Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0611

 

“У с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “У с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У с” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/249 дугаартай захирамж нь илт хууль бус болохыг тооцож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах гомдолдоо: “... Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт ... үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн үүргээ гүйцэтгэхгүйгээр тус хэргийг хянан шийдвэрлэлээ. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл болгох байтал энэ үүргээ хэрэгжүүлсэнгүй.

Мөн шүүх талуудын нотлох баримтыг тэгш үнэлсэнгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой ажиллагаа” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/249 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 дахь заалтад хамаарахгүй юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.8-д Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэж тусгагдсан байдаг ба дээрх захирамжийг Үндэснй аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой ажиллагаа биш гэж тайлбарласныг үгүйсгэж байна. Covid-19 халдварт өвчин гарч цар тахлын хэмжээнд хүрээгүй, ийм өвчин гараагүй байхад бол аймгийн Засаг даргын захирамж гаргаж хэрэгжүүлэхгүй байсныг хүндэтгэ үзэх хэрэгтэй. Аймгийнхаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үзэх шаардлагын дагуу бол хуулиар хязгаарлагдан эс үйлдэхүй гаргаж, хугацаа алдаж болохгүй учраас л энэ даруй шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн нэг нь бол дээр дурдсан захирамж юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т хуулийн этгээдийн үүргийг хуульчилсан байдаг. Аюултай нөхцөл байдал, гамшгийн үед хуулийн этгээд хэрхэх тухай төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй “У с” ХХК-ийн үйлдлийн талаар шийдвэртээ тайлбар хийсэнгүй. Шалтгаан нь тус шийдвэрийн үндэслэл хэрэгтэй танилцахад хариуцагч тал болох аймгийн Засаг даргын гаргасан үйлдэл нь үндэслэлтэй эсэх талаар ч тайлбар хийснээс бус нэхэмжлэгч тал ямар хууль, журам зөрчсөн талаар тодорхойлоогүй байгаа нь тус шүүхийн шийдвэрийг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээлээ.   

Анхан шатны шүүх “У с” ХХК-иас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/249 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжээ.  

Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/249 дүгээр “Дулаан халаалтыг зогсоох тухай” захирамжаар[1] “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг үндэслэн, аймгийн Онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Увс аймгийн сумдын байгууллага, Улаангом сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвүүдийн дулаан, халаалтыг 04 дүгээр сарын 20-ны өдөр, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны айл өрхүүдийн дулаан, халаалтыг 05 дугаар сарын 01-ний өдөр зогсоохоор баталсан” байна.

Хэрэгт авагдсан баримтууд болох Эрчим хүчний яамны 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн в/1353 дугаар албан бичигт[2] “... цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх талаар шийдвэр гаргаагүй бөгөөд эрчим хүч таслах, халаалт зогсоохгүй байх чиглэл, үүрэг даалгавар өгсөн болно. Эрчим хүчний тухай хуулийн 6.1.11-д халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох нь Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамааралтай...”, мөн тус яамны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн в/1982 дугаар албан бичигт[3] “... шинэ төрлийн коронавирустай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссоос цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх талаар шийдвэр гаргаагүй болно ...”, Эрчим хүчний сайдын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаар “Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаалд[4] “... Увс аймгийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон” байна.

Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.1.11-д “Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох” гэж заажээ.

Эндээс үзвэл халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох нь Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх байх тул хариуцагч Увс аймгийн Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

 Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Үндэсний аюулгүй байдлыг хангах хамгаалах үүргээ орон нутгийн түвшинд аймгийн удирдлагын зүгээс хэрэгжүүлж ажилласан нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан үйл ажиллагаа” гэж гомдол гаргасан байна.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Үндэсний аюулгүй байдал” гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ” 3.2-т “Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэжээ.

Тодруулбал, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/249 дүгээр захирамжаар дулаан халаалтыг зогсоох шийдвэр гаргасан нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой асуудалд хамаарахгүй, энэ үндэслэлээр хариуцагчийн тайлбарыг хүлээж аваагүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нэхэмжлэгч Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар аюултай нөхцөл байдал, гамшгийн үед хуулийн этгээд хэрхэх тухай төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж маргаж байх боловч дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “У с” ХХК-д холбогдуулан маргаан бүхий захиргааны актыг гаргаагүй, мөн баримталсан хуулийн заалтаас үзвэл хариуцагч нь хуульд заасан өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 10-11 хуудас

[2] Хавтаст хэргийн 9 хуудас

[3] Хавтаст хэргийн 30 хуудас

[4] Хавтаст хэргийн 35-36 хуудас