Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0907/З |
Дугаар | 221/МА2020/0593 |
Огноо | 2020-10-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2020/0593
Д.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.А-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн 1.14 хэсэг дэх Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч Д.А би анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Хэргийн үйл баримтын талаар: Нэхэмжлэгч Д.А-ыг Газрын тухай хуульд заасны дагуу бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан газар олгосон гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас “... Кадастрын нэгдсэн сан бүрдэж эхэлснээс хойш 2007 оны 11 сард 89 га газрыг Олон Улсын хүүхдийн найрамдал төвийн газар гэж мэдээллийн санд бүртгэгдсэн байсан. 2014 онд газрын давхцал байгаа эсэх талаар шалгах хуудсыг зохих газраас авахад давхцалгүй, хэн нэгний эзэмшил биш байна гэсэн лавлагаа гарч байсан болохоор хүсэлтээ гаргаж газар эзэмших эрхтэй болсон...” гэх үндэслэлээр маргасан гэж тайлбарладаг. Зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч ийм тайлбар гаргаж байгаа юм биш Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газраас нийт 4 удаа нотлох баримт, тайлбар хүссэний дагуу тухай бүрт Д.А-ын газар ОУХНТ-ийн газартай давхцахгүй байгааг нотлох баримтаар ирүүлсэн.
2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын 1/167 дугаартай албан бичгээр 18629322026261 дугаартай талбарт 20862 м.кв талбайг Д.А-ын нэр дээр бүртгэлтэй, ОУХНТ-ийн газартай давхцаагүй гэсэн хариу болон кадастрын зурагтай хамт ирүүлсэн.
2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын 2/1246 дугаартай албан бичгээр ОУХНТ 2007 оны 11 сард архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 18629320632904 дугаартайгаар 8913793 м.кв талбай бүртгэгдсэн, дахин өөрчлөлт оруулаагүй гэсэн хариу болон Олон улсын хүүхдийн найрамдал төвийн кадастрын зураг, Д.А-ын газрын кадастрын зургийг давхцуулан хариулсан хувилбараар ирүүлсэн. (Хоёрдугаар хавтаст хэргийн 2-5 дахь тал)
2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын 2/1386 дугаартай албан бичгээр ОУХНТ-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа 20862 м.кв талбай, мөн ОУХНТ-ийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон гэж үзэж байгаа 12250000 м.кв талбайтайг цэнхэр зураасаар давхцуулан кадастрын зургаар ирүүлсэн. (Хоёрдугаар хавтаст хэргийн 16 дахь тал)
Мөн Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулагдсан “Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг”-ийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Д.А-ын газрын кадастрын зургийг Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газарт санал хүргүүлж устгуулахаар тусгагдсаныг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн. Ингэхдээ шүүх хурлыг 7 хоногийн хугацаатай хойшлуулах хүсэлт гаргаад “..долоо хоногийн дараа Д.А-ын нэр дээрх кадастрын зургийн бүртгэлийг хүчингүй болгоод ОУХНТ-ийн нэр дээр бүртгүүлээд шүүхэд нотлох баримтаар авч ирж өгмөөр байна...” гэдэг саналаа хэлсэн.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга анх 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаартай хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуульд заасны дагуу бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцалтай, газрын зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр Д.А-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг зүйн газарт бүртгэгдсэн зураг, тайлбаруудаас үзэхэд Нийслэлийн Засаг дарга А/902 дугаар захирамж гаргахдаа Д.А-ын газар хэний газартай давхцалтай байгаа талаар ямар ч судалгаа хийлгүй, мөн газраа тойруулан төмөр хашаа барьж, зуслангийн зориулалтаар ашигладаг болох нь шүүхийн үзлэгээр нотлогдсон зэргээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын А/902 дугаар захирамжийн үндэслэлүүд няцаагдаж байна.
Хоёр. Захиргааны хэргийн шүүхээс “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг хэрэглээгүй тухайд:
Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд нотлох баримтаар ОУХНТ-тэй холбоотой 1996 оноос хойш жил бүр газрын талбар, хэмжээг өөрчилдөг байсан захирамжуудыг ирүүлсэн байдаг. Нийслэлийн Засаг дарга ОУХНТ-ийн газрыг 87 га, 89 га, 120 га гэх зэрэг олон удаа өөрчилсөн гэдэг нь нотлох баримтуудаас харагдаж байна. Үүнээс 2007 оны 11 дүгээр сард Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг зүйн газарт тухайн үеийн Нийслэлийн Засаг Даргын захирамж, Нийслэлийн Газрын албаны хүсэлтийн дагуу кадастрын зургийг 18629320632904 дугаартай талбарт 8913793 м.кв хэмжээтэйгээр бүртгэсэн. Гэтэл хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч кадастрын зургийг өөрчилсөн, эсхүл кадастрын зургийг устгасан зэрэг ор үндэсгүй тайлбаруудыг хийдэг. Бодит байдал дээр захиргааны байгууллага, ОУХНТ-ийн удирдлагууд 2007 оноос 2008 онуудын хооронд хүсэлт гаргаж ажилчдын байр барьж кадастрын бүртгэлийг ажилчдын орон сууц барьсан компанид шилжүүлэх хүсэлт, мөн 89 га талбайг бүртгүүлэх хүсэлт зэрэг нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын агентлагаас хүргэгдсэн, үүнээс хойш талбайн хэмжээг нэмэгдүүлсэн захирамж удаа дараа гарч байсан ч Кадастрын нэгдсэн сан бүртгэлд огт бүртгэгдэж байгаагүй атлаа 2019 онд гэнэт сэрж иргэдэд олгогдсон газрыг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон. Ингэж ОУХНТ-ийн ойролцоо иргэн, аж ахуй нэгжүүдийн газар олгосон захирамжуудыг хүчингүй болгохдоо мөн ялгавартай хандсан. Тухайлбал, 140 гаруй иргэн, аж ахуй нэгж ОУХНТ-ийн газар дээр газар эзэмшиж байна бүгдийн газрыг хүчингүй болгон хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны хавар хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэж байсан бол Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан 140 гаруй иргэн аж ахуй нэгжээс үл хөдлөх хөрөнгө бариагүй 60 гаруй иргэн аж ахуй нэгжийн газрыг эхний ээлжид хүчингүй болгон хэмээн мэдэгдэж байсан бол бодит байдал дээр 40 иргэн, аж ахуйн нэгжийн газрын хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Хэрвээ Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын Алба, Олон улсын хүүхдийн найрамдал төвийн үе үеийн удирдлагууд Газрын тухай хуулийг баримтлан ОУХНТ-ийн газрын хэмжээг өөрчлөгдөх бүрт кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулж, газрын нэгдсэн санд бүртгэлээ хуулийн дагуу оруулж ирсэн бол өнөөдөр энэхүү асуудал ингэж хүндрэхгүй байсан.
Учир нь Д.А нь 2014 онд анх газар эзэмших хүсэлт гаргахдаа, 2019 онд газар эзэмших эрхээ сунгуулах, газрын хэмжээг томруулах хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх гэж зохицуулалтыг хангаж байгаа эсэх Газар Зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын лавлагаагаар давхцалгүй гэх лавлагаа зэрэгт итгэж хувийн хөрөнгөөр газартаа хашаа барьсан, мөн газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж, зуслангийн зориулалтаар урт хугацаанд эзэмшихээр төлөвлөсөн нь энэхүү хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд хамгаалагдах ёстой гэж нэхэмжлэгч тал үзэж байна.
2. Шүүхээс нэхэмжлэгчийн нотлох баримтаар судлуулсан, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг огт үнэлээгүй тухайд:
Нэхэмжлэгч талаас анх газар эзэмшихдээ Нийслэлийн өмчийн харилцааны газраас шаардсаны дагуу Олон улсын хүүхдийн найрамдал төвөөс ойролцоо газар нутагт газар эзэмшихэд татгалзах эсэхийг тодруулсан. Үүний дагуу тус төвийн захирал Т.Түвшин 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар албан бичгээр газар эзэмшихэд манай зүгээс татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн байдаг. Хэрвээ шүүх Д.А-ын 2014 онд эзэмшиж эхэлсэн газрыг ОУХНТ-ийн газар гэж үзэж байгаа бол ОУХНТ-ийн захирлын өгсөн энэхүү албан бичгийг хэрхэн үнэлж байгаа талаар огт дурдахгүй буюу хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор шийдвэрлэх зарчмыг баримтлаагүй зөвхөн Нийслэлийн Засаг дарга, ОУХНТ-ын судлуулсан баримтуудыг үндэслэх хэсэгт дурдсан байна.
Шүүгч хэргийг огт судлаагүй, нотлох баримтыг буруу ойлгож шүүхийн шийдвэр гаргасанд харамсаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийслэлийн Кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 05 дугаар сарын болон 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэл зэргийг давхцуулсан байдлыг харуулсан зураг, нийтэд илэрхий үйл баримттай адилтган үзэх боломжтой байршил харуулсан зураг зэрэг...” гэж дурджээ. Энэ хэсэгт яг юуг үндэслэж нийтэд илэрхий үйл баримт гэж дурдаад байгаа, хариуцагч захиргааны байгууллага, хариуцагч өөрт ашигтай баримтуудыг гаргасан, мөн дурдаад байгаа Нийслэлийн Кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 05 дугаар сарын болон 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэл зэргийг давхцуулсан байдлыг харуулсан зурагт цэнхэр зураасаар кадастрын огт бүртгэлгүй, гэхдээ ОУХНТ өөрийн газар гэж үзэж байгаа хэсгийг харуулсан, гэтэл шүүгч зургийн тайлбарыг ойлголгүй, ОУХНТ-ийн газар кадастрын системд цэнхэр зураасаар бүртгэгдсэн мэтээр дурдсан байна. Мөн нийслэлийн Кадастрын мэдээллийн сан гэж ямар сан байгаа, энэ хэрэгт хэзээ нотлох баримтаар ирүүлсэн, дурдаад буй мэдээллийн сан нь Газар зохион байгуулалт, Геодези Зураг зүйн газрын кадастрын нэгдсэн сангаас ирүүлсэн зураг гэдгийг мөн л ойлгоогүй хэргийг шийдвэрлэсэн байдаг. Эцэст нь Нийслэлийн Засаг даргаас өөрийн хууль бус үйлдлийг залруулах гэж эсхүл өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж дахин хууль бус үйлдэл хийж байгаа талаар шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/75 дугаар тушаалаар байгуулагдсан “Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг”-ийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Д.А-ын газрын кадастрын зургийг Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газарт санал хүргүүлж устгуулахаар тусгагдсан, долоо хоногийн дотор устгуулна гэж тайлбарласан. Д.А кадастрын нэгдсэн санд өөрийн эзэмшил газрын зургийг өөрөө оруулдаггүй, Нийслэлийн засаг даргын захирамж, газрын албаны хүсэлтийн дагуу тусгадаг, ОУХНТ-ийн газрын мэдээллийг хэн хүргүүлж бүртгүүлэх ёстой байсан, яагаад энэ бүх хугацаанд бүртгүүлэлгүй өнөөдрийн асуудал үүсгэв. Ийнхүү захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалаад хуулийн дагуу газар эзэмшсэн иргэд яагаад хууль бусаар газар эзэмшсэн болж, барьсан хашаа, газрын төлбөр, сэтгэл санаа, хөрөнгө, мөнгөөрөө хохирох ёстой гэдэг асуулт, асуудлуудад анхан шатны шүүх хариулт өгсөнгүй, харгалзан үзэж шийдвэр гаргасангүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож иргэн Д.А миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.А Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн 1.14 хэсэг дэх Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/170 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.А-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анх Д.А-т Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 2561 м.кв газар эзэмшүүлэн, гэрээ байгуулж, 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгожээ. Гэрээнд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зуслангийн зориулалттай газрын талбайн хэмжээг 20861.8 м.кв болгон өөрчлөх хүсэлтийг Д.А Нийслэлийн газрын албанд гаргасан байна..
Уг хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч хүлээн авч 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/170 дугаар “газар эзэмшиж, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил нэр өөрчлөх тухай” захирамжаар Д.А-ын өмнө эзэмшиж байсан 2561 м.кв газрыг 20862 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлжээ.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамж гарч, “... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.2.2-т...” заасныг үндэслэн “... ОУХНТ-ийн орчинд бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан газар олгосон...” гэх үндэслэлээр өмнөх захирамжаа хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна.
Энэхүү захирамжийг Д.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэхүү хэргийн тухайд Д.А нь буслын эзэмшилд байгаагүй газарт хамгийн түрүүнд хүсэлт гаргаж, хуулийн дагуу эзэмшсэн эсэх, эсхүл бусдын эзэмшил газартай давхцуулан, Газрын тухай хуулийн зарчим, холбогдох заалтыг зөрчиж Д.А-т газар эзэмших эрх үүссэн эсэхийг тогтоох нь ач холбогдолтой.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд болох ОУХНТ-ийн эдэлбэр газрын баталгаат хэмжээг 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 970329 дугаар актаар 1230 га байхаар тогтоосон бол Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар 2152 га болгож өөрчилсөн байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” 482 дугаар захирамжаар тус төвийн эзэмшлийн газрын хэмжээг 9705000 м.кв байхаар тогтоосон боловч техникийн алдааны улмаас газрын хэмжээг /анхан шатны шүүх 122500006 гэж алдаатай бичсэн/ буруу бичсэн байсан тул 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар 12.250.000 м.кв болгон өөрчлөн эзэмшүүлжээ.
Тухайн захирамжтай холбогдуулан ОУХНТ-ийн эзэмшиж буй газрын кадастрын зураг гарсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 207 дахь талд авагдсан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт “... Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар болон 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/1170 дүгээр захирамжаар эзэмшиж байсан нэхэмжлэгч Д.А-ын газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ОУХНТ-ийн хашаанаас дотогш тус төвийн эзэмшил газарт байрлалтай болох нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 05 дугаар сарын болон 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээллийг давхцуулсан байдлыг харуулсан Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зургаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Д.А-ыг газар эзэмших хүсэлт гаргах үед тухайн газар нь бусад этгээдийн эзэмшил газартай давхцалгүй байсан. Иймээс газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргажээ. Гэхдээ энэ тайлбар нь тухайн үед ОУХНТ тухайн газрыг эзэмшээгүй, тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаагүй гэсэн үг биш юм.
Хоёрдугаар хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн Д.А-ын эзэмшиж байсан талбай нь ОУХНТ-ийн газартай давхцалтай байгаа ба иргэн Д.А-ыг газар эзэмших хүсэлт гаргах үед “бусад этгээдийн эзэмшиж байгаа газартай давхцалгүй” гэсэн хариу гарч байсан шалтгаан нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд ОУХНТ-ийн газар бүртгэгдэж ороогүй байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй нь тухайн газарт эзэмших эрхийн гэрчилгээтэй этгээд болох ОУХНТ-өөс өөр этгээдэд тухайн газрыг эзэмшүүлэх үндэслэл болохгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан болохоос тухайн газар нь кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй бол газар эзэмшигч биш гэж үзэх үндэслэлгүй.
Мөн түүнчлэн маргаан бүхий газар дээр иргэн Д.А-ын газар эзэмших хүсэлттэй холбогдуулан ОУХНТ-ийн ерөнхий захирал Т.Т-өөс 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Тус төвд бүлгийн удирдагч багшаар ажиллаж байсан Д овогтой А-ын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өргөдлийг үндэслэн төвийн нутаг дэвсгэр дээр хувийн зориулалтаар газар эзэмшихэд манай зүгээс татгалзах зүйлгүй болно” гэх 06 дугаар албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байна. Хэдийгээр одоо нэхэмжлэгч талаас Д.А нь хөрш зэргэлдээ этгээдээс “танай хажууд газар эзэмшиж болох уу” гэж асуусан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа боловч Д.А-ын газар эзэмших болсон бүх процессыг нэгтгэн дүгнэж үзэхэд уг газар нь ОУХНТ-ийн газар болохыг тухайн үеийн захирал Т.Т, түүнчлэн уг төвийн бүлгийн багш ажилтай байсан Д.А нарын хэн аль нь тодорхой мэдэж байжээ.
Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь газар эзэмших хүсэлтдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан дараах зүйлсийг тусгах шаардлагатай. Үүнд: хүсэлт гаргагч этгээдийн талаарх мэдээлэл, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт хугацаа багтжээ.
Гэтэл нэхэмжлэгч Д.А газар эзэмших хүсэлт гаргахдаа ОУХНТ-д өргөдөл гаргаж, түүний хариуд тус төвийн захирал Т.Т “... төвийн нутаг дэвсгэр дээр хувийн зориулалтаар газар эзэмшихэд манай зүгээс татгалзах зүйлгүй ...” гэсэн нь нэхэмжлэгч Д.А ОУХНТ-ийн эзэмшиж буй газартай өөрийн эзэмших хүсэлт гаргасан газартай давхцалтай байсан тул тус төвд хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсан гэж ойлгогдохоор байна.
Иймээс анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч Д.А-т анхнаасаа 2014 оны А/502 дугаар захирамжаар 2561 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байх тул хариуцагч Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн гаргасан 2019 оны А/170 дугаар захирамжаа хүчингүй болгосныг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгчид анх 2561 м.кв газар эзэмшүүлсэн, улмаар шинээр нэмж 18300.8 м.кв эзэмшүүлсэн нь /нийтдээ 20861.8 м.кв/ Газрын тухай хуулийн “Төрөөс газрын талаар баримтлах зарчим” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай нийцээгүй байна.
Газрын тухай хуулийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл” гэсэн 28 дугаар зүйлийн 28.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна”, 28.1.1-д “гэр бүлийн хамтын хэрэгцээний” гэж заасан, мөн хуулийн “Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил” гэсэн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж тус тус заажээ. Гэтэл Д.А-ын эзэмших ёстой гэж маргаж буй газар нь 29 айлын гэр бүлийн хамтын хэрэгцээний газраас илүү хэмжээтэй байна.
Мөн анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлэх ажиллагаа хуулийн хүрээнд зөв явагдаагүйн улмаас газрын харилцааны эрх бүхий байгууллагаас захирамж гаргасны дараа гэрээ хийгээгүй, гэрчилгээ олгоогүй явдалд хариуцагчийг зохих үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байна. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан тайлбар гаргаагүй, анхан шатны шүүх нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, захиргааны хэргийн шүүх “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг хэрэгжүүлээгүй, шүүхээс нэхэмжлэгчийн нотлох баримтаар судлуулсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг огт үнэлээгүй тухай дурдсан байна.
Хэдийгээр Д.А-ын газар эзэмших хүсэлт гаргасан талбай нь бусад этгээдийн газартай давхцалгүй гэж үзэн гэрчилгээ олгосон боловч гуравдагч этгээдийн эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй техник алдаа гарсан, мөн Д.А-ын өргөдлийг үндэслэн ОУХНТ-ийн захирал Т.Т-өөс “манай төвийн нутаг дэвсгэр дээр хувийн зориулалтаар газар эзэмшихэд манай зүгээс татгалзах зүйлгүй” гэсэн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар албан бичиг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа тус төвийн газартай давхцаж байгааг мэдэж байсан гэх үндэслэлтэй тул хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэглээгүй гэж үзэхгүй.
Нэгэнт ОУХНТ-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд ороогүй байхад нэхэмжлэгч Д.А-тай холбоотой газрын давхцал байгаагүй гэх албан бичгүүд гарсан учраас дээрх нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон