Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 17

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, 

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Н.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06517 2798  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Н.О, 1974 оны  7 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, СӨХ-д орцны жижүүр ажилтай, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 02-208 тоотод оршин суух, урьд урьд нь 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сараар тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,  улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч Н.О нь согтуурсан үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Консулын 80-496 тоотод хохирогч Д.Очирсүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний толгой болон гарыг нь төмөр шанагаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, дух, зулай, чихэнд язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Д.Очирсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны орой би гэртээ эхнэр Алимаа, найз Отай хамт 0.75, 0.5 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг ууж байхад эхнэр эрт унтаад өгсөн. Би Отай архиа ууж байгаад тасарсан ба юу болсон талаар санахгүй байсан ба нэг мэдэхэд миний толгойноос маш их хэмжээгээр цус гарч байсан ба хажууд О хажууд төмөр шанага барьсан, шанага нь хонхойсон байдалтай байхаар нь...цагдаа болон 103-т дуудлага өгсөн...толгой 3 газар хагарч олон оёдол тавьсан. Толгой хагарч, зүүн гарын эрхий хуруу гэмтсэн байсан...манай эхнэр Алимаа маргааш нь надад хэлэхдээ О бид хоёр маш их согтоод унтаж байсан ба би нэг сэрэхэд О нь эхнэр Алимаа бид хоёртой хамт нэг орон дээр унтаж байхаар нь би Оыг өөр орон дээр унт гэж уурлахад эхнэр Алимаа нь Оыг өмөөрөхөөр нь би Отай хэрүүл хийхэд намайг шанагаар зодсон гэсэн. ...би Оын биед халдаагүй...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Яллагдагч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12281 тоот дүгнэлтэд: 

1. Д.Очирсүхийн биед зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, дух, зулай, чихэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт. /хх-ийн 17/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.О нь согтуурсан үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Консулын 80-496 тоотод хохирогч Д.Очирсүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний толгой болон гарыг нь төмөр шанагаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, дух, зулай, чихэнд язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Очирсүхийн: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны орой ...Би Отай архиа ууж байгаад тасарсан ба юу болсон талаар санахгүй байсан ба нэг мэдэхэд миний толгойноос маш их хэмжээгээр цус гарч байсан ба хажууд О хажууд төмөр шанага барьсан, шанага нь хонхойсон байдалтай байхаар нь...цагдаа болон 103-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Очирсүх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Н.От хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.О-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.О нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР