Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 537

 
     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн  тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух ******* овогт Дэлгэрийн ******* /*******/-д холбогдох гэрээний үүрэг 4,346,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Б.******* миний бие 2015 оны 06 дугаар сараас гэр бүл, ах, дүүсийн хамт “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын дагуу “ шинэ өргөө” ХХК-нд журам, стандартад нийцсэн 3 стандарт ТҮЦ-ийг захиалан хийлгүүлсэн юм. Ингээд миний бие өөрөө нэг ТҮЦ-ийг нь авч Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис СООСЭ Их сургуулийн урд, авто сургуулийн автобусны буудал дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн шийдвэрийн дагуу заагдсан байршил дээр байрлуулан худалдаа үйлчилгээг 1 жил орчим хугацаанд явуулсан. Улмаар өөрийн эзэмшлийн уг ТҮЦ-ийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 3х4 харьцаатай ТҮЦ болон доторх бүх бараа, тоног төхөөрөмжийн хамт худалдсан. Худалдахдаа ТҮЦ-ийг 9,500,000 төгрөгөөр тооцож, худалдаж буй бэлэн бараагаа зах зээлийн болон нийлүүлэгч компаниас авсан үнээр баримтыг үндэслэн тооцож 1,346,750 төгрөг нийт 10,846,750 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан. Д.******* нь бэлнээр 6,500,000 төгрөг өгч үлдэгдэл 4,346,750 төгрөгийг 30 хоногийн дотор буюу 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцсон. Энэ талаараа худалдах, худалдан авах гэрээндээ заасан.

Уг ТҮЦ-ийг анх би өөрийн хүү болон дүү нарынхаа хамт дүүгийнхээ “ ” ХХК-ийн нэр дээр “ ” ХХК-нд захиалж хийлгүүлж байсан ба ТҮЦ-ний өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрх нь надад байдаг юм. Анх би энэ ТҮЦ-ийг худалдах талаар зарыг Шуурхай зар, Зар мэдээ сонин зэрэг өгсөн ба үүний дагуу Д.******* нь ирж худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би зөвхөн 3х4 хэмжээтэй ТҮЦ болон доторх бараа, тоног төхөөрөмж л зарсан. Тэрнээс биш газрын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх худалдаагүй гэдгийг хариуцагч ойлгож байгаа байх. ТҮЦ бол хөдлөх хөрөнгө, хаана ч зөөвөрлөөд байрлуулж худалдаа хийж болдог. ... Д.******* нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр над руу утасдаж ТҮЦ-нийхээ тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дэр нэрийг солиулъя, тус гэрчилгээ миний нэр дээр гарсны дараа үлдэгдэл мөнгөө аваарай” гэхэд нь миний бие хөөцөлдөж байж 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Д.*******ын нэр дээр шилжүүлж, тусгай зөвшөөрөл гаргуулж авсан. Тэгээд би за бичиг баримт бэлэн болчихлоо, тусгай зөвшөөрөл нэр дээр чинь шилжсэн учир үлдэгдэл төлбөрөө авч, тооцоогоо дуусгая гэхэд элдэв шалтаг, шалтгаан хэлж одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй намайг хохироож байгаа тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 4,346,750 төгрөгийг Д.*******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “Миний бие Б.*******ын тавьсан саналын дагуу түүнтэй харилцан тохиролцож Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр, Автосургуулийн автобусны буудал дээрх ТҮЦ-ийг худалдан авсан. ТҮЦ-ийг 9,500,000 төгрөгөөр, дотор байсан хүнсний бараа болон бусад тоног төхөөрөмжийг 1,346,750 төгрөгөөр тооцож үнэлж нийт 10,846,750 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Анх тухайн ТҮЦ-ийг худалдахдаа Б.******* нь зам энэ жилдээ засахгүй дараа жил орсон ч манай ТҮЦ-ийг хөдөлгөөн хийхгүй, орлого 500,000 төгрөг ордог, хажуу талын хоёр ТҮЦ зөвшөөрөлгүй одоо татан буугдана гэж мэдээлэл өгсөөр байсан ба сүүлдээ худал болох нь мэдэгдээд байна. Анхнаасаа би газрын асуудал ямар нэгэн асуудалгүй биз гэж дахин дахин лавлахад ямар ч асуудалгүй гэж худал хэлж байсан. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь тухайн байршилд үйл ажиллагаа явуулах ТҮЦ-ийг худалдах байсан бөгөөд Иргэний хуулийн 243-р зүйлд заасны дагуу эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй байх ёстой. Гэтэл уг байршил ТҮЦ-ний зориулалтаар үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн газар чөлөөлөх тухай албан бичгээр тогтоогдож байна. Гэрээн дээр байршил, зориулалт, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой заасан байхад ийнхүү нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Мөн зах зээл дээр ийм хэмжээний ТҮЦ нь 7-8 сая төгрөгийн үнэтэй байдаг, гэтэл надад хэт өндөр үнээр зарсан. Анхнаасаа надад худал хэлсэн тул би одоо ТҮЦ-ийг нь буцааж өгч, мөнгөө авах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.  

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,346,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийн талаар бодит үйл баримтыг тодорхойлбол нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Д.******* нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 3х4 хэмжээтэй стандарт ТҮЦ-ийг 9,500,000 төгрөгөөр, доторх тоног төхөөрөмж, барааг 1,346,750 төгрөгт тооцож нийт 10,846,750 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь 6,500,000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 4,346,750 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр, нэхэмжлэгч нь холбогдох бичиг баримтыг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, талууд гэрээнд гарын үсгээ зурцгаасан байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний дагуу худалдсан эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.

 

Зохигчдын хувьд ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар маргадаггүй боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч                         “ ... нэхэмжлэгч анх надтай ярихдаа худлаа ярьж, намайг хууран мэхэлсэн болох нь тогтоогдсон ... ТҮЦ-ний зах зээлийн ханш нь 7-8 сая төгрөг байхад надад хэт өндөр үнээр зарсан, ... зам засвар орохгүй, газрын асуудал маргаангүй, хажуу талын хоёр ТҮЦ тусгай зөвшөөрөлгүй гэж хэлсэн нь бүгд худлаа болох нь тогтоогдсон ... иймд ТҮЦ-ийг буцаан өгч, мөнгөө авна ... “ гэж, нэхэмжлэгч нь “ ... би зөвхөн 3х4 хэмжээтэй стандарт ТҮЦ-ийг доторх бараа, тоног төхөөрөмжийн хамт л зарсан. Тэрнээс биш газрын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх худалдаагүй, надад хууран мэхэлсэн зүйл байхгүй хажуу талын хоёр ТҮЦ нь одоо ч гэсэн тусгай зөвшөөрөл аваагүй байгаа, ... анх гэрээ байгуулахад Д.******* нь өөрөө зөвшөөрч, зарын дагуу ирж надтай гэрээг байгуулсан ... “ маргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд үндэслэн явагдах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж, хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг байхаар тус тус заасан тул хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзал болон нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлох үүрэг хүлээдэг.

 

Зохигчдын тайлбар мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу стандарт ТҮЦ-ийг дагалдах барааны хамт хариуцагчид хүлээлгэн өгсөн, Д.******* нь зориулалтын дагуу худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байна.

Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмын 2.1.1-д “Түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана.” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 27-р хороо, Автосургуулийн буудал дээр Түргэн үйлчилгээний цэг үйлчилгээ эрхлэх гэрээг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатайгаар Д.*******тай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ авагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгийг худалдан авагчид өгч, холбогдох баримтыг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэнээр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.”, 254 дугаар зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж зааснаар хариуцагч нь хэрэв худалдагч эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзвэл доголдлыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

           

            Хуулийн дээрх заалтын дагуу худалдсан эд хөрөнгө болох 3х4 хэмжээтэй стандарт ТҮЦ-ийн эд хөрөнгийн эрхийн асуудлаар гуравдагч этгээд ямар нэгэн гомдлын шаардлага гаргасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн тайлбарт дурдсан стандарт ТҮЦ-ийн байрших газрын асуудал, зам засвар, газар чөлөөлүүлэхтэй холбоотой үүссэн асуудлыг талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээтэй холбон үзэх, энэ үндэслэлээр худалдагчийг эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

           

            Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.”, хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.”, талуудын байгуулсан гэрээний 6.1-д “Талууд энэхүү гэрээнд заасан үүргээ хугацаанд нь бүрэн зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Д.******* нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу худалдан авсан хөрөнгийн үлдэгдэл төлбөр 4,346,750 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. 

 

            Гэрээний зүйл болох стандарт ТҮЦ нь хөдлөх хөрөнгө болохын хувьд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлгүй ба “ ” ХХК-аас 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр захиран зарцуулах эрхийг нэхэмжлэгчид олгосон, Б.******* нь өөрийн эзэмшилд байлгаж байгаад гэрээний дагуу бусдад худалдсан зэргээр түүнийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрхтэй байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээний нэг тал болохын хувьд хуульд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 4,346,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.  
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 84,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас тэмдэгтийн хураамж 84,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
  3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ЛХАГВАСҮРЭН