| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0355/Э |
| Дугаар | 360 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 360
2019 12 03 2019/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
хохирогч Ш.Сэржмядаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б.Бид холбогдох эрүүгийн 1934005120409 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 32-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЭ99051018 дугаарын регистртэй, Б овгийн Б.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутгаас Ш.Сэржмядагийн өмчлөлийн 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч явж Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд 8.391.893 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б:
...Шинийн 2-нд шилжих шөнө Төв аймагт байж байхад өглөө нь А.Сансархүү ах, Ш.Сэржмядаг эгч 2 ирээд гэр рүүгээ явсан. Гэрт нь очоод А.Сансархүү ахтай хамт ах, дүү нарынхаар нь орж явж байгаад орой гэрт нь очиж жаахан тоглосон. Гэтэл хөдөөнөөс 2 найз нь ирсэн. Тэгээд тэр хоёр найз нь орой Өлзийт хүргээд өг гэсэн. Тэр хоёрыг Өлзийт хүргэж өгөх гээд А.Сансархүү ах бид 4 явсан. Гэтэл нөгөө 2 хүн нь Баянхошуунд айлд очоод тэнд хамт архи уусан. Тэгэхээр нь би А.Сансархүү ахаас ахаа машиныхаа түлхүүрийг өгчих би эмээгийн очоод ирье гээд машины түлхүүрийг нь аваад Н.Баттөр гэдэг найзтайгаа хамт эмээгийнд очсон. Тэгээд найзтайгаа хамт Улаанбаатар хот руу явчихсан...
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Сэржмядаг:
...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээж дээрээ очиж золгочхоод гэртээ ирсэн чинь манай хүүхдийн найз, Б.Б хоёр ирсэн байсан. Мөн манай нөхрийн Сэлэнгэд ажилладаг гээд хоёр найз нь ирсэн байсан. Тэр хоёр Өлзийт хороолол явна гэсэн нь үнэн. Тэгээд бас нэг айлд очоод ирье гэхээр нь би хүүхдийнхээ машинаар тэр хоёрыг хүргэж өгөөд би та хоёр Өлзийт явахгүй шүү. Би та хоёрыг ийш тийш нь зөөж явмааргүй байна. Та хоёртой олигтой юм болдоггүй гэж хэлчхээд гэртээ ирсэн. Тэгээд би айлд жаахан виски уучихсан байсан болохоор хэсэг унтаад өгсөн байсан. Тэгээд сэртэл машин байхгүй. Б.Б, Сансархүү нар ч байхгүй байсан. Би тухайн үедээ айлд очих гээд явсан юм байхдаа гэж бодсон. Тэгээд байж байтал орой манай нэг найз ирээд чиний машиныг ламын байранд байдаг нүд муутай хүүхэд унаад яваад байна шүү дээ. Чи очиж машинаа авахгүй бол хүн авч магадгүй дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дээр очоод миний машин алга болчихлоо. Нэг хүүхэд унаад яваад байна гэнэ замын цагдаадаа хэлээд шалгуулаад өгөөч гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд байж байтал нилээн орой нэг хүүхэд залгаад эгчээ таны машиныг унаж яваад нэг нэгийгээ чирч явсан машины голоор ороод урд талын машиныг нь мөргөөд, ард талын машин нь таны машины араас орчихсон. Ард талын чинь гупер байхгүй болсон. Тэгээд нэг машиныг шахаад замын хажуу руу хашаад унагаахаа алдаад зодуулах гээд зугтчихсан шүү гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгээд алга болчихсон. Тэгэхээр нь худлаа байх гэж бодоод байж байтал Б.Б өөрөө залгаад эгч ээ би эрүүлжүүлэхэд орчихлоо. Таны машин журмын хашаанд байгаа шүү гэсэн. Тэгэхээр нь би Чинзориг дээр очоод манай дүү миний машинтай явж байгаад мөргөлдчихсөн гэнэ. Тэгээд манай хоёр дүү эрүүлжүүлэхэд, миний машин журмын хашаанд байгаа гэж байна гэж хэлсэн чинь тийм зүйл байхгүй. Тийм хоёр хүүхэд ирээгүй гэхээр нь би дахиад худлаа ярьсан байна гэж бодоод. Өөрөө зөндөө хайгаад олоогүй. Тэгээд байж байтал өглөө 9 цагийн үед замын цагдаагийн газраас ахмад Гарьд гэдэг хүн над руу залгаад та Сэржмядаг гэдэг хүн мөн үү. Таны тээврийн хэрэгслийг Сансархүү унаж яваад осол гаргаад зугтаачихлаа. Та тэр Сансархүү гэдэг хүнийг заавал олоод, машинаа олоод манай цагдаагийн газар ир гэж ярьсан. Тэгэхээр нь би уурлаад юу яриад байгаа юм бэ Сансархүү энд байна. Би машинаа алдчихсан. Сансархүү миний машиныг унаж яваагүй гээд тэр хүнтэй муудалцсан. Гэтэл Б.Б нь осол гаргаад зугтаахдаа намайг Сансархүү гэдэг гээд Сансархүүгийн үнэмлэхийг өгчхөөд зугтаасан байсан. Тэгээд манай машиныг оршуулгын газар тавьчихсан байсан. Журмын хашаанаас ачаад явсан мөнгө гээд би Б.Боос нэг ч төгрөг аваагүй. Хамт явсан хүүхэд нь 150 000 төгрөг, би 150 000 төгрөг өгсөн. Тэгээд өөрөө надаас уйлаад гуйсан. Эгчээ би тэнсэнтэй байгаа. Одоо энэ хэрэг үүсэх юм бол би шоронд орно гэсэн. Тэгэхээр нь би юу гэж хэлсэн бэ гэхээр 04 дүгээр сарын 05-ны өдрөөс манай ажил эхэлдэг. Чи эгчдээ тус болоод 2 байшинд засвар хийгээд өг. Тэгээд би 200 ишигтэй ямаа хүнээс авсан. Миний дүү эгчдээ 200 ямааг нь хариулаад өг. Тэгээд би чамд 100 ямаанаас 30 ишигтэй ямаа өгнө. 200 болох юм бол 60 ишигтэй ямаа өгнө. Чамайг манай цайны газар ажиллахад би чамд мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Машины моторын хувьд мотор нь цохиод би шинэ мотор авч тавьсан. Урд талын шил нь цуураагүй задарчихсан. Обуд нь муруйгаад, урд талын гупрээ би 750 000 төгрөгөөр солиулаад, ард талын гупрээ одоо болтол машин дотроо аччихсан явж байгаа. Нэгнийгээ чирч явсан хоёр машины дундуур ороод урд машиныг нь хүчтэй мөргөнгүүт ард явсан машин нь араас нь ирээд мөргөчихсөн. Тэгээд цагдаа ирэхээр нь намайг Сансархүү гэдэг гээд үнэмлэхийг нь өгөөд зугтаахдаа нэг хүний хөлийг дайраад, хажууд нь байсан машиныг замын хажуу руу унагахаа шахаад зугтсан байсан. Би хувьдаа бол хүндрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Би Б.Бид чадах чинээгээрээ тусалж байсан. 05 дугаар сарын 10-ны өдөр явсан. Би худлаа хэлэхгүй. Тэр хооронд найз охинтойгоо уулзана гээд нэг явсан. Цэргийн зарлан гээд нэг явсан. Яг манайд байсан нь 20 хоног л байсан. Тэгээд явахдаа юу ч хэлэхгүй зугтаад явсан. Тэгэхээр нь би одоо эгчдээ 3 000 000 төгрөг өгчих би мотороо янзлуулаад чамаас өөр мөнгө авахгүй гэж хэлсэн. Гэтэл надтай огт уулзаагүй бас надад нэг төгрөг ч өгөөгүй. Одоо надад 8 800 000 төгрөг үгүй бол 3 000 000 төгрөг өг. Тэгвэл би гомдолгүй. Эсхүл би эцсээ хүртэл явж байгаад зүйл ангийг нь санаатайгаар болгож солиулна. Өөр ярих зүйл байхгүй. Би зөндөө боломж олгож, хүн чанар гаргасан. Гэтэл дандаа худлаа хэлдэг. Надад баримтаар 8 800 000 төгрөгийн хохирол гарсан. Гэхдээ одоо бэлнээр 3 000 000 төгрөг өгчих юм бол би гомдол саналгүй гээд хоёр тийшээ салъя. Дахиж би энэ хүнээс гуйхгүй. Хэрвээ чадахгүй гэвэл би 8 800 000 төгрөгөө нэхэмжлэнэ. Би баян цатгалан хүн биш, 3 өнчин хүүхэдтэй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934005120409 дугаартай хэрэгт хохирогч Ш.Сэржмядаг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Ш.Сэржмядаг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Н.Сансархүү /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Н.Сансархүү /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Н.Цэрэнпагма /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Б.Баттөр /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Д.Сарантуяа /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Б.Эрхэмбаяр /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч М.Энхбат /хх-ийн 32-33 дугаар хуудас/, яллагдагч Б.Б /хх-ийн 59-60 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09/236 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-44 дүгээр хуудас/ болон хохирогч Ш.Сэржмядагийн Төв аймгийн Прокурор, Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4-10 дугаар хуудас/, “TOYOTA PREMIO” маркийн 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг, хөрөнгийн үнэлгээний гэрээ, хохирогч Ш.Сэржмядагийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 45-52 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 68-93 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутгаас зөвшөөрөлгүйгээр, иргэн Ш.Сэржмядагийн өмчлөлийн 8.391.893 төгрөгийн үнэ бүхий “TOYOTA PREMIO” маркийн 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ш.Сэржмядагийн ...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн орой 19 цагийн үед манай гэр Баянхошуу 3-р баг Өтөлийн 101 тоотод гэрийн гадаа гарсан чинь машин байхгүй байсан. Тэгээд 09 цагийн үед миний утас руу нэг хүн залгаад чиний машиныг согтуу хүүхэд унаад яваад байна гэж хэлсэн. Тэгээд аймгийн цагдаа дээр ирээд мэдэгдсэн. Тэгээд маргааш буюу 2019 оны 02 дугаар сары н06-ны өдөр миний хүү Батбаярын найз Баттөр над руу залгаад эгчээ таны машиныг Б.Б унаад өөр машинтай мөргөлдчихсөн одоо нисэхийн энд хашаанд байна та машинаа ирж ав гээд Сансархүүтэй хамт машиныг очиж авсан... ...машинд учирсан эвдрэл гэмтлийг барагдуулж авмаар байна... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
...54.86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлд байдаг юм... ...Сансархүү бид хоёрын дундын эзэмшил байгаа юм. Ээлжлээд унаад явдаг... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
гэрч Ш.Сэржмядаг ....2019 оны 02 дугаар сарын 05-нд манай хүүхэд болох Батбаярын найз Б.Б, Баттөр 2 манай гэрт золгохоор ирсэн. Тэгээд манай хашаанд байсан примо маркийн машиныг согтуугаар унаад явчихсан байсан. Тэгээд унаж явсныг нь шөнийн 2 цагийн үед мэдсэн. Тэгээд Төв аймгийн цагдаагийн газар дээр ирж миний машиныг хулгайлаад аваад явчихжээ гэж 102-т мэдэгдсэн... ...би аймгийн төв дээр унаад явж байгаа. Миний машины номер, нэмэлт гэрэл, урд гуфер тогтоогч, хоёр их гэрэл, салхины шил гэх мэт зүйлүүд эвдэрсэн... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч Н.Сансархүү ...Манай найз Эрхэмбаярын эхнэр таны унаж явсан машин алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд Б.Б, Баттөр 2 гэр рүүгээ унаад явсан гэж бодсон. Гэртээ очоод хартал машин байхгүй байсан. тээврийн цагдаагийн газраас ахмад Гарьд гэдэг хүн залгаад Сансархүү та машин мөргөж зугтаачихаад ирж уулздаггүй юм уу гэж хэлсэн. Тэгээд би машин унаж яваагүй. Миний машиныг цуг явж байсан дүү нар унаад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө машин унаж явсан Б.Б над руу залгаад би таны машиныг унаж яваад машин мөргөчихлөө гээд хэлэхэд нь чи хаана байгаа юм гэж асуухад би нисэхийн эцэст байна гэж хэлсэн. Тэгээд би эгч Цэцэгдэлгэртэй хамт нисэхийн эцэст машин байгаа хашаанд очиход машины бүх юм нь эвдэрчихсэн байсан... ...54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний хамтран амьдардаг Сэржмядагийн нэр дээр байдаг... /хх-ийн 22 дугаар хуудас/,
гэрч Н.Сансархүү ...би тээврийн хэрэгслийн түлхүүрийг Б.Бид өгсөн юм... ...Жавхаагийн эхнэр Улаанаагийн цүнх машин дотор байсан юм. Тэгээд цүнхийг нь аваад ир гээд түлхүүрээ өгөөд явсан. Тэгээд цүнхээ оруулж ирээд надад түлхүүр өгөөгүй. Тэгээд манай найзынд сууж байгаад Б.Б надад хоёулаа төв рүү орж эмээгийн очоод ирье гээд хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөгүй... /хх-ийн 23 дугаар хуудас/,
гэрч Н.Цэрэнпагма ...2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Сэржмядаг манай гэр рүү орж ирээд Б.Б хаана байна. Шөнө ирсэн үү гэж асуусан. Тэгээд ирээгүй байна яасан юм бэ гэж асуутал Сансархүүгийн машин алга байна. Сансархүү өөрөө Баянхошуунд согтуу унтаж байна гэж хэлсэн. тэгээд өдөр над руу залгаад Баттөр, Б.Б 2 осолд ороод асуудалд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Б.Бийг асуудалд орсон талаар мэдсэн... ...Тээврийн хэрэгслийн хохирлыг ажил хийж байгаад төлсөн... ...тэгээд Сэржмядаг өөрөө би 3 сар ажил хийлгүүлж хохирлоо төүлүүлнэ гэж хэлсэн байсан... /хх-ийн 27 дугаар хуудас/,
гэрч Б.Баттөр ...Сансархүү ах, Б.Б бид 3 найзынхд нь очсон юм. Цагаан сарын шинийн нэгэний өдөр байсан болохоор архи уугаад согтсон байсан. Тэгээд Сэржмядаг эгчийн машиныг Б.Б унаад бид 2 баамд байдаг гэр рүү явж эмээдээ очиж үнсүүлээд согтсон болохоор машинд ороод унтсан. Тэгээд нэг мэдсэн 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нисэхийн тэнд оччихсон машин эвдэрчихсэн осолд орчихсон байсан... ...Б.Б баам явах уу гээд Сэржмядаг эгчийн машиныг унаад бид 2 баамд байдаг гэртээ очсон юм... /хх-ийн 28 дугаар хуудас/,
гэрч Д.Сарантуяа ...манайд Б.Б, Баттөр хоёр ирэхдээ жижигээ буюу Сансархүүгийн цагаан машиныг унаж ирсэн юм... ...Сансархүү надад хэлэхдээ би Б.Бид машин дотроос жижиг цүнх байгаа тэрийг аваад ир гээд түлхүүрээ өгөөд явуулсан. Б.Б машинаас цүнхийг нь аваад Сансархүүд май цүнхээ ав гээд өгөөд түлхүүрийг нь өгөхөд аваагүй гэж байсан. Тэр үед Сансархүү согтуу байсан гэж хэлсэн. Тэгээд Сансархүүгээс Б.Б ахаа би төв рүү орчхоод ирье гээд машинаа өгөөд явуулсан гэж ярьж байсан... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
гэрч Б.Эрхэмбаяр ...Б.Б, Бөттөр хоёр нь Сансархүүгийн тээврийн хэрэгслийг унахдаа Сансархүүгээс зөвшөөрөл авсныг сайн санахгүй байна. Зөвшөөрөл авсан байх. Бид хэд хэдэн жил уулзаагүй байж байгаад уулзсан юм. Их баяр хөөртэй хөөрөлдсөн хүмүүс байсан. Тэгээд шөнө бие засах гээд Сансархүүтэй гартал Сансархүүгийн машин байхгүй байсан. Тэгээд Сансархүүгээс машин чинь яасан юм бэ гээд асуутал Баттөр, Б.Б хоёр унаад гэр рүүгээ явсан байхдаа одоо орж унтая гээд тэр өдрөө унтсан... /хх-ийн 31 дүгээр хуудас/,
гэрч М.Энхбат ...Сэржмядаг гэдэг хүн манай компанид 2019 оны 08 дугаар сарын 06-нд 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж зээл авсан юм. Тэгээд манай байгууллагын нэр дээр байгаа юм. Одоо 2 сая 99 мянган төгрөгийн үлдэгдэлтэй үүнд дээр 30 хоногийн 4.9 хувийн хүү нэмэгдэнэ... ...Ш.Сэржмядаг нь уг тээврийн хэрэгслийг захиран зарцуулж болохгүй. Харин жолоодох эрх нь Ш.Сэржмядэг гэх хүнд байгаа... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
яллагдагч Б.Б ...Сансархүү ах машин дотроос цүнх аваад ир гээд Сэржмядаг эгчийн машины түлхүүрийг надад өгсөн. Тэгээд би цүнхийг нь авч өгчхөөд гэрт нь жоохон сууж байгаад тамхи татахаар гараад би Сансархүү ахаас эмээгийнх рүү баамын байр орчхоод ирье гээд түлхүүрийг нь гуйхад Сансархүү ах надад өгсөн. Тэгээд би примо маркийн 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож харин Баттөр миний хажууд суугаад бид хоёр цуг Сарантуяа эмээгийнд очсон. Эмээгийнхээс гараад машинтай хот орох болоод би машиныг барьж яваад Улаанбаатар хот Нисэхийн тэнд машинтай мөргөлдсөн. Тэгээд цгадаа ирэнгүүт нь би Сансархүү ахын бичиг баримтыг мөргүүлсэн машины эзэнд өгөөд машинаа унаад зугтаасан... /хх-ийн 59-60 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09/236 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-44 дүгээр хуудас/ болон хохирогч Ш.Сэржмядагийн Төв аймгийн Прокурор, Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4-10 дугаар хуудас/, “TOYOTA PREMIO” маркийн 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг, хөрөнгийн үнэлгээний гэрээ, хохирогч Ш.Сэржмядагийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 45-52 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 68-93 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Бийн иргэн Ш.Сэржмядагийн өмчлөлийн “TOYOTA PREMIO” маркийн 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын /Ш.Сэржмядагийн/ өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигчийн эсхүл өмчлөгч буюу эзэмшигчийн өөрийнх нь томилсон ашиглагчийн /Н.Сансархүүгийн/ зөвшөөрөлгүйгээр, завших зорилгогүйгээр, авч явах нь хууль бус гэдгийг мэдсээр байж өөрөө хүсэж тээврийн хэрэгслийг авч явснаар гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, завших зорилгогүйгээр бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явснаараа төгсдөг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Бийг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч Ш.Сэржмядагийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан тул тохирох зүйлчлэлээр нь зүйлчилж шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлгийг гаргадаг боловч хохирогчийн дээрх мэдүүлэг нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ш.Сэржмядагийн ...тухайн тээврийн хэрэгсэл нь Сансархүү бид хоёрын дундын эзэмшил байгаа юм. Ээлжлээд унаад явдаг... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
гэрч Н.Сансархүүгийн ...Б.Б, Баттөр 2 гэр рүүгээ унаад явсан гэж бодсон... ...Миний машиныг цуг явж байсан дүү нар унаад явчихсан байна гэж хэлсэн... ...би тээврийн хэрэгслийн түлхүүрийг Б.Бид өгсөн юм... ...Жавхаагийн эхнэр Улаанаагийн цүнх машин дотор байсан юм. Тэгээд цүнхийг нь аваад ир гээд түлхүүрээ өгөөд явсан. Тэгээд цүнхээ оруулж ирээд надад түлхүүр өгөөгүй. Тэгээд манай найзынд сууж байгаад Б.Б надад хоёулаа төв рүү орж эмээгийнд очоод ирье гээд хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөгүй... /хх-ийн 23 дугаар хуудас/,
гэрч Б.Баттөрийн ...Сансархүү ах, Б.Б бид 3 найзынд нь очсон юм... ...Сэржмядаг эгчийн машиныг Б.Б унаад бид 2 баамд байдаг гэр рүү явж эмээдээ очиж үнсүүлээд согтсон болохоор машинд ороод унтсан... /хх-ийн 28 дугаар хуудас/,
гэрч Д.Сарантуяагийн ...манайд Б.Б, Баттөр хоёр ирэхдээ жижгээ буюу Сансархүүгийн цагаан машиныг унаж ирсэн юм... ...Сансархүү надад хэлэхдээ би Б.Бид машин дотроос жижиг цүнх байгаа тэрийг аваад ир гээд түлхүүрээ өгөөд явуулсан. Б.Б машинаас цүнхийг нь аваад Сансархүүд май цүнхээ ав гээд өгөөд түлхүүрийг нь өгөхөд аваагүй гэж байсан. Тэр үед Сансархүү согтуу байсан гэж хэлсэн. Тэгээд Сансархүүгээс Б.Б ахаа би төв рүү орчхоод ирье гээд машинаа өгөөд явуулсан гэж ярьж байсан... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
гэрч Б.Эрхэмбаярын ...Б.Б, Бөттөр хоёр нь Сансархүүгийн тээврийн хэрэгслийг унахдаа Сансархүүгээс зөвшөөрөл авсныг сайн санахгүй байна. Зөвшөөрөл авсан байх... ...шөнө бие засах гээд Сансархүүтэй гартал Сансархүүгийн машин байхгүй байсан. Тэгээд Сансархүүгээс машин чинь яасан юм бэ гээд асуутал Баттөр, Б.Б хоёр унаад гэр рүүгээ явсан байхдаа одоо орж унтая гээд тэр өдрөө унтсан... /хх-ийн 31 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр бусдын эд хөрөнгийг буюу тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн бөгөөд дээрх мэдүүлгүүдээр мөн хохирогч Ш.Сэржмядагийн мэдүүлэг дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Бийн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Сэржмядагт 8.391.893 /найман сая гурван зуун ерөн нэгэн мянга найман зуун ерөн гурван мянга/ төгрөгийн үнэ бүхий “TOYOTA PREMIO” маркийн 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл алдагдсан хохирол учирсан байна.
Хохирогч Ш.Сэржмядаг нь шүүгдэгч Б.Бийн завших зорилгогүйгээр авч явсан 8.391.893 /найман сая гурван зуун ерөн нэгэн мянга найман зуун ерөн гурван мянга/ төгрөгийн үнэ бүхий “TOYOTA PREMIO” маркийн 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ биет байдлаар нь буцаан хүлээж авсан бөгөөд харин шүүгдэгч Б.Б нь хохирогч Ш.Сэржмядагийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явах үедээ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан байдаг.
Энэ зам тээврийн ослоос шалтгаалан хохирогчийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан ба тээврийн хэрэгслийн хохиролтой холбоотойгоор хохирогч Ш.Сэржмядаг нь шүүгдэгч Б.Боос 8.391.893 /найман сая гурван зуун ерэн нэгэн мянга найман зуун ерэн гурав/ төгрөгийн хохирол нэхэмжилдэг бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.
Хохирогч Ш.Сэржмядагийн шүүгдэгч Б.Боос нэхэмжлээд байгаа 8.391.893 /найман сая гурван зуун ерэн нэгэн мянга найман зуун ерэн гурав/ төгрөгийн хохирол нь зөвшөөрөлгүйгээр, бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн “TOYOTA PREMIO” маркийн 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэ ханшийг тогтоосон “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09/236 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнэлгээ гэж үзэх ёстой байтал түүнээс биш зам тээврийн ослын улмаас тухайн “TOYOTA PREMIO” маркийн 54-86 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирлын үнэлгээ гэж үзэхгүй.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Сэржмядагийн зүгээс миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг авч явахдаа зам тээврийн осол гарган эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэрсэн, гэмтсэн эд ангиудыг сольсон, солих шаардлагатай байгаа талаар мэдүүлдэг хэдий ч энэ талаарх баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг хэлэлцэхгүй орхиж, эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой зардлаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Боос гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б нь хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэрэгт нь тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг долоон зуун хорин цагаар оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажилыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Бийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Б.Бид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б овгийн Б.Бид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б овгийн Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7. Хохирогч РГ73050864 дугаарын регистрэй, Боржигон овгийн Ширчмаагийн Сэржмядагт нь зам тээврийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Боос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН