Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019              12               10                                             2019/ШЦТ/371                              

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ, 

улсын яллагч  Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,

хохирогч Ж.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овгийн Б.Лд холбогдох эрүүгийн 1934009590448 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

  

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1958 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 23 дугаар байр 2-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ВЗ58030818 дугаарын регистртэй, С овгийн Б.Л

  

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Л нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн нутаг 2-7 тоотод 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ж.Эрдэнэчимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л:

...Өмнө нь мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Эрдэнэчимэг:

...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр энэ хэрэг гарсан. Урьд өдөр нь миний эгч Эрдэнэцэцэг надад Сансарбаяр Ариузаяагаас салах гэж байгаа юм шиг байна гэж хэлсэн. Мөн урд нь Ариунзаяа надад Сансарбаяр аавын ажил явдал дээр ирээд нэг үзэгдээд явсан. Хаана явааг нь мэдэхгүй байна. Салъя гэж байх шиг байна. Би хувцсаа авч ирэх шаардлагатай байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би заа яахав явахдаа эгчдээ хэлэхгүй юу гэж байсан. Тэгээд манай эгч намайг Ариунзаяатай хамт яваад хувцсыг нь аваад хүрээд ир гэсэн. Тэгээд би Ариунзаяатай хамт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18-19 цагийн хооронд гэрт нь ирээд орсон чинь Ганхуяг гуай гал тогоондоо зогсож байсан. Би Ганхуяг гуайг эцгийгээ алдаад 14 хонож байгаа охин хүүхдийг орж ирэхэд нь арай өөр хандах байх гэж бодсон. Гэтэл Ариунзаяагын хувцсыг ерөнхийд нь бөөгнүүлээд орон доогуур нь хийчихсэн байсан. Ариунзаяа намайг залуу ээж гэдэг. Тэгээд залуу ээжээ миний хувцсыг бүгдийг нь бөөгнүүлээд тавьчихсан байна гэж хэлсэн. Ариунзаяа Сансарбаяр надаас салж байна. Би одоо хувцсаа бөөгнүүлж аваад явъя. Тэгээд энэ гэрийг та хоёр Сансарбаярт авч өгөөгүй юм уу. Сансарбаярын гэр гээд байх юм би хууль ёсных нь эхнэр юм чинь манай гэр биздээ. Хууль ёсны баталгаа байгаа гэж хэлсэн. Гэтэл Ганхуяг гуай тийм бид нар өчигдөр нүүж ирсэн. Түлээ нүүрсгүй бид нар яах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь Ариунзаяа тэр чинь надад ямар хамаатай юм бэ. Энэ чинь Сансарбаяр бид хоёрыг амьдар гэж авч өгсөн байр биздээ. Сансарбаяр бас хувь оруулсан биздээ гэсэн зүйлийг тэр хоёр ярилцаад байсан. Сансарбаяр урд нь архи уугаад янз бүрийн асуудал гаргаад байна гэж манай эгч ярьж байсан. Тэр үед нь би хүүхэдтэй болчихсон хүмүүс шүү дээ та нар битгий ийм сонин юм яриад байгаач гэж хэлж байсан. Тэрнээс өмнө Сансарбаярыг Судан улс руу явсан хойгуур Ванъя гээд хүүхэн Лхагва гуайн гэрт байхад нь хөөсөн байсан. Над руу та намайг хурдан ирээд аваач гэж ярьсан. Тэгээд намайг ирэхэд уйлчихсан, хүүхэд нь өвдчихсөн байдалтай байсан. Ер нь хүүхдийг нь манай ах, эгч 2 өсгөсөн. Би очоод орыг нь ачаад хоёр хүүхдээ аваад явж байхад Лхагва гуай юу ч хэлж байгаагүй. Тэр өдөр би Ганхуяг гуайд танай хүүхэд үнэхээр хүмүүжилгүй юм байна. Эхнэр, хүүхдээ хаяаад архи дарс уугаад явчихдаг гэж хэлсэн. Яагаад Ариунзаяаг хөөгөөд байгаа шалтгааныг би Ариунзаяагаас асуухад би анх бэр болоод ирж байхад Сансарбаяр эгчтэйгээ Улаанбаатар хотод байр түрээсэлдэг байсан. Нэг өдөр намайг байранд нь унтаж байхад гаднаас нэг эгч том эрэгтэй хүүхэдтэй хамт орж ирснээ Ванъя гэдэг хүүхэн хаана байна. Миний нөхөртэй явалдаад хүний амьдрал үймүүлээд байх юм гэж хэлж байсан. Тэрийг сонссоноос хойш Ванъя нь намайг байнга хөөх болсон гэж хэлсэн. Ер нь хүүхдийнхээ хүүхдэд хүртэл анхаарал хандуулдаггүй. Тэр өдөр би Ганхуяг гуайд танай хүүхэд үнэхээр хүмүүжилгүй юм байна гэж хэлсэн нь үнэн. Ганхуяг гуай надад тиймээ би хүүхдүүдээ хүмүүжүүлж чадаагүй юм гэсэн. Бид хоёрыг тэгээд байж байхад гаднаас Лхагва гуай орж ирсэн. Орж ирээд гал тогооныхоо өрөөнд сууж байсан. Ариунзаяа бэр гуйхдаа өгсөн хадаг, цэс аяга, дээлийн торгыг хөлдөөгч дээр нь тавьчихсан байсан. Лхагва гуай юу болоод байгаа юм бэ гэхэд нь Ариунзаяа Сансарбаяр салъя гэсэн гэж хэлэхэд Ганхуяг гуай залуу хүмүүс салуул сална биз гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөхөө өвлийн хүйтэнд айлын хүүхдийг 3 настай жаахан хүүхэдтэй нь гэрээсээ хөөгөөд гаргаж байгаадаа ичихгүй байна уу. Яасан ичдэггүй хүмүүс вэ, та нар хүн хайрлах сэтгэлгүй хүмүүс гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр Ариунзаяаг ороод ирэхэд энэ хоёрын хэн нь ч өө миний охин ирчихсэн юм уу гэж хэлээгүй. Зүгээр энгийн үед яах вэ гэхэд эцэг нь өнгөрөөд удаагүй байхад Ариунзаяаг хүн ёсоор хүлээж аваагүй. Тэгээд би ямар сонин хүмүүс вэ гэж бодоод байж байтал Лхагва гуай гар яв энэ чинь миний гал голомт гэж хөөсөн. Тэгэхээр нь Ариунзаяа Сансарбаярт авч өгөөгүй юм уу гэж хэлсэн. Гэтэл үгүй миний гал голомт яв, зайлцгаа та нар гэсэн. Тэгэхээр нь би охин хүүхдийг өвлийн хүйтэнд гэрээсээ хөөж гаргаж байдаг ямар сэтгэлгүй хүмүүс вэ гэхэд Ариунзаяа Лхагва гуайг та арайчдээ гэж хэлсэн чинь чи тэгээд яах юм гээд аяга аваад ам руу нь цохисон. Тэгэхээр нь би цаанаас босоод ирсэн чинь Ариунзаяаг өшиглөсөн. Тэгээд би яагаад хүний хүүхэд зодож байгаа юм гээд хойш нь татсан. Гэтэл эргэж хараад миний нүүр рүү цохисон. Миний хамраас цус гараад би тонгойсон чинь миний шилэн хүзүүнээс барьчхаад цохиод байсан. Тэгээд би тавиач гээд зууралдсан. Тэгээд би Ариунзаяаг дахиад цохих байх гэж айгаад жижиг өрөө рүү нь түлхээд оруулсан. Тэгээд эргээд хартал намайг дахиад цохисон. Би гомдолтой байна. Яагаад хүний хүүхдийг өвөл гэрээсээ хөөж гаргаж байгаа юм бэ. Энэ хугацаанд надаас огт уучлалт гуйгаагүй. Сансарбаяр хүртэл хүүхэдтэйгээ огт ярьдаггүй. Утсаа солиод алга болсон. Өнөөдрийн бензин хийж ирсэн бензиний мөнгөө нэхэмжлэнэ... гэж тус тус мэдүүлжээ.

  

Эрүүгийн 1934009590448 дугаартай хэрэгт хохирогч Ж.Эрдэнэчимэг /хх-ийн 8, 13-14 дүгээр хуудас/, гэрч Л.Ариунзаяа /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Д.Ганхуяг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Л.Ариунзаяа /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Л.Сансарбаяр /хх-ийн 21 дүгээр хуудас/, яллагдагч Б.Л /хх-ийн 35-36 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын18-ны өдрийн 738 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12603 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12604 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Ж.Эрдэнэчимэгийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хохирогч Ж.Эрдэнэчимэгийн хохирлын баримт /хх-ийн 10-12 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Лгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-48 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.     

   

Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн нутаг 2-7 тоотод иргэн Ж.Эрдэнэчимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ж.Эрдэнэчимэгийн ...Ариунзаяаг чи муу юу юм бэ чи авах юм аа авсан гээд нүүрэн тус газар нь гараа раа цохиод өшиглөсөн. Тэгэхээр нь би Ариунзаяаг өмөөрөөд дундуур нь ортол миний хамар руу гараа раа цохиод жорлонгийн өрөөний хажуугийн булан руу шахаад заамдаад гар хөлөөрөө цохиод өшиглөөд байсан. Ариунзаяагийн хамраас болон миний хамраас цус гарсан. Б.Л гэх хүн би цус үзнэ цус үзнэ та хоёрыг би зодно за юу гээд байсан. Тэгээд гэрээс нь зугтаад гарсан. Эхнэрээ бас өшиглөөд эхнэр нь айгаад бид хоёрыг орхиод зугтаагаад гарчихсан. Тэгээд бид хоёр цагдаа дээр ирээд дуудлага өгсөн... /хх-ийн 8 дугаар хуудас/,

...Ариунзаяагийн нүүр рүү цохиод сав руу нь өшигөлсөн. Тэгэхээр нь би Ариунзаяаг өмөөрөөд Б.Лтай барилцаж авахад намайг Лхагва зодсон. Эхнэр Ганхуяг нь салгахад Б.Л эхнэр рүүгээ хүртэл дайраад цохиод авсан... ...Намайг Б.Л гэх хүн зодож гэмтэл учруулсанд гомдолтой байна... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Л.Ариунзаяа ...Б.Л согтуу гаднаас орж ирээд чи муу юу гээд байгаа юм гэрийн эзэн би байна гээд миний хамар тус газар гараа раа цохисон. Миний хамраас цус гартал эгч Эрдэнэчимэг намайг өмөөрөөд дундуур орж салгахад Эрдэнэчимэг эгчийг гар хөлөөрөө бүх бие хаа руу нь хананд буланд шахаж байгаад зодсон. Эгчийн хамраас мөн адил цус гарсан... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Д.Ганхуяг ...нөхөр Б.Л гэнэт бос ч ирээд энэ гэрийн эзэн нь би байна та нар юу яриад байгаа юм миний гал голомтыг тараах гээ юу миний амьдад би ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй шүү гээд аймар уурлаад босоод ирэхээр нь би хорьтол намайг хойшоо бай гэж түлхэсэн. Тэгээд би айгаад гэрээсээ гарч гүйгээд цагдаа дуудсан.  Тэгээд гэртээ буцаад ороод иртэл нөхөр Лхагва, Эрдэнэчимэг хоёр хоорондоо барилцаад авчихсан. Эрдэнэчимэгийн хамраас цус гарчихсан бэр Ариунзаяа бас эгчтэйгээ элбэх гээд хажуугаас нь хадам аавыгаа татаж чангаагаад байсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Л.Ариунзаяа ...тэр өдөр хадам аав Б.Л эгч бид хоёрыг зодож манай эгч Эрдэнэчимэгт гэмтэл учруулсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч Л.Сансарбаяр ...манай аав Б.Л эхнэрийн ээжийнх нь дүү Эрдэнэчимэг нар хоорондоо зодолдсон байна. Зодоон болоход би байгаагүй... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Л ...миний уур хүрээд яахаараа миний байр гал голомт руу дайрдаг юм бэ эзэн нь би байна гээд Ариунзаяаг цээж хавь руу нь эхэлж цохисон. Ариунзаяа намайг зөрүүлээд үсдэх гээд байсан. Тэгтэл Эрдэнэчимэг Ариунзаяаг өмөөрөөд намайг заамдаад авсан. Миний фудволк урагдсан. Тэгээд би тавиулах гээд Эрдэнэчимэгийн ар нуруу хэсэгт нь 2 удаа гараа раа цохисон. Тэгээд надаас зуураад байхаар нь түлхээд нойлын өрөөний хажууд очсон. Эрдэнэчимэгийн хамраас цус гарсан байсан... /хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын18-ны өдрийн 738 дугаартай ...Б.Лгийн биед цээж, хүзүүнд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо... ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12603 дугаартай ...Ж.Эрдэнэчимэгийн биед зүүн талд 6-р хавирганы далд хугарал, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12604 дугаартай ...Б.Ариунзаяагийн биед зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д  зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Ж.Эрдэнэчимэгийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хохирогч Ж.Эрдэнэчимэгийн хохирлын баримт /хх-ийн 10-12 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Лгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-48 дугаар хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

    

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Б.Лгийн иргэн Ж.Эрдэнэчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Мөн шүүгдэгч Б.Л болон түүний өмгөөлөгч С.Сувдмаа нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Лгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Эрдэнэчимэгийн биед зүүн талд 6-р хавирганы далд хугарал, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хавтас хэргийн 11-12 дугаар хуудсанд хохирогч Ж.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 267.750 /хоёр зуун жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийн авагдсан ба шүүгдэгч Б.Л нь дээрх эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 267.750 /хоёр зуун жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Ж.Эрдэнэчимэгийн мэдүүлэг болон “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Эрдэнэчимэг нь 51.000 /тавин нэгэн мянга/ төгрөг нэхэмжилдэг ба шүүх дээрх 51.000 /тавин нэгэн мянга/ төгрөгийг хангаж шүүгдэгчээ гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Лд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирлоо хохирогчид төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, зэргийг харгалзан торгох ялыг доод хэмжээнээс дээгүүр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Б.Лд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Ж.Эрдэнэчимэгт баримтаар нэхэмжилсэн 267.750 /хоёр зуун жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болоно.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

     хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овгийн Б.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С овгийн Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун тавин нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

      

4. Шүүгдэгч С овгийн Б.Лд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

  

5. Шүүгдэгч С овгийн Б.Л нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овгийн Б.Лгаас бензинийн зардал болох 51.000 /тавин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч ЦА67051061 дугаарын регистртэй, Дорж овгийн Жамсрангийн Эрдэнэчимэгт олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С овгийн Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С овгийн Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН