь 2 шил пиво уугаад караокены гадаа сууж байхад эхнэр 20 цагийн үед ирээд “чи яагаад архи ууж байгаа юм бэ, хэнтэй гар утсаар яриад байгаа юм” гээд над руу уурлахаар нь би “чи намайг хамаагүй хүн гэж хэлсэн биздээ” гэж маргалдсан. Эхнэрийг над руу дайрахаар нь хоёр гарын шуунаас нь базаад түлхсэн. Караокены түлхүүр нэхэхээр нь уурлаад энэ түлхүүрээ ав гэж хэлээд санамсаргүй шидэхэд эрүүг нь оносон. Мөн ноцолдож байхдаа базаад хурууг нь зулгалсан. Маргалдаад байж байтал Д цагдаа дуудаад цагдаа ирж намайг саатуулах байр руу аваад явсан. Маргааш нь цагдаад барьж өгсөнд уурлаад Дийг ярихаар нь уурлаад очиж чадахгүй, чи намайг хөөсөн учраас сална гэж хэлтэл цагдаагаас шүүх эмнэлгийн тогтоол аваад үзүүлчихсэн гэсэн. Би хэд хоног гадуур найзындаа амьдарсан, одоо хамт амьдарч байгаа. Би Дийг цохиж зодсон асуудал байхгүй. Над руу уурлаад дайрахаар нь гарын шуунаас нь базаад, түлхүүр нэхэхээр нь энийгээ ав гэж эрүү рүү нь шидсэн. Ноцолдож байгаад 3 хурууг нь зулгалсан. Би өмнө нь огт зодож байгаагүй. Гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Самсунг С7 маркийн гар утас байсан. Одоо хэвийн ажиллаж байгаа. Би зочид буудлын толийг санаандгүй хагалсан. Хохирлоо бүрэн барагдуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дугаар тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9463 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Эрүүний зүүн өнцөгний урд хэсэгт 2.7х1 см, 1.5х1 см, цээжний баруун дээд хэсэгт 3.5х1 см улаан ягаан өнгийн, цээжний зүүн дунд хэсэгт 1х1 см, баруун бугалганы дунд дотор хэсэгт 8х3 см, 2х1.5 см, баруун шууны дунд дотор хэсэгт 6х2 см, гадна дунд хэсэгт 2х2 см, зүүн бугалганы дээд гадна хэсэгт 1.3х0.5 см, зүүн шууны дунд гадна хэсэгт 1.5х1.5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Зүүн бугалганы дунд дотор хэсэгт 12х1.5 см талбайд 0.5х0.1 см хүртэл хэмжээний олон тооны, зүүн гарын сарвууны дунд хурууны 3-р үений ар хэсэгт 0.2х0.2 см арьсны өнгөц давхарга хууларсан улаан ягаан өнгийн зулгаралттай.
ДҮГНЭЛТ:
“...-Х.Дийн биед эрүү, цээж, хоёр гарын бугалга, шууд цус хуралт, зүүн гарын бугалга, 3-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /шинжээч Ц.Бадрал/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39 дүгээр тал),
6. Аюулын зэргийн үнэлгээ / Х.Б нь хохирогчид 2017 онд нэг удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, 2018 онд нэг удаа заналхийлэл, сүрдүүлэг үзүүлсэн эрсдлийн түвшин дунд гэсэн үнэлгээ/ (хавтаст хэргийн 61-64 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /Х.Б нь догшин ширүүн авир гаргадаг, архи уух дуртай, хуулийн байгууллагад хандах шаардлагатай/ (хавтаст хэргийн 67-71 тал), Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),
7. Шүүгдэгч Х.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 68 дугаар тал), түүний ял шийтгэгдсэж байсан талаарх холбогдох шийтгэх тогтоол, магадлал, захирамж зэрэг шийдвэрүүдийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 88-140 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар тал), түүний нэр эд хөрөнгүй бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр тал), Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 82 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийнх хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Бт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхнэр Х.Дтэй маргалдан, түүний биед “эрүү, цээж, хоёр гарын бугалга, шуунд цус хуралт, зүүн гарын бугалга, 3 дугаар хуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Х.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Х.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцож дүгнэлт гаргахдаа хохирогчид гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэх боловч хохирогчийг цохиж зодож гэмтэл учруулаагүй, харин олон тооны түлхүүр түүний гарт байсан үед бид ноцолдсон учраас гар нь зулгарч гэмтэл учирсан байх, мөн санамсаргүй түлхүүр шидэхэд хохирогчийг эрүүг оносон гэж мэдүүлснээс үзвэл гэм буруугийн талаар маргасан гэж шүүх үзэв.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Х.Б, хохирогч Х.Д нар нь 2017 онд танилцаж хамтран амьдарсан байх ба, 2019 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан ба шүүгдэгч Х.Б, хохирогч Х.Д нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарахаар байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Х.Б хохирогч Х.Д нар нь 2019 оны 8 дугаар сарын 02-нд орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Дийн үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, ноцолдож, улмаар шүүгдэгч Х.Б нь эхнэр Х.Дийг зодож, түүний биед “эрүү, цээж, хоёр гарын бугалга, шуунд цус хуралт, зүүн гарын бугалга, 3 дугаар хуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч Х.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын
19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
-2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:
“... 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Х.Б дунд зэргийн согтолттой байсан. ...чи намайг хамаагүй хүн гэсэн гээд над руу агсраад дайрсан. Намайг гараараа шүргэж цохиод, үснээс зулгаагаад, зүүн талын хамар орчимд ураад, гар утас гартаа атгаж байгаад миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Миний гар утсыг авч шидсэн, мөн эрүү рүү түлхүүр шидсэн. Тэгээд би айгаад 2 давхар руу зугтаж гарсан. ...Би айгаад ариун цэврийн өрөөнд орж нуугдахад, манай ресепшид намайг өмөөрөөд хашиж зогссон. ...Түлхүүр булааж авах гэж над руу дайрахдаа миний эрүү, цээж, хоёр гарын бугалга, шуунд цус хуралт, зүүн гарын бугалга, хуруунд зулгаралт гэмтэл үүссэн. Нүүр рүү 2-3 удаа цохисон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
-гэрч Н.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Би Монбаттал ХХК-ний ресепшнээр ажилладаг. 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ээлж авахад нөгөө ээлжний ресепшн Амаржаргалаас Х.Б архи уугаад Д эгчтэй ноцолдож гар хөлийг нь зулгалсан, Б ахыг цагдаа дуудаж бариулсан гэж сонссон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
-гэрч Б.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би “...” зочид буудалд 2 жил гаруй ресепшний ажил хийж байна. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ээлжтэй ажиллаж байсан. 20 цагийн үед захирал Х.Д ирээд Амараа цагдаа дуудаарай гээд орилсон. ...Захирал Бээс зугтаагаад угаалгын өрөөнд ороод хаалга цоожилсон. ...Буудлын гадаа түлхүүр булаацалдаж Х.Д захиралтай ноцолдож гарнаас нь базсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),
-шүүгдэгч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Эхнэрийг над руу дайрахаар нь хоёр гарын шуунаас нь базаад түлхсэн. ...энэ түлхүүрээ ав гэж хэлээд санамсаргүй шидэхэд эрүүг нь оносон. Мөн ноцолдож байхдаа базаад хурууг нь зулгалсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дугаар тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9463 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 39 дүгээр тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 61-64 дүгээр
тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 67-71 тал), Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 42-43 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанднь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Х.Б нь гэр бүлийн харилцаатай эхнэр Х.Дийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Хохирогч Х.Дийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Х.Б түүнийг цохисон, хүч хэрэглэсэн, түүн рүү түлхүүр санаатай шидэж түлхүүрээр цохисон зэргээс үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагаварын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. Иймд шүүгдэгч Х.Бийн үйлдэл нь санаатай байх тул түүний ноцолдсоноос гэмтэл үүссэн байх, түлхүүр санамаргүй шидсэнээс гар нь зулгарсан байх гэх мэдүүлэг үндэслэлгүй байх ба, хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Иймээс шүүгдэгч Х.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр Х.Дийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Бийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Тус гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол, мөн шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь нөлөөлжээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Х.Бийн хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Х.Б нь хохирогч Х.Дийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч тус хэргийн хохирогч Х.Д өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, мөн хохирогч хуралд оролцохдоо “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Х.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Х.Б нь урьд 9 удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдсэн, мөн энэ талаар холбогдох шийтгэх, тогтоол, магадлал, ялаас хугацааны өмнө сулалсан шүүхийн шийдвэр, суллагдсан тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон (хавтаст хэргийн 88-140 дүгээр тал) байх ба хамгийн сүүлд 2012 онд эрүүгийн хариуцлага хүлээж, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, нөгөө талаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэдийгээр хэрэгт “Молбаттал” ХХК-ний “...Х.Б нь 2017 оноос эхлэн менежерээр ажиллаж байна, сарын үндсэн цалин 850.000 төгрөг” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дугаар тал) авагдсан байх боловч шүүх хуралдаанд тус тодорхойлолтыг хохирогч Х.Д өөрөө гаргаж өгсөн талаар мэдүүлсэн бөгөөд, өнөөдрийн байдлаар тус ажилд шүүгдэгч Х.Б ажиллахгүй байгаа нь тогтоогдсон тул, сарын орлого, цалин хөлс, санхүүгийн эх үүсвэргүй, нөгөө талаас шүүгдэгчийн удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг нь түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.
4. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж т овогт Хы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 700 (долоон зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.Д нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА