Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 426

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Э.Т.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ниппо” нэртэй караоке дотор иргэн Г.М-гийн Айфоне-6 эс, Ж.А-гийн Самсунг жи-7 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.М-д 258.000 төгрөгийн, Ж.А-д 368.000 төгрөгийн нийт 626.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Тийн өгсөн:

“...Би анх М-тай фейсбүүкээр танилцсан. Тэрнээс хойш мессежээр чаталж байдаг энгийн найз нар байсан. Би тэр өдөр М-гийн урилгаар төрсөн өдөрт нь очиж оролцсон. Тэнд би орой 23 цагийн үед 10 дугаар хороололд байдаг Күю нэртэй баарны караокед очиж тэнд архи уусан. Намайг очих үед тэр хүмүүс 1 шил архи авч байсан. Би тэнд архи ууж байгаад шөнийн 01 цагийн орчим тэр баарнаас гарч яваад гэртээ харьсан би баарнаас гарахдаа М-гийн гар утас болох Айфоне 6-С, мөн М-гийн найз А-гийн гар утас болох Самсунг Ж-7 маркийн гар утсуудыг аваад гарчихсан байсан тул би гудамжинд зогсож байсан таксинд А-гийн гар утсыг өгөөд таксины жолоочид та энэ утасруу залгаж байгаад гар утсыг нь аваачиж өгчих гэж хэлээд таксины жолоочид өгөөд явуулсан. Харин М-гийн гар утсыг аваад гэртээ орох гэж явах зуураа халааснаасаа хаячихсан байсан өөр зүйл болоогүй.

Би хүний гар утас хулгайлж авсан үйлдэлдээ маш их гэмшиж байна энэ миний буруу байгаа бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх болно...” гэх мэдүүлэг /хх-н 26-28, 53-54/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.М-гийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 14-нд миний төрсөн өдөр болсон. Би тэр өдрөөс 2 жил орчим Фэйсбүүкээр харилцаж байгаад танилцсан залуугаа уриад төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэгээд баяр тарах үед манай найз А- бид хоёр гар утаснууд алга болохоор утас руугаа залгахад нөгөө фэйсбүүкээр танилцсан Төгөлдөр гэх залуу утас аваад бид хоёрын гар утаснуудыг андуураад аваад явчихсан байна. Та нар хаана байна гэхээр нь бид нэг их анзаарахгүй Төгөлдөрт байгаа газраа утсаар зааж өгчихөөд хүлээхэд ерөөсөө ирээгүй. Мөн бид хоёрын гар утаснуудыг бүгдийг нь салгачихсан байсан тул цагдаад хандсан.

Миний гар утасны хохирлыг барагдуулсан тул цаашид нэхэмжлэх гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг 19-20, 67-68/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.А-гийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 14-нд найз М-гийн төрсөн өдөрт орой 22 цагийн орчим 10 дугаар хороололд байдаг Күю нэртэй газрын караокед очсон. Тэнд нийт 6 орчим М-гийн найз нар байсан. Тэгээд бид нар тэр газраа сууж байхад орой 23 цагийн орчим гаднаас М-гийн фейсбүүкээр танилцсан гэх өөрийгөө Төгөлдөр гэж танилцуулсан залуу орж ирээд бид нартай хамт сууж архи уусан. Тэгсэн тэр Төгөлдөр гэх залуу маш хурдан согтчихсон. Бид нар караокедоо сууж байхад Төгөлдөр шөнийн 01 цагийн орчим гэрлүүгээ явлаа гээд баарнаас гарч явсны дараа би гар утсаараа хүнтэй ярих гээд утсаа хайхад миний гар утас олдохгүй байхаар нь хүний гар утаснаас өөрийнхөө гар утасруу залгахад Төгөлдөр миний гар утсыг аваад би одоо очиж утсыг чинь өгнө гэж худал хэлээд утсаа салгаад таг алга болсон. Бид нар Төгөлдөрийг тэр баарандаа 1 цаг орчим хүлээгээд гэртээ харьсан.

Миний гар утасны хохирлыг барагдуулсан тул цаашид нэхэмжлэх гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 24-25, 64-65/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн найз М-гийн төрсөн өдөрт Күй нэртэй караокед уригдан очсон. Караокед би нилээн орой шөнийн 12 цагийн үед очсон бөгөөд намайг очиход 6-7 хүн байцгааж байсан. М-, А- нарын гар утсыг авсан гэх залуу шөнийн 01 цагийн үед орж ирсэн. Орж ирэхдээ бага зэрэг халамцуу харагдаж байсан. Бид нартай танилцаагүй болохоор нэрийг нь нэг их тогтоогоогүй. Тэр төрсөн өдөрт уригдаж ирсэн залуу болохоор бид нартай нэг их юм ярилгүй М-тай л голдуу юм яриад байсан. Тэр утас авсан гээд байгаа залуу орж ирээд нэг их архи уугаагүй 100 грамм орчим архи уусан байсан. Тэгээд хэсэг байж байгаад А-гийн танил гэх Г гэх залуу байсан бөгөөд тэр залуу Төгөлдөр гэх залууд хандаж “чи архи ууж болсон бол тооцоогоо хийгээд” явчих гэж байсан. Тэгэхэд нь Төгөлдөр өөдөөс нь маргалдаад байсан. Хэрүүл маргаан болох болсон шалтгаан болохоор Төгөлдөр нь М-тай хамт явна авч явна гээд байсан юм. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүс найз нар өгч явуулахгүй гээд маргасан. Удалгүй Төгөлдөр хаалгаар гараад явж байгаа нь харагдсан. Хэсэг хугацааны дараа М- А- нар утсаа хайгаад эхэлсэн ба Төгөлдөр лүү залгаад чи утас аваад явчихсан байна гэж Г яриад байсан. Ярьж байгаад хэсэг хугацааны дараа тасарчихсан ба дараа нь дахиж залгаж Төгөлдөртэй ярихад таксинд А-гийн утсыг өгчихсөн. Харин М-гийн чинь утсыг ломбарданд тавьчихнаа гэсэн. Дахиж утсаар холбогдоогүй. Бид нар ирэх болов уу гээд 2 цаг орчим хүлээж байгаад гараад явчихсан. М- А- нарын гар утас хоёулаа ширээн дээр байсан. М-гийн гар утас ягаан өнгөтэй айфоне 6 эс, харин А-гийн утас жи 7 Голд загварын утас байсан…” гэх мэдүүлэг /хх-н 70-71/,

 

- Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 36-37/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 41/,        

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ниппо” нэртэй караоке дотор иргэн Г.М-гийн Айфоне-6 эс, Ж.А-гийн Самсунг жи-7 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.М-д 258.000 төгрөгийн, Ж.А-д 368.000 төгрөгийн нийт 626.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Тийн “...би баарнаас гарахдаа М-гийн гар утас болох Айфоне 6-С, мөн М-гийн найз А-гийн гар утас болох Самсунг Ж-7 маркийн гар утсуудыг аваад гарчихсан байсан. ...Би хүний гар утас хулгайлж авсан үйлдэлдээ маш их гэмшиж байна энэ миний буруу байгаа бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх болно...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.М-гийн “...баяр тарах үед манай найз А- бид хоёр гар утаснууд алга болохоор утас руугаа залгахад нөгөө фэйсбүүкээр танилцсан Төгөлдөр гэх залуу бид хоёрын гар утаснуудыг андуураад аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.А-гийн “...миний гар утас олдохгүй байхаар нь хүний гар утаснаас өөрийнхөө гар утасруу залгахад Төгөлдөр миний гар утсыг аваад би одоо очиж утсыг чинь өгнө гэж худал хэлээд утсаа салгаад таг алга болсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Цийн “...Удалгүй Төгөлдөр хаалгаар гараад явж байгаа нь харагдсан. Хэсэг хугацааны дараа М- А- нар утсаа хайгаад эхэлсэн ба Төгөлдөр лүү залгаад чи утас аваад явчихсан байна гэж Г яриад байсан. Төгөлдөртэй ярихад таксинд А-гийн утсыг өгчихсөн. Харин М-гийн чинь утсыг ломбарданд тавьчихнаа гэсэн…” гэх мэдүүлэг, Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэрэгт хохирогч Г.М- “...Миний гар утасны хохирлыг барагдуулсан тул цаашид нэхэмжлэх гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 67-68/, хохирогч Ж.А- “...Миний гар утасны хохирлыг барагдуулсан тул цаашид нэхэмжлэх гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 64-65/ зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.Тт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан ялаас чөлөөлж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээж гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Тт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ