| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0342/Э |
| Дугаар | 342 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 342
2019 11 21 2019/ШЦТ/342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Б.М холбогдох эрүүгийн 1934007600372 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Замчингийн 17-119 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ПГ88081636 дугаарын регистртэй, Т овгийн Б.М
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянүрд 1 дүгээр багийн нутаг “Хоолтын даваа” гэх газар 14-01 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгсэл боон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал би йболохгүйгээр зорчино” гэх хориглосон заалтуудыг тус тус зөрчиж 73-08 УНП улсын дугаартай тээврийн хэрэсгэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарган Б.Хандсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Мөнхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М:
... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934007600372 дугаартай хэрэгт хохирогч Б.Хандсүрэн /хх-ийн 20-22, 23-24 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 26, 27-28 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхжаргал /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Б.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Б.Баасанжаргал /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Н.Мөнхжаргал /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Б.Лхагвадорж /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, яллагдагч Б.М /хх-ийн 116-118 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 650 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 651 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №00378 дугаартай дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4968 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4969 дугаартай дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
“ВЕНДО” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №14865074 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
“ВЕНДО” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №14865074 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
“ВЕНДО” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №14866143 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 101-106 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11 дүгээр хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-18 дугаар хуудас/, “TOYOTA PRIUS-20” маркийн 14-01 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын гэрэл зургууд /хх-ийн 86-95 дугаар хуудас/, “CHEVROLET CRUZE” маркийн 73-08 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын гэрэл зургууд /хх-ийн 102-110 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 121-142 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянүрд 1 дүгээр багийн нутаг “Хоолтын даваа” гэх газар 14-01 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгсэл боон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал би йболохгүйгээр зорчино” гэх хориглосон заалтуудыг тус тус зөрчиж 73-08 УНП улсын дугаартай тээврийн хэрэсгэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарган Б.Хандсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Мөнхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Хандсүрэнгийн ...Хоолтын даваа урдуудаад би Мөнх-Эрдэнийн машинд суугаад явж байтал ард явсан Б.М машинтайгаа миний сууж явсан машиныг гүйцэж түрүүлж байгаад тэгээд юу болсон мэдэхгүй, машин онхолдоод машинаас гараад ирсэн чинь хоёр машин онхолдсон байсан юм... ...миний эгэм яс хугарсан... ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийн ...би өөрийн эзэмшлийн 7308 УНТ улсын дугаарта “Chevrolet” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осолд орж манай эхнэр Б.Хандсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Мөн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан... ....тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна... /хх-ийн 26 дугаар хуудас/,
...Уг машиныг Дамбасүрэнгийн Мөнхжаргалаас худалдан авч байсан. Уг машиныг 2019 оны 02 дугаар сард авсан нэрээ шилжүүлээгүй хоорондоо таньдаг хүмүүс учраас тэгж байгаад нэрээ шилжүүлэхээр болсон юм аа. Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр Д.Мөнхжаргалын нэр байдаг боловч миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхжаргал ......би бол Б.Мын төрсөн ээж нь байгаа юм... ...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
гэрч Б.Мөнх-Эрдэнэ ...Хоолтын даваа уруудаад явж байсан чинь миний хажуугаар ард явсан Б.М тээврийн хэрэгсэлтэй миний хажуугаар гүйцэж түрүүлэх гэж байна гээд харж байсан чинь хажууд ирээд хажуугаас шахаад тэгээд би мөргөлдөхгүйн тулд дагуулан тээврийн хэрэгслээ дараад тэгтэл Б.М тээврийн хэрэгсэлтэйгээ замаас гараад хад мөргөөд зам дээр охнолдоод би араас нь мөн замаас гараад мөн хад мөргөөд зам дээр онхолдож зам тээврийн осол хэрэг учрал болсон... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
гэрч Б.Баасанжаргал ...Хоолтын даваа уруудаад би Б.Мын машин суугаад явж байсан тэгтэл жолоо барьж явсан Б.М ээжээ үрүүл гэсэн. Тэгээд миний суугаад явсан тээврийн хэрэгсэл замаас гараад зам дээр онхолдсон юм. Машинаас гараад иртэл мөн цуг явсан Мөнх-Эрдэнийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл машины хажууд машин нь онхолдож зам тээврийн осол болсон юм... ...Б.М архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Нойр хүрч ядарч байна гэж байгаагүй... /хх-ийн 35 дугаар хуудас/,
гэрч Н.Мөнхжаргал ...Б.Мын машинд суугаад Хоолтын даваа гэх газар уруудаад явсан би тухайн үед сэтгэл санаа үймрээд юу болсныг мэдэхгүй байна. Б.М хашхираад тэгсэн машин онхолдсон... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
гэрч Б.Лхагвадорж ...Б.М ахын машинд суугаад Хоолтын даваа гэх газар уруудаад явсан. Би тухайн үед утсаа оролодоод явж байсан. Тэгсэн жолооч Б.М ах ээжээ гээд хашхираад тэгсэн юу болсон мэдэхгүй миний суугаад явж байсан тээврийн хэрэгсэл зам дээр онхолдсон. Тэгээд машинаас гараад ирсэн чинь цуг явж байсан Мөнх-Эрдэнэ ахын жолоодож явсан машин мөн хажууд нь онхолдсон байсан юм... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
яллагдагч Б.М ...Хоолтын даваа урдуудаад миний урд цуг явсан хоёр тээврийн хэрэгсэл явсан. Тэгээд би урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урдаа яваа тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрч явтал зам дээр тээврийн хэрэгсэл ойж буугаад тэгтэл жолоогоо алдаад замаас гараад замын хажуу руу гараад зам дээр тэвэрийн хэрэгсэл онохлдоод мөн миний гүйцэж явсан тээврийн хэрэгсэл мөн онхолдож зам тээврийн осол хэрэг учрал болсон юм... /хх-ийн 116-118 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 650 дугаартай ...Б.Хандсүрэнгийн биед зүүн эгэм ясны хугарал, баруун шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 651 дугаартай ...Н.Мөнхжаргалын биед баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүү, баруун, зүүн мөр, аюулхай, баруун шуу, зүү өвдгөнд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №00378 дугаартай ...Б.М нь 14.01 УНҮ улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3., 1.3-д заасныг тус тус зөрчсөн... ...Б.Мөнх-Эрдэнэ нь 73-08 УНТ улсын дугаартай “CHEVROLET” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэв... дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4968 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.М 31/эр гэх хаягласан цусанд спирт илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4969 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Мөнх-Эрдэнэ 39/эр гэж хаягласан цусанд спирт илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
“ВЕНДО” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №14865074 дугаартай ...1401 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирол 941.000 төгрөгөөр үнэлсэн... авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
“ВЕНДО” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №14866143 дугаартай ...7308 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирол 1.571.000 төгрөгөөр үнэлсэн... авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 101-106 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11 дүгээр хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-18 дугаар хуудас/, “TOYOTA PRIUS-20” маркийн 14-01 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын гэрэл зургууд /хх-ийн 86-95 дугаар хуудас/, “CHEVROLET CRUZE” маркийн 73-08 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын гэрэл зургууд /хх-ийн 102-110 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 121-142 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Мын 14-01 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас 73-08 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарган Б.Хандсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Мөнхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь тээврийн хэрэгслийн хурдыг замын болон цаг агаарын нөхцөлд тохируулан хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг урамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан үйл баримтыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх ба уг болгоомжгүй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.М нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Мыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Мын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Хандсүрэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Н.Мөнхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэний эд хөрөнгөд 1.571.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хандсүрэн, Н.Мөнхжаргал нар нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Хандсүрэн, иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нарт 2.000.000 төгрөг төгрөгийг төлсөн болох нь хохирогч Б.Хандсүрэн, иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нарын хавтас хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлгүүд болон тэдэнтэй утсаар ярьж тайлбарыг нь тэмдэглэсэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтуудаар,
мөн хохирогч Н.Мөнхжаргалд шүүх хуралдааны тов мэдэгдэж шүүхээс түүнийг шүүх хуралдаанд дуудсан баримтад бичигдсэн ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй... талаар мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудас болон хавтаст хэргийн 16 дугаар хуудаст өгсөн ...Надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл гэж байхгүй байна. Миний хүүгийн холбогдоод байгаа уг зам тээврийн ослын хэргийг аль болох нааштайгаар шийдвэрлэж өгөхийг л хүсэх байна... гэх мэдүүлэг,
түүнчлэн иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч Б.Маас эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлэхгүй болох түүний мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Мт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Мын жолоочийн 992877 дугаартай үнэлмэхийг,
“TOYOTA PRIUS-20” маркийн 1401 УНҮ улсын дугаартай 02320377 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч ПГ88081636 дугаарын регистртэй, Т овгийн Б.М буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б.Мыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т овгийн Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Т овгийн Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т овгийн Б.М шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Т овгийн Б.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Хандсүрэн, Н.Мөнхжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Мын жолоочийн 992877 дугаартай үнэлмэхийг,
“TOYOTA PRIUS-20” маркийн 14-01 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02320377 дугаартай гэрчилгээг тус тус хууль ёсны эзэмшигч ПГ88081636 дугаарын регистртэй, Т овгийн Б.М буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гар
даж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН