Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 422

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, О.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 20-679 тоотод оршин суух иргэн Д.Мийн гэрт нь байхдаа сэм аргаар Самсунг жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 448.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Бийн өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хорооллын эцсийн гэмтлийн орчимд 1 эрэгтэй хүнтэй танилцаад гэмтлийн хойд талын байрны орчимд 2,5 литрийн боргио гэдэг пиво хувааж уугаад тэр залуутай ярьж байгаад гэрт гэмтлийн хойд талд харанхуй гэдэг гэр хорооллын газар тухайн залуугийн гэрт очсон. Тухайн айлын хаяг болон танилцсан залуугийн нэрийг мэдэхгүй байна. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тэгээд тэр айлд очоод тухайн танилцсан хүнтэй архи хувааж уугаад тэр айлд хоноод өглөө нь тухайн танилцсан хүнтэй гэрт нь дахиад Ерөөл нэртэй 0.75 литрийн архи 3 шилийг хувааж уугаад би тэр айлын гар утсаар хүнтэй ярьж байгаад тухайн гар утсыг нь аваад ГССҮТ-н 104-р байрны дэлгүүр ажиллуулдаг Тэлмэн гэдэг залууд тухайн гар утсыг 20000 төгрөг дээр нь 1 шил архи авсан тухайн үед ямар архи авсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 30-33, 72-73/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Мийн өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай найз Б-гийн төрсөн өдөр болж 10 цагийн үед 10-р хороололд Б-гийнд очоод Б- болон Б-гийн найзууд бид хэд 0.75 литрийн Болор архийг хувааж уусан. 13 цагийн үед Б-гийн найз дахин 0.75 литрийн шил архи авч хуваан уусан. Тэгээд би Б-гийнд унтаж байгаад оройн 18 цагийн үед харих гээд Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр буугаад тамхи татах санаатай сандал дээр суухад хажууд үл таних залуу сууж байсан. Өөрийгөө П гэдэг манай охины дэлгүүр энд ойрхон байдаг охин дээрээ очих гэж байна гэж хэлээд, мөн П үнээ гээд пиво барьсан намайг уух уу гээд надад өгсөн П бид хоёр нилээн юм ярьж байгаад манайх руу явахаар болсон. Тухайн үед манайд том охин, хүү хоёр айлаас ирсэн бага насны 2, манай бага охин гээд 5 хүүхэд байсан. Манайд П бид хоёр ирээд гал тогооны өрөөнд 0.33 л архи уусан. Нилээн орой болсон байсан учраас би Пд гал тогооны өрөөнд ор засаж өгөөд өөрөө унтлагын өрөөндөө охидуудтайгаа унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод гал тогоо руу ороход П сэрж байсан. Тэгээд цай уучихаад охиныхоо дэлгүүр лүү яваад ирье гээд явсан. Тэгээд ирэхдээ 0.33 литрийн архи барьж орж ирээд уусан. Тэр архиа хувааж уугаад байж байхад П утсаа өгч бай би хүнтэй утсаар яръя гэхэд утсаа өгч яриулаад охиндоо аав нь унтлаа гэж хэлээд утсаа гудсан завсар хийгээд унтаад өгсөн. Тэгээд намайг унтсан хойгуур манай охинтой П юм ярьж байгаад яваад өгсөн гэж байсан. Би унтаад хоёр цагийн дараа сэрээд утсаа үзэхэд миний утас байгаагүй. 2017 оны 9 сард Тэди худалдааны төвөөс 850.000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан. Хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цын өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр М би найз Баагийгийнхаа хамт гэрт архи ууж байна гэж ярьсан, тэгэхээр нь би уурлдаад наад хүнээ хурдан гэрээс явуул гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр уурлаад утсаа салгахаар нь би өөрийн бэр Б руу залгаад хурдан гэрт очоод шалгаад ир гэж хэлсэн. Тэнд цагийн дараа манай бэр залгаад та санаа зоволтгүй танайд 3 нялх охин зүгээр байна. М ах сэрсэн самсунг жи-7 гар утсаа хайгаад байна, гэхээр нь 12 настай Халиун охин руугаа залгахад аав тэр ахтай том өрөөнд архи уусан, хажуу талд нь дүү аавын утсаар тоглож байсан тэнд удаагүй аав согтоод өрөөндөө орсон. Тэгтэл тэр ах том өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд орж ирээд надад 89017830 дугаар цаасан дээр бичиж өгөөд өөрийгөө энд сургуульд хүн оруулж өгдөг гэж надад хэлж байгаад удалгүй пиво гаднаас аваад ирье гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.Х-ы өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 19-ний оройн 21 цагийн үед аав, танихгүй залуугийн хамтаар орж ирсэн. Тэгээд гал тогооны өрөөнд архи ууж байгаад аав Пт гал тогоонд ор засаад өг гээд би ор засаж өгөөд, аав унтлагын өрөөндөө унтаад өгсөн. Маргааш нь гал тогооны өрөөнд зассан орон дээр дахиад аав П гэх хүнтэй архи уугаад байсан. Тэгээд өдрийн 14 цагийн үед аав унтах гээд том өрөө рүү ор луу явахад П гэх ах аавын араас очоод орон дээр хажууд нь хэвтээд өгсөн. Яг тэр үед аавын гудсан доор утас байсан. Тэгээд аав жижиг өрөө рүү яваад өгсөн. Тэр үед П ах аавын утсаа гудсан доор хийсэн өрөөний орон дээр унтаад үлдсэн. Хоолоо идэж дуусаад гал тогооны өрөөнд аягаа оруулж ирээд хувцсаа өмсөөд ах нь дэлгүүр яваад пиво аваад ирье гэж хэлээд тэр чигтээ яваад өгсөн. Тэгээд аав босож ирээд утсаа үзэхэд байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Т-гийн өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг 104-р байрны “Амно” нэртэй дэлгүүрийг ажиллуулаад байж байхад манай аавын ажлын хүн Батбилэг орж ирээд самсунг жи-7 маркийн гар утас гаргаж ирээд ийм гар утас авах уу гэхээр нь би авъя гэж хэлэхэд тэгээд би тэр хүнд автобусны мөнгө 20.000 төгрөг өгөөд самсунг нөт-2 маркийн гар утсыг өгөөд уг жи-7 маркийн гар утсыг нь авч үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20-21   

 

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 26-27/,

- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 75/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 20-679 тоотод оршин суух иргэн Д.Мийн гэрт нь байхдаа сэм аргаар Самсунг жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 448.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Бийн “...би тэр айлын гар утсаар хүнтэй ярьж байгаад тухайн гар утсыг нь аваад ГССҮТ-н 104-р байрны дэлгүүр ажиллуулдаг Тэлмэн гэдэг залууд тухайн гар утсыг 20000 төгрөг дээр нь 1 шил архи авсан тухайн үед ямар архи авсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Мийн “...П утсаа өгч бай би хүнтэй утсаар яръя гэхэд утсаа өгч яриулаад охиндоо аав нь унтлаа гэж хэлээд утсаа гудсан завсар хийгээд унтаад өгсөн. Тэгээд намайг унтсан хойгуур манай охинтой П юм ярьж байгаад яваад өгсөн гэж байсан. Би унтаад хоёр цагийн дараа сэрээд утсаа үзэхэд миний утас байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 14-16/,

 

гэрч Д.Цын “...М ах сэрсэн самсунг жи-7 гар утсаа хайгаад байна, гэхээр нь 12 настай Халиун охин руугаа залгахад аав тэр ахтай том өрөөнд архи уусан, хажуу талд нь дүү аавын утсаар тоглож байсан тэнд удаагүй аав согтоод өрөөндөө орсон. Тэгтэл тэр ах том өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд орж ирээд надад 89017830 гэсэн дугаар цаасан дээр бичиж өгөөд өөрийгөө энд сургуульд хүн оруулж өгдөг гэж надад хэлж байгаад удалгүй пиво гаднаас аваад ирье гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Г.Х-ы “...П гэх ах аавын араас очоод орон дээр хажууд нь хэвтээд өгсөн. Яг тэр үед аавын гудсан доор утас байсан. Тэгээд аав жижиг өрөө рүү яваад өгсөн. Тэр үед П ах ааын утсаа гудсан доор хийсэн өрөөний орон дээр унтаад үлдсэн. Хоолоо идэж дуусаад гал тогооны өрөөнд аягаа оруулж ирээд хувцсаа өмсөөд ах нь дэлгүүр яваад пиво аваад ирье гэж хэлээд тэр чигтээ яваад өгсөн. Тэгээд аав босож ирээд утсаа үзэхэд байгаагүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Т-гийн “...Батбилэг орж ирээд самсунг жи-7 маркийн гар утас гаргаж ирээд ийм гар утас авах уу гэхээр нь би авъя гэж хэлэхэд тэгээд би тэр хүнд автобусны мөнгө 20.000 төгрөг өгөөд самсунг нөт-2 маркийн гар утсыг өгөөд уг жи-7 маркийн гар утсыг нь авч үлдсэн...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...хохирлоо барагдуулсан тул гомдол санал хүсэлт байхгүй...” гэж хохирогч Д.М бичсэн байх тул шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.Бэд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч О.Бэд улсын яллагчийн санал оруулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бэд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ