| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0361/Э |
| Дугаар | 379 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 379
2019 12 13 2019/ШЦТ/379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б.Тд холбогдох эрүүгийн 1934006490416 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбатар хот Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уул 14 гудамж, 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ШД76051871 дугаарын регистртэй, Б овгийн Б.Т
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Т нь Төв аймгийн Цээл сумын төвд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Батсүхийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний биед баруун 1 дүгээр шүдний булгарал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т:
...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ууганаа гэдэг айлд Даваадорж гэдэг хүнийг сурч очсон юм. Тэгээд хөдөө мал дээрээ байгаа гэхээр нь тухайн айлаас машинтайгаа хөдлөөд явж байтал нэг залуу зам дээр гараа өргөөд зогсож байсан болохоор нэгэнт сумын төв орох юм чинь дөхүүлээд өгье гээд суулгасан. Тэгээд суулгаад явсан чинь нөгөө залуу пизданууд намайг зодчихлоо гээд хашгираад байсан. Тэгээд би дөнгөж чамайг машиндаа суулгаж байна юу яриад байгаа юм гээд гэрэл асаатал машинаас гараад гүйчихсэн. Тэгэхээр нь би хойноос нь гүйж дэгээдэж унагаагаад би гудамжны гэрэлд харсан чинь шүднээс нь цус гарсан байсан... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934006490416 дугаартай хэрэгт хохирогч Д.Батсүх /хх-ийн 5-7 дугаар хуудас/, /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Б.Т /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Д.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Энхбаяр /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Э.Сэмжид /хх-ийн 14-15 дугаар хуудас/, яллагдагч Б.Тгийн /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын12-ны өдрийн 585 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Тгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 16-22, 41-44 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Цээл сумын төвд иргэн Д.Батсүхийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний биед баруун 1 дүгээр шүдний булгарал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Батсүх ...би Б.Т, Мөнх-Эрдэнэ нартай хашаан дотор таарсан та нар сумын төв рүү орох уу гэхэд тэгнээ гэхээр нь би машинд нь суусан. Бид гурав Мөнх-Эрдэнэ машинтай сумын төв рүү явж байтал тэр хоёрын нэг нь чи Увсын Ууганаагийн хамаатан уу Увсынхныг ална аа гээд намайг Б.Т машинаас чирч буулгаад миний толгой руу гараа раа 2 уда цохисон. Тэгэхээр нь би заамдаж байсныг тавиулаад Ууганаа ахын гэр рүү зугтаасан. Ингээд намайг зугтааж байхад Б.Т араас гүйж ирээд араас тэвэрч газар унагаасан. Би тэгэхээр нь босоод дахиад зугтааж Ууганаа ахын гэрт орсон. Миний араас Ууганаа ахын гэр рүү Б.Т орж ирээд гэрийн баруун талын буйдан дээр түлхэж суулгаад 4-5 уда цохисон. тэгэхэд миний доод талын нэг үүдэн шүд хугарсан... /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
....миний булгарч унасан шүдийг 2.000.000 төгрөгөөр янзалж ясанд шүд суулгах эмчилгээ хийнэ. Нийт 2200000 төгрөг нэхэмжилж байна... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
гэрч Д.Мөнх-Эрдэнэ ...нэг танихгүй хүн гар өргөхөөр нь зогсоход сумын төв рүү хүргээд өгчих пизда минь гэсэн. Тэгтэл надтай цуг явсан Б.Т чи яахлаараа зүгээр суучихгүй хүнийг пизда минь гэдэг юм гээд машинаас буугаад барилцаж аваад маргалдсан. Тэгтэл нөгөө нөхөр зугтаагаад Даваадоржын хашаа руу орсон. Б.Т араас хөөгөөд хашаа руу орсон. Намайг харахад Б.Т тэр хүнийг нэг алгадсан... ...тухайн хүнийг Б.Т хөөгөөд явж байхад хүн харагдаагүй. Яг ямар шалтгаанаар хөөж явсныг мэдэхгүй... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
насанд хүрээгүй гэрч Г.Энхбаяр ...хүн аллаа гээд гэр рүү гүйж орж ирээд баруун орон дээр суусан. Араас Мөнх-Эрдэнэ, Б.Т нар орж ирээд чи хаанаас ирсэн хэн юм гэж Батсүхийг загнаж Б.Т новш чинь уур хүргээд хаячихлаа гээд Батсүхийн нүүрэн тус газар хэд хэд цохиж Батсүхийн амнаас цус гарсан. Б.Т, Мөнх-Эрдэнэ нар баахан томорч байгаад гэрээс гараад явсны дараа Батсүх амнаас гарсан цусаа арчиж гэрт толинд харснаа хоёр гурван шүд хөдөлсөн байна гэсэн. Батсүх анх манай гэрт ирэхэд нүүр болон амнаас цус гараагүй зүгээр орж ирсэн... ...Батсүх манай гэрт ирэхдээ эрүүл байсан. Харин Мөнх-Эрдэнэ, Б.Т нар согтуу байсан... /хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч Э.Сэмжид ...21 цагийн үед хүнд зодуулчихлаа хамар нь хавдсан амнаас цус гарсан байдалтай ажил дээр ирсэн. Юу болсон талаар нь өөрөөс нь асуухад Ууганбаярынхаас явах гэж байхад сумын бололтой Б.Т гэх залуу зодоод шүд хугалчихлаа гэсэн. Доод талын голын шүд нь ёзоороороо хугарсан байсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
яллагдагч Б.Т ...сумын төвд нэг танихгүй хүнийг замаас аваад машинд суусан замдаа би тэр хүнтэй маргалдсан. Учир нь тэр хүн намайг чи цохилоо гэж хэлэхээр нь би битгий худлаа яриад байгаарай гэсэн чинь машинаас буугаад зугтаасан. Би араас нь хөөж байгаад хавсарч унагаасан. Тэгээд замын гэрэлд харах гэсэн боловч болохгүй зогсож байтал тэр хүн дахиад зугтаасан бөгөөд араас нь гүйхэд нэг айл руу орсон. Тэр айлд 10 жилийн бололтой эрэгтэй, эмэгтэй хүүхэд байсан. Тэгэхээр нь би чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж хэлээд 2-3 удаа алгадсан. ... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын12-ны өдрийн 585 дугаартай ...Д.Батсүхийн биед баруун 1-р шүдний булгарал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Тгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 16-22, 41-44 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Тгийн Д.Батсүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Б.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Батсүхийн биед баруун 1-р шүдний булгарал, уруулд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Түүнчлэн хохирогч Д.Батсүх нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй ба шүүх хуралдааны өмнө шүүгчийн туслах Х.Амарбаясгалан шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогч Д.Батсүхэд мэдэгдэхэд шүдээ эмчлүүлэх 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна. Хүүхдийн бие өвдсөн тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар мэдэгдснийг тэмдэглэлд тусгав.
Иймд хохирогч Д.Батсүх нь цаашид гарах эмчилгээний зардал болох 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Тд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдолтой зэргийг зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь тус тус зүйтэй.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Батсүх нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Тд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Б.Тд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б овгийн Б.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Батсүх нь шүүгдэгч Б.Тд гомдолтой, 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч ОЮ80071672 дугаарын регистртэй, Борлууд овгийн Дамдинсүрэнгийн Батсүх нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН