Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 694

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс,

хохирогч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мд холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____дугаарын регистртэй, Х.М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.М нь 2019 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амиго” караокены гадна иргэн Б.Дийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ:

“...Тухайн үед эхнэртэйгээ цуг явж байсан. Д бид хоёр П нарыг ирсэн үед маргалдсан. Тэрнээс өмнө маргалдсан зүйл байхгүй. Хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д мэдүүлэхдээ:

“...Хохирол төлбөрт 5.150.000 төгрөг авсан. Гомдол саналгүй. Шүүгдэгчид бага ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Мийн өгсөн:

“...Би 2019 оны 3-р сарын 08-ны шөнө найз охин болон түүний найз Х-гийн хамт модны 2-т уулзсан. Тэгээд бид 3 нэг пабад сууж байгаад Б-ийг би дуудсан. Тэгээд Б- 22 цагийн үед ирээд бид нар тус бүр 1-2 шил Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд юм ярьж байтал Х-гийн гар утас дуугараад Х- гарч яваад орж ирэхдээ гаднаас зүс таних Д гэх залуутай хамт орж ирсэн. Тэгээд Д нэг шил пиво захиалаад уусан. Тэгээд Д бид нарыг караокед оръё гэхээр нь бид нар өөр газар оръё гээд уг пабаас гарсан. Тэгээд ойр орчмоор нь явж караоке хайж байгаад олдохгүй болохоор нь буцаад нөгөө газраа очсон. Тэгэхэд тэнд сул өрөө гарчихсан байхаар нь тийшээ ороод нэг шил Эдэн нэртэй архи болон 3-4 шил пиво захиалсан тэгээд дуулж сууж байхад Дгийн найз гэх эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд Х-тай маргалдахаар нь би Дг гаргаж өгчихөөд ирье гээд хамт гарсан. Гадаа гараад би Дтай тооцооноос болж маргалдсан. Тэгээд Д болон сүүлд ирсэн 2 найзын хамт надруу тооцоогоо хийсэн гээд дайраад байсан тэгээд би Дгийн урд зогсож байгаад мөргөх гэж зангасан тэр үед Д намайг нүүр лүү гараараа цохисон. Тэр үед хамт байсан 2 найз нь бас дайраад байсан. Тэгээд би тонгойж байгаад зөрүүлж цохисон тэр үед Д газар унасан тэгэхээр нь би цаашаа нөгөө 2 хүнээс зайгаа барьсан. Тэгтэл нөгөө сүүлд ирсэн эрэгтэй эмэгтэй 2 хүн надаас салахгүй хөөгөөд байсан. Тэгээд бид 3 хөөцөлдөж байгаад караокены урд очиход манай найз охин болон Х-, Б- нар гараад ирсэн байсан тэгээд намайг салгаад дахиад жаахан маргаан үүссэн тэр үед газар бор өнгийн урт хэтэвч байсан тэгэхээр нь би найз Б-ийн хэтэвч байна гээд газраас авсан. Тэгтэл намайг нэг эрэгтэй нь хулгайч минь түрийвч өг гэхээр нь би нөгөө бор түрийвчийг нөгөө залуугийн нүүр рүү шидсэн чинь тэр түрүүвчнээс 2-3 мөнгө унаж харагдсан. Тэр үед манай найз охин болон Х- нар байхгүй байсан бөгөөд би харьсан байх гэж бодоод шууд гэрлүүгээ явсан. Би гараараа тэр залуугийн толгойруу 2 удаа цохисон дараа нь тэр залуу газар унасан. Д намайг толгойруу нилээн хэдэн удаа бас дагз руу цохисон. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гаргасан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 39-40, 69/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дийн өгсөн:

“...Би 2019 оны 3-р сарын 08-ны орой Х-тай уулзах гээд модны 2-ын голын замд байрлах нэгэн пабад орсон. Намайг караокед ороход Х-, Х-гийн найз охин нөхөртөйгөө бас үл таних нэг залуугийн хамт пиво уугаад сууж байсан. ...уг пабын доор байрлах караокд очиж үзэхэд нэг сул өрөө байхаар нь уг өрөөнд орохоор болоод нэг шил Эдэн нэртэй архи ундаа, жүүс, бас бусад зүйл захиалсан. Тэгэхэд ууж сууж байгаад би өөрийн найз П болон С нарыг ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд 00 цагийн үед манай найз П очиж байна гээд хаана байгаа юм гэж асуухаар нь би гадаа гарч утсаар хаана байгаагаа зааж өгсөн. Намайг гадаа Х-тай юм яриад зогсож байхад Пын эхнэр С надад ирээд за явах уу гэхээр нь за тэгье гээд Стай цуг дотогшоо орсон. Тэгэхэд дотор ороод хувцсаа өмсөөд гарах гэж байхад гаднаас П орж ирсэн. Тэгээд би түрүүлж гадагшаа гараад гадна зогсож байхад уг караокены үүдэнд маргаан болоод байхаар нь би очиж хартал С бас үл таних залуу болон П нар маргалдаж байсан. Тэгэхээр нь би очоод юм ярьж байгаад нэг мэдсэн чинь бас маргалдсан зогсож байсан. Тэгээд нөгөө үл таних залуу намайг нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа нэг цохисон. Тэр үедээ С салгасан. Удалгүй хойноос П ирээд намайг татсан. Тэгэхэд нөгөө залуу над руу дайраад дахиад хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд бас гараараа цохих үед С, П 2 бид хоёрыг салгасан. Тэгээд дахиж юм ярьж байгаад дахиж намайг цохиод бас хойноос өшиглөөд газар унагаасан. Тэгээд би тэрнээс хойш юу ч санахгүй байгаа нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэг рүү явж байсан.

Би архи уусан байсан, гэхдээ болсон зүйлсийг санаж байгаа. Газар унаснаас хойших зүйлсийг санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 17-18, 73/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ий өгсөн:

“...2019 оны 3-р сарын 08-нд өдөр би байрны хажууд талынхаа PC тоглоомын газрын компьютерийг засаж байтал манай найз М надруу залгаад эхнэрээ баярлуулах гэж байна нэг найзтай нь цуг явж байсан чи хүрээд ирэх үү гэхээр нь би чи ирээд авчих гэсэн чи өөрөө наашаа хүрээд ир гэхээр нь за би яаж очихоороо дөхөөд залгая гэсэн. Би гараад такси бариад мөнгөн завъяагийн автобусны буудал дээр очоод хүлээж байтал М эхнэр бас Хариунаа гэх охинтой хамт ирээд миний таксинд суусан. Тэгээд бид хэд ярилцаж байгаад хороолол явахаар болсон. Тэгээд хороололд ирээд баахан караоке хайгаад олдохгүй байсан тэгээд бид хэд Мийн гэрийн ойролцоох нэгэн пабд орсон. Тэгээд М эхнэр Н, мөн Халиун гэх нэртэй охин бид 4 хамт пиво уусан. Тэр үед М 2 шил би 2 шил Х- 1 шил тус тус пиво уусан. Тэгээд бид нар юм ярьж байхад Х-гийн нэг найз нь ирнэ гэж байсан удалгүй Х-гийн гар утас нь дуугарч Х- Н нар гараад явсан. Удалгүй гаднаас үл таних нэг залууг дагуулж оруулж ирсэн. Тэгээд бид 5 сууж байгаад дахиж пиво нэмж ууж сууж байгаад караоке орох уу гэж ярилцаж байгаад караоке орохоор болсон. Тэгээд бид нар гараад явж байгаад буцаад нөгөө караокедоо очсон. Тэгээд бид нар нэг өрөөнд ороод нэг шил Эдэн нэртэй архи 4 шил Сэнгүр нэртэй пиво, зэрэг зүйлс захиалж ууж дуулсан цаг гарны дараа нөгөө сүүлд ирдэг үл таних залуу байс хийгээд л гарч ороод байсан. Би архи хийж өгөнгүүд уухгүй байсан. Тэгэж байснаа гараад алга болсны дараа Х- нөгөө залуугийн хойноос гарсан. Х-гийн араас М гараад удалгүй М, Х- нар орж ирээд удалгүй М Х-г битгий гаргаарай гэж хэлчихээд гараад явсан.

Би архинаасаа 2-3 хундагыг уугаад нэг мэдсэн чинь унтчихсан байсан би өрөөнд ганцаараа байсан. Тэгэхээр нь би уг караокенээсээ гарахад М үл таних эмэгтэйтэй хэрэлдээд маргалдаад байх шиг байсан хажууд нь нэг үл таних залуу бас байсан. Бас Мийн эхнэр нь салгах гэж оролдож байсан тэр үед би уурлаад цамцсаа тайлаад Мийн хойноос очсон чинь пизда минь чи зайлалдаа гэхээр нь би андаа чи манийгаа ингэх байсан юмуу гээд эргээд хартал Х-гийн найз гэх залуу газар хамар амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би Мээс чи одоо юу болоод байгаа юм бэ гэсэн чинь чи зүгээр яв би энэ асуудлыг өөрөө зохицуулна гэхээр нь би уг караокены өрөөндөө орж хувцас хунараа өмсөөд буцаад гартал гадаа 2-3 цагдаа ирчихсэн байсан…” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Х-гийн өгсөн:

“...2019 оны 3-р сарны 08-нд би найз Нтэй уулзая гэж яриад Хорооллын модны 2-н голын замд уулзахад Н нөхөр Мийн хамт ирсэн. Тэгээд бид 3 хамт модны 2-ын голын замаар алхаж байгаад караокед орох гээд караоке хайсан. Тэгээд такси бариад баахан явсан караоке олдоогүй тэгээд анх уулзсан газраа ирээд тэр хавиараа бас караоке хайгаад олдоогүй. Амиго гэх нэртэй паб ороод цаг гаран сууж байгаад нэг нэг шил пиво ууж байгаад одоо караоке оръё гэж байтал миний найз Д залгаж хаана байна би эгч дүүгээ баярлуулаад явж байна ингэсгээд уулзах уу гэхээр нь бид нар одоо гарах гэж байна ирэх үгүйгээ чи өөрөө мэд гэсэн чинь найз нь 10 минутын дараа очно гэхээр одоо гарах гэж байна гээд л утсаа салгасан. Тэгээд би 00-н өрөө ороод гараад иртэл Д гадаа ирчихлээ гээд залгасан. Тэгээд Д орж ирээд нэг шил пиво ууж байгаад бид хамт уг пабаас гарсан. Тэгээд бид нар хажуу талын караокенээсээ танайх өрөө байна уу гэсэн чинь байхгүй гэхээр нь бид нар гараад гадуур караоке хайж явсан. Гэтэл олдоогүй тэгээд бид нар анх орсон газраа буцаад очиход өрөө суларсан байхаар нь бид нар ороод нэг шил Эдэн нэртэй архи мөн 4 шил Сэнгүр нэртэй пиво ууж дуулж байгаад тэгээд хамт байсан хүмүүс нь орж гараад л байсан. Дгийн утас нь дуугараад удалгүй нэг эмэгтэй орж ирээд Дгийн куртикийг авъя гэж хэлээд куртикийг нь аваад гарсан. Тэгээд би дуулж сууж байгаад нэг мэдсэн чинь би ганцаараа өрөөндөө байсан тэгээд гаднаас Б- гэх залуу орж ирээд бид нар нөгөө хэдээ хайж гадаа гарсан. Гадаа гарахад М орилж чарласан байдалтай, Дкийн нүүр нь цус болчихсон зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Нийн өгсөн:

“...2019 оны 3-р сарны 08-нд өдөр би Х-тай модны 2-ын голын замд уулзсан. Тэгээд манай найз залуу бид 3 караоке хайж баахан алхсан. Тэгэж байгаад нэгэн паб орсон. Манай найз залуу болон хамт явсан Б- гэх залуу бас Х- бид 4 орсон. Тэгээд тэндээ тус бүр нэг нэг шил пиво уусан тэгж байтал Х-гийн найз гэх Д гэдэг хүн ирсэн. Тэгээд бид нар караокед орохоор болсон. Тэгээд гадуур баахан караоке хайж байгаад нөгөө газраа иртэл нэг сул өрөө байсан. Тэгэхээр нь нөгөө караокед 1 шил Эдэн нэртэй архи болон шил пиво авсан. Тэгээд манай найзууд архи ууж дуулж суусан. Тэгээд Д Х-г авч гараад буцаж орж ирэхдээ Х- ууртай бас нэг үл таних Дгийн найз гэх эмэгтэйтэй маргалдсан орж ирсэн. Тэр үед манай найз залуу маргааныг зохицуулах гээд гадагшаа гарсан. Тэгтэл удалгүй би хойноос нь гарсан чинь Шатны доор нэг хүн хэвтэж байсан. Тухайн үед хэн гэдгийг нь мэдээгүй тэгээд Дгийн найз гэх эрэгтэй эмэгтэй 2 хүн манай найз залуу руу орилоод дайраад байхаар нь би очиж салгах гэтэл намайг гэдэс рүү цохьчих гээд байхаар нь би холдсон. Тэгэж байгаад найз залуугаа салгаад аваад явах гэтэл нөгөө эрэгтэй, эмэгтэй 2 хүн бид 2-г явуулахгүй байсан. Тэгж байтал удалгүй Х-, Б- нар караокенаас гарч ирэхээр нь би Мийг харж байгаарай гээд би караоке рүү орсон. Тэгээд караокенээс гараад иртэл баахан цагдаа нар ирчихсэн байсан. М байхгүй байсан. Тэгээд Б- Х- бид 3-г цагдаа нар аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Пын өгсөн:

“...2019 оны 3-р сарны 08-наас 09-нд шилжих шөнө би ажлаасаа тараад эхнэр Эрдэнэсувдыг Жуковын тэнд дэлгүүрээс очиж аваад буцаад харих гэж байхад Д залгаад модны 2-т байна хүрээд ирээч би жаахан муудчихсан байна гэсэн. Тэгэхээр нь байгаа газар нь 00 цаг өнгөрч байхад гадаа нь очоод ирчихлээ гэж залгасан. Тухайн үед утас нь холбогдохгүй байсан тэгэж байтал холбогдсон. Тэгээд караокены гадаа үл таних хүүхэнтэй тамхи татаад зогсож байхаар нь явъя эхнэр хүүхэд чинь хүлээгээд байна гэж хэлсэн чинь хамт байсан эмэгтэй нь уурлаад цаашаа гүйгээд орчихсон чинь Д хойноос нь гүйгээд орчихсон. Тэгсэн чинь манай эхнэр би Дийг аваад ирье гээд нөгөө 2-н хойноос уг караоке руу орсон. Удалгүй би хойноос нь ортол Дтой хамт байсан хүүхэн өрөөндөө уурлаад Д эхнэр хүүхэдтэй байсан юм байна надаар тоглож байсан байна гээд найзууддаа хэлж байхаар нь би өрөөнд байсан хүнд нь хандаж Дийн куртикийг аваад өг гээд куртикийг нь аваад дээшээ гарч байтал хойноос үл таних залуу гарч ирээд Дийг чи тооцоогоо хийгээч чи гээд хоргоож эхэлсэн. Тэр үед би Доос чи мөнгө төгрөгөө өгсөн юмуу гэсэн чинь мөнгө өгсөн гэсэн. Тэгэхээр нь би Дийг машин дотор ороод суучих гээд гаргасан. Тэгсэн чинь нөгөө үл таних залуу надруу чи эхнэрийнхээ ардуур орж нуугдаад чи хэн юм бэ гэхэд нь би найзыгаа авах гэж ирсэн мөнгө төгрөгийг чинь өгсөн гээд байна шүү дээ гээд маргалдаж байхад гаднаас Д ороод ирсэн. Тэгснээ нөгөө үл таних залуу руу хандан чи одоо яагаад байгаа юм бэ мөнгийг нь өгчихсөн гээд байгаа юм бишүү гэсэн чинь чи муу юугаа өгдөг юм гээд маргалдаж байгаад гардаг хаалганы хажууд очсон чинь Д нөгөө залуугийн нүүр лүү нэг удаа цохисон байх тэгээд гадаа гараад маргалдаж байгаад нөгөө залуу манай эхнэр болон Д руу аймар агсам тавиад байсан бас хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би Дийг машин дээр очоод байж бай гээд нөгөө залууг хашлага түшүүлж тэвэрсэн тэр үед Д явахгүй байсан. Тэгээд цаана хөдөлгөөнт эргүүлийн машин явж байхаар нь уг машин дээр очоод энд зодоон болоод байна та зохицуулаад өгөөч гэсэн чинь дуудлага дуудсан юм уу гэж байгаад дуудсан гэсэн чинь юу ч хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд би буцаад очтол маргаан хийгээд байж байсан тэгсэн чинь нөгөө залуу манай эхнэр Д нарыг шатруу түлхсэн тэгж байгаад Дийг шатруу хөлөөрөө жийж унагаасан. Тэгээд нөгөө залуу бид 2-оос ухарч зугтаасан тэгж байгаад найзуудаа утсаар дуудаад байх шиг байсан.

Д ухаан алдаад сэрэхгүй байсан тэгээд манай эхнэр бид 2 нөгөө залуутай маргалдаж хэрэлдэж байх үед караоке дотроос үл таних залуугийн найз нь гэх бас нэг залуу хувцсаа тайлаад дээгүүрээ нүцгэн гарч ирээд намайг татаж чангаагаад манай эхнэрийг хөөгөөд бас хөөцөлдөөн болсон. Тэгж байгаад Дийг жийж унагаасан залуу Дийг хэвтэж байхад нь дээрээс нь толгой руу нь 2-3 удаа дэвссэн…” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Э-ын өгсөн:

“...2019 оны 3-р сарны 08-наас 09-нд шилжих шөнө нөхөр Пын хамт найз Дийг авах гээд хорооллын Модны 2-т байрлах нэгэн караокед очсон. Тэгж байтал гэтэл юунаас болсныг мэдэхгүй байна нэг мэдсэн Д үл таних залуутай маргалдаж байсан тэр 2 болихгүй байсан. Тэгээд Дтой харилцан зодолдож эхэлсэн. Тэгж байгаад нөгөө залуу Дийг шатнаас жийж унагаасан. Тэгээд Дийг унасан хойно нөхөр бид 2-оос зугтаагаад гүйгээд байсан тэр залуу намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нөгөө залуутай хэрэлдэж маргалдаж хэсэг зуур хөөцөлдсөн тэгж байгаад Дийг хэвтэж байхад дээрээс нь дэвсээд байсан хааш нь дэвссэн талаар сайн мэдэхгүй байна. Үл таних залуу Дийг толгой руу нь гараараа цохиж байгаад дараа нь шатнаас жийж унагаагаад ухаангүй байхад нь дээрээс нь дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Сийн өгсөн:

“...Баруун талын хөндийн урд хана гүн цөмөрсөн хугарал нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг хугарлаас үүдэн духны хөндийд цус хуралт үүснэ. Мөн баруун нүдний дээд зөрүүтэй хугарал, баруун талд чамархай ясны суурь хэсгээс арагш зулай хүртэл үргэлжилсэн шугаман хугарал гэх гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дух, хацар, нүд орчимын зөөлөн эдийн няцрал баруун нүдний зовхинд цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Дух баруун хацар, эрүү баруун гар, хоёр өвдөгт цус хуралт гэх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хүнд зэрэгт хамаарах гэмтэл нь мохоо зүйлийн цохих өшиглөхөд үүсэх боломжтой. 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 128-129/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3188 тоот: 

1. Б.Д-н биед баруун талын духны хөндийн хурд хана гүн цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд хананы зөрүүтэй хугарал, баруун духны хөндийн цус, баруну талд чамархай ясны суурь хэсгээс арагш зулай с хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, дух, нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, эрүү, баруну гарт зулгаралтууд, баруун нүдний зовхинд цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 35/,

 

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 52-63/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 49/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.М нь 2019 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амиго” караокены гадна иргэн Б.Дийг зодож биед баруун талын духны хөндийн хурд хана гүн цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд хананы зөрүүтэй хугарал, баруун духны хөндийн цус, баруну талд чамархай ясны суурь хэсгээс арагш зулай с хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, дух, нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, эрүү, баруну гарт зулгаралтууд, баруун нүдний зовхинд цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Х.Мийн “...Би гараараа тэр залуугийн толгойруу 2 удаа цохисон дараа нь тэр залуу газар унасан. ...Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гаргасан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Дийн “...нөгөө үл таних залуу намайг нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа нэг цохисон. Тэр үедээ С салгасан. Удалгүй хойноос П ирээд намайг татсан. Тэгэхэд нөгөө залуу над руу дайраад дахиад хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд бас гараараа цохих үед С, П 2 бид хоёрыг салгасан. Тэгээд дахиж юм ярьж байгаад дахиж намайг цохиод бас хойноос өшиглөөд газар унагаасан. Тэгээд би тэрнээс хойш юу ч санахгүй байгаа нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэг рүү явж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-ий “...Би архинаасаа 2-3 хундагыг уугаад нэг мэдсэн чинь унтчихсан байсан би өрөөнд ганцаараа байсан. ...Мийн хойноос очсон чинь пизда минь чи зайлалдаа гэхээр нь би андаа чи манийгаа ингэх байсан юмуу гээд эргээд хартал Х-гийн найз гэх залуу газар хамар амнаас нь цус гарчихсан байсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Х-гийн “...би дуулж сууж байгаад нэг мэдсэн чинь би ганцаараа өрөөндөө байсан тэгээд гаднаас Б- гэх залуу орж ирээд бид нар нөгөө хэдээ хайж гадаа гарсан. Гадаа гарахад М орилж чарласан байдалтай, Дкийн нүүр нь цус болчихсон зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Пын “...Дийн куртикийг аваад өг гээд куртикийг нь аваад дээшээ гарч байтал хойноос үл таних залуу гарч ирээд Дийг чи тооцоогоо хийгээч чи гээд хоргоож эхэлсэн. ...нөгөө залуу манай эхнэр Д нарыг шатруу түлхсэн тэгж байгаад Дийг шатруу хөлөөрөө жийж унагаасан.

Д ухаан алдаад сэрэхгүй байсан, Дийг жийж унагаасан залуу Дийг хэвтэж байхад нь дээрээс нь толгой руу нь 2-3 удаа дэвссэн…” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Э-ын “...Үл таних залуу Дийг толгой руу нь гараараа цохиж байгаад дараа нь шатнаас жийж унагаагаад ухаангүй байхад нь дээрээс нь дэвссэн...” гэх мэдүүлэг

 

шинжээч эмч Ө.Сийн “...Хүнд зэрэгт хамаарах гэмтэл нь мохоо зүйлийн цохих өшиглөхөд үүсэх боломжтой. 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3188 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Мийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Х.Мийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Дийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаанд хохирогч Б.Д нь “...хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч Х.Мийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Х.Мд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид торгууль оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргалаа. Шүүгдэгч Х.М нь сарын 600,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг гэх цалингийн тодорхойлолт шүүхэд гаргаж өгсөнөөс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын хэмжээ нь 10,000-40,000 нэгж буюу арван саяаас дөчин сая хүртэл төгрөгөөр торгохоор хуульчилсан хэдий ч дээрх хэмжээний торгуулийн ялыг оногдуулах нь шүүгдэгчийн гэр бүлд эдийн засгийн хүндрэл учруулахаар байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага”  хүлээлгэнэ гэсэн шударга ёсны заримд нийцэхгүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдалыг харгалзан үзэж мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байх тул шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жил гэж заасныг хөнгөрүүлж шүүгдэгч Х.Мд 01 /нэг/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 4 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Х.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 4 ширхэгийг хэрэгт хадгалан үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Х.Мийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ