Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 423

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Лэд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1____тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Г.Л.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь үргэлжилсэн үйлдлээр

- бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Эаас Самсунг Эс-8 маркийн гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч залилан авч хохирогч Г.Бд 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Боос Самсунг Эс-2 маркийн гар утсыг “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч залилан авч хохирогч Я.Бод 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Лийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 10-р хороолол Тэмүүлэл хотхоны байранд найз Мын гэрт нь байгаад интернэт тоглоомын газар тоглохоор Г, М, М, М бид нар 3-4 хороолол руу явсан. Тэгээд явж байх үед Хорооллын эцсээс дээш явж байх үед гражны тэнд нэг ах хүнтэй муудалцаад байх шиг байсан. Тэгээд тухайн үед би түрүүлж очиход нэг согтуу хүн байж байсан...тэр хүн ганцаараа байхаар нь би гар утсаа өгч байгаач ярьчихаад өгье гэж хэлээд гар утсыг аваад зугтаасан.

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10-р хорооллоос Мтөй хамт 3-р эмнэлэг орохоор явж байх үед нэг хүүхэд хажуугаар зөрөөд явсан. Тэгээд М бид хоёр тэр хүүхдийг дагаад 10-р хорооллын техник технологийн коллежийн хашаанд очсон. Тэгээд тэр хүүхэдтэй би очиж уулзаад тэр хүүхдийг нь гар утсаа өгч байгаач нэг ярьчихаад өгье гэж хэлсэн. Тэгсэн тэр хүүхэд надад гар утсаа өгөхөөр нь би гар утсыг нь аваад цаашаагаа ярих гэж байгаа юм шиг болоод Мг явъя гэж хэлээд гар утсыг нь аваад явсан. Тэгээд М бид хоёр цаашаагаа зугатаагаад яваад өгсөн.

Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 183-185, 242-243/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Бгийн өгсөн:

“...Манай дүү Энхмаагийн хүүхэд Э нь надаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр миний өөрийн самсунг эс-8 маркийн rap утсыг ганц өдөр түр хэрэглэчихээд өгье гэж авч явсан. Манай дүү Энхмаа нь БНСУ-д ажиллаж амьдардаг юм. Харин манай дүүгийн хүүхэд Э нь Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 10-р хорооллын Техник технологийн коллежид суралцдаг юм. Тэндээ дотуур байранд амьдардаг. Эыг манай ээж Содномпил нь асран хамгаалагчаар нь харж байдаг юм. Манай ээж Содномпил нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд амьдардаг. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э нь надруу утсаар залгаж таны гар утсыг алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад хоёр хүүхэд утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд цааш нь авч явсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 43-44/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Я.Бын өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хотол гээд ресторанд найзуудын хамт караокед суухаар 21 цагийн үед очсон. Би тухайн үед тэнд очихдоо ганцаараа явж очсон. Намайг очих үед манай найз нар ирчихсэн байсан. Тэгээд би тэнд найз нартайгаа караокед сууж байгаад архи дарс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд тэндээс 23 цаг өнгөрч байхад ганцаараа гараад гэрлүүгээ харихаар явсан. Харин манай найз тэр караокед суугаад үлдсэн. Тэгээд би тэндээс гараад гэрлүүгээ харихаар хорооллын эцэс рүү зам дагаад алхаж явж байгаад хорооллын эцсээр дээшээ СОТ-ын байр чиглээд явж байхад Дөлгөөн гээд зочид буудлын урд талд байх гэж санаж байна. Тэгсэн нэг хүүхэд ирээд ахаа надад утсаар яриулаач гэхээр нь би өөрийн самсунг эс-2 маркийн гар утсаа өгсөн. Би тухайн үед нилээн согтуу байсан учир царайг нь хараагүй. Тэгснээ миний гар утсаар ярьж байх шиг байснаа цааш гүйгээд яваад өгсөн. Би гар утсаа 2018 оны 4 дүгээр сард хорооллын үйлчилгээний төвөөс 90.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн гар утсаа хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 76-80/,  

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Мгийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Тэмүүлэл хотхоны интернэт тоглоомын газар тоглож байгаад Л-ийн хамт гараад 3-р эмнэлгийн автобусны буудал орж ундаа гоймон зээлэх гээд явж байсан чинь замд нэг хүүхэд тамхи татчихсан явж байсан. ... Л- тэр хүүхдээс гар утас байна уу нэг дохиулчих гэж хэлээд авч байх шиг байсан. Тэгээд нөгөө хүүхэд нь гар утсаа гаргаж ирж байх шиг байсан. Тэгээд Л- намайг дуудаад цаашаа явъя гэхээр нь Л- бид хоёр гүйгээд салаад зугтаагаад явсан.

2018 оны 12 дугаар сарын эхээр М, Л-, М, Г нарын хамт интернэт тоглоомын газар тоглох гэж явж байх үед хорооллын эцсийн тэнд явж байх үед нэг эрэгтэй нэг эмэгтэй явж байх шиг байсан. Тэгээд бид нар тэр ах дээр нь явж очсон. Тухайн үед тэр ахтай нь Л- ах уулзаад байсан. Тэгснээ Л- ах зугатаарай гэж хэлсэн. Тэгээд бид нар зугатаагаад байрны голд очоод уулзсан...” гэх мэдүүлэг /хх-н 50-51, 88-89/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.Гий өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын эхээр байх Мтай гэрт уулзах гээд очих үед Л-, М, М тэр гурав байсан. Тэгэхээр нь би тэр гуравтай уулзаад Л-ийг М бид хоёр интернэт тоглоомын газар хоноё гэж гуйсан. Тухайн үед Л- ах мөнгөтөй байсан учир бид хоёр гуйсан. Тэгсэн Л- нилээн байж байгаад зөвшөөрөөд М, Л-, М бид дөрөв явахаар болоод Мын гэр Тэмүүлэл хотхоны 102-р байрны 12 давхрын чардакан дээрээс цуг гарцгаасан. Харин Л- ах түрүүлээд Мыг дуудахаар гарч явсан. Тэгээд 20-30 минутын дараа М, М бид гурав гараад Мын байрны орцонд нь ортол М, Л- хоёр тамхи татчихсан зогсож байсан. Тэгсэн М эхлээд би интернэт тоглоомын газар хонохгүй би гэртээ хононо гээд байсан. Тэгээд Л- ах Мыг гуйсаар байгаад цуг хонохоор болоод бид нар цуг хорооллын эцсийн Өвжи нэртэй интернэт тоглоомын газарлуу явсан. Тэгээд бид нар явж байгаад хорооллын эцсээс дээшээ өгсөөд явж байх үед Л- ах тэнд нэг ах нэг эгчийг зодоод байна гэсэн. Тэгээд М, М, Л- бид нар очсон. Харин М наана бие засаад үлдсэн. Тэгээд бид нар яваад очих үед нэг ах байсан. Тэгсэн тэр ахтай М, Л- хоёр очиж уулзсан. Харин М бид хоёр наад талд нь зогсож байсан. Тэгсэн Л- ах зугтаагаарай гэж хэлэхээр нь бид нар гүйсэн. Би тухайн үед тэр ахаас гар утас авсан талаар нь мэдээгүй.

Тэгээд дээшээ явж байх үед Л- ах гар утсыг нь авчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар интернэт тоглоомын газар орж хоносон. Тэгээд өглөө нь 08 цагийн үед байх гараад 10-р хороололд Мын байдаг Тэмүүлэл хотхоны 102-р байрны 12 давхарт байдаг чардакан дээр очиж унтацгаасан. Тэгээд орой 17-18 цагийн үед байх босоод өлсөцгөөгөөд байж байх үед М, Л- нар орж ирсэн. Тэгсэн Л- ах М бид хоёрыг энэ самсунг эс-2 маркийн гар утсыг зарчихаад ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь М бид хоёр тэр утсыг дэлгүүрт 20.500 төгрөгийн барьцаанд тавиад идэж уух юм авсан. Тэгээд М бид хоёр буцаад орсон. Тэгээд буцаад орох үед М, Л-, М гурав байсан. Бид нар дэлгүүрээс авсан зүйлээ хувааж идээд байж байх үед М нь нойр хүрээд байна гэрлүүгээ орлоо гэж хэлээд гараад яваад өгсөн. Тухайн үед гар утас авах    санаа байгаагүй. Тухайн үед интернэт тоглоомын газар хононо гээл явж байсан. Тэгсэн харин Л-, М хоёр очоод уулзаж байснаа зугтаарай л гэж хэлсэн. Би тухайн үед яасан талаар нь бол мэдээгүй. Би зугтаарай гэхээр нь л зугтсан. Тэр гар утас одоо Л-эд байгаа. Тэр гар утсыг нь дэлгүүрээс авчихсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 84-85/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Мын өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байх үед М, М, Г, Л- нар ирээд бид нар хамтдаа Өргөөгийн хойд талд байрлах өвжи нэртэй интернэт тоглоомын газар тоглохоор явсан. Тэгсэн тэр хороолол руу өгсөж явж байх үед нэг гарашуудын дунд нэг ах нэг эгчийг зодоод байх шиг байна гэж Л- хэлсэн. Тэгсэн Л- ах очъё гээд хэлээд түрүүлээд яваад өгсөн. Харин М ах хойно бие засаж үлдээд Г, М бид гурав араас нь очсон. Тэгээд  бараг араас нь яваад очих үед Л- ах өөдөөс гарч ирээд буцаад гүй гэж хэлсэн. Тэгээд өөдөөс М ах гараад ирэхээр нь би зугатаарай гэж хэлсэн. Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй. Маргааш өглөө нь 08 цагийн үед байх гараад Л- ах М ахад нэг гар утас өгөөд энийг цэнэглээд ирээрэй гээд өгсөн. Тэр гар утас нь Самсунг эс-2 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-н 86-87/,

 

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 55-56, 96/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 123, 196/

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Л нь үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Эаас Самсунг Эс-8 маркийн гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч залилан авч хохирогч Г.Бд 480.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Боос Самсунг Эс-2 маркийн гар утсыг “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч залилан авч хохирогч Я.Бод 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Лийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... тэр хүн ганцаараа байхаар нь би гар утсаа өгч байгаач ярьчихаад өгье гэж хэлээд гар утсыг аваад зугтаасан.

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ... тэр хүүхэд надад гар утсаа өгөхөөр нь би гар утсыг нь аваад цаашаагаа ярих гэж байгаа юм шиг болоод Мг явъя гэж хэлээд гар утсыг нь аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Бгийн “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э нь надруу утсаар залгаж таны гар утсыг алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад хоёр хүүхэд утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд цааш нь авч явсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Я.Бын “...Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ... нэг хүүхэд ирээд ахаа надад утсаар яриулаач гэхээр нь би өөрийн самсунг эс-2 маркийн гар утсаа өгсөн. Тэгснээ миний гар утсаар ярьж байх шиг байснаа цааш гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, 

 

насанд хүрээгүй гэрч Б.Мгийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... Л- тэр хүүхдээс гар утас байна уу нэг дохиулчих гэж хэлээд авч байх шиг байсан. Тэгээд нөгөө хүүхэд нь гар утсаа гаргаж ирж байх шиг байсан. Тэгээд Л- намайг дуудаад цаашаа явъя гэхээр нь Л- бид хоёр гүйгээд салаад зугтаагаад явсан.

2018 оны 12 дугаар сарын эхээр ... нэг эрэгтэй нэг эмэгтэй явж байх шиг байсан. Тэгээд бид нар тэр ах дээр нь явж очсон. Тухайн үед тэр ахтай нь Л- ах уулзаад байсан. Тэгснээ Л- ах зугатаарай гэж хэлсэн. Тэгээд бид нар зугатаагаад байрны голд очоод уулзсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Г.Гий “...бид нар явж байгаад хорооллын эцсээс дээшээ өгсөөд явж байх үед Л- ах тэнд нэг ах нэг эгчийг зодоод байна гэсэн. ...Тэгээд бид нар яваад очих үед нэг ах байсан. Тэгсэн тэр ахтай М, Л- хоёр очиж уулзсан. Харин М бид хоёр наад талд нь зогсож байсан. Тэгсэн Л- ах зугтаагаарай гэж хэлэхээр нь бид нар гүйсэн...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч А.Мын “...тэр хороолол руу өгсөж явж байх үед нэг гарашуудын дунд нэг ах нэг эгчийг зодоод байх шиг байна гэж Л- хэлсэн. Тэгсэн Л- ах очъё гээд хэлээд түрүүлээд яваад өгсөн. ...Тэгээд  бараг араас нь яваад очих үед Л- ах өөдөөс гарч ирээд буцаад гүй гэж хэлсэн. ... Маргааш өглөө нь 08 цагийн үед байх гараад Л- ах М ахад нэг гар утас өгөөд энийг цэнэглээд ирээрэй гээд өгсөн. Тэр гар утас нь Самсунг эс-2 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Лэд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Лийг бусадтай бүлэглэж хуурч, бодит байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэрэгт хохирогч Я.Бын “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн гар утсаа хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 76-80/, “...хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдолгүй гэж мэдэгдсэн...” гэх хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 222/ зэргээс шүүгдэгч Г.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.Лэд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Лэд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Л нь учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Лийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэж хуурч, бодит байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Лэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ