| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0352/Э |
| Дугаар | 364 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 364
2019 12 06 2019/ШЦТ/364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
хохирогч Г.Энхтайван, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овгийн А.Оад холбогдох эрүүгийн 1934007970392 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Өндөрширээт сумын Нэгдсэн халаалтанд галчаар ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Төв аймаг, Өндөрширээт сум, 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НР88040190 дугаарын регистртэй, Б овгийн А.О
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.О нь Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутагт байрлах Нэгдсэн халаалтын төвд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Г.Энхтайваны нүүрэн тус газар руу шилэн аяга шидэж улмаар эрүүл мэндэд нь 11, 21 дүгээр шүдний булгарал, 12 дугаар шүдний цөгцний 1/2 хугарал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй...,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхтайван:
...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өндөрширээт сумын халаалтын төвд бэлтгэл ажил хийж байсан. А.О гаднаас согтуу орж ирээд агсам тавиад аяга шидээд үүдэн шүдний 2 шүд нь булгарч, 1 шүд нь хугарсан, доод талын 3 шүд нь хөдлөхөө байсан. Ийм асуудал болоод гомдол гаргасан. Шүдний эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. 3.820.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардлаа төлөх юм бол гомдолгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934007970392 дугаартай хэрэгт хохирогч Г.Энхтайван /хх-ийн 5-6 дугаар хуудас/, /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Г.Энхтайван /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Ж.Пүрэвдаваа /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч С.Батчулуун /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Б.Миеэгомбо /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Г.Алтанцэцэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч С.Төрмандах /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Б.Лхагвасугар /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Л.Хосбаяр /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Э.Баасанбуян /хх-ийн 48 дугаар хуудас/, яллагдагч А.О /хх-ийн 44-45 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын16-ны өдрийн 665 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Г.Энхтайваны Төв аймгийн Өндөрширээт сумын цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, хохирогч Г.Энхтайваны “ПРОДЕНТ” шүдний эмнэлгийн эмчилгээний төлбөрийн мэдээлэл, рентген зургийн хуулбар /хх-ийн 26-27 дугаар хуудас/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/, шүүгдэгч А.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-39, 50-56 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч А.О нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутагт байрлах Нэгдсэн халаалтын төвд иргэн Г.Энхтайваны нүүрэн тус газар руу шилэн аяга шидэж улмаар эрүүл мэндэд нь 11, 21 дүгээр шүдний булгарал, 12 дугаар шүдний цөгцний 1/2 хугарал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч хохирогч Г.Энхтайваны ...би слесарь болох байсан юм чи гагнуур хийж чаддаг юм уу би та нарын өмнөөс энэ жил ахиж гагнуур хийж чадахгүй шүү гээд надруу агсрахаар нь би өөдөөс нь хүний хийж чаддаг юмыг хүн хийж чадах л байлгүй дээ би юугаараа дутхав гагнуур хийж чадна ш дээ гэж хэлчхээд ажлын үүдний хаалганы босгон дээр санаандгүй сууж байтал ундаа ууж байсан хоосон шилэн аягыг А.О над руу шидэхэд миний дээд талын нэг шүдийг хугалж харин дээд талын үүдэн хоёр шүдийг хөдөлгөж булгалсан. Мөн одоо бас миний доод талын 3 шүд хөдөлгөөн орчихсон байна... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
...А.Оаас хохирлын мөнгө гаргуулж аваагүй ээ. Хэрэг болсноос хойш 1 удаа уулзсан бөгөөд миний нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй, холбогдох байгууллага нь шийдэх байлгүй гэж хэлсэн. Дээрх хэргээс болж миний шүдэнд эмчилгээ хийхэд 4.333.000 төгрөг болно гэж Продент нэртэй шүдний эмнэлэг үнийн саналаа гаргаж өгсөн... /хх-ийн 49 дүгээр хуудас/,
гэрч Г.Энхтайваны ...ажлын үүдний хаалганы босгон дээр санаандгүй сууж байхад ундаа ууж байсан хоосон шилэн аягыг А.О над руу шидэхэд миний дээд талын нэг шүдийг хугалж харин дээд талын үүдэн хоёр шүдийг хөдөлгөж булгалсан... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Ж.Пүрэвдаваагийн ...Энхтайван ах би хүний хийж чадаж байгаа зүйлийг хийж чадах байх гэж хэлэхэд А.О ах тухайн үед гартаа шилэн стикантай пиво уух гээд байж байсан уг стиканаа Энхтайван ах руу шидсэн. Яаж шидсэн талаар би мэдэхгүй нэг мэдэхэд Энхтайван ах чи миний шүдийг оночихлоо миний шүд уначихлаа гэж хэлсэн. Тэгээд Энхтайван ахын шүдийг харахад дээд талын хоёр шүднээс нь бага зэрэг цус гарсан нэг шүднийх нь тал нь эмтэрсэн мэт харагдсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
гэрч С.Батчулууны ... Энхтайван нь би хүний хийж байгаа зүйлийг хийж чадна гэж хэлэхэд А.О нь гартаа байсан шилэн аягаа шидсэн гэсэн. Би тухайн үед хараагүй бэлэн хоол идэх гээд буруу хараад сууж байсан. Эргээд харахад Энхтайваны урд шилэн аяга буюу стикан байсан. Энхтайван миний шүд уначихлаа гэж хэлээд нүүр рү нь харахад амнаас нь бага зэрэг цустай шүлс гарч байсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Б.Миеэгомбын ...А.О, Энхтайван хоёр маргаад байсан. Нэг мэдэхэд Энхтайван нь чи миний шүдийг оночихлоо гээд байсан. Би тухайн үед гэрийнх нь гадаа цемент дээр сууж байсан. Тэгээд Пүрэвдаваа, А.Оыг аваад гарсан. Би яг шилэн аягаар яаж цохисон талаар хараагүй. Сүүлд нь шилэн аягатай пиво Батчулуун нь А.Оад өгсөн гэсэн уг аягаар нүүр рүү нь шидсэн гэсэн. Би хараагүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,
гэрч Г.Алтанцэцэгийн ...би хийж байсан хоолоо хутгаад эргээд харахад Энхтайван нь чи над руу аяга шидчихлээ гээд амаа дараад сууж байсан. Би та нар яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Энхтайван нь шүлсээ хаяхад цустай харагдсан. Тэгээд А.Оыг Пүрэвдаваа аваад гарсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
гэрч С.Төрмандахын ...Энхтайван руу А.О нь шилэн аяга шидсэн. Тэгтэл Энхтайван нь чи миний шүдийг оночихлоо гэж хэлээд амаа гараа раа дараад шүлсээ хаяхад амнаас нь цус бага зэрэг гарсан. Пүрэвдаваа нь А.Оыг аваад гарсан... /хх-ийн 21 дүгээр хуудас/,
гэрч Б.Лхагвасугарын ...2019 оны 09 дүгээр сарын 10-нд нутгийн ах Энхтайвантай үл ойлголцон барьж байсан аягаа шидсэн гэсэн. Тухайн үед би байхгүй байсан. Сүүлд нь манай найз надад хэлсэн... /хх-ийн 22 дугаар хуудас/,
яллагдагч А.Оын ...би ажлынхаа газрын Г.Энхтайвантай маргалдаж улмаар гартаа барьж байсан шилэн стиканаа шидэж шүдийг нь гэмтээсэн... ...би жоохон пиво уусан болохоор бага зэрэг халамцуу байсан... /хх-ийн 44-45 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын16-ны өдрийн 665 дугаартай ...Г.Энхтайваны биед 11, 12-р шүдний булгарал, 12-р шүдний цөгцний 1/2 хугарал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Г.Энхтайваны Төв аймгийн Өндөрширээт сумын цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, хохирогч Г.Энхтайваны “ПРОДЕНТ” шүдний эмнэлгийн эмчилгээний төлбөрийн мэдээлэл, рентген зургийн хуулбар /хх-ийн 26-27 дугаар хуудас/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/, шүүгдэгч А.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-39, 50-56 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч А.Оын иргэн Г.Энхтайваныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Энхтайван руу шилэн аяга шидэх хууль бус шинжтэй, хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, хохирол, хор уршиг учруулна гэдгийг мэдсээр байж өөрөө хүсэж түүн рүү шилэн аяга шидсэн, түүний улмаас хохирогч Г.Энхтайваны эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, шилэн аяга шидсэн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч А.О болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хохирогч Г.Энхтайван болон түүний өмгөөлөгч Л.Цэндоо нар шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргадаггүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Энхтайваны биед 11, 12-р шүдний булгарал, 12-р шүдний цөгцний 1/2 хугарал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхтайван болон түүний өмгөөлөгч Л.Цэндоо нар “ЭН ЭЙ КЭЙ” ХХК-ийн “Доктордент” шүдний эмнэлгийн 4.370.000 /дөрвөн сая гурван зуун далан мянга/ төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөн тус эмнэлгийн эмчилгээ хийлгэж байгаа гэх үзлэгийн карт зэрэг нотлох баримтуудыг шинээр гарган өгч 4.370.000 /дөрвөн сая гурван зуун далан мянга/ төгрөгийг нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаасаа 50.000 /тавин мянга/ төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 4.320.000 /дөрвөн сая гурван зуун хорин мянга/ төгрөг болгон багасгаж нэхэмжилсэн.
Шүүгдэгч А.О нь шүүх шатанд хохирогч Г.Энхтайванд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарын шинээр гаргаж өгсөн “Хохирол төлөх тухай” баримтаар, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхтайван, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарын мэдүүлэг, дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүх хохирогч, түүний өмгөөлөгч нарын шинээр гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн ба цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгч А.Оаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч А.Оад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирлоо хохирогчид төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялыг таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Оад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Г.Энхтайван нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилснийг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шилэн аягыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн А.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн А.Оад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б овгийн А.О нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Г.Энхтайванд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлснийг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шилэн аяга устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Хохирогч НФ83083117 дугаарын регистртэй, Гомбо Дориг овгийн Гонгоржавын Энхтайван нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн А.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн А.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН