Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 486

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, иргэн И.П*******гийн нэхэмжлэлтэй, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт холбогдох “...Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирлын Б/68 дугаар тушаал өмнө гаргасан Б/41 дүгээр тушаалыг үндэслэн гаргасан тул Б/41 дүгээр тушаалын өөрт холбогдох заалтыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:          

            Нэхэмжлэгч И.П******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч талтай эвлэрлийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан тул урьд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч И.П*******гийн нэхэмжлэлтэй, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт холбогдох “...Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирлын Б/68 дугаар тушаал өмнө гаргасан Б/41 дүгээр тушаалыг үндэслэн гаргасан тул Б/41 дүгээр тушаалын өөрт холбогдох заалтыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр гарган ирүүлжээ.

            Нэхэмжлэгч И.П******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэхүү хэрэг дээрх асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч И.П*******гийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлтэй, Төр, засгийн үйчилгээ эрхлэх газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч И.П*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 66 дугаар зүйлийн 66.1-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ дэмжсэн болно.

            Мөн хэргийн оролцогч нар нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд ирүүлсэн байх бөгөөд тус гэрээнд “...Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс И.П*******г томилохоор, мөн ажлаас халагдахад олгосон тэтгэмжийг буцаан төлүүлэх асуудлаар шүүхэд нэхэмжлэлийг гаргахгүй байх харин И.П******* нь ажилгүй байсан хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх болон Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/68 дугаар тушаал, мөн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/41 дүгээр тушаалын өөрт холбогдох заалтыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд энэ нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.          

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус үндэслэн иргэн И.П*******гийн нэхэмжлэлтэй, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдох “...Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирлын Б/68 дугаар тушаал өмнө гаргасан Б/41 дүгээр тушаалыг үндэслэн гаргасан тул Б/41 дүгээр тушаалын өөрт холбогдох заалтыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч И.П*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

       ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА