Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2016/00873

 

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2016/00873

Улаанбаатар хот

  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Морингийн зам 60/1 дүгээр байрны 11 тоотод оршин  суух, Харчин овогтой  Нямаагийн Дүгэржав /РД:ИР77040614/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах ОСНАА  ХҮТ 10-т холбогдох

Гэм хорын хохиролд 8.045.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , гэрч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр **************ны нутаг дэвсгэрт байрлах Буянт Ухаа цогцолборын 60/1-11 тоотод буюу манай гэрт ус алдсан. Ингээд ХҮТ-10-т дуудлага өгсөн. Тухайн үед байранд манай найзынх амьдарч байсан. Паарны халуун ус алдсанаас болж их хэмжээний хохирол гарсан. Ус алдсанаас хойш слесарь маш удаж байж хэдэн цагийн дараа ирсэн. Тэгээд контор даатгалын компанид хандтал 4 дүгээр сард даатгал нь цуцлагдсан байсан учир даатгалд хамруулах боломжгүй гэж хариу хэлсэн. Тэгэхээр нь бид Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газарт хүртэл хандсан. Тэр өдөр манай дээд талын айл ус алдсан байсан тул хэрэглээний усыг нь хаасан байсан. Ус хаасан байсан учир даралт нь өндөрсөөд манай байрны шугам мултарсан байгаа юм. Өмнөх жилд шалан доогуур байсан шугамыг ио болгож өөрчилсөн. Тэр ил гаргах ажлыг эдний конторын слесараар солиулж, хийлгэсэн юм. Тэгтэл дараа жил нь тэр шугам нь мултраад ус алдсан байгаа юм. Тухайн үед гэрт хүн байгаагүй учир 1 комьпютер, паркетан шал, хана, хаалга, компьютерийн процессор, кирби тоос сорогч, хөргөгч, хүнсний зүйл бүгд халуун усанд ашиглах боломжгүй болсон. Бид дээрхи эд зүйлсээ үнэлгээний компаниар үнэлүүлсэн. Иймд хариуцагч байгууллагаас 8.045.600 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр ус алдаж байна гэх дуудлагын дагуу засварчин цаг алдалгүй очсон. Тэгээд засварчинг очиход халуун ус гойжиж байсан тул хэрэглээний халуун ус байх магадлалтай гээд байраар нь халуун усыг хаагаад явсан. Тухайн үед айл эзгүй байсан. 11 дүгээр сарын 14-ний өдөр их ачаалалтай үе учир систем буулгаж болохгүй. Халуун усыг байраар нь хаагаад руу мэдэгдсэн. Энэ айл 2 цагийн дараа ирсэн. Тэгээд дахиад засварчин очсон. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар засварчны буруутай үйл ажиллагаанаас болсон гэж тайлбарлаж байна. ын гэрийн шугамыг слесарь жилийн өмнө зассан байдаг. Өмнө нь дээд айлынх нь паар хагарч ус алдсан байсан. Халаалтыг 9 дүгээр сард өгсөн. Гэтэл энэ асуудал 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон асуудал. Хуулиар шугам сүлжээг далд байлгаж болохгүй учир ил гаргасан байгаа. Тэгээд ил гаргасан ажлыг урд жил нь хийсэн байдаг. Хэрэв муу хийсэн бол тухайн үедээ мэдэгдэнэ. Халаалт ирээд 2 сарын дараа энэ асуудал болж байхад энэ засвартай ямар ч хамааралгүй. Хэрэв боолтыг дутуу хийсэн бол даралттай халуун ус шугамаар ирж байхад тэр даруйдаа л эвдэрч ус алдана. Энэ асуудал манай конторын буруутай үйл ажиллагаанаас болсон гэх нэг ч зүйл байхгүй. Энэ айл өөрөө эзэнгүй байсан тул халуун ус алдаж, хохирол гарсан. Манайх хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Халуун усыг цаанаас хаахад шугамд ямар нэгэн даралт үүсэхгүй. Манай буруугаас болоогүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нисэхэд байрлах ын байранд түр амьдарч байсан. Сантехникийн слесарын буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан. Өмнө нь тухайн үед ажиллаж байсан слесарь засвар хийсэн байсан. Слесарь нарын буруутай үйл ажиллагаанаас гэм хорын хохирол учирсан. Далд байсан системийг сольж ил болгосон. Энэ солих ажлынхаа явцад холболтыг хийхдээ слесарь нь тээглүүлэгч хаймерийг хийгээгүйгээс буруу угсарсан. Мөн дээд айл ус алдахад халаалтыг хаах байтал халуун усыг хаасан учраас даралт үүсээд, ус алдаж хохирол учирсан. Ажилтны хөдөлмөрлөх үедээ гаргасан алдааг хариуцагч байгууллага хариуцна. гийн компьютер, кирби тоос сорогч, угаалгын машин, хөргөгч болон бусад эд хөрөнгө нь эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон. Иймд гэм хорын хохиролд 8.045.600 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

 

Гэрч шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгтээ: 11 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед хөрш айлын хүн над руу утасдаад танайхаас ус алдаад байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 10 минутын дараа очсон. Орцоор орж ирэхэд ус гойжсон байсан. Тэгээд хаалгаа онгойлготол эд зүйл маань хөвчихсөн, шагай татахаар ус алдсан байсан. Хажуу айлын хүмүүс засварчин дуудсан боловч утсаа авахгүй байна гэсэн. Слесарь тэр өдөр дээд айлд дуудлагаар ирчихээд явсан гэж байсан. Би гэртээ ороод хартал цаад жижиг өрөөнөөс олгойдоод халуун ус гойжиж байсан. Тэр байранд тухайн үед манайх амьдарч байсан тул манай эд хогшил устаж, гэмтэж хохирол учирсан гэв.

Гэрч шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгтээ: 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төвд гомдол ирсэн байсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн дарга өвчтэй байсан учир дарга маань энэ өргөдлийг намайг шалгах үүрэг даалгавар өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр энэ айлд очиж үзсэн. Мөн тус байрны 7 тоот болон 11 тоот айлд очиж үзэхэд 11 тоотын айл нилээн хүнд байдалтай байсан. Гэрт нь байсан будаа, гоймон нь бүгд норсон байсан. Мөн шал нь босчихсон байсан. Эд зүйл бүгд норсон байсан. Тухайн үед хариуцаж байсан слесарьтай нь уулзах гэж 2,3 өдөр явсан боловч уулзаж чадаагүй. Тэгээд орон сууцны даргатай очиж уулзахад дарга нь “... энэ талар сонссон. Манайд албан тоот явуулчих. Комисс гаргая ... ” гэж хэлсэн. Албан тоот явуулахад хариу ирэхгүй байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч нь хариуцагч ОСНАА ХҮТ 10-д холбогдуулан байранд ус алдсанаас учирсан гэм хорын хохиролд 8.045.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “ Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн тухай хуульд заасны дагуу оролцуулна.”, 79.2 дахь хэсэгт ”Тухайн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу томилно.” гэж заасны дагуу иргэдийн төлөөлөгчөөр А.Өлзиймөнх томилогдсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна. “ гэж заасны дагуу зохигчидийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч хэлэхдээ “......Хариуцагч ОСНАА ХҮТ 10-ын слесарын буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлаас болж манай гэрт тухайн үед амьдарч байсан гийн болон манай эд хөрөнгөнд 8.045.600 төгрөгийн хохирол учирсан. Дээд айлын хэрэглээний усыг слесарь буруу хаасанаас болж даралт хүчтэй ирж, урд жилийн дутуу хийсэн шугам нь задарч их хэмжээний халуун ус алдсан” гэжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэлэхдээ “.....Халаалтыг 9 дүгээр сард өгсөн. Гэтэл энэ асуудал 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу 2 сарын дараа болсон асуудал. Хуулиар шугам сүлжээг далд байлгаж болохгүй учир ил гаргах ажлыг урд жил нь хийж, гүйцэтгэсэн байдаг. Хэрэв муу, дутуу хийсэн бол тухайн үедээ задарч мэдэгдэнэ. Гэтэл дараа жилийн буюу халаалт ирээд 2 сарын дараа энэ асуудал болж байхад энэ засвартай ямар ч хамааралгүй. Хэрэв боолтыг дутуу хийсэн бол даралттай халуун ус шугамаар ирж байхад тэр даруйдаа л эвдэрч ус алдана. Тэр өдөр дээд айлынх нь дуудлагаар очсон слесарь нь хэрэглээний халуун усыг хаасан байдаг. Гэтэл хэрэглээний ус хаасанаас пааранд даралт үүсэх асуудал байхгүй. Манай ажилтны буруугаас хохирол гараагүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”гэж тус тус заасны дагуу хариуцагч байгууллагаас шаарджээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын слесарь Мөнхбат далд шугамыг ил болгох ажлыг хийж гүйцэтгэхдээ дутуу, муу хийсэнээс болж, мөн дээд айлын паар хагарч гэмтэхэд нь халаалтыг хаахын оронд хэрэглээний халуун усыг буруу хаасанаас болж даралт хүчтэй ирсэнээр шугам задарч манай *******,*******,*******, Морингийн зам 60/1 дүгээр байрны 11 тоот байрандхалуун ус алдсанаас хохирол учирсан гэсэн нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх3/, ОСНАА ХҮТ-10-ын засвар үйлчилгээний баримт /хх4-9/, ОСНААУГ ХҮТ-10-д гаргасан өргөдөл /хх14/, дуудлага өгсөн гэх утасны фото зураг /хх15/, задарсан шугамын фото зураг /хх16-23/, Л.Уянга, М.Тэмүүлэн нарын тодорхойлолт болон талуудын тайлбараар нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрхи байранд ус алдаж, хохирол учирсан гэдэг нь тус тус тогтоогдож байгаа хэдий ч дээрхи гэм хорын хохирол хариуцагч байгууллагын слесарь Мөнхбатын буруутай үйл ажиллагаанаас учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талууд ус алдсанаас нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учирсан гэдэгт маргаагүй боловч дээрхи хохирол нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч , нарын мэдүүлэг, талуудын тайлбараар тус тус тогтоогдохгүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.”гэж заасны дагуу мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт“Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.”, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан гэж үзэх үндэслэл болон нэхэмжлэгч тухайн үед нэхэмжлэгчийн байранд амьдарч байсан гэх гэрч гийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй гэдэг нь хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн талууд шүүхийн хэлэлцүүлгийн явцад эд зүйлийн үнэлгээний талаар маргаагүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч хариуцагч өөс гэм хорын хохиролд 8.045.600 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч өөс гэм хорын хохиролд 8.045.600 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 150.950 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

   ШҮҮГЧИД                                          Б.МӨНХЖАРГАЛ

                                                     Ж.СЭМЖИД