Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 368

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019              12               10                                             2019/ШЦТ/368                              

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ, 

улсын яллагч  И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн Н.Бод холбогдох эрүүгийн 1934007200404 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Сонгино суманд 1990 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, явган цэргийн байлдааны машины операторч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний 2-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ИЛ90021718 дугаарын регистртэй, У овгийн Н.Б

   

                                        Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.Б нь ахлах ахлагч цолтойгоор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын ажиллагааг хангах ротын ЯЦБМ-ын буудлагын сургагч-наводчик оператор албан тушаал эрхэлж байх үедээ цэргийн ангийн байгууллага, алба хааж байгаа газраа 2019 оны 06 дугаар сарын 10-аас хойш дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б:

...2019 оны 1 дүгээр сард манай эхнэр хүнээс хүүтэй мөнгө надад хэлэлгүйгээр зээлсэн байсан. Би 2019 оны 03 дугаар сарын 25-нд Батлан хамгаалах сургуулийн хээрийн буудлагад гарсан байсан. Над руу тухайн мөнгө зээлсэн хүн нь яриад хүүтэй мөнгөө төл гэж хэлсэн. Би 05 дугаар сарын сүүлээр хээрээс буугаад 06 дугаар сараас барилгын ажил хийж мөнгийг нь төлсөн... гэж мэдүүлжээ.

  

Эрүүгийн 1934007200404 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч А.Цэрэнтогтох /хх-ийн 55-56 дугаар хуудас/, гэрч А.Цэрэнтогтох /хх-ийн 16-17, 18-19 дүгээр хуудас/, гэрч Л.Арсланбаатар /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч М.Олзбаатар /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Э.Амарбилэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэбаяр /хх-ийн 23, 24 дүгээр хуудас/, яллагдагч Н.Б /хх-ийн 30-32, 50-51 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,  

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 9 дүгээр хуудас/, зэвсэгт хүчний жанжин штабын даргын томилох, төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаанд ажиллуулах тухай тушаал, цалингийн карт, ангийн ахлах ахлагч нарын 2019 оны 07 дугаар сарын ажилласан өдрийн тодорхойлолт, зурган анкет /хх-ийн 10-15 дугаар хуудас/, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн иргэний нэхэмжлэгч А.Цэрэнтогтохыг томилсон албан тоот /хх-ийн 53 дугаар хуудас/,  ирцийн бүртгэл, жижүүрийн туслагчийн эд аж ахуй хүлээлцэх бүртгэл, цэргийн сахилгын дүрэм /хх-ийн 59-67 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-38, 42-45 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

   

Шүүгдэгч Н.Б нь ахлах ахлагч цолтойгоор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын ажиллагааг хангах ротын ЯЦБМ-ын буудлагын сургагч-наводчик оператор албан тушаал эрхэлж байх үедээ цэргийн албанаас зайлсхийх зорилгоор, цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа 2019 оны 06 дугаар сарын 10-наас хойш дур мэдэн орхиж явсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах иргэний нэхэмжлэгч А.Цэрэнтогтохын ...анги байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол байхгүй бөгөөд учирсан хохирол байхгүй тул Н.Боос ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

гэрч А.Цэрэнтогтохын ...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 311 дүгээр ангийн тэргүүн ахлагч албан тушаал дээр томилогдож ирээд ажлаа хүлээж авахад 4 оргодол байсан. Үүний нэг нь Н.Б байсан. Өөртэй нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр анх утсаар холбогдсон. Юу гэж ярьсан бэ гэхээр би танай ангид шинээр томилогдож ирсэн Тэргүүн ахлагч байна та яагаад ангидаа ирэхгүй байгаа юм бэ гэхэд би цагдаа дээр дуудагдсан энд асуудалтай байгаа юм аа гэхэд би Н.Быг маргааш ирэхгүй бол дүрэмд заагдсаны дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэж сануулсан. Тэгэхэд би маргааш очно гээд маргааш нь ирээгүй. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрөө ирж надтай уулзсан. Би өөрт нь ямар нөхцөл байдал үүссэн талаар хэлээд цэргийн нийтлэг дүрмүүдийн цэргийн сахилгын дүрмийн 3 дугаар бүлгийн 36 дугаар зүйлийг уншиж  танилцуулаад, төрийн албаны тухай хууль, цэргийн албаны тухай хууль уншиж танилцуулаад чамд ажиллах сонирхол байна уу гэж асуухад надад байна гэсэн байвал чи ирж ажлаа хий тэгвэл би ангийн захирагч захирагчийн зөвлөлийн гишүүдэд танилцуулж энэ бичгийг чинь хууль хяналтын байгууллагад өгөхгүй талаар арга хэмжээ авна гэсэн. Хэрэв ажлаа дахиад таслах юм бо энэ бичгийг шууд явуулна гэсэн чи гэр бүлийн маргаанаар шүүхэд орсон гэсэн тэр бичгээ авч ирээд үзүүл гэхэд маргааш аваад ирье гэж хэлээд миний өрөөнөөс гараад явсан. Тухайн үед ангиас явах чөлөө зөвшөөрөл хэн ч олгоогүй. Гэтэл өөрөө анги байгууллагаас яваад өгсөн байсан. Түүнээс хойш дахиж ирээгүй... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

...эхнэрийн асуудлаар хэрэгт холбогдсон байгаа. Цагдаагаар шалгуулж байгаа гэдэг шалтаг хэлж байсан. Тэгэхээр нь миний хувьд ажиллах сонирхол байна уу гэж асуусан чинь байна гэхээр нь чи ажиллах сонирхолтой бол ажлаа хий гэж хэлсэн. Ажиллах сонирхол байхгүй бол эртхэн асуудлаа шийд чиний хувьд ажиллах сонирхолтой бол цагдаа руу явуулах бичгийг явуулахаа болилоо гэж хэлж байсан. Мөн цагдаа сэргийлэхээр явсан шүүхээр явсан баримтаа авч ирээрэй гэж хэлж байсан. Тэгээд өөрөө зөвшөөрөөд гараад явсан байгаа. Тэрнээс хойш уулзаагүй... ...Надад ямар нэгэн байдлаар халагдах өргөдөл өгөөгүй... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Л.Арсланбаатарын ...Н.Б бол ажилдаа сайн сүрхий ажил тасалдаггүй хүүхэд байсан бөгөөд гэр бүл саллаа гэх шалтгаанаар л ийм асуудалтай болсон байх . Хувийн байдал бол даруухан хүүхэд байгаа юм. Архи дарс уугаад байдаггүй хүүхэд юм... ...миний хувьд тухайн үед ээлжийн амралттай байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын сүүлээр ажилдаа орсон... ...Надтай сүүлд утсаар ярьхад халагдах өргөдлөө өгнө гэж ярьж байсан. Тэрнээс биш миний ширээн дээр ямар нэгэн өргөдөл байгаагүй. Би бичсэн өргөдөл олж хараагүй... /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч М.Олзбаатарын ...миний хувьд 2019 оны 06 дугаар сарын эхээр таарсан. Тэрнээс хойш би хээрийн сургуульд гарчихсан байсан учир уулзаж чадаагүй. Тухайн үедээ бол ажил дээр л уулзаж байсан юм... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

гэрч Э.Амарбилэгийн ...019 оны 09 дүгээр сарын 10-аар байсан байх ар гэрийн шалтгаанаас болж цэргийн албанаас чөлөөлж өгнө үү гэсэн утгатай өргөдөл бичиж байсан. Тэр өргөдлийг нь би уншиж байсан юм. Тэр үед нь бол уулзсан өргөдлөө өгсөн эсэхийг нь бол мэдэхгүй. Миний хувьд уулзаад ар гэр асуудалтай байгаа гэж байсан. Тухайн үед бол ажлаа хийх хүсэл сонирхол байхгүй байх шиг байсан... ...миний хувьд бичиж байхыг нь бол харсан өгсөн эсэхийг нь бол мэдэхгүй байна... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч Б.Эрдэнэбаярын ...Улаанбаатар хотод уулзсан. Уулзах үед гэр бүлийн харилцаанаас болж шүүхээр орохоор болсон гэж байсан бөгөөд шүүхээр орохоосоо өмнө нэр цэвэр дээрээ ажлаасаа гарах талаар надад хэлж байсан... /хх-ийн 23 дугаар хуудас/,

...өрөөнд өргөдөл гэж нэг эхлүүлээд орхичихсон зүйл байсан бөгөөд би ээлжийн амралтаа эдэлж орж ирчхээд харсан бөгөөд манай өрөөний муу цаасан дунд байсан бөгөөд ротын алба хаагч нараас асуусан чинь Н.Б өргөдлөө биччихээд тэргүүн ахлагчийн өрөө рүү явсан. Тэгээд өгөлгүй явсан байх гэж сонссон. Энэ талаар би хүмүүсийн амнаас л сонссон... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

яллагдагч Н.Бын ...миний хувьд өөр ажил хийж мөнгө олох зорилгоор ажлаа тасалсан юм... /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

...2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажлаа тасалсан нь үнэн. Миний хувьд өөр ажил хийж мөнгө олох зорилгоор ажлаа тасалсан... /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 9 дүгээр хуудас/, зэвсэгт хүчний жанжин штабын даргын томилох, төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаанд ажиллуулах тухай тушаал, цалингийн карт, ангийн ахлах ахлагч нарын 2019 оны 07 дугаар сарын ажилласан өдрийн тодорхойлолт, зурган анкет /хх-ийн 10-15 дугаар хуудас/, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн иргэний нэхэмжлэгч А.Цэрэнтогтохыг томилсон албан тоот /хх-ийн 53 дугаар хуудас/,  ирцийн бүртгэл, жижүүрийн туслагчийн эд аж ахуй хүлээлцэх бүртгэл, цэргийн сахилгын дүрэм /хх-ийн 59-67 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-38, 42-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

    

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Н.Бын ахлах ахлагч цолтойгоор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын ажиллагааг хангах ротын ЯЦБМ-ын буудлагын сургагч-наводчик оператор албан тушаал эрхэлж байх үедээ цэргийн албанаас зайлсхийх зорилгоор, цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цэргийн албан хаагч түүн дотроо офицер, ахлагч цолтой хүн, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор буюу санаатайгаар, алба хааж буй цэргийн анги, байгууллагыг дур мэдэн орхиж явах нь хууль бус шинжтэй гэдгийг мэдсээр байж орхиж явсан, өөрөө түүнийг хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Мөн шүүгдэгч Н.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Быг ахлах ахлагч цолтой байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор, цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд түүний ажиллаж, алба хааж байсан Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн зүгээс нэхэмжилсэн хохирол, төлбөр үгүй тул шүүгдэгч Н.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Бод хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад төлөх төлбөргүйг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх буюу хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч А.Цэрэнтогтох гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

     хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овгийн Н.Быг ахлах ахлагч цолтойгоор, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор, цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У овгийн Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч У овгийн Н.Бод шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У овгийн Н.Бод тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч У овгийн Н.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч А.Цэрэнтогтох гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

            6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У овгийн Н.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У овгийн Н.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН