Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 958

 

 

                                                           

 

 

 

 

2019         12         13                                    2019/ШТ/953

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч М.Э,

Шүүгдэгч Н.Д,

Шүүгдэгч С.О, тэдгээрийн өмгөөлөгч  Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д, М.Э, С.О нарт холбогдох эрүүгийн 1911024591239 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажйлгүй, ам бүл 5, эцэг, эх, эгчийн хамт Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, 830 дугаар байр 62 тоотод оршин суух,

урьд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 cap 26 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, Тайхар овогт Н Д, /РД: ............

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгомол хийц ХХК-нд туслах ажилтан, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүрзг 13 дугаар хороо, Хангайн 23-24 тоотод оршин суух,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Их шавь овогт Мөнхцэцэгийн Э, /РД: УП9612279/,

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо Хангайн 22-822 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бовогт С О, /РД ..................

Шүүгдэгч  Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дуүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын орчимд Г.Галмандах, Г.Галболд, Н.Балдандорж нараас гал асууж улмаар маргалдан М.Этай бүлэглэн Г.Галболдыг зодож, эрүүл мэндэд “баруун нүдний зовхинд цус хуралт, хөмсөг, хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол,

мөн ганцаараа Н.Балдандоржийг зодож, эруүл мэндэд “баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны цус харвалт, дээд уруулд зулгаралт, уруулын дотор салстад язрал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын орчимд найзуудыгаа өмөөрсөн гэх шалтгаанаар Н.Дтой бүлэглэн Г.Галболдын толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд няцарсан шарх, дух, уруулын зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.О нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын орчимд найзуудыгаа өмөөрсөн гэх шалтгаанаар Б.Золжаргалын төмсөг рүү өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Балдандорж гэх намхан нуруутай махлагдуу шар царайтай залуугийн нүурэн тус газар нь 2-3 удаа цохиж гэмтлийг учруулсан...”, “...Миний өөрийн санаж байгаагаар бол би Н.Балдандорж гэх шар царайтай залууг нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан тэрнээс өмнө Галболд гэх толгойгоо хагалуулсан залууг мөн адил нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан. Уг маргаан бол гал асууснаас болж хэрүүл хийж байгаад согтуудаа цохисон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 66, 67х/,

Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэг залуутай нь маргалдаж байгаад замын хажууд байх чулууны хэлтэрхий аваад түүнийг араас нь толгойн тус газарт нь чулуугаар цохиж гэмтэл учруулсан тэгээд тэгээд тэр залуу эргээд харахаар нь нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж тэр залуу доошоо болоод суусан тэгээд би уг чулууг хаяад байж байхад хажуугаас цуг байсан залуучуудаас орж ирээд боль гээд байсан тэгээд би тэр залуучуудыг цохисон эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 64х/,

Шүүгдэгч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хажуугаас арай намхан залуу орж ирээд боль гэхээр нь тэр залуу /Галмандах/-ын шанаа руу гараараа 2 удаа цохиж гэмтэл учруулсан. Тэгээд байж байтал араас Э гарч ирээд бас нэг залуутай маргаад байсан тэгээд байж байтал тэр залуучуудын нэг болох залуу над дээр ирээд одоо энэ найзуудаас аваад явчих би ч гэсэн найзуудаа аваад явлаа гэхээр нь би тэр залууг...түлхэхдээ хөлөөрөө тэр залуугийн биеийн хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд тэр залуу цаашаа яваад өгсөн...” гэх /хх-ийн 68х/,

Хохирогч Г.Галболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н.Д, С.О нар хажууханд Далайхүү төвийн үүдэнд байсан найз М.Э гэх залууг дуудаад нөгөөх нь гүйгээд ирж байх шиг байсан. Энэ үед бид нарыг анх маргаад эхлэхэд манай найз Б.Золжаргал хараад гэртээ оролгүйгээр гүйгээд хүрээд ирсэн. Тэгээд бид нар явж байсан чинь араас Н.Д ирээд эхлээд намайг нүүрэн тус газарт гараараа нэг цохисон юм. Тэгээд би салаад байж байсан чинь араас М.Э нь ирээд миний толгойн дагз, дух орчимд газарт байсан чулуун хэлтэрхийгээр цохиж надад учирсан гэмтлийг учруулсан. Тэгээд хажуугаар явж байсан хүмүүс салгаад яваад өгсөн энэ хооронд манай нөгөө хэдийн хэнд нь нөгөө гурвын хэн гэмтэл учруулсныг сайн санахгүй байна. Тухайн үед болсон асуудал хэсэгхэн зуур болоод өнгөрсөн асуудал болохоор намайг зодсон хүмүүсийг харж амжсан. Тэгээд байж байгаад энэ хооронд нэг нэгнийгээ салгах гэж зууралдаж байхдаа нөгөө залуучуудыг нэг хоёр удаа цохисон. Тэгэхдээ оноогүй энэ хооронд манай дүү Г.Галмандах цагдаа дуудсан байсан...” гэх /хх-ийн 51х/,

Гэрч Н.Балдандорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд маргаан болж байхад Н.Дагва- Очир нь миний баруун талын нүд, хамар луу 2-3 удаа цохисон...гэх /хх-ийн 32-33х/,

Хохирогч Б.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг Галболд, Балдандорж, Галмандах нар байрны үзүүрт хүргэж өгөөд цаашаа Г.Галболд, Н.Балдандорж, Г.Галмандах нарын гэр нь Хайлаастад байдаг болохоор тэд нар 17-н салдаг уулзвар дээрээс такси барина гээд явсан удалгүй намайг байр луу ороогүй явж байхад шатахуун түгээх станцын машин орох замын орчимд нөгөө гурав чинь хоёр залүутай муудалцаад байгаа бололтой байх шиг байсан. Тэгээд би янз бүрийн юм болж магадгүй гэж бодоод гүйгээд очиход галаас болоод маргасан бололтой хоёр залуутай нөгөө гурав маргаад байсан. Тэгээд хажуугаас найз нь болох миний төмсөг рүү өшиглөсөн залуу ирээд эхлээд Галболдыг Э гэх залуу Г.Галболдын нүүр лүү цохих шиг болсо. Тэгээд би дундуур нь орж салгаад би нөгөө найз болох О гэх өндөр нуруутай туранхай залууг одоо чи найзуудыгаа аваад явчих, би ч гэсэн найзуудыгаа аваад явъя гэж хэлсэн чинь ямар том юм бэ гээд миний бэлэг эрхтэн орчимд өшиглөсөн, миний төмсөг рүү цохилт ороод би цаашлаад суугаад босч чадахгүй нилээд суусан юм энэ хооронд тэр гурван залуу манай гуравтай нэг нэгээрээ зууралдаад маргалдаад байсан...” гэх /хх-ийн 61х/,

Гэрч Г.Галмандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэд нар нилээд согтолттой байсан болохоор буруу ойлгоод байх шиг байсан намайг Э гэх залуу цохихоор нь би хойшоо болоод байж байхад Н.Д гэх залуу надруу ирээд маргаан үүсгэж байгаад нэг удаа нүүрэн тус газарт цохисон тэгээд нэг нь ирээд түүнийг салгаад аваад явсан. Энэ хооронд С.О гэх залуу Б.Золжаргалтай маргаан үүсгээд байсан яг юу болсон талаар бол сайн харж амжаагүй нэг мэдэхэд Б.Золжаргал цаана гараад сууж байсан. Надаас М.Э гэх залуу цаашаа яваад ах Галболдтой маргалдаж байгаад газраас чулуу аваад ахын толгойн тус газарт нь цохиход нь би очиж салгаад болиулсан. Тэгээд байж байтал тэрнээс өмнө би цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн байсан болохоор цагдаа ирээд М.Э, Н.Д нарыг машинд суулгаад аваад явсан Б.Золжаргалтай маргалдаад байсан С.О хаашаа явсан эсзхийг мэдэхгүй алга болсон юм. Намайг харж байхад ах Г.Галболдын толгойн тус газарт нь М.Э гэх залуу чулуугаар цохиж гэмтлийг учруулсан. Б.Золжаргалын биед яг хэн яаж учруулсныг бол хараагүй. Харин С.О тэр хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгээд сүүлд сонсоход С.О нь Б.Золжаргалын бэлэг эрхтэн рүү өшиглөсөн гэж байсан. Н.Балдандоржийн биед учирсан гэмтлийг хэн учруулсныг харж амжаагүй маргаан хэсэгхэн зуур болоод өнгөрсөн. М.Э, С.О, Н.Д нар нилээд согтолттой байсан...” гэх /хх-ийн 27-29х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11130 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд

 Хохирогч Г.Галболдын биед дагзны хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, дух, баруун хөмсөг, хацар, уруул, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зуйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 78х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11133 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт

Н.Балдандоржийн биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны цус харвалт, дээд уруулд зулгаралт, уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 83х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11131 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд

Б.Золжаргалын биед хуухнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 84х/,

Шинжээч У.Бадралын “...Г.Галболдын баруун нүдний зовхинд цус хуралт, хөмсөг, хацарт учирсан зулгаралт зэрэг гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтлээс бусад гэмтэл нь мөн адил гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 79х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Н.Дыг ганцаараа болон бусадтай бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, М.Эг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч С.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /сая/ төгрөг, Н.Дыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000  /сая таван зуун мянган/ төгрөг, М.Эг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /сая гурван зуун мянган/ төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч  нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Боржигон овогт Сэмжааны Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Тайхар овогт Надмидбаатарын Д, Их шавь овогт Мөнхцэцэгийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Дыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр, шүүгдэгч М.Эг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД