Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00480

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/02057 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2385 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Э-, Ц.Э- нарт холбогдох,

Орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагчийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Э-, хариуцагч Ц.Э-ын өмгөөлөгч Б.Баттөмөр нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүдханд, хариуцагч Ц.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр,  нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Э- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2206001741 дугаартай гэрчилгээгээр 2007 онд бүртгэгдсэн бүртгэлтэй. Энэ хугацаанд уг байран өндөр настай аав, ээж 2 маань амьдарч байгаад 2014 онд нас барсан. Үүнээс хойш эгч Ц.Э-ын хүүг эхнэр, хүүхдийнх нь хамт 2 жил үнэ төлбөргүй амьдруулсан. Ингээд 2015 оны 06 дугаар сараас эхлэн байраа чөлөөлүүлж авах гэж очихоор хаалга тайлж өгөхгүй, утсаа авахгүй, уулзаж ярилцах гэхээр уулзахгүй байсан. 2016 оны 07 сараас эгч Ц.Э-, Ц.Э- нар өөрсдийн хашаа байшинг бусдад түрээслээд, миний өмчлөлийн байранд хүүтэйгээ хуйвалдан, түүнийг гаргачихаад өөрсдөө дур мэдэн ороод гарахгүй байна.

Миний бие ам бүл 5, эхнэр 3 охины хамт амьдардаг, хүүхдүүд том болж насанд хүрч, өөрийн эзэмшлийн байраа авч үр хүүхдээ оруулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэхэд саад болж, байр чөлөөлж өгөхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны өмчлөгч би шүүхэд нэхэмжлэл гаргаж, хууль бус эзэмшигчдээс орон сууцыг чөлөөлүүлэхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Энхбат, Ц.Э-, Ц.Э-, Ц.Э- бид Д.Цэрэндагва, Ц.Галя нараас төрсөн 4 хүүхэд нь юм. Аав, ээж маань ЗХУ-д ЭЗХТЗ-ийн шугамаар албан томилолтоор явж, бид Москва хотод олон жил эвтэй сайхан амьдарч өссөн. Анх аав ээж хоёр маань Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутагт орших 3-р байрны 20 тоот, 3 өрөө орон сууцтай байснаа 2001 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ж.Булгад бэлэглэлийн гэрээгээр худалдсан. Үүнээс 10 хоногийн дараа Ч.Лувсан-Очироос 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутагт орших 19 дүгээр хорооллын 21-р байрны 87 тоот 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр авсан. Тэр үед орон сууц худалдах, худалдаж авахыг хуульчлаагүй байсан. Энэ хоёр орон сууцны эх үүсвэр болох бэлэглэлийн гэрээнүүдийг ээж маань Дүү чинь та хоёрыг байрнаас чинь хөөнө, тэр үед нотлох баримт болгоорой гэж бидэнд хэлж захиж өгсөн юм. Аав маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд өвчний улмаас юм мартаж, ой санамж нь муудаж, ярих чадвараа алдсан тул ээж бүх асуудлаа зохицуулж удирддаг болсон.

Орон сууцны бэлэглэлийн гэрээ болон ээжийн маань холбогдох бусад бичиг баримтыг авах гэж дүү Ц.Э- биднийг эзгүйд орон гэрийн маань онгичиж байсан удаатай бөгөөд өөрөө өмгөөлөгч, эхнэр Д.Цэцэгбадам Улсын Ерөнхий прокурорын газрын мөрдөн шалгах хэлтэст хяналтын прокурор ажилтай, орон сууцтай, ам бүл 4, шинэ 3 өрөө байр болон бидний мэдэх 3 орон сууцтай. Том охин Э.Гэрэлмаадаа ч орон сууц авч өгч бид очиж байсан үе бий. Дүү Ц.Э- ээж, ааваас энэхүү 2 өрөө орон сууцыг барьцаалж байр авъя гэж гэрчилгээг нь гуйж аваад, өөрийн нэр дээр шилжүүлж, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах 35Г-47 тоот 3 өрөө шинэ орон сууцыг худалдаж авахдаа маргаж буй 87 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж тэд шинэ 3 өрөө орон сууцаа худалдан авсан түүхтэй. Үүнээс хойш 10 шахам жилийн турш ээж маань насан өөд болтлоо дүү Ц.Э-оос орон сууцныхаа гэрчилгээг гуйгаад өгөөгүй.

Аав ээжийг хэвтэрт байх үед дүү Ц.Э- СӨХ-тэй хийсэн орон сууцны гэрээг ээжид өгч энэ орон сууцныхаа гэрчилгээг ав гэж ээжийг хууран мэхэлж, гомдоож байсныг бид мэднэ, гэрчлэх хүн ч байгаа. Одоо ээж аавынхаа гэрээс төрсөн тэтгэврийн насны эгч нараа хөөж гаргах гэж улайран зүтгэж увайгүй загнаж байгаад бид хоёр маш их гомдож байна. Том эгч Ц.Э- нь хавдар өвчтэй эмнэлгийн хяналтанд байгаа ба өндөр насны тэтгэвэрт гарсан бид хоёрт очих орон гэр байхгүй. Бид аав ээжийнхээ байранд дайрч ороогүй, тэднийхээ зөвшөөрлөөр хамт амьдарч, хэвтэрт орсон үед нь асарч, халамжилж, тэнгэрийн оронд 2 жилийн өмнө гашуудан явуулсан. Бид энэ байранд албан ёсны бүртгэлтэй амьдарч байгаа.

Ц.Э- нь 2001 оны 07 сард нүүж орсон цагаас эхлэн хүү Э.Батсайханы хамт аав ээжийгээ өөд болтол нь эвтэй сайхан амьдарч байсан. Ц.Э- нь 2009 онд нөхөр Х.Зандмааг нас барахад гэртээ ирж амьдар, аав ээждээ тусла гэж ээжийн хэлснээр тус байранд бүртгүүлж, аав ээжийн ам бүлд 2009 онд эргэн орж одоо хүртэл дүү Ц.Э-тай хамт амьдарч байрны төлбөр, үйлчилгээний бүх зардлыг төлж ирсэн. Одоо ч төлж байхад Ц.Э- биднийг үнэ төлбөргүй амьдруулж байгаа гэсэн нь ойлгомжгүй байна. Ц.Э-, эхнэр Д.Цэцэгбадам нар ээж аавыг огт асарч, эргэж тойрч, эмнэлэгт хэвтэж байхад нь сахиж байгаагүй. Ц.Э- АНУ-д амьдарч байхдаа 30 000 орчим ам.долларыг ээж аавдаа шилжүүлж байсан.

Иймд 87 тоот 2 өрөө орон сууцыг өв залгамжлан авах эрхтэй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.Э- 2001 он, Ц.Э- 2009 оноос өнөөг хүртэл тус хоёр өрөө орон сууцанд амьдарч байгаа ба эцэг эх маань 2007 онд бэлэглэлийн гэрээгээр худалдан аваад насан өөд болтлоо бидэнтэй хамт амьдарч байсан. Энэ орон сууцыг анх ээж Ц.Галягийн нэр дээр авсан бөгөөд ээж аавын маань хөдөлмөрөөр бий болсон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө тул бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ц.Э-од орон сууцны өмчлөл бүртгэгдсэн. Ц.Э- АНУ-д байхдаа 30 000 ам.доллар шилжүүлсэн гэж байна. Хавтаст хэрэгт ийм баримт байхгүй. Энэ байрыг худалдаж авсан эх үүсвэр 3 өрөө байраа 2 өрөө байраар сольж зарах болсон шалтгаан нь Ц.Э-г АНУ явах боломж олгосон. Эцэг эх маань хууль ёсоор өөрийн бага хүү Ц.Э-од уг орон сууцыг өгсөн. Хэрэв хуурч мэхэлсэн бол 7 жилийн хугацаанд гомдол гаргах хангалттай хугацаа байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шаардлага үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй атал баримтгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/02057 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Ц.Э-, Ц.Э- нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот хаягт байрлах, 26 м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Ц.Э-, Ц.Э- нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-, Ц.Э- нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-од олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2385 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/02057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-, хариуцагч Ц.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, өмгөөлөгч Б.Баттөмөр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч тус бүрийн төлсөн 140 400 төгрөг, нийт 280 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч Ц.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Э- миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тус гомдолдоо “анхан шатны шүүхэд Ч.Мөнхцэцэг. Б.Оюунтөгс нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/Ш32017/06798 тоот захирамжаар хүлээн авч шийдвэрлэсэн. Тус гэрчүүдийг асуухад намайг оролцуулаагүй” талаар бичсэн боловч давж заалдах шатны шүүх уг асуудалд ач холбогдол өгөөгүй. Хэргийг шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Урьд нь шүүх хуралдааныг хойшилж байхад надад мэдэгддэг байсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын товыг мэдэгдээгүй. Би хэрэг ямар шатандаа явааг асуухаар залгаж байсан. Мөн гэрчүүдийг оролцох хүсэлтэй байгаа талаараа мэдэгдэж байсан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Э-ын өмгөөлөгч Б.Баттөмөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэрийг гаргасан. Өмгөөлөгч Б.Баттөмөр би 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус хэргийн хариуцагч Ц.Э-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Иймээс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс Ц.Э-ын нэхэмжлэлтэй, Ц.Э-, Ц.Э- нарт холбогдох иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой болсон. Өмгөөлөгч миний зүгээс тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан. Иймээс шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх боломжоор хангаж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Гэтэл шүүхээс хэргийн оролцогч намайг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй. Хуулиар хэргийн оролцогчид эдлүүлэхээр заасан эрхийг хязгаарласан байхад давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэсэн хэт хийсвэр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-т заасан зарчим хэрэгжээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагч Ц.Э-ын өмгөөлөгч надад мэтгэлцэх боломжийг олгоогүй байхад давж заалдах шатны шүүх мэтгэлцэх зарчим хэрэгжсэн мэтээр хэт хийсвэрээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан щатны шүүхийн шуүгч Д.Энхцэцэгийг тус хэргийг “шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд нь эргэлзсэн” тул шүүх хуралдааны явцад татгалзсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасны дагуу тус шүүхийн ерөнхий шүүгчээр татгалзлыг шийдвэрлүүлээгүй байдаг. Нөгөөтэйгүүр шүүгчийн зүгээс дээрх шүүгчээс татгалзаж буй татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.4-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа бол тус шийдвэрт хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй. Гэтэл шүүхээс хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч Ц.Э-, Ц.Э- нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг татгалзсан бөгөөд маргааны зүйл болж буй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Э-, хариуцагч Ц.Э-, Ц.Э-, тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Ц.Энхбат нар нь төрсөн ах, дүүс бөгөөд талийгаач Д.Цэрэндагва, Ц.Галя нарын хүүхдүүд байна.

Маргааны зүйл болж буй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 21 дүгээр байрны 87 тоот 2 өрөө орон сууц нь 1998 онд хувьчлагдаж, уг орон сууцны анхны өмчлөгчөөр Г.Нарансайхан, Г.Мөнхсайхан нар бүртгэгджээ. Г.Нарансайхан, Г.Мөнхсайхан нар нь 2001 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг Ц.Лувсан-Очирын өмчлөлд шилжүүлсэн ба Ц.Лувсан-Очир нь 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ц.Галяд орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Ц.Галя нь 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Э.Батсайханд өмчлөх эрх шилжүүлсэн ба Э.Батсайхан 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ц.Э-од өмчлөх эрхийг шилжүүлсэн байна \хх-ийн 24-62 дугаар тал\.

Нэхэмжлэгч Ц.Э- 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэхээр боловч хариуцагч тал нэхэмжлэгчийн өмчлөх эрх олж авсан үйл баримтын үндэслэлийн талаар маргасан тохиолдолд шүүх энэ талаарх нөхцөл байдал хангалттай бүрэн тогтоогдсон эсэхийг анхаарах шаардлагатай болно.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Лэгжидмаа, П.Минжсүрэн, Ц.Энхбат, Ч.Мөнгөнцэцэг, Д.Оюунтөгс, Э.Батсайхан нараас гэрчийн мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргасан \хх-ийн 18, 66, 67, 68, 78 дугаар тал\ ба шүүх Л.Лэгжидмаа, П.Минжсүрэн, Ц.Энхбат,  Ч.Мөнгөнцэцэг, Д.Оюунтөгс нараас хуульд заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэг авчээ \хх-ийн 63, 64, 83-84, 109, 121 дүгээр тал\. Харин гэрч Э.Батсайханаас “гэрчээр асуусан мэдүүлэг хэрэгт авагдсан” гэж шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183\Ш32017\07335 дугаар захирамжаар \хх-ийн 79 дүгээр тал\ хүсэлтийг хангахгүй орхисон боловч Э.Батсайханы мэдүүлэг хэрэгт байхгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Э-од орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Э.Батсайханы мэдүүлэг зохигчийн маргаанд ач холбогдолтой нотлох баримт болох юм.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хэргийн оролцогчийн хүсэлтээр гүйцэтгэж, нотлох баримт бүрдүүлэх учиртай. Мөн хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.7.-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул хяналтын шатны шүүх зохигчийн хоорондох маргаан, хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах талаар хяналтын журмаар гаргасан хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/02057 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2385 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн /140 400+140 400/ нийт 280 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН