Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 879

 

2016 оны 10 сарын 06 өдөр

 

Дугаар 183/ШШ2016/00879

               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Тусгаар тогтнолын ордон”-ын 3 давхарт 310 тоотод байрлах “Та глобал капитал” ББСБ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжны 63А байрны 9 тоотод оршин суух, Цахар овогтой Чулуунбатын Ариунжаргалд холбогдох,

             Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41,196,367 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагч Ч.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Тайванжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Та глобал капитал” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Ч.Ариунжаргал нь манай банк бус санхүүгийн байгууллагаас /:5891361, улсын бүртгэлийн №9015003033/ 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №14/ЗГ тоот зээлийн гэрээ, ээж Чонос овогт Аюушийн Лхамжавын итгэмжлэлтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам 121-А-3 тоот 125 м.квадрат талбайтай таван өрөө орон сууц барьцаалан 14/БГ тоот барьцааны гэрээгээр 30,000,000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, Дарханд 5 айлын таунхаусын дотоод засалд зориулж 6 сарын хугацаатай буюу 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 6 сарын хугацаагаар сар бүр зээлийн хүү төлж, хугацааны эцэст 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн барагдуулахаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хугацааг сунгасан. Зээлдэгч 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1 дүгээр сарын зээлийн хүүний төлбөр болох 1,500,000 төгрөгийн төлөлтөөс хойш нэг ч зээлийн хүү болон зээлийн үндсэн төлбөрөөс төлөт хийлгүй 153 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ зөрчиж байна. Бид зээлдэгч Ч.Ариунжаргалд 2 удаа зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр барагдуулах тухай шүүхэд хандах мэдэгдэл өөрт нь гардуулж өгсөн ба удаа дараа утсаар болон мессэжээр төлбөрөө барагдуулах талаар мэдэгдэж байсан болно. Иймд зээлдэгч Ч.Ариунжаргал нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул биелүүлээгүй үүргийн төлбөр болох 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү 656,367 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 07-ноос 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн хүү буюу төлөгдөөгүй 153 хоногийн зээлийн хүү 7,650,000 төгрөг зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг нийт зээлийн төлбөр 38,306,367 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,482 төгрөг, нотариат үйлчилгээний хөлс 10,000 төгрөг нийт 38,665,849 төгрөгийг хуулийн дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө  үү гэсэн шаардлага гаргасан.

Нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү 480.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн хүү буюу төлөгдөөгүй 48 хоногийн зээлийн хүү 2,400,000 төгрөг нийт 2,880,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, байна. Хуулийн дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Та глобус капитал” ББСБ нь иргэн Ч.Ариунжаргал нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр харилцан тохиролцож 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг байгуулсан. 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 38,316,367 төгрөг, нотариатын төлбөрт 10,000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжилсэн ба 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлэн нийт 2,880,000 төгрөг нэхэмжилсэн. Бүгд нийлээд нийт 41,196,367 төгрөгийг хуулийн дагуу гаргуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Ч.Ариунжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би “Та глобус капитал” ББСБ-иас 30,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Уг мөнгийг Дархан-Уул аймагт баригдаж байгаа таун хаус барилгын дотоод засалд хэрэглэсэн. Миний хариуцан бариулсан уг барилгаас нэг ч барилга зарагдаагүй байгаа учир санхүүгийн боломжгүй болж зээлээ төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Зээл авснаас хойш өөрийнхөө боломжоор зээлийн хүүгээ цаг тухайд нь төлж барагдуулдаг байсан. Одоо хүртэл таун хаус байрнаас зарагдаагүй, эргэж орлого олоогүй байгаа учир зээлийн төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байна. Зээлийн хүүгийн төлбөрт 1 жилийн 60 хувиар тооцож төлөхөд хүндрэлтэй байна. Иймд үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү өндөр байгаа тул багасгаж өгнө үү”  гэв.

     Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Та глобал капитал” ББСБ нь хариуцагч Ч.Ариунжаргалд холбогдуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38,316,367 төгрөг гаргуулах, нотариатын төлбөрт 10,000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,880,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 41,196,367 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №14 тоот зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 30 000 000 төгрөгийг зээлж авсан ба зээлийн гэрээнд заасан графикийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 6 өдөр хүртэл зээлийг төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор, мөн 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хугацаа сунгах, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 5 сараар сунгахаар тус тус тохиролцжээ.

 

Мөн өдөр талууд №14/БГ тоот барьцааны гэрээ байгуулан А.Лхамжавын өмчлөлийн улсын бүртгэлийн 000138297 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гачууртын зам, 121-а-3 тоот тоот 125 м.кв таван өрөө орон сууцыг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №14/ЗГ дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 14/БГ дугаартай барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028271 дугаартай гэрчилгээ, зээл төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигч зээлийн болон барьцааны гэрээний хувьд маргаагүй, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан тул “Та глобал капитал” ББСБ, хариуцагч Ч.Ариунжаргал нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №14/ЗГ дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 14/БГ дугаартай барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр юм.

 

   Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/433 дугаар тусгай зөвшөөрлөөр “Та глобал капитал” ББСБ ХХК-нд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон /хх-ийн 5 хуудас/ тул “Та глобал капитал” ББСБ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

  Зээлийн гэрээний хугацаа сунгаад 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр дууссан ба зээлдэгч нь зээлийн хүүний төлбөрт 1,500,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож  байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Ариунжаргал зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41,196,367 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэж, хариуцагч нь “...зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч байна. Харин үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү өндөр байгаа тул багасгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчид зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан ба зээлийн гэрээндээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох болон багасгах талаар тохиролцоогүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байх ба түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

 Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар... шударгаар биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцжээ. 

 

Иймд хариуцагч Ч.Ариунжаргалаас үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 10,050,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,136,367 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг, нийт 41,196,367 төгрөгийг гаргуулж, “Та глобал капитал” ББСБ-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг хүлээн авч зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ч.Ариунжаргалаас 41,196,367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Та глобал капитал” ББСБ-д олгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ч.Ариунжаргалаас 410,512 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Та глобал капитал” ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,512 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл төлбөрийг зээлдэгчийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204028271 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гачууртын зам, 121-а-3 тоот 125 м.кв талбайтай таван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.САНСАРМАА