| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0354/Э |
| Дугаар | 361 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 361
2019 12 03 2019/ШЦТ/361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б.Э холбогдох эрүүгийн 1934007930415 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1978 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, Баянхошуу 11 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 11-4 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөн шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан,
2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар 20 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж, сулласан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НГ дугаарын регистртэй, Б овгийн Б.Э
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт 5 дугаар баг, 9-18 тоот хашаанд байхдаа хажуу айлын хүн болох Хүрэлбадам гэгчийн зүй бус харьцааны улмаас уурлан, улмаар түүн рүү тоосго шидэн, Хүрэлбадамыг онолгүй хажуу талд нь тоглоод сууж байсан 2 настай Г.Бат-Эрдэний толгойн дух хэсэгт тоосго нь онож цохин, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934007930415 дугаартай хэрэгт насанд хүрээгүй насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лхагважаргал /хх-ийн 17, 18 дугаар хуудас/, гэрч Б.Э /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Л.Хүрэлбадам /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Л.Лхагважаргал /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Д.Баттүвшин /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Ш.Батзаяа /хх-ийн 23 дугаар хуудас/, яллагдагч Б.Э /хх-ийн 34-35 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 666 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, хохирлын баримтууд, бага насны хохирогчийн томографийн шинжилгээний хариу /хх-ийн 5-14 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-58 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт 5 дугаар баг, 9-18 тоот хашаанд байхдаа хажуу айлын хүн болох Хүрэлбадам гэгчийн зүй бус харьцааны улмаас уурлан, улмаар түүн рүү тоосго шидэн, Хүрэлбадамыг онолгүй хажуу талд нь тоглоод сууж байсан 2 настай Г.Бат-Эрдэний толгойн дух хэсэгт тоосго нь онож цохин, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лхагважаргал ...Б.Э чамд ямар хамаатай юм айлын хашаанд байж чимээгүй бай гээд Хүрэлбадам руу орилж байсан. Тэгээд Б.Э, Хүрэлбадамыг зодох гээд дайрсан. Тэгээд би гэрээс гүйгээд гартал Б.Э, Хүрэлбадам руу тоосго шидээд Хүрэлбадамыг онолгүй тоглож байсан Бат-Эрдэнийг оносон юм... ...манай хүү Г.Бат-Эрдэнийн биеийн байдал муу байгаа гар нь татаад сайнгүй байгаа... ...би эмчилгээний зардлыг нэхэмжилж байна... /хх-ийн 17 дугаар хуудас/,
...Толгой нь өвдөөд толгойгоо бариулж байгаа. Цохиулсан газраа дараад уйлаад байдаг болсон. Тэгээд цэцэрлэгийн багш нь халуураад бие нь өвдөөд гүйлгээд байна гээд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш цэцэрлэгтээ яваагүй... ...Надад эмчилгээнд зарцуулсан 450.000 төгрөгийн баримт байгаа... ...надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо имрайд үзүүлэх 430.000 төгрөгийг л нэхэмжилж байна... /хх-ийн 18 дугаар хуудас/,
гэрч Б.Э ...хажуу айлын хүн Хүрэлбадам намайг архичин тарвагчин минь гэрээ нүүлгээд хүүхдээ аваад манай гэрээс зайл гэж хэлсэн. Тэгээд миний амьдрал чамд хамаагүй гээд газарт байсан тоосгыг Хүрэлбадам руу шидсэн. Тэгээд Хүрэлбадамыг онолгүй цаанаа сууж байсан 2 настай хүүхдийг оносон. Тэгээд хүүхдийг тэвэрч аваад босгоод гараад явсан... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
гэрч Л.Хүрэлбадам ...тэр залуу гэрээсээ гарч ирээд юу гээд байгаа гичий вэ, би чамайг ална шүү гөлөг миньй гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би арагшаа ухарсан чинь гэрйинхээ үүдэнд байсан тал тоосго аваад над руу шидэхээр нь би хажуу тийшээ бултсан. Тэгтэл эгч гэрээс гүйж гарч ирээд хүүхэд алчихлаа гэхээр нь хашаан дотор тоглож байсан 2 настай хүүхэд рүү нь харахад газар уначихсан уйлсан байсан. Тэгэхээр нь тэр хүүхдийг босгож ирээд харсан нүүрэн хэсэгт нь халцарсан байсан учир эгч чи хүүхэд алчихлаа гэхэд зүгээр л байна сүртэй гичий вэ гэж хэлээд хүүхдээ дагуулаад хашаанаас гараад явсан юм... /хх-ийн 20 дугаар хуудас/,
гэрч Л.Лхагважаргал ...гадаа хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь гэрийн гадаа гарахад айлын хашаанд ирчихээд би юу гээд байгаа юм гээд Батаа манай дүү Хүрэлбадам руу тоосго аваад шидсэн. Тэгтэл Хүрэлбадам хажуу тийшээ бултахад цаана нь тоглож байсан 2 настай манай хүү Бат-Эрдэнийг оносон. Тэгсэн чинь манай хүүхэд газар унаад уйлахаар нь гүйж очоод хүүхдээ харахад нүүр нь халцарсан байсан учир чи хүхэд аллаа гэхэд зүгээр л байна гээд цаашаа гараад явсан... /хх-ийн 21 дүгээр хуудас/,
гэрч Д.Баттүвшин ...Б.Э сууж байгаад уурлаад гараад явсан. Тэгээд Лхагважаргал хүүхэд алаад хаячихлаа гээд орилсон. Гараад хартал 2 настай Бат-Эрдэнэ гээд хүүхдийн нүүр нь шалбарчихсан уйлчихсан байж байсан. Тэгээд Лхагважаргал гэр рүүгээ хүүхдээ тэвэрч аваад орсон... /хх-ийн 22 дугаар хуудас/,
гэрч Ш.Батзаяа ...Б.Э ах гэрээс гараад миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ гээд хэлсэн. Тэгээд орилоод байхаар нь гараад хартал 2 настай хүүхэд уйлчихсан байж байсан. Дараа сонсоход чулуу шидсэн юм шиг байсан. Яг чулуу шидэж байх үеийг хараагүй... /хх-ийн 23 дугаар хуудас/,
яллагдагч Б.Э ...намайг золбин хүүхдээ аваад цаашаа зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи 2 настай хүүхдийг элдэв янзаар хэллээ гээд уурласан. Тэгээд би газарт байсан тоосго аваад на руу уурлаад байсан хүүхнийг айлгах гээд тоосго шидтэл цаана сууж байсан хүүхэд Бат-Эрдэнийн толгой руу цохисон. Тэгээд би айсандаа Бат-Эрдэнийг тэвэрч аваад нэг үнсээд гэрээсээ гараад явсан. Тэгээд би Бат-Эрдэнийн ээжээс уучлалт гуйсан... /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 666 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, хохирлын баримтууд, бага насны хохирогчийн томографийн шинжилгээний хариу /хх-ийн 5-14 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-58 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Эын Хүрэлбадамтай маргалдаж, улмаар Хүрэлбадамын хууль бус, зүй бус харьцааны улмаас уурлан, түүн рүү тоосго шидэн, шидсэн тоосго нь Хүрэлбадамыг онолгүй хажууд нь тоглоод сууж байсан 2 настай Г.Бат-Эрдэний толгойн дух хэсэгт онож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүн рүү тоосго шидэх нь хууль бус шинжтэй, хүний амь нас, эрүүл мэндэд болон орчин тойронд нь байгаа бусад хүн, эд хөрөнгөд аюултай, хохирол, хор уршиг учруулна гэдгийг мэдсээр байж өөрөө хүсэж тоосго шидсэн, түүний улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, тоосго шидсэн үйлдэл нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лхагважаргал нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 880.000 /найман зуун наян мянга/ төгрөг мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн ба хавтас хэрэгт авагдсан баримтаар 223.276 /хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөг баримт байгаа боловч шүүгдэгч Б.Э нь насанд хүрээгүй хохирогч Г.Бат-Эрдэнэ болон түүний хууль ёсны төлөөлөгч Л.Лхагважаргал нарт 880.000 /найман зуун наян мянга/ төгрөгийг төлж барагдуулсан нь шүүхийн шатанд шинээр гаргаж хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лхагважаргалын ...880.000 /найман зуун наян мянга/ төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ... гэсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Эаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Харин насанд хүрээгүй Б.Бат-Эрдэнийн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтыг түүний хууль ёсны төлөөлөгч Л.Лхагважаргал нь бүрдүүлж шүүгдэгч Б.Эаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Эад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтын хэмжээнд нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Эад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Эад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 880.000 /найман зуун наян мянга/ төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Балдандоржийн Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Балдандоржийн Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Б.Э шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Боржигон овгийн Балдандоржийн Б.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, насанд хүрээгүй хохирогч Г.Батд-Эрдэнэ болон түүний хууль ёсны төлөөлөгч Л.Лхагважаргал нарт 880.000 /найман зуун наян мянга/ төгрөг төлснийг, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лхагважаргал нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Балдандоржийн Б.Эаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН