Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 390

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019            12               19                                                 2019/ШЦТ/390                             

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Б овгийн Д.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д.Ят холбогдох эрүүгийн 1934008590440 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

     

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа тээврийн жолооч, ам бүл 2, ээжийн хамт, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг 4-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЕЭ86042974 дугаарын регистртэй, Б овгийн Д.Я

 

                                        Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б овгийн Д.Я нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөрийн ам гэх газар 00-78 УНГ улсын дугаартай “Норд бенз Ви-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, тээврийн хэрэгслээ хөдөлгөхдөө “хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж үзээгүйгээртээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөнийг эхэлсний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ч.Идэрхүүгийн зүүн хөлийг дайрч, улмаар эрүүл мэндэд нь “зүүн тахилзуур ясны зөрүүтэй хугарал, зүүн шилбэ, тавхайд шарх, зулгаралт, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн гуя, шилбэ, тавхайд цус хуралт, бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                        

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б овгийн Д.Я:

“...2019 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр Өгөөмөрийн ам гэдэг газар Идэрхүүгийн машин эвдэрсэн байна гээд би очсон чинь Дарханболдын захисан сэлбэгийг аваад ирсэн байсан. Намайг ирэхэд тэр хоёр тал шил архи уусан байсан. Тэнд хонохоор болоод Дарханболдын төрсөн өдөр болсон гурвуулаа архи уусан. Карданаа татаагүй унтсан байсан. Тэгээд бид 3 тасарсан байсан. Машинаас буугаад ирсэн чинь Идэрхүүийн хөлнөөс цус алдсан. Дарханболд машинд унтсан байсан. Би машинаар дайрсан гэж мэдээгүй. Миний машины байрлал солигдсон байсан. Тэгээд л би надаас өөр миний машиныг унах хүн байхгүй учраас би дайрсан гэж ойлгосон...” гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934008590440 дугаартай хэрэгт хохирогч Ч.Идэрхүү /хх-ийн 22-23, 24 дүгээр хуудас/, иргэний хариуцагч, нэхэмжлэгч Э.Түвшинбаяр /хх-ийн 26-27, 29 дүгээр хуудас/, гэрч С.Батсуурийн /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Ю.Дарханболд /хх-ийн 32, 33  дугаар хуудас/, гэрч М.Цолмонцэцэг /хх-ийн 35 дугаар хуудас/, шинжээч Б.Батчимэг /хх-ийн 42 дугаар хуудас/, шинжээч Г.Манлайбаатар /хх-ийн 52 дугаар хуудас/, яллагдагч Б овгийн Д.Я /хх-ийн 70-71 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 714 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5744 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5604 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5869 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар хуудас/, шүүгдэгч Б овгийн Д.Яын согтуурлын зэргийг хэмжсэн гэрэл зураг, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Ч.Идэрхүүгийн годмол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 108 дугаар хуудас/, шүүгдэгч Б овгийн Д.Яын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 73-101, 104-107, 109 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

   

Шүүгдэгч Б овгийн Д.Я нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөрийн ам гэх газар 00-78 УНГ улсын дугаартай “Норд бенз Ви-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, тээврийн хэрэгслээ хөдөлгөхдөө “хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж үзээгүйгээртээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөнийг эхэлсний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ч.Идэрхүүгийн зүүн хөлийг дайрч, улмаар эрүүл мэндэд нь “зүүн тахилзуур ясны зөрүүтэй хугарал, зүүн шилбэ, тавхайд шарх, зулгаралт, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн гуя, шилбэ, тавхайд цус хуралт, бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ч.Идэрхүүгийн ...Д.Я, Дарханболд бид гурав 2 шил архи ууцгаасан. Тэгээд нэг мэдсэн чинь Дарханболд миний автомашины арын хэсэгт байдаг ор нь дээр унтаж байсан. Тэгээд би тэрнээс хойш юм санахгүй байгаа. Д.Я намайг эмнэлэгт авч ирж байсныг л санаж байна... ...миний зүүн хөлийн эрээн булчин задарсан, зүүн гар хөхөрсөн... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

...анх гэмтэж эмнэлгийн байгууллагад хүргэгдэж ирснийгээ бодвол гайгүй болж  байгаа. Одоо физик эмчилгээ хийгдэж байгаа... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

иргэний хариуцагч, нэхэмжлэгч Э.Түвшинбаяр ...Д.Я 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс миний автомашиныг барьж байгаа. Д.Я автомашин барьж ачаа ачсанаараа цалинждаг... ...Би автомашиныхаа аюулгүй байдлыг үзлэг оношилгоонд оруулж явдаг. 2019 оны үзлэг оношилгоонд ороход ямар нэгэн асуудалгүй тэнцсэн... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

...Би юу ч мэдэхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

гэрч С.Батсуурийн ...машин дотор хөлөө хутгаар зүсчихсэн хүн байна гэж хэлэхээр нь би тэрэг түрээд хамт эмнэлгийн урд талын зогсоол руу гарахад саарал приусны хойд талын суудал дээр зүүн хөл нь нил цус болчихсон байхаар нь хамт явсан согтуу хүнтэй нь хамт тэрэг нь дээр түрээд явж байхад хамт явж байсан согтуу залуу нь намайг элдвээр хэлээд хараагаад байсан... ...нэг өвчтөнтэй хамт согтуу  залуутай хоёулаа л ирсэн... /хх-ийн 30 дугаар хуудас/,

гэрч Ю.Дарханболдын ...Идэрхүү, Д.Я нарт “Найз нь согтоод байна, унтлаа” гэж хэлээд 77-58 ДГО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн суудлын ар талд байдаг ор нь дээр гараад унтаад өгсөн. Тэгээд би сэрсэн чинь цагдаагийн алба хаагч нар ирчихсэн сууж байсан... /хх-ийн 32 дугаар хуудас/,

шинжээч Б.Батчимэгийн ...Ч.Идэрхүүгийн биед зүүн тахилзуур ясны зөрөөтэй хугарал шилбэ, тавхайд шарх, зулгаралт, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн гуя, шилбэ, тавхайд цус хуралт гэсэн гэмтлүүд тогтоогдсон... ...шархны хэмжээ том, салбарч урагдсан байсан тул хутгаар зүсэх, дүрэх үед үүсэх боломжгүй... /хх-ийн 42 дугаар хуудас/,

шинжээч Г.Манлайбаатарын ...Би 0078 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн мөр болон цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон газрыг үндэслэн дүгнэлтийг гаргасан... /хх-ийн 52 дугаар хуудас/,

яллагдагч Б овгийн Д.Я ...би архи уухаасаа өмнө өөрийнхөө автомашиныг 77-54 ДГО улсын дугаартай автомашины зүүн урд талд хойд зүг рүү харуулан байрлуулсан байсан. Тэгээд би хоёр өдөр дараалалж архи ууж байгаа болохоор хурдан согтчихсон. Тэгээд би машиндаа суучхаад буугаад ирэхэд Идэрхүүгийн хөлнөөс цус гарчихсан, хөлөө барьчихсан орилоод байсан. Тэгээд би Дарханболдын автомашин болох 78-27 УНВ улсын дугаартай автомашиныг бариад Идэрхүүг автомашины арын суудалд суулгаад Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан... ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, өөрийн үйлдсэн хэрэгтээ хариуцлага хүлээхэд бэлэн байна... ...Идэрхүүгийн зүүн хөлийнх нь булчин нь задарчихсан байсан... /хх-ийн 70-71 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 714 дугаартай ...Ч.Идэрхүүгийн биед зүүн тахилзуур ясны зөрүүтэй хугарал, зүүн шилбэ, тавхайд шарх, зулгаралт, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн гуя, шилбэ тавхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5744 дугаартай ...хар өнгийн машины дугуйн дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай ...00-78 УНГ улсын дугаартай Нордбенз маркийн машины жолооч Б овгийн Д.Я нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 10.1 “Жолооч хөдөлгөөнд эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, иг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5604 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “Б овгийн Д.Я 33 н эр 2019.10.01” гэсэн хаягтай цуснаас 1.8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.8 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5869 дугаартай ...ХГҮ-ээр бэхжүүлсэн гэх шороо, өвс дээрх улаан хүрэн өнгийн зүйл нь цус мөн байна. Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна... ...Ч.Идэрхүү гэх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна... талаарх дүгнэлт /хх-ийн 61 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар хуудас/, шүүгдэгч Б овгийн Д.Яын согтуурлын зэргийг хэмжсэн гэрэл зураг, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Ч.Идэрхүүгийн годмол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 108 дугаар хуудас/, шүүгдэгч Б овгийн Д.Яын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 73-101, 104-107, 109 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

   

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б овгийн Д.Яын согтуурсан үедээ 00-78 УНГ улсын дугаартай “Норд бенз Ви-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон тээврийн хэрэгслээ хөдөлгөхдөө Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу “хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж үзээгүйгээр тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөнийг эхэлсний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ч.Идэрхүүгийн зүүн хөлийг дайрч, улмаар эрүүл мэндэд нь “зүүн тахилзуур ясны зөрүүтэй хугарал, зүүн шилбэ, тавхайд шарх, зулгаралт, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн гуя, шилбэ, тавхайд цус хуралт, бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж өөрөө хүсч жолоодсон үйлдэл, эс үйлдэхүй санаатай хэлбэртэй ба уг согтуурсан үедээ санаатай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар нь болгоомжгүй хэлбэртэй юм.

Энэ нь гэм буруугийн хувьд холимог хэлбэр гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Б овгийн Д.Я мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.  

 

Иймд шүүгдэгч Б овгийн Д.Яыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б овгийн Д.Яын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Идэрхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний хариуцагч Э.Түвшинбаярын эд хөрөнгөнд хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч Б овгийн Д.Яын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт хохирогч Ч.Идэрхүүд 700.000 /долоон зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 108 дугаар хуудаст авагдсан хохирогчийн мэдүүлэг болон шүүхийн шатанд шүүгчийн туслах Х.Амарбаясгалан шүүх хурлын товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрт 700.000 төгрөг авсан талаарх тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б овгийн Д.Яыг хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.

 

Харин иргэний хариуцагч Э.Түвшинбаярын хувьд шүүгдэгч Б овгийн Д.Я нь хохирогч Ч.Идэрхүүд хохирол төлбөрийг төлж барагдуулсан ба хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул иргэний хариуцагч Э.Түвшинбаяраас гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б овгийн Д.Ят хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан болгоомжгүй гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэх дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Б овгийн Д.Яын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд нэг /1/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх хассан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б овгийн Д.Я нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ч.Идэрхүүд 700.000 /долоон зуун мянга/ төгрөг төлснийг, иргэний хариуцагч Э.Түвшинбаяраас гаргуулах хохирол төлбөргүйг, хохирогч Ч.Идэрхүү нь шүүгдэгч Б овгийн Д.Ят гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б овгийн Д.Яын жолоочийн 466810 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж байгаа болно.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                          хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                                удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д.Яыг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.    

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д.Ят шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

                                              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д.Я нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн шүүхээс 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

  

5. Шүүгдэгч Б овгийн Д.Я нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ч.Идэрхүүд 700.000 /долоон зуун мянга/ төгрөг төлснийг, иргэний хариуцагч Э.Түвшинбаяраас гаргуулах хохирол төлбөргүйг, хохирогч Ч.Идэрхүү нь шүүгдэгч Б овгийн Д.Ят гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б овгийн Д.Яын жолоочийн 466810 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д.Ят Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхээс тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Д.Ят урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Д.Ят авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН