Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 23

 

2017,4,05 №23

Энхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0023/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул, 

Прокурор: Д.Энх-Амар,

Ялтны өмгөөлөгч: Б.Соёл-Эрдэнэ, Г.Баярсайхан,

Ялтан: Д.Энхбаяр нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны  2017 оны 02  дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Г.Баярсайхан, ялтан Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлоор Д.Энхбаярт холбогдох эрүүгийн 201623000350 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Хэнтий аймагт 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батширээт сумын “Бэрх” багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Шарайд овгийн Дамдинжавын Энхбаяр /РД:СБ72070714/

 

Д.Энхбаяр нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин баг, Нисэхийн 02-15 тоотод иргэн С.Мөнхболдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн зүүн дал, зүүн бугалга, зүүн гарын шуу, зүүн гарын салааны зүсэгдсэн шарх бүхий бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Прокурорын газраас Д.Энхбаярын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Шарайд овгийн Дамдинжавын Энхбаярыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт  зааснаар 05 жил 01 сарын хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энбхаярт оногдуулсан 05 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,  Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбаярын цагдан хоригдсон 09 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Г.Баярсайхан нь давж заалдах гомдолдоо: ... Д.Энхбаяр нь танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдээгүй байтал анхан шатны шүүх нэг талыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

Ялтан Д.Энхбаяр нь давж заалдах гомдолдоо: ...Би Мөнхболдыг хутгалаагүй. Харин түүнийг хутга бариад ирэхэд нь гараас нь авах гэж зууралдаж байхад гар болон далан дээр нь зүсэгдсэн. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Энхбаяр нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин баг, Нисэхийн 02-15 тоотод оршин суух Б.Болдын гэрт С.Мөнхболдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн зүүн дал, зүүн бугалга, зүүн гарын шуу, зүүн гарын салааны зүсэгдсэн шарх бүхий бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Мөнхболдын мөрдөн байцаалтад өгсөн: ... Энхбаяр бид хоёр Болдынд  архи ууж  нилээд согтсон. Би Энхбаярыг “чи одоо унтаж амар” гэж хэлтэл “унтах унтахгүй нь чамд ямар хамаа байдаг юм” гээд над руу уурлаад хоёулаа муудалцсан. Энхбаяр хоолны шүүгээн дээрээс хутга аваад над руу дайрсан. Миний баруун хацар, цээжинд, зүүн далны ойролцоо мөн баруун гарын долоовор хурууны үены хэсгээр зүссэн ... гэх /21-22х/

Гэрч Б.Уранбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Цагдаагаас хурааж авсан хутга манай гэрийн хутга мөн байна. Намайг гэрээ цэвэрлэж байхад үзүүр хэсэг нь ширээн доор, бариул нь угаалгын машины хажууд газар хэвтэж байсан ...гэх /24-26х/

 Гэрч Б.Болдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Урнаа бид хоёр Энхбаяртай замд тааралдахад  “би танайд хутгаар хүн хатгачих шиг боллоо” гэж хэлэхээр нь гэртээ иртэл гэрийн шал цус болчихсон байсан. ... гэх /хх-27-29х/

Гэрч Х.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Мөнхболд ах амьсгаадчихсан орж ирсэн. Гарнаас нь цус гарч, нүүрнийх нь зүүн шанаа болон зүүн гарын булчингийн дотор талд нь зүсэгдсэн юм шиг байсан. Би эмнэлэгт дуудлага өгсөн ... гэх мэдүүлгүүд /32-33х/

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 022 тоот актад: С.Мөнхболдын биед зүүн  дал, зүүн бугалга, зүүн гарын шуу, зүүн гарын салааны зүсэгдсэн шарх, зүүн бугалга, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-42 х/ дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

С.Мөнхболд, Д.Энхбаяр нарын хооронд хувийн таарамжгүй харьцаанаас болж маргаж муудалцсан байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх “үйлдсэн хэргээ сайн дураар мэдүүлдэггүй байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд Д.Энхбаярын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02  дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 55.11-д заасныг журамлан гэж нэмэн,  2, 3 дахь заалтын “05 жил 01” сарын хорих ял гэснийг “03 жил 05” сарын гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.СҮХГОМБО