Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1196

 

 

 

 

 

            

 2019           11            13                                           1196

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч Д.З,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1765/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ц овогт Бийн Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаар, 2 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт Бийн М, Монгол Улсын иргэн, 1970 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, 10-25 насны гурван хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот 53.4 мкв талбайтай ... дугаарын гэрчилгээтэй гурван өрөө орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан иргэн Д.Зд 50.000.000 төгрөгөөр, урьдчилгаа 20.000.000 төгрөг авч худалдсан боловч гэрээний дагуу иргэн Д.З нь үлдэгдэл төлбөрөө төлсөөр байгааг мэдсээр байж уг орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусдад барьцаалан зээл авч зээлийн төлбөрт дээрх орон сууцыг зээлдүүлэгч Ц.Гын нэр дээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн, Д.Зыг хуурч 42.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:  2006 онд “Цогтбилгүүн” компанийг үүсгэн байгуулсан. 2014 оноос эхлэн АНУ-аас будаг оруулж ирж, компаниудтай бартер хийж борлуулдаг болсон. Улмаар “Орчлон” компанид 100.000.000 төгрөгийн будаг нийлүүлж, мөнгөө авч чадаагүй. Ингээд өр төлбөр хэцүү байна, дандаа өндөр хүүтэй хувь хүмүүсээс мөнгө зээлсэн гэдгээ хэлж, “Орчлон” компаниас бартераар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын 32-64 тоотын гурван өрөө орон сууцыг 83.000.000 төгрөгт тооцож шилжүүлэн авсан. Ингээд тус байрыг худалдахаар зар тавьсан. Зарын дагуу Д.З холбогдож, түүнтэй танилцаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот 53.4 мкв талбайтай орон сууцыг 1 мкв талбайг 950.000 төгрөгөөр бодож, 50.000.000 төгрөгөөр худалдсан. Би Д.Зд байраа хямдхан зарж байгаа юм чинь “чи надад байрны мөнгийг бүгдийг нь өгөх боломж байна уу” гэхэд Д.З “бүгдийг нь өгөх боломжгүй байна, урьдчилгаа 22.500.000 төгрөг өгье, үлдэх төлбөрийг сар бүр 2.500.000 төгрөгөөр төлье” гээд, бид тохиролцсон. Д.З урьдчилгаа төлбөрийг төлөөд, сар бүр 2.500.000 төгрөгийг надад төлж байсан.

Миний будаг оруулж ирдэг бизнес муу болж, жижиг дунд үйлдвэрлэлийн санд 2 тэрбумын зээлийн хүсэлт өгсөн боловч хүлээгдээд, шийдэгдэхгүй байсан. Энэ хооронд миний санхүүгийн асуудал улам хүндэрч, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл нэхэгдсэн. Тухайн үеэс хувь лизинг өгдөг хүмүүс байдаг гэдгийг мэдсэн. Ингээд Д.Зд худалдсан орон сууцыг Ц.Г гэх хүнд барьцаалж, 80.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд жижиг дунд үйлдвэрийн сангаас хүссэн зээл бүтнэ гэж бодож явсан боловч бүтээгүй, надад зээл өгсөн Ц.Г гэдэг хүн 80.000.000 төгрөгийн зээлийг нэхэмжилж шүүхэд хандсан. Бид эвлэрүүлэн зуучлахаар орж, би зээл, зээлийн хүүнд 123.000.000 төгрөг төлөхөөр тохирч, шүүхийн шийдвэр гарч, Д.Зд худалдсан байсан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот 53.4 мкв талбайтай орон сууцыг Ц.Гын нэр дээр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлж өгсөн. Сүүлдээ Д.З цагдаад гомдол гаргасан. Д.Заас 42.500.000 төгрөг хүлээн авсан. Гэрээний дагуу бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан, Д.Зд худалдсан байр гэдгээ мэдэж байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ц.Год барьцаалж зээл авсан нь үнэн. Тус орон сууцыг Ц.Гын төлбөрт шилжүүлснийг Д.Зд хэлээгүй. Би хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Хохирлыг нь төлөх гээд төлж чадахгүй байна. Миний Чингэлтэй дүүргийн Яргайтад байдаг сууц нь Капитрон банкны зээлийн барьцаанд байгаа. Үүнийг заръя гэхээр нь банк тэгье гэдэг боловч энэ асуудал шийдэгдэхгүй яваад байгаа. Би Ц.Г гэдэг хүнтэй тохироод өөрийнхөө Чингэлтэй дүүргийн Яргайтад байдаг сууцыг 450.000.000 төгрөгт тооцож, Год өгсөн. Уг байрнаас Г 123.000.000 төгрөгөө хасч, үлдэгдэл мөнгөнд нь Д.Зын байрны гэрчилгээ, 3 өрөө байрыг авахаар болсон гэв.

 

Хохирогч Д.З мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр unegui.mn сайтад байсан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ... тоот 53.4 мкв талбайтай орон сууц худалдана гэсэн зарын дагуу ярьж, уулзсан. Уулзахад зуучлагч компани байсан. Нөхөр бид хоёр “20.000.000 төгрөг байна, лизингээр авч болох уу” гэхэд “болно, одоо зарах хүнээс нь асууя, байр нь сул байгаа юм чинь та хоёр хэзээ ч орж болно” гэж хэлсэн. Маргааш зуучлалын байранд нь байсан хоёр эмэгтэй яриад “байрны эзэн нь зөвшөөрсөн, ирээд гэрээгээ хийгээд байрандаа ороорой” гэсэн. Би нөхрийн хамт, мөн Б.М, зуучлалын газрын эмэгтэй бид дөрөв уулзсан. Би бүх газар амарч байгаа байх гэтэл зуучлалын газрын эмэгтэй “энд нэг нотариат байгаа, амралтын өдөр ч ажилладаг, үнэ нь өндөр байх тэрийг бид нар төлнө” гэж хэлээд нотариат орж худалдах худалдан авах гэрээ хийсэн. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 32-64 тоот 53.4 мкв бүхий 3 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээг Б.Мтай байгуулж, гэрээндээ урьдчилгаа 20.000.000 төгрөгийг өгөөд, үлдэх 30.000.000 төгрөгийн төлбөрийг нэг жилийн хугацаанд сар болгоны 28-ны өдөр 2.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ингээд 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2016 оны 12 сар хүртэл сар бүр төлбөрөө төлсөн. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хэтрүүлэхгүй, бушуухан төлье гээд төлж яваад үлдэгдэл 7.500.000 төгрөг үлдэхээр нь 2016 оны 9 дүгээр сард Б.Мтай уулзсан. 7.500.000 төгрөгийг төлөөд байраа нэр дээрээ авъя гэсэн. Тэгэхэд Б.М “би “Жайка”-ийн төсөл хэрэгжүүлж байгаа, миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэл байх хэрэгтэй байна, эгч нь 2016 оны 12 сард буюу хугацаандаа өгье” байрыг чинь шилжүүлж өгье” гэхээр нь “тэгье” гэсэн. Ингээд 2016 оны 12 сард Б.М руу ярьж орон сууцны үлдэх төлбөрийг төлөөд, байрны бичиг баримтыг өөрөө дээрээ авъя гэхэд би “түр хүлээж байгаач, эгчийнх нь ажил болохгүй байна” гэхээр нь хүлээсэн. Улмаар Б.М утсаа авахаа больж, алга болсон. Ажлын газар дээр нь яваад очтол компани нь татан буугдсан гэсэн. Дараа нь би гэрийн хаягаар нь хайж Гандангийн цагаан байранд нь очиход Б.Мгийн ээж нь байсан. Намайг юун хүн бэ гэхээр нь “Б.Мгаас би байр худалдан авсан юм, байрны гэрчилгээгээ авах гэсэн юм, та нэг хэлээд өгөөч, эсхүл цагдаад хандана гэж” хэлсэн. Тэгтэл орой нь Б.М над руу утсаар яриад  миний ажил болохгүй байна, одоо 2-3 сар хүлээж байгаа ч гэхээр нь би хүлээсэн. Хүлээсээр 3-4 сар өнгөрч байна. Би одоо 42.500.000 төгрөг нэхэмжилнэ. Эсхүл байрны гэрчилгээгээ авах хүсэлтэй байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Д.Зын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),

 

2. Хохирогч Д.Зын мөрдөн шалгах ажиллагаанд:

 

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:

 “... Нөхөр бид хоёр зарын дагуу 2015 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 32-1-64 тоот 53.4 м/кв хэмжээтэй 5 давхарт байх “Орчлон-2” хорооллын байрыг Б.М гэдэг хүнээс 50.000.000 төгрөгөөр авахаар тохирч, урьдчилгаа 20.000.000 төгрөгөөр бэлнээр өгч, үлдсэн 30.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сар бүр 2.500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б.Мд өгөхөөр тохирч гэрээ байгуулсан. Тэгээд манай гэр бүл байрандаа орж сард төлөх төлбөрийг хугацаа алдалгүй Б.Мгийн данс руу шилжүүлдэг байсан. Үлдэгдэл 7.500.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард бэлнээр олоод Б.М гэдэг хүнтэй уулзаад төлбөрийг бүрэн барагдуулж байрны бичиг баримтаа өөрийн болгож авъя гэхэд Б.М “танай байрыг барьцаанд түр тавьсан байгаа, гэрээнд заасан хугацаа дуусахаар болъё” гэхээр нь би 7.500.000 төгрөгөө өгөхгүй хүлээсэн. Гэрээний хугацаа дуусахад манай байрны бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Б.М өөрийн нэр дээр байсан, манайд зарсан байраа хүнд барьцаанд тавьчихсан, удахгүй өгнө гэж худлаа ярьсаар байгаа. Би өөрийн байрыг эсвэл Б.Мд өгсөн нийт 43.000.000 төгрөгийг буцааж авахыг хүсч байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

“... Би анх байрыг 50.000.000 төгрөгөөр авахаар тохирч, урьдчилгаа 20.000.000 төгрөгийг өгч, үлдсэн 30.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд сард 2.500.000 төгрөг төлөхөөр тохирсон. Урьдчилгаа мөнгөө Б.Мд бэлнээр өгч, үлдсэн мөнгийг сар бүр хугацаанд нь төлсөн. 3 сарын мөнгө болох 7.500.000 төгрөг дутуу байхад нь мөнгөө бүрэн хийгээд байрны бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хүсэхэд Б.М нь надад зарсан байраа барьцаанд тавьсан гэдгийг мэдээд төлөлт хийхээ больсон. Одоо 7.500.000 төгрөг дутуу байгаа. ...Надад байрыг барьцаанд тавьсан талаар урьдчилан мэдэгдээгүй, ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй. Миний хохирлыг одоо болтол барагдуулахгүй байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),  

-2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:

“... Би байрны урьдчилгаа 17.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 3.000.000 төгрөгийг Хаан банкны данснаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Тиймээс сар бүрийн төлөлтөд 3.000.000 төгрөг хамаагүй. Би баримтыг шүүж үзэхэд 2 дугаар сарын төлөлтийн 2.500.000 төгрөг болон 6 дугаар сарын үлдэгдэл 1.000.000 төгрөгийн баримт байхгүй байна. Тухайн үед би сар бүрийн төлөлтийг бүрэн хийсэн. ...Би Мд урьдчилгаа 20.000.000 төгрөг,  9 сарын хугацаанд сар бүр 2.500.000 төгрөг төлж, нийт 22.500.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 7.500.000 төгрөг төлөөгүй байгаа. Төлөөгүй шалтгаан нь байрны гэрчилгээ гараагүй, хүнд барьцаанд тавьсан гэдгийг мэдээд төлөөгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал),

-2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

“... Байрыг анх 50.000.000 төгрөгөөр авахаар тохироод урьдчилгаанд 20.000.000 төгрөг төлж, сар бүрийн 2.500.000 төгрөг төлж байсан. Нийт 42.500.000 төгрөг төлсөн,  үлдэгдэл 7.500.000 төгрөгийг бүрэн төлөх гэхэд байрыг бусдад барьцаалсан гэдгийг Б.Мгаас мэдээд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Б.М хэлэхдээ намайг 6 сар хүлээчих, ажил бүтэхээр байрыг барьцаанаас гаргаж өгнө, үлдэгдэл 7.500.000 төгрөгийг авахгүй гэж намайг хүлээлгэсэн. Тэгээд хэлсэн амандаа хүрэхгүй их удахаар нь цагдаад хандсан. 2016 оны 9 дүгээр сард мөнгөө өгч байраа авъя гэхэд Б.М “төсөл хэрэгжүүлэх гээд эд хөрөнгөөр бүртгүүлсэн байгаа, 2016 оны 12 дугаар сард гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө өгөхөө больж 2016 оны 12 дугаар сард мөнгөө бүгдийг нь авъя гэж хэлсэн. Г гэдэг хүнд барьцаанд тавьсан гэдгийг цагдаад хандахаас өмнө мэдсэн. Г гэдэг хүн манай гэрт ирээд байрыг авсан гэдгээ хэлсэн. Анх байрыг авахдаа байрны бичиг баримтыг үзсэн. Тэгэхэд Б.Мгийн нэр дээр байсан болохоор гэрээ байгуулсан. Би гомдолтой байна. Би хохирч байгаа учраас мөнгө болон байрны аль олдож байгааг авна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал),

 

3. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамжны 32 байр, 64 тоот хаягт байршилтай, 53.4 мкв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү2201044690 дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн 458149 тоотод 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Мгийн эзэмшилд бүртгэгдсэн тухай гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар тал),

 

4. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр худалдагч тал Б.М, худалдан авагч Д.З нарын хооронд байгуулсан зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 221 дүгээр тал), 

 

5. Хохирогч Д.Зын Төрийн банкинд эзэмшдэг дансны 2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга /Б.Мгийн данс руу орон сууцны төлбөр 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн талаар/ (1 дүгээр хавтаст хэргийн 21-26 дугаар тал),

 

-Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хүлээн авагч Б.Мд 2016 оны 01 дүгээр сарын 26-нд 2.500.000, 2016 дугаар 3 дугаар сарын 26-нд 2.500.000 төгрөг,  2016 оны 4 дүгээр сарын 25-нд 2.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай / (1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дүгээр тал),

 

-мөн түүний Хаан банкинд эзэмшдэг дансны 2016 оны 8 дугаар сарын 07-ноос 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал), Хаан банкны орлогын мэдүүлэг /хүлээн авагч Б.Мд 2015 оны 12 дугаар сарын 25-нд 2.500.000 төгрөг шилжүүлсэн тухай / (1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

6. Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.М гэх хүнтэй 3 хувийн хүүтэйгээр 6 сарын гэрээ хийж, 80.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 607 дугаар байрны 23 тоотын 37.9 м/кв байр, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын 18105 гудамж 32 дугаар байрны 64 тоот байр 53.4 м/кв орон сууцуудыг барьцааны гэрээ хийж надад барьцаанд тавьсан. Б.М надаас авсан 80.000.000 төгрөгийг гэрээний хугацаанд өгөхгүй 1 жил гаруй болсон. Тэрнээс хойш гомдол гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шижүүлсэн. Б.М нь надад барьцаалсан хоёр орон сууцыг хувь лизингээр 2 хүнд худалдсан байсан.  Би Б.М гэх хүнд 2016 оны 12 дугаар сарын 22-нд 80.000.000 төгрөг зээлдүүлж гэрээ хийж, нэг өрөө, гурван өрөө тус бүрийг барьцааны гэрээ хийж үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн. ...Тухайн үед лизингээр худалдсан байсан талаар мэдээгүй. Надад байрыг хүнд түрээслүүлсэн байгаа гэж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дугаар тал),

 

7. Ц.Г, Б.М нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 121, 123-124 дүгээр тал),

 

            8. Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар  сарын 06-ны өдрийн 2145 тоот албан бичигт

 “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт гудамж, 32-р байрны 64 тоот орон сууц нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ц.Гтой байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 155, 2 дугаар хавтаст хэргийн 144 дүгээр тал),

 

            9. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 102/шш2018/00780 дугаартай шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 181-183 дугаар тал), тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ГХ2018/00397 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар тал),

 

            10. Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 381 тоот албан бичигт “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт гудамж, 32-р байрны 64 тоот хаягт байрлах орон сууц нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрээр иргэн Ц.Гын өмчлөлд шилжин бүртгэгдсэн тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал),

-Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32-р байр, 64 тоот хаягт байршилтай 53.4 мкв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Цэдэвийн Г бүртгэлтэй тухай улсын бүртгэлийн 000672437 тоот гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 187 дугаар тал),

           

11. Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд

яллагдагчаар:2019 оны 01 дүгээр сарын 31-ний өгсөн:

“... Би 2014 онд “Орчлон” констракшинд будаг нийлүүлж, 87.000.000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан байрнаас 3 өрөө байрыг тооцож авсан. Уг байраа би З гэдэг хүнд 50.000.000 төгрөгөөр зарахаар тохирч, урьдчилгаа 20.000.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 30.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хүүгүй зарахаар тохирч гэрээ байгуулсан. Би 2016 оноос жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл хүсээд бүтчих байх гэж бодоод “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан байсан. Үүний төлбөр 60 гаран сая төгрөг ...гээд байхаар нь Г гэдэг хүнээс 80.000.000 төгрөг зээлж, барьцаанд нь Зд зарсан байрыг тавьсан. ...Миний хүссэн зээл бүтэхээ больж, би өөрөө эргэлтийн хөрөнгөгүй болоод Гын мөнгийг төлж чадахгүй байсан. Г намайг иргэний хэргийн шүүхэд өгсөн. Шүүхээс 125.000.000 төгрөг Год төлөх шийдвэр гаргасан. 2019 оны 01 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны журмаар байрнууд Гын нэр дээр шилжсэн. ...Би байрыг барьцаанд тавьсан гэдгээ худалдаж авсан хүмүүстээ хэлээгүй. Зд би төлбөр төлж дуусахаас 3 сарын өмнө барьцаанд тавьсан байгаа гэдгээ хэлсэн. З ...нийт 42.500.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 7.500.000 төгрөг төлөөгүй. ...Гоос авсан мөнгөө зээлээ дарахад ашигласан. Зарим мөнгийг үйл ажиллагаандаа зарцуулсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар тал),

-2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин өгсөн:

“... Г гэдэг хүн өөрийн хувийн хаусыг зараад оронд нь 3 байр авч банкны барьцаанд тавьж Зд ...зарсан байрыг чөлөөлж өгөхөөр тохирсон. Гоос ...авсан 80.000.000 төгрөгийг “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг дарахад ашигласан. Анх бол 40 гаран сая төгрөгийн зээлийг өөрийн нэр дээр авч хүүний хамт 67 сая төгрөг болгож өгсөн. Үлдсэн 13.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг хүнд зээлээд үлдсэн 3.000.000 төгрөгийг үйл ажиллагаанд зарцуулсан. “Эко капитал”-аас авсан мөнгийг “...” ХХК-ний үйл ажиллагааны зардалд ашигласан. “Эко капитал”-аас би өөрийн нэр дээр хувь хүнээс зээл авсан байсан. Тэгээд Г ахаас авсан мөнгөөр өрөө дарсан. Би “Капитрон” банктай 2006 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Тиймээс зээл авч өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан. Зээл төлөлтийг тухай бүрт хийж байгаа бөгөөд одоогоор төлөлтийг зогсоосон байгаа. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),

 

12. Хан-Уул дүүргийн прокурорын хэрэг бүртгэлтийг хаах тухай 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1024 дугаар тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар тал),

 

13. Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 148, 164 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 153, 158 дугаар тал), Б.М, Ц.Цогтбаатар нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар тал),  

 

14. Шүүгдэгч Б.Мгийн эд хөрөнгийн талаар:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 7/6384 дугаартай албан бичигт “...Б.Мгийн өмчлөлд бүртгэлтэй байсан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамжны 32-р байрны 64 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар иргэн Ц.Гын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна” гэсэн лавлагаа,

-иргэн Б.Мгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү2204071352 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжугийн гудамжны 18 дугаар байрны 35 тоот хаягт байршилтай орон сууц,

-Эрхийн улсын бүртгэлийн Ү2202010580 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 2894 хаягт байршилтай хувийн сууц тус тус бүртгэлтэй байх бөгөөд Капитрон банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. ..” гэх лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 76 дугаар тал), Капитрон банкны зээлийн гэрээ, барьцааны  гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 154-156, 167-171 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.М нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын 18105- гудамжны 32 дугаар байрны 64 тоотын 53.4 мкв талбайтай ... дугаарын гэрчилгээтэй гурван өрөө орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах”-г гэрээ байгуулан иргэн Д.Зд 50.000.000 төгрөгөөр, урьдчилгаа 20.000.000 төгрөг авч худалдсан боловч гэрээний дагуу иргэн Д.З нь үлдэгдэл төлбөрөө төлсөөр байгааг мэдсээр байж уг орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусдад барьцаалан зээл авч зээлийн төлбөрт дээрх орон сууцыг зээлдүүлэгч Ц.Гын нэр дээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн, Д.Зыг хуурч 42.500.000 төгрөгийг залилан хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, зээлээр орон сууц худалдах гэрээ, улсын бүртгэлийн газрын лавлагаа, орон сууцны гэрчилгээ, зээлийн гэрээ болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар нотлогдсон гэж үзэж байгаа тул түүнийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.

Б.Мгийн үйлдсэн хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжилсэн бөгөөд, уг гэмт хэрэг нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт хамаарч байх боловч уг зүйл, хэсэгт заасан ялын хэмжээ нь өндөр байх тул шүүгдэгчид түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн, тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч Б.Мгаас 42.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Зд олгох үндэстэй байна гэсэн дүгнэлт;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар дүгнэлтдээ “Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар шүүгдэгч маргахгүй. Шүүгдэгч Б.М нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлыг барагдуулахаар хичээж байгаа. Өөрийн хаусыг зарж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа,  төлж барагдуулна” гэсэн дүгнэлт тус тус гаргаж, мэтгэлцэв.

Шүүгдэгч Б.М хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл улсын бүртгэлийн Ү2201044690 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамжны 32 байр, 64 тоот хаягт байршилтай, 53.4 мкв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.М нь  2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар тал)

Б.М нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг худалдан борлуулахаар unegui.mn сайтад зар тавьсан байх бөгөөд иргэн Д.З нь уг зарын дагуу шүүгдэгч Б.Мтай холбогджээ.

Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамжны 32 байр, 64 тоот хаягт байршилтай, 53.4 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг 50.000.000 төгрөгөөр худалдахаар Д.Зтай тохиролцсон, түүнтэй 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “зээлээр орон сууц худалдах, худалдан авах” гэрээ байгуулан, гэрээ байгуулсан өдөр 17.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-нд 3.000.000 төгрөг Д.З нь түүнд төлөх, үлдэх төлбөрийг сар бүрийн 28-нд 2.500.000 төгрөг Б.Мгийн Төрийн банк, Хаан банкинд эзэмшдэг дансанд хийж, 2015 оны 12 дугаар сарын 31-нд төлбөрийг төлж дуусгахаар, төлбөр тооцоо дууссаны дараа орон сууцны нэр шилжүүлэхээр Б.М, Д.З нар тохиролцсон, гэрээний дагуу иргэн Д.З нь Б.Мд орон сууцны урьдчилгаа 20.000.000 төгрөгийг төлж, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сард орон сууцны үлдэх төлбөрт сар бүр 2.500.000 төгрөг төлсөөр байсан, нийт 42.500.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн дансны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэг гэсэн баримтууд, хохирогчийн мэдүүлэг зэргээр үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл шүүгдэгч Б.М нь иргэн Д.Зыг орон сууцны үлдэх төлбөрийг төлсөөр байгааг мэдсээр байж түүнд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  худалдсан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамжны 32 байр, 64 тоот хаягт байршилтай, 53.4 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусдад буюу иргэн Ц.Год барьцаалж, зээлийн төлбөрт шилжүүлэн иргэн Д.Зыг хуурч түүний 42.500.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн авч, залилсан болох нь:

-2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Д.Зын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),      

-хохирогч Д.Зын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 32-1-64 тоот 53.4 м/кв хэмжээтэй 5 давхарт байх “Орчлон-2” хорооллын байрыг Б.М гэдэг хүнээс 50.000.000 төгрөгөөр авахаар тохирсон. ...урьдчилгаа 20.000.000 төгрөг бэлнээр өгч, үлдсэн 30.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сар бүр 2.500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б.Мд өгөхөөр тохирсон. ...төлбөрийг хугацаа алдалгүй Б.Мгийн данс руу шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сард үлдэгдэл 7.500.000 төгрөгийг олоод төлбөрийг бүрэн барагдуулж байрны бичиг баримтаа өөрийн болгож авъя гэхэд Б.М “танай байрыг барьцаанд түр тавьсан байгаа, гэрээнд заасан хугацаа дуусахаар болъё” гэсэн. ...Гэрээний хугацаа дуусахад манай байрны бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй ...Б.М өөрийн нэр дээр байсан, манайд зарсан байраа хүнд барьцаанд тавьчихсан, худлаа ярьсаар байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “...Надад байрыг барьцаанд тавьсан талаар урьдчилан мэдэгдээгүй, ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр тал), 

-2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал),

-2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Б.М, Д.З нарын хооронд байгуулсан зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 221 дүгээр тал), хохирогч Д.Зын дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэг болон орлогын баримт  (1 дүгээр хавтаст хэргийн 21-29 дүгээр тал),

-Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.М гэх хүнтэй 3 хувийн хүү, 6 сарын гэрээ хийж, 80.000.000 төгрөг зээлүүлсэн. ...барьцаанд ...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын 18105 гудамж 32 дугаар байрны 64 тоот байр 53.4 м/кв орон сууцыг ...тавьсан. ...Тухайн үед лизингээр худалдсан байсан талаар мэдээгүй. Надад байрыг хүнд түрээслүүлсэн байгаа гэж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дугаар тал), Ц.Г, Б.М нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 121, 123-124 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар  сарын 06-ны өдрийн 2145 тоот албан бичгээр гаргасан лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 155, 2 дугаар хавтаст хэргийн 144 дүгээр тал), Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 181-183 дугаар тал), шүүхийн гүйцэтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар тал),

             -Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан байрыг З гэдэг хүнд 50.000.000 төгрөгөөр зарахаар тохирч, урьдчилгаа 20.000.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 30.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хүүгүй зарахаар тохирч гэрээ байгуулсан. ...Г гэдэг хүнээс 80.000.000 төгрөг зээлж, барьцаанд нь Зд зарсан байрыг тавьсан. ...Би байрыг барьцаанд тавьсан гэдгээ худалдаж авсан хүмүүстээ хэлээгүй. З ...нийт 42.500.000 төгрөг төлсөн ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсоны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Тодруулбал гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.  

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.М нь иргэн Д.Зтай зээлээр орон сууц худалдах худалдан авах хэлцэл хийж, иргэн Д.Заас орон сууцны төлбөрт сар бүр 2.500.000 төгрөг шилжүүлж авч байснаа мэдэж байгаа атлаа Д.Зд мэдэгдэхгүйгээр түүнд худалдсан орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Год зээлийн барьцаанд барьцаалсан,

-нөгөө талаас хэлцлээр тохирсон хугацааны өмнө төлбөрийн үлдэгдэл 7.500.000 төгрөгийг төлж, байрны бичиг баримтыг өөрийн нэр дээр авъя гэж хохирогч Д.З нь 2016 оны 10 дугаар сард шүүгдэгч Б.Мд хэлэхэд “танай байрыг барьцаанд түр тавьсан байгаа, гэрээнд заасан хугацаа дуусахаар болъё” гэж хэлсэн, тухайн цаг хугацаанд Д.Зд худалдсан орон сууцыг Б.М нь бусдад барьцаалаагүй байсан атлаа хохирогчид шилжүүлж өгөөгүй байдал, харин үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусдад барьцаалан гэрээ байгуулсан зэрэг үйлдлийн шинж байдлаас дүгнэхэд анхнаасаа Д.Зд зээлээр худалдсан гэх орон сууцыг түүнд шилжүүлэн өгөхгүй гэсэн санаа зорилгыг агуулж, харин өөрийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэхээр гэрээгээр халхавчлан хуурч, хохирогчийн мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бусдад төлөх өр төлбөртөө ашигласан, мөн худалдсан орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл өөрийн нь нэр дээр байгаа байдлыг ашиглан бусдад барьцаалж зээл авсан, уг зээлээ төлөөгүй, шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжүүлчихэд хохирогчид удаа дараа байрыг чинь шилжүүлнэ гэж худал ярьсан байдал нь буцааж хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулжээ.

Иймд шүүгдэгчийн энэхүү үйлдлийг хуурч, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд,  өмчлөлд шилжүүлэн залилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Б.М нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн байх ба, шүүгдэгч Б.Мгийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн шинжээрээ мөн зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

 Харин хохирогч нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байх ба, 2017 оны 7 сарын сарын 01-ний өдрөөс 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийг мөрдөж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үр дагавар үүссэн.

Энэхүү зарчим нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тус тус зохицуулан тусгагдсан.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь 2015 оны Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд шүүгдэгч Б.М бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт “эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан, харин шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...”, гэмт хэргийн шинжид нийцсэн, тус зүйл хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Иймд Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хууль буцаан хэрэглэх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Б.Мгийн гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Мг “...хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч бусдад 42.500.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэнд дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

            Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 958 дугаар “шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг прокурорт буцаасан” шийдвэрт шүүгдэгч Б.Мгийн Хан-Уул дүүргийн 4 хороо, шинэ хотхоны 607-23 тоотын 37.9 мкв орон сууцыг мөн иргэн Д.Баярмаад орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан, орон сууцны төлбөрийн урьдчилгаанд 18.000.000 төгрөг шилжүүлэн авсан атлаа, уг орон сууцыг бусдад барьцаалсан гэх үйлдлийг шалгахаар заасан байх ба, прокурорын шатанд иргэн Д.Баярмаа, Б.М нар нь баталгаа гаргах нь гэх утга бүхий баримт (1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр тал)-ыг үйлдсэн, Хан-Уул дүүргийн прокуророос  Б.Мгийн дээрх үйлдэлд нь явуулсан хэрэг бүртгэлтийг хаасан тухай 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1024 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар тал) гарсан, уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг үндэслэн тус хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

            Мөн хохирогч Д.З нь Сонгинохайрхан дүүргийн нотиаратч дээр очиж, гэрээ байгуулан анх урьдчилгаа төлбөрийг төлсөн талаар мэдүүлсэн ба, прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг төгссөн газар тодорхойгүй байгаа боловч хохирогч нь орон сууцны үлдэх төлбөрийг шилжүүлэх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын 18105 гудамжны 32 дугаар байрны 64 тоотод оршин сууж байсан, банкны баримтыг үзэхэд төлбөрийг Хаан банкны Сонгинохайрхан дүүрэг “Өнөр” тооцооны төвөөс шилжүүлж байсан зэрэгт үндэслэн тус дүүрэгт гэмт хэрэг төгссөн гэж үзэж, мөн талууд хэргийг харьяалалаар маргаагүй тул тус шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Тус хэргийн улмаас хохирогч Д.Зд 42.500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба, шүүхээс шүүгдэгч Б.Мг хуурч, бусдын эзэмшилд өмчлөлд байсан эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасан

Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг ажлын 5 хоногт  завсарласан ба, энэхүү завсарласан хугацаанд хохирогч Д.З нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын 18105 гудамжны 32 дугаар байрны 64 тоот 53.4 м.кв гурван өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан талаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд мэдүүлсэн, иргэн Ц.Цогтбаатар, Д.З нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн гэх худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн 000739503 дугаартай гэрчилгээ зэргийг шүүхэд өгсөн, хохирогч Д.З хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж байгаа учир нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах”, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болно гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатараас “шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, 10-25 насны 3 хүүхэдтэй зэргийг харгалзан үзнэ үү. Байрны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хохирогч Д.Зын нэр дээр шилжүүлсэн, хэн аль нь гомдол гаргахгүй гэсний үндсэн дээр байрны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлсэн. Иймд Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэн, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.М нь хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Б.Мг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, анх  удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн.

 

 

4. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Бийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.З нь хохирол нөхөн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА