Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00483

 

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02242 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2254 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 41 700 000 төгрөг гаргуулах, гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүрэгт төлсөн 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч З.Уянга, нарийн бичгийн даргаар Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ерөнхий захиалагчаар Төв аймгийн Лүн сум, захиалагчаар “А” ХХК, гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийн хооронд 15/39 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээний дагуу Төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байрны хэсэгчилсэн газрын ажлыг хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үнийг 73 700 000 төгрөгөөр тогтоосон байна. Гүйцэтгэгчээс гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний хөлсийг төлөхөөс захиалагч “А” ХХК үндэслэлгүйгээр татгалзаж, нийт 7 000 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн бөгөөд “А” ХХК-д төлөх ёстой бусдын өр төлбөрийг гэрээний үнийн хэсэгт тооцуулахыг шаардсан байна. Мөн захиалагчаас өөрийн эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр тооцуулж авахыг “Н” ХХК-иас шаардсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйл болон 5.1, 6.3 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 41 700 000 төгрөгийг хариуцагч болох захиалагч “А” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Манай компани 2014-2015 онд хэрэгжих Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгон боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах болон айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 05/14 тоот гэрээг байгуулсан. Энэхүү тендерийн ажлын хүрээнд төсөвлөгдөж хийгдээгүй ажлын санхүүжилтийн мөнгөөр сургуулийн дотуур байрны дээвэр, тааз, дотор цахилгаан, газардуулгын ажлыг хийж гүйцэтгүүлэх хүсэлтийг Лүн сумын удирдлагаас гаргаж, “Н” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулахыг санал болгосон. Энэ талаар Ерөнхий захиалагч буюу Төв аймгийн Засаг дарга, ГХБХБГазрын дарга, Лүн сумын Засаг дарга, “А” ХХК-ийн захирал зэрэг хүмүүс 2015 оны 07 дугаар сард Төв аймгийн ЗДТГазрын байранд хуралдахад энэ асуудлыг ярьж энэхүү тендерийн хийгдээгүй зураг төсөл болон ажлын мөнгөөр хийлгэж болох талаар ярилцаж байсны дагуу 05/14 тоот гэрээний Ерөнхий захиалагч, ашиглагч байгууллага болох Лүн сумын удирдлага зөвшилцөж ашиглагч байгууллагын тавьсан хүсэлтийн дагуу хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх үүднээс манай компани Лүн сум, “Н” ХХК-тай гурвалсан гэрээг байгуулж, ажлын хөлсийг 73 700 000 төгрөг гэж тусгасан. “А” ХХК нь өмнө дурдсан төслийн мөнгөнөөс үлдсэн мөнгийг л, 15/39 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч “Н” ХХК-д өгч, ажлыг хүлээн авах үүрэгтэй болохоос, Лүн сумын сургуулийн дотуур байрыг өөрийн хөрөнгөөр засварлуулах, ажлын хөлсийг нь гаргах үүрэггүй.

Нөгөө талаас “Н” ХХК нь гүйцэтгэсэн ажлыг дуусгаж комисс ажиллуулах талаар манайд мэдэгдээгүй, хүлээлгэж өгөөгүй бөгөөд Лүн сумаас ажлын хэсэг байгуулан хүлээн авч акт үйлдсэн баримтыг 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр манай компанид авч ирж өгч байсан. Гэвч манай компани тендерийн ажлаас дутуу хийгдсэн ажлын санхүүжилт 48 000 000 төгрөг, “Н” ХХК-ийн гаргасан шууд зардлын төсвөөр буюу 48 798 180 төгрөгөөр гүйцэтгэлийг тооцож, үүнээс 17 000 000 төгрөгийг төлсөн, 15 000 000 төгрөгт “Н” ХХК-ийн захирал Л.Найгал өөрөө хүлээн зөвшөөрч Nissan Maxima маркийн 15-15 УБВ дугаартай суудлын автомашиныг тооцон шилжүүлж авсан бөгөөд манай компаниас ав гэж шахсан зүйл байхгүй болно, мөн чанарын баталгаанд 3 500 000 төгрөгийг тусгаарлаж баталгаа дуусахаар буцаан өгөх байгаа юм. 

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбарт: 

Сумын Засаг дарга аймгийн Засаг дарга болон тус төсөл хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр шалгарсан “А” ХХК-ийн удирдлагуудад сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хэмнэгдсэн болон хийгдээгүй ажлаас илүү гарсан хөрөнгө мөнгө байвал манай сургуулийн дотуур байранд дээврийн болон цахилгааны монтажийг солих ажлыг санхүүжүүлж өгөөч гэж харилцан ярилцаж хүсэлт тавьсны дагуу “А” ХХК манай нөхцлийг хүлээн зөвшөөрч эх үүсвэрийг гаргахаар харилцан тохиролцож “Н” ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан гэрээ байгуулж уг ажлыг гүйцэтгүүлсэн. Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан хурлын тэмдэглэлийг хавсаргалаа. Эндээс үзэхэд мэргэжлийн төсөвчнөөр төсөв хийлгэж баталгаажуулж гэрээнд хавсаргаагүй байгаа нь уг ажлын үнэлгээ гэрээ нь баталгаажаагүй баримт гэж үзэх үндэслэлтэй. Мөн ажил хүлээлцсэн комисст орж ажилласны хувьд дээврийн таталт хучилтын ажил сайн хийгдсэн боловч дээврийн төмрийг солиогүй будгаар будсанаас өөр ажил хийгдээгүй, чанаргүй болсон гэсэн дүгнэлт гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр гарсан дутуу материалуудыг нэмж авч өгөөгүй байдаг. Бидний данс тайлангаар мөнгө дамжаагүй учир хоорондоо хэдэн төгрөг өгч авсныг бидний зүгээс мэдэхгүй. Хийгдсэн ажил нь тодорхой байгаа юм чинь мэргэжлийн барилгын шинжээч, төсөвчнөөр дахин үнэлгээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй юм болов уу гэсэн санал байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг, нэхэмжлэлийг нарийвчлан гарсан тооцоо нотолгоог үндэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт зааснаар хувийн өмчийн хуулийн этгээд юм. Тухайн үед дотуур байранд амьдарч байсан хүүхдүүдийн эрх, ашгийг бодолцон 40 000 000 орчим төгрөгийн ажил хийгдээгүй байгаа гэх тооцоог гаргаж мэдэгдэхэд, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 73 700 000 төгрөгийн үнийн дүн бүхий Ажил гүйцэтгэх гэрээнд захиалагчаар оролцоод баталгаажуулаад өг гэсэн, манай компани 73 700 000 төгрөг гаргах боломжгүй, 40 000 000 төгрөг орчмыг л хийгдээгүй ажлын төсвөөс өгч болох юм гэхэд Лүн сумын Засаг даргын тамгын газар ерөнхий захиалагчаар гэрээнд оролцоно, урьдчилсан байдлаар 73 700 000 төгрөгийн төсөв байгаа боловч, гүйцэтгэгч төсвийн шууд зардлаар л ажил гүйцэтгэнэ, төсөв батлаад ирэхээр уг дүн өөрчлөгдөнө гэсэн тул уг гэрээнд “А” ХХК оролцсон юм. Иймд Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д “Гэрээний үнийн санхүүжилт нь Лүн суманд хэрэгжиж байгаа Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Сумын төвийн шинэчлэл төслийн хийгдээгүй ажил болон хэмнэгдсэн төсвөөс хийгдэнэ”, 3.2-т “Гэрээний үнийн Сумын төвийн шинэчлэл төслийн санхүүжилтээр олгоно”, 5.2-т “Захиалагч тал санхүүжилтийн дагуу гэрээний үнийг төлнө”, 6.3-т Захиалагч тал гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу санхүүжилтийг олгоно” гэж тус тус гэрээний талууд тохиролцож, гэрээнд тусгасан юм. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Ажил гүйцэтгэх гэрээний дээр дурдсан зүйл, заалтуудыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргасан. Уг шаардлагыг гаргаснаар “А” ХХК нь өөрийн хувийн хөрөнгө, мөнгөөр төрийн өмчийн сургуулийн дотуур байрны барилгыг засварлуулах үүргийг хүлээх буюу төрийн өмнөөс мөнгөн хөрөнгөөрөө хохирох нөхцөл байдалд хүрээд байна. 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу “Н” ХХК-д шилжүүлсэн 32 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

“А” ХХК, Төв аймгийн Лүн сум болон “Н” ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 15/39 дугаартай ажил гүйцэтгэх тухай гэрээгээр гүйцэтгэсэн Төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байрны засварын ажлыг Засгийн газрын 309 дугаартай болон 265 дугаартай тогтоолоор батлагдсан Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хийгдэх ажлын жагсаалтын дагуу өөрчлөлт оруулсан “А” ХХК-иас Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 05/14 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй тул талуудын хооронд байгуулагдсан 15/39 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл түүний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сумын төвийн шинэчлэл төслийн ажлаас хэмнэгдсэн болон хийгдээгүй ажлын үлдэгдэл санхүүжилтээс засварын ажлыг хийхээр тохиролцсон. Тэр үед “А” ХХК-ийн захирал төслийн ажлын үлдэгдлээс засвар хийхийг зөвшөөрч гурвалсан гэрээг байгуулсан. Сумын төвийн шинэчлэл төслийн тендерт нэгэнт “А” ХХК ялсан байсан учир дахин тендер зарлах шаардлага байгаагүй. Сумын төвийн төслийн шинэчлэл төслийн Хашаа төслийг гэрээгээр гүйцэтгэсэн “Н” ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулж гүйцэтгүүлсэн. Манай зүгээс “Н” ХХК нь сургуулийн дотуур байрны засварын ажлыг гүйцэтгүүлсэн боловч чанарын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлтээ тухайн үед нь гаргасан. Уг засварын ажилд гэрээнд тусгасан 73 700 000 төгрөг бүгд ороогүй гэж үзэж байгаа учир мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02242 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ану сервис” ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 41 700 000 төгрөгийг гаргуулж “Ням хас төв” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагчаас хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 32 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Ану сервис” ХХК-иас 366 450 төгрөгийг гаргуулж “Ням хас төв” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 388 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2254 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 456 800 төгрөг, нэхэмжлэгчийн төлсөн 526 450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

“А” ХХК нь 05/14 тоот гэрээний дагуу Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хийж байсан ажлаа тус гэрээний захиалагчийн шийдвэрээр дуусгавар болгож, хийгдээгүй ажил болон хэмнэгдсэн төсвийн хөрөнгийг Лүн сумын дотуур байрны засварын ажлыг гүйцэтгэх “Н” ХХК-нд шилжүүлэх зорилгоор 15/39 тоот гурван талт ажил гүйцэтгэх гэрээнд гэрээний 5 дугаар зүйл 5.1 дэх хэсгээр Захиалагч болох “А” ХХК санхүүжилтийн дагуу гэрээний үнийг төлөх үүрэг хүлээж, мөн гэрээний 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэгт Гэрээний үнийн санхүүжилт нь Лүн суманд хэрэгжиж байгаа Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сумын төвийн шинэчлэл” төслийн ажлын хийгдээгүй ажил болон хэмнэгдсэн төсвөөс хийгдэнэ, 3.2 дахь хэсэгт Гэрээний үнийг “Сумын төвийн шинэчлэл төслийн” санхүүжилтээр олгоно гэсэн заалтуудаар хүсэл зоригоо илэрхийлэн оролцсон байна.

Гэтэл “А” ХХК-ийн энэхүү хүсэл зоригийг үл хайхран Иргэний хуулийн 41 дүгээр зүйл 41.1 дэх хэсэгт заасан “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага ...-д дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэсэн байтал “Анисервис” ХХК-ийн хүсэл зоригийн эсрэг өөрийнхөн хүсэл зоригийг тайлбарлаж төрийн өмчийн хөрөнгийг засаж засварлах ажилд хувийн өмчийн хуулийн этгээдээс 41 700 000 төгрөгийг Монгол улсын нэрийн өмнөөс гардаг, хүн, хуулийн этгээд бүр заавал биелүүлэх үүрэгтэй шүүхийн шийдвэр, магадлалаар гаргуулах гээд байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр юуны өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим болох Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйл 1.2 дахь хэсэгт заасан ... шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Маргааны үндэслэл болсон 15/39 тоот ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь “Төв аймгийн Лүн сумын дотуур байрны засварын ажил” байдаг. Энэхүү үйлчилгээг нийтээс заавал хэрэглэдэг нийтийн ашиг сонирхлыг агуулсан бөгөөд тус гэрээ нь захиргааны үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий гэрээний зохицуулалтын зүйл нь захиргааны эрх зүйд хамаарахаар байна. Гэрээ зүйл нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авч буй ажилд хамаарах тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах харилцаа байна. Маргаан бүхий 15/39 тоот гэрээнд оролцогч гурван талын нэг болох Ерөнхий захиалагч болох Лүн сумын Засаг даргын тамгын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл 5.1.1 дэх хэсэгт заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг ...орон нутгийн байгууллагад хамаарна, мөн тус гэрээний захиалагч болох “А” ХХК нь 15/39 тоот гэрээнд “05/14 тоот гэрээний дагуу Засгийн газраас шилжүүлэн авсан тус гэрээний санхүүжилтийг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэх” зорилгоор 05/14 тоот гэрээний захиалагчийн  гаргасан  санал,  шийдвэрийн  дагуу  санхүүжилтийг шилжүүлэх зорилгоор оролцсон Захиргааны ерөнхий хуулийн 5.1.3 дахь хэсэгт хамаарах захиргааны байгууллагын шинжийг агуулж байна. Ийнхүү гэрээнд оролцогч гурван талын хоёр нь захиргааны байгууллагад хамаарч байна. Гэрээний санхүүжилт нь Засгийн газраас баталсан Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хийгдээгүй ажил болон хэмнэгдсэн төсвийн хөрөнгөөр санхүүжих талаар гэрээний 3.1, 3.2 дахь хэсэгт тусгагдсан байна.

Дээрх шинжүүдээр 15/39 тоот гэрээ нь захиргааны гэрээний үндсэн шинжүүдийг илэрхийлж байх тул анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл Иргэний хэрэг үүсгэх үндэслэл 12.1.4 дэх хэсэг, 13 дугаар зүйл 13.4 дэх хэсэгт зааснаар хэргийн харьяалал зөрчиж захиргааны гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн нь тус хуулийн 12 дугаар зүйл 12.1.4 дэх хэсэг, 13 дугаар зүйл 13.4 дэх хэсэг, 65 дугаар зүйл 65.1.1 дэх хэсэг, 117 дугаар зүйлүүдийг зөрчсөн буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, заалтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж мөн хуулийн 351 дүгээр зүйл 351.2 дахь хэсгийг хэрэглэж талуудын хоорондох маргааныг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

...Хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлээр, хэлцлийг хүчин бусд тооцуулах шаардлага нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлээр зохицуулагддаг ялгаатай эрх зүйн шаардлагууд байдаг билээ. Түүнчлэн магадлалд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж дурдсан байх бөгөөд хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн үндэслэл нь тодорхойгүй байна. Энэ нь шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн шүүх захиалагч ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээж аваагүй, гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэнэ өгөх талаар албан бичгээр мэдэгдэж байсан байна гэж дүгнэсэн бөгөөд тухайн албан бичиг нь захиалагчид ирж байгаа, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх талаар гүйцэтгэгч мэдэгдэж байгаагүй. Ажлын үр дүнг хүлээлгэн өгөх талаарх гүйцэтгэгчийн албан бичиг захиалагч тухайн албан бичгийг хүлээж авсан талаар баталгаажуулсан баримтаар нотлогдож байж зорилгоо хангах юм. Гүйцэтгэгч өөрийн хэвлэмэл хуудас ашиглан хэдийд ч, хэдний ч огноо дугаар тавиад албан бичиг үйлдэн нотлох баримтаар гаргаж өгч болно. Гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/16 дугаартай албан бичгийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын хэрэгт хамааралтай, ...үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэснийг зөрчиж байна. Мөн шүүх гэрээт ажлын төсөв өөрчлөгдсөн талаар гүйцэтгэгчид мэдэгдэж, гэрээнд өөрчлөлт оруулсан талаар баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2254 дугаар магадлалыг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлагыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж 15/39 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг гэрээгээр шилжүүлсэн 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Ану сервис” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 700 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Хариуцагч “Ану сервис” ХХК нь үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг татгалзсан ба ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар оролцжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй ажил гүйцэтгэх гэрээ 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан байна. Уг гэрээнд ерөнхий захиалагчаар Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар, захиалагчаар “Ану сервис” ХХК, гүйцэтгэгчээр “Н” ХХК оролцжээ. Уг гэрээгээр талууд Лүн сумын сургуулийн дотуур байрны хэсэгчилсэн засвар \дээвэр, тааз, дотор цахилгаан, газардуулга\-ийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдон захиалагч гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулсан байх тул шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй болсон байна.

Гэрээгээр ажил гүйцэтгэгч тал нь захиалагчийн зураг, төсвийн дагуу дээрх ажлыг 10 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч 73 700 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүрэг хүлээжээ.

Гэрээнд “гэрээний үнийг “Сумын төвийн шинэчлэл” төслийн санхүүжилтээс олгоно”, “захиалагч тал санхүүжилтийн дагуу гэрээний үнийг төлнө” гэж заасан байх нь хариуцагч “Ану сервис” ХХК-ийг ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэжээ.

Зохигч нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээгээр ажлын хөлсний хэмжээ, төлөх арга журмыг тохиролцсон байна. “Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжүүлэгч нь тендерт ялсан “Ану сервис” ХХК болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба төслийн ажлаас хэмнэгдсэн болон хийгдээгүй ажлын үлдэгдэл санхүүжилтээс сумын сургуулийн дотуур байрны засварын ажлыг хийхээр тохиролцож, гурвалсан гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1., 347.2.-т ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг оролцуулбал ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болж, ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах талаар заажээ. Зохигчийн гэрээнд ажил гүйцэтгэх биш харин захиалагч талд хоёр этгээд оролцсон байх ба ерөнхий захиалагч болон захиалагч хоёрын хоорондох санхүүжилтийн асуудал ажил гүйцэтгэгчийн ажлын хөлс төлөх захиалагч талын үүрэгт нөлөөлөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар   үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээдэг учир ажил гүйцэтгэх гэрээнд захиалагчаар оролцсон “Ану сервис” ХХК нь санхүүжилттэй холбоотой аливаа маргаантай асуудлыг жич шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Ажил гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгэсэн байдал, ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгсөн үйл баримт зэрэг хэргийн нөхцлийн талаар хоёр шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шийдвэр, магадлалдаа тусгажээ.

 

Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг, мөн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.     

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02242 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2254 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН