| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0071/Э |
| Дугаар | 345 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 345
2019 11 22 2019/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А.Бод холбогдох эрүүгийн 1834006820319 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймаг Баян-Өндөр суманд 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уулын 29-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал,
урьд 2016 онд Өвөрхангай аймгийн сум дундын шүүхээр 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЙГ96062512 дугаарын регистртэй, Б овгийн А.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрүүдийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст багийн “Угалз” гэх газраас Т.Нямдоржийн эзэмшлийн 5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 4.500.000 төгрөгийн, мөн сумын “Урд бөөр” гэх газраас А.Сүрэндэлэгийн 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.567.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1834006820319 дугаартай хэрэгт хохирогч Т.Нямдорж /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, хохирогч А.Сүрэндэлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Т.Нямдорж /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Д.Цэндсүх /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Г.Алтанцэцэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч П.Гомбосүрэн /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Б.Дэлгэрмаа /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Б.Отгонбат /хх-ийн 43 дугаар хуудас/, А.Сүрэндэлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Б.Дэлгэрмаа /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Б.Энхсайхан /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч Д.Эрдэнэ-Очир /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч Б.Өлзийсайхан /2-р хх-ийн 1-2 дугаар хуудас/, гэрч Д.Эрдэнэ-Очир /2-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/, гэрч Б.Энхсайхан /хх-ийн 5-6 дугаар хуудас/, яллагдагч А.Б /хх-ийн 95, 96-98, 99-101, 102-103, 104-105, 246-249 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06/21 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 55-60 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06/20 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 65-70 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09/211 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 09-14 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/, зочид буудлын дэвтэр /2-р хх-ийн 23-35 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 106-114, 126-161, 243-245, дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч А.Б нь үргэлжилсэн үйлдлээр, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрүүдийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст багийн “Угалз” гэх газраас Т.Нямдоржийн эзэмшлийн 5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 4.500.000 төгрөгийн, мөн сумын “Урд бөөр” гэх газраас А.Сүрэндэлэгийн 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.567.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Т.Нямдоржийн ...Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүрэн морь, өсгий цагаан зээрд морь чих нь эмтэй хээр морь, сартай хээр морь, зээрд халзан морь гэсэн нийт 5 тооны адуу ширээтэй нар саран тамгатай алдчихсан байсан. Тэгээд адуугаа хайж байхад манайд 2018 оны 08 дугаар сарын дундуур Төв аймгийн Эрдэнэсант суманд мал мах авдаг Цэндсүх гэдэг хүн манайд ирэхээр нь би адуугаа сурсан чинь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат А.Б гэдэг хүн надад тухайн үед танай 5 тооны адууг авч ирээд би нэг адууг нь 600.000 төгрөгөд бодоод өгсөн гэж байсан... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
хохирогч А.Сүрэндэлэгийн ...2018 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө манай гурван тооны адууг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн А.Б гэгч нь хулгайлан тууж яваад манайхаас 5 орчим километрт байдаг Зүрх гэдэг нэртэй газар аваачин хаясан байсныг нь олж авсан юм... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
...манай 4 тооны адууг А.Б гэгч нь хулгайлан тууж явсныг манай ойр хавийн айлын хүн харсан байсан бөгөөд өөрөө надад миний дөрвөн тооны адууг амьд байгаа авч ирж өгнө гэсэн. Тэгээд одоо болтол надад миний дөрвөн тооны адууг өгөхгүй байна... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
гэрч Т.Нямдоржийн ...Төв аймгийн Угалз гэдэг газраас өөрийнхөө адууг дотроос 5 тооны адуугаа хулгайд алдсан юм. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Цэндсүх гэдэг залуу манайхаар бууж бор азаргатай адуу сурахаар нь би Цэндсүхээс өөрийнхөө алдсан 5 тооны адууг сураглахад А.Б гэдэг залуу надад наад таван тооны адууг чинь зарсан. Би наад 5 тооны адууг чинь А.Боос худалдаж аваад Улаанбаатар хотод Эмээлт зах дээр аваачиж зарсан гэж хэлсэн... ...12 настай ширээтэй сар, наран тамгатай морь-1, 10 настай хээр морь-1, өсгий цагаан сартай хээр морь-1, зээрд морь-1, хүрэн морь-1 тус тус бүгдээрээ ижил засмал дэлтэй ижил тамгатай адуунууд байгаа юм... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
гэрч Д.Цэндсүхийн ...2019 оны 08 дугаар сарын 09-ний дөр 15 цагийн орчим ЖИ мобиалын дугаараас нэг хүн залгаад би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүн байна. Танд адуу зарах гэсэн юм би одоо баруун талаас туугаад явж байна. Та өөдөөс хүрээд ир гэхэд нь би үгүй би завгүй байна чи өөрөө манайд туугаад ир гэж хэлэхэд төд удалгүй 5 адуу туугаад хүрч ирэхээр нь ямар учиртай адуу зарах гэж байгаа юм гээд асуухад манай өвөөгийн адуунууд байгаа юм би машин авах санаатай гэж адуунуудыг зарж байгаа юм гэхээр нь үнэ ханашаа тохиролцож нэг адуу тус бүрийг нь 680.000 төгрөгөөр бодож авч нийт 3.400.000 төгрөг дансаар шилжүүлсэн... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
гэрч Г.Алтанцэцэгийн ...манай аав Гомбосүрэнгийн 26 тооны адууг Балжинням гэх залуутай тууж яваад Төв аймгийн Өндөрширээт сумын салдаг уулзварын орчимд манай адуунууд эзгүй байна гэсэн сургаар нь очиж үзэхэд хоёр гүүг нь Эрдэнэсантын махны ченжид зарсан байсан. Тэгээд А.Б, Балжинням нарыг тэр хавиар хүнээс асуугаад олж уулзаж чадаагүй... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
гэрч П.Гомбосүрэнгийн ...Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутаг Ногоон нуур гэдэг газар байхад зээ хүү А.Б надад хэлэлгүйгээр манай 26 тооны адууг тууж яван өвстэй газар оторлож Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт маллаж байхдаа өмнө өөрт нь зүслэн өгсөн 2 тооны гүүг хүнд зарсан байсан... ...миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
гэрч Б.Дэлгэрмаагийн ...2018 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө манай хонгор морь, хээр морь, сартай хүрэн үрээ гурвыг А.Б гэгч нь тууж явсныг манай саахалт айлын Балдангомбын хүү Отгоо нь хараад очих үед нь зугтсан гэсэн. Энэ талаар би нарт ирж хэлээд явсан... ...маргааш нь Мижээгийн 5 тооны адууг тууж яван зарсан байсан... /хх-ийн 42 дугаар хуудас/,
гэрч Б.Отгонбатын ...манай хойгуур А.Б 5 тооны морь туугаад явж байсан. Очоод уулзах гэсэн чинь мотоциклтойгоо зугтсан. Би араас нь яваад гүйцээгүй буцаад тууж явсан адуун дээр нь очиход Сүрэндэлэгийн давхар саран тамгатай 3 тооны адуу байхаар нь Сүрэндэлэгт хэлсэн... /хх-ийн 43 дугаар хуудас/,
гэрч А.Сүрэндэлэгийн ...2018 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө манай хээр алаг морь, хээр алаг шүдлэн ухаа зээрд үрээ, хонгор морь гэсэн 4 тооны адуу алдагдахаар нь А.Быг байх гэж бодоод А.Быг хайж байгаад Ботгон гэх газар таараад манай 4 тооны адуу хаана байна гэсэн чинь амьд байгаа дүү нь авч ирж өгнө гэж хэлээд явсан. Одоо болтол авч ирэхгүй байгаа... /хх-ийн 44 дүгээр хуудас/,
гэрч Б.Дэлгэрмаагийн ...манай 4 тооны хээр алаг морь, ухаа зээрд үрээ, хээр алаг шүдлэн, сартай өсгий цагаан хонгор морийг А.Б авсан гэж байсан. Энэ талаараа А.Б өөрөө манай нөхөр А.Сүрэндэлэгт хэлсэн талаар Данзан гэх хүн мэдэж байгаа. А.Б өөрөө манай адууг амьд байгаа авч ирж өгнө гэж хэлсэн... /хх-ийн 45 дугаар хуудас/,
гэрч Б.Энхсайханы ...би айлд ороод харих замд Сүрэндэлэг ах таарсан. Мөн Эрдэнэ-Очир, А.Б хоёр гэрээсээ яг хөдөлж байсан юм. Тэгээд Сүрэндэлэг А.Бод чи миний 4 тооны адууг яасан гээд барилцаад авсан. Тэгтэл А.Б таны 4 тооны адуу амьд байгаа. Би аваад ирнэ гээд хөдлөөд явсан... /хх-ийн 46 дугаар хуудас/,
...Сүрэндэлэг ах А.Боос чи миний 4 тооны адууг яасан бэ гэтэл тэр хоёр хоорондоо барилцаад авсан. Тэгтэл тэр хоёр хоорондоо барилцаад авсан. Тэгээд А.Б би таны 4 тооны адууг амьд айгаа гээд хөдлөөд явсан... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
гэрч Д.Эрдэнэ-Очир ...2018 оны 08 дугаар сард А.Б манайд 5-6 хоносон байгаа. Тухайн үед адуутайгаа яваад байсан юм. Тэгээд яг хэдний өдрийг мэдэхгүй байна. Гэрийн гадаа Сүрэндэлэг ирээд А.Быг буугаад ир гээд чи миний 4 морийг туугаад явсан яасан гээд барилцаад авсан. Тэр үед А.Б би адууг чинь олоод өгнө гэж хэлээд мотоциклтой яваад өгсөн... /хх-ийн 47 дугаар хуудас/,
...Сүрэндэлэг ах А.Боос 4 тооны адуугаа нэхэж байсан... ...А.Б, Сүрэндэлэгт хандан ахаа би таны адууг хаана байгааг мэднэ би олоод ирнэ гэж хэлээд мотоциклоо унаад явсан... /2-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
гэрч Б.Өлзийсайхан ...Тухайн үед манай буудалд А.Б нь 2018 оны 08 дугаар сард байсан. Тэгээд манай буудлын хүн манай нутгийн залуу ирсэн байгаа гэхээр нь ирээд харахад А.Б байсан юм. Тэгээд би уулзаад хөөгөөд явуулсан юм... /2-р хх-ийн 1-2 дугаар хуудас/,
яллагдагч А.Б ...Гурван өндөр гэх газрын ар дээр 5 тооны зээрд халзан морь, хээр морь, сартай хээр морь, хүрэн зээрд морь, хүрэн морь гэсэн таван тооны адуу таарсан юм. Тэгээд би тэр адууг харчихаад адуугаа хайгаад явж байгаад эргээд ирэхэд нөгөө таван адуу байхаар нь туугаад Жаргалантын адаг гэх газар руу тууж яваад мал мах авдаг Цэндсүх гэдэг хүнд нийт 3.400.000 төгрөгөөр бодоод бүгдийг нь өгсөн. Тэгээд л явсан миний хаан банкны 5072163067 гэсэн дансны дугаарыг авч үлдсэн бөгөөд энэ дансанд мөнгө хийсэн байсан. Би дараа нь хэд хоногийн дараа л шалгасан юм... /хх-ийн 96-98 дугаар хуудас/,
...Би А.Сүрэндэлэгийн 4 тооны адууг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна... /хх-ийн 99-101 дүгээр хуудас/,
...Дэлгэрхаан сумын нутаг урд бөөр гэх газраас А.Сүрэндэлэгийн хонгор морь, сартай хээр морь, сартай хүрэн морьдыг хөөж явж байгаад Отгонбат гэх хүнтэй Ар-Урд гэдэг газар таараад зугтсан юм... /хх-ийн 102-103 дугаар хуудас/,
...А.Сүрэндэлэгийн 3 тооны адууг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 104-105 дугаар хуудас/,
...миний хувьд А.Сүрэндэлэгийн 4 тооны адууг авсан гээд байгаа 2018 оны 08 сарын 10-12-ны өдөр хүртэл Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотгоны урд талд замын зүүн гар талд байдаг “Өнө цаг” нэртэй зочид буудалд байж байсан юм. Тухайн буудалд байрлахдаа өөрийнхөө нэрээр бүртгүүлээд 20.000 төгрөг өгсөн... ...тухайн улаан өнгийн даюун маркийн муудсан мотоциклоо 2018 оны 09 дүгээр сарын орчим зүс таних Тавхаа гэх хүнд 200.000 төгрөгөөр зарж байсан. Одоо Тавхаа хаана байдаг талаар мэдэхгүй байна. Одоо үнэлвэл 200.000 төгрөгөөрөө үнэлүүлнэ... /хх-ийн 246-249 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ...иргэн Т.Нямдоржийн 5 тооны адууг 4.500.000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06/21 дугаартай ...иргэн А.Сүрэндэлэгийн 3 тооны адууг 2.567.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 55-60 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06/20 дугаартай ...иргэн А.Сүрэндэлэгийн 4 тооны адууг 2.937.500 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 65-70 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09/211 дугаартай ...А.Бын “DAYUN” маркийн мотоциклыг 194.040 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /2-р хх-ийн 09-14 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/, зочид буудлын дэвтэр /2-р хх-ийн 23-35 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 106-114, 126-161, 243-245, дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Сүрэндэлэг нь мөрдөн байцаалтын шатанд хавтас хэргийн 32-33 дугаар хуудсанд хохирогчоор ...манай 4 тооны адууг А.Б гэгч нь хулгайлан тууж явсныг манай ойр хавийн айлын хүн харсан байсан бөгөөд өөрөө надад миний дөрвөн тооны адууг амьд байгаа авч ирж өгнө гэсэн. Тэгээд одоо болтол надад миний дөрвөн тооны адууг өгөхгүй байна... гэж,
мөн хавтас хэргийн 44 дүгээр хуудсанд гэрчээр ...2018 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө манай хээр алаг морь, хээр алаг шүдлэн ухаа зээрд үрээ, хонгор морь гэсэн 4 тооны адуу алдагдахаар нь А.Быг байх гэж бодоод А.Быг хайж байгаад Ботгон гэх газар таараад манай 4 тооны адуу хаана байна гэсэн чинь амьд байгаа дүү нь авч ирж өгнө гэж хэлээд явсан. Одоо болтол авч ирэхгүй байгаа... гэж тус тус мэдүүлжээ.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Бод холбогдох хэргээс 2018 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө хохирогч Сүрэндэлэгийн 4 тооны адууг хулгайлсан гэх хэргийг Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... ...яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал... ...яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ... гэсэн үндэслэлээр прокурорын шатанд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Үүнд: Хавтас хэргийн 23-35 дугаар хуудсанд авагдсан “Өнө цаг” зочид буудлын бүртгэлийн дэвтрийг шүүж үзэхэд хохирогч А.Сүрэндэлэгийн 4 тооны адуу хулгайд алдагдсан гэх 2018 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө шүүгдэгч А.Б нь “Өнө цаг” зочид буудалд байсан болох нь нотлогдож байх бөгөөд тухайн цаг хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч А.Б нь үргэлжилсэн үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглаж, Т.Нямдоржийн эзэмшлийн 5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол,
мөн А.Сүрэндэлэгийн 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.567.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ үргэлжилсэн гэмт хэргийн шинжийг хангасан,
мөн хохирогч Т.Нямдоржийн 5 тооны адууг өмчлөгч, эзэмшигчид нь буюу хохирогч Т.Нямдоржид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч зарж борлуулж ашиг олсон, мөн хохирогч А.Сүрэндэлэгийн 3 тооны адууг өмчлөгч, эзэмшигчид нь буюу хохирогч А.Сүрэндэлэгт мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авсан, улмаар өөрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу гэрч Отгонбатын идэвхитэй үйлдлийн улмаас зарж борлуулж, ашиг олж чадаагүй боловч дээрх хоёр үйл баримтуудыг төгссөн гэмт хэрэг гэж үзэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрөө уг санаатай үйлдэл, эс үйлдэхүйг хүсч үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзлээ.
Шүүгдэгч А.Бын дээрх үргэлжилсэн үйлдлээр, бусдын малыг хулгайлсан санаатай үйлдэл, эс үйлдэхүй нь үүсэж буй үр дагавар болох хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Түүнчлэн санаатай гэмт хэрэг үйлдэж, хохирол, хор уршиг учруулахдаа тээврийн хэрэгсэл буюу мотоцикль ашиглаж үйлдсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч О.Баяраа нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Нямдоржид 5 тооны адуу алдагдаж 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол, хохирогч А.Сүрэндэлэгт 3 тооны адуу алдагдаж, 2.567.000 /хоёр сая таван зуун жаран долоон мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Үүнээс шүүгдэгч А.Б нь хохирогч Т.Нямдоржид гэмт хэрэг үйлдэж учруулсан 5 тооны адууны хохирол 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хохирогч Т.Нямдоржийн тус шүүхэд гаргаж өгсөн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хохирол төлсөн тухай баталгаагаар,
мөн хохирогч А.Сүрэндэлэгт гэмт хэрэг үйлдэж учруулсан 3 тооны адууг хохирогч биет байдлаар нь буцаан авсан болох нь хавтас хэргийн 30-31 дүгээр хуудсанд авагдсан хохирогч А.Сүрэндэлэгийн ...манайхаас 5 орчим километрт байдаг Зүрх гэдэг нэртэй газар аваачин хаясан байсныг нь олж авсан юм... гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч А.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч А.Бод хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэдийгээр хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч, түүний хувийн байдлыг харгалзан үзлээ.
Шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Баяртогоход оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч А.Бын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тус тус шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 3 /гурав/ хоногийг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 144 /нэг зуун дөчин дөрөв/ хоногийг, 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг, нийт 191 /нэг зуун ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Т.Нямдорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч А.Сүрэндэлэг нь гомдолтойг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
Түүнчлэн шүүгдэгч А.Бын бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоциклын үнэ болох 194.040 /нэг зуун ерөн дөрвөн мянга дөчин/ төгрөгийг шүүгдэгч ЙГ96062512 дугаарын регистртэй, Б овгийн А.Боос гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн А.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн А.Бын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тус тус шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 3 /гурав/ хоногийг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 144 /нэг зуун дөчин дөрөв/ хоногийг, 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг, нийт 191 /нэг зуун ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б овгийн А.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Т.Нямдорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч А.Сүрэндэлэг нь гомдолтойг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн А.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “DAYUN” маркийн улсын дугааргүй мотоциклын үнэ болох 194.040 /нэг зуун ерөн дөрвөн мянга дөчин/ төгрөгийг шүүгдэгч ЙГ96062512 дугаарын регистртэй, Б овгийн А.Боос гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн А.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн А.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН