Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, С.Намжилцогт нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Ц.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь “2018 оны 10 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай Каннабис өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12-82 тоотод хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Б-ийн өгсөн:

“...Манай гэрт байсан цэнхэр өнгөтэй ургамал мэт зүйлсийг 2018 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна Төв аймгийн Жаргалант суманд ажлаар явж байхдаа нэг айлын малын саравчны ойролцоо байх жалганаас түүсэн юм. Уг ургамлыг Каннабис гэдэг. Би цахим сайтуудаас Каннабис ургамлыг хэрэглэхээр тайвширдаг, аз жаргалтай болгодог гэж сонсож байсан болохоор уг ургамлыг туршиж үзэх гэж түүсэн юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирээд www.youtube.com сайтаас Каннабис ургамлыг хэрхэн хэрэглэж байгаа дүрс бичлэгүүдийг үзэж байгаад өөрийн түүсэн өвснөөсөө хэрэглэсэн. Би энэ ургамлаас хэн нэгэнд зарж борлуулж ашиг хонжоо олсон асуудал байхгүй. Би Төв аймгийн Жаргалант сумын нутгаас түүж ирсэн өвснөөсөө хоёр удаа л хэрэглэсэн, хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ найз Н.Бын хамт хэрэглэсэн. Өвснөөс өөр зүйл хэрэглээгүй, хэрэглэж үзээгүй.

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр найз охин С-тэй хамт 3, 4 дүгээр хорооллын Винс Вэй нэртэй пабад пиво уугаад сууж байтал найз Б залгаад уулзах уу гэхээр нь байгаа газраа зааж өгөөд дуудсан. Удалгүй Б ирээд бид 3 хамт пиво ууж, юм ярьж сууж байгаад тэндээсээ гараад ойролцоо байх караоке орж 2 цаг орчим дуулж байгаад манай гэрт очиж хонохоор болсон. Замаараа дэлгүүр орж архи аваад манайд очиж Б, С- бид 3 хувааж уусан. Б бид 2 үүдэнд гарч тамхилахдаа би хажуу талын байшинд хадгалж байсан ууттай өвснөөсөө бага зэргийг аваад цаасанд ороогоод гадаа гарч татаж байтал Б ямар тамхи татаж байгаа юм, наадахнаасаа нэг өгчих гэхээр нь би Бод өгтөл гахаж цацаад ямар гашуун тамхи вэ гээд дахиж татахгүй надад өгөхөөр нь би газар хаяж унтраагаад гэр лүү орсон. Маргааш өглөө нь сэртэл архи гүйцэд гараагүй, бага зэрэг шарталттай байсан болохоор Б бид 2 дахин нэг шил архи аваад өдөржин юм яриад, хоол идээд архиа хувааж уугаад нилээн согтолттой унтаж байтал 01-р сарын 23-24-нд шилжих шөнө гаднаас цагдаа нар орж ирээд баривчилсан. Ингээд үзлэг хийгээд хажуу байшинд байсан гялгар ууттай өвсийг хураан авсан. Би мэдүүлэг өгөхдөө хаанаас хэзээ олж ирсэн талаараа үнэн зөвөөр мэдүүлж, цагдаагийн байгууллагад хүндрэл учруулаагүй байгаа. Гэхдээ хэргийн газраас хураан авсан 2 ууттай зүйл нь ганга өвс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 133-134, 140-141/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.С-ийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ...Бий гэрт орж ирсэн хүмүүс өөрсдийгөө хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гэж танилцуулж байсан бөгөөд Ц.Б-ий гэрт нь нэгжлэг хийж байгаад өвс хурааж аваад Болдоо, Бэ бид гурвыг Хар тамхитай тэмцэх газар авчирсан...” гэх мэдүүлэг /хх-н 71-74/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бын өгсөн:

“...Бэ гэрийнхээ хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй цаасанд ороосон тамхи татаж байхаар нь би аваад 2 сортол хоолой гашуун оргиод ханиалгаад байхаар нь дахиж сороогүй өөрт нь өгсөн. ...2019 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө цагдаа нар орж ирээд баривчилсан...” гэх мэдүүлэг /хх-н 75-76/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Химийн шинжээчийн 873 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1. “Гал тогооны тавилгын дээр байсан цаасан хайрцагнаас хураан авсан цэнхэр өнгийн гялгар тортой ургамал мэт зүйл” гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар тортой ургамал мэт зүйл, 2. “Гал тогооны тавилгын дээр байсан цаасан хайрцагнаас хураан авсан ногоон өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлс” гэж хаягласан ногоон өнгийн гялгар тортой ургамал мэт зүйл, 3. “Гал тогооны тавилгын дээр байсан ягаан өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйлс” гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар тортой ягаан өнгийн хуванцар сав, ургамал мэт зүйл, 4. “Жижиг өрөөний цайвар өнгийн хувцасны шкафны урд хаалганы хоёр дахь тавцан дээр байсан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл” гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар тортой ургамал мэт зүйл, 5. “Жижиг өрөөний цайвар өнгийн хувцасны шкафны хамгийн доод талын шүүгээнээс хураан авсан хуванцар савтай ургамал мэт зүйл” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйл, 6. “Жижиг өрөөний цайвар өнгийн хувцасны шкафны хамгийн доод талын шүүгээнээс хураан авсан, ногоон өнгийн тагтай, хуванцар савтай ургамал мэт зүйл” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйл, 7. “Жижиг өрөөний цайвар өнгийн хувцасны шкафны хамгийн доод талын шүүгээнээс хураан авсан нэг удаагийн гялгар ууттай ургамал мэт зүйл” гэж хаягласан нэг удаагийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 8. “Жижиг өрөөний хаалганы төмөр өлгүүрээс хураан авсан “Хаан” сүүтэй цай гэсэн бичиглэлтэй гялгар ууттай ургамал мэт зүйл гэж хаягласан” гялгар ууттай ургамал мэт зүйл, 9. “Жижиг өрөөний мансарт буюу хоёр давхарт байсан хүүхдийн тоглоом дотроос хурааж авсан ургамал мэт зүйл” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйл, 10. Ёроол хэсэг нь ургамал мэт зүйлээр бохирлогдсон хуванцар ундааны сав тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1. “Гал тогооны тавилгын дээр байсан цаасан хайрцагнаас хураан авсан цэнхэр өнгийн гялгар тортой ургамал мэт зүйл” гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар тортой ургамал мэт зүйл, 3. “Тал тогооны тавилгын дээр байсан ягаан өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйлс” гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар торгой ягаан өнгийн хуванцар сав, ургамал мэт зүйл, 4. “Жижиг өрөөний дайвар өнгийн хувцасны шкафны урд хаалганы хоёр дахь тавцан дээр байсан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл” гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар торгой ургамал мэт зүйл, 5. “Жижиг өрөөний цайвар өнгийн хувцасны шкафны хамгийн доод талын шүүгээнээс хураан авсан хуванцар савтай ургамал мэт зүйл” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйл, 6. “Жижиг өрөөний цайвар өнгийн хувцасны шкафны хамгийн доод талын шүүгээнээс хураан авсан, ногоон өнгийн тагтай, хуванцар савтай ургамал мэт зүйл” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйл, 7. “Жижиг өрөөний цайвар өнгийн хувцасны шкафны хамгийн доод талын шүүгээнээс хураан авсан нэг удаагийн гялгар ууттай ургамал мэт зүйл” гэж хаягласан нэг удаагийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 9. “Жижиг өрөөний мансарт буюу хоёр давхарт байсан хүүхдийн тоглоом дотроос хурааж авсан ургамал мэт зүйл” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйл, 10. Ёроол хэсэг нь ургамал мэт зүйлээр бохирлогдсон хуванцар ундааны сав тус бүрээс делта-9 теграгидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

Шинжилгээнд ирүүлсэн 2. “Гал тогооны тавилгын дээр байсан цаасан хайрцагнаас хураан авсан ногоон өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлс” гэж хаягласан ногоон өнгийн гялгар тортой ургамал мэт зүйл, 8. “Жижиг өрөөний хаалганы төмөр өлгүүрээр хураан авсан “Хаан” сүүтэй цай гэсэн бичиглэлтэй гялгар ууттай ургамал мэт зүйл гэж хаягласан” гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.

3. Шинжилгээнд илэрсэн делга-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно гэх дүгнэлт /хх-н 100-102/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 355 тоот:

1. Ц.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.

2. Ц.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Ц.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ц.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Ц.Б нь одоогоор мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Ц.Б нь одоогоор мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

- Монгол улсад эмчлэгдэх боломжтой.

- Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Ц.Бд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-н 119-120/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-26/,

- Хэргийн газарт үзлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 27-31/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 144, 179/,

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 175/

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 181/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Б нь “2018 оны 10 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай Каннабис өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12-82 тоотод хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Б-ийн “...Манай гэрт байсан цэнхэр өнгөтэй ургамал мэт зүйлсийг 2018 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна Төв аймгийн Жаргалант суманд ажлаар явж байхдаа нэг айлын малын саравчны ойролцоо байх жалганаас түүсэн юм...” гэх мэдүүлэг, 

 

гэрч Н.С-ийн “...Ц.Б-ий гэрт нь нэгжлэг хийж байгаад өвс хурааж аваад Болдоо, Бэ бид гурвыг Хар тамхитай тэмцэх газар авчирсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Бын “...Бэ гэрийнхээ хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй цаасанд ороосон тамхи татаж байхаар нь би аваад 2 сортол хоолой гашуун оргиод ханиалгаад байхаар нь дахиж сороогүй өөрт нь өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Химийн шинжээчийн 873 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ц.Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Бд 01 /нэг/ жил хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ий цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цэнд-Аюушийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ий цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн гялгар тортой 232.0 грамм Каннабис ургамал, ягаан өнгийн хуванцар сав болон уутны хамт 211 грамм Каннабис ургамал, цэнхэр өнгийн гялгар ууттай 187.7 грамм Каннабис ургамал, хуванцар савтай 195 грамм Каннабис ургамал, ногоон өнгийн тагтай, хуванцар савтай 230.4 грамм Каннабис ургамал, нэг удаагийн гялгар уттай 111.8 грамм Каннабис ургамал, хүүхдийн тоглоомон дотроос хурааж авсан 195 грамм Каннабис ургамал, ёроол хэсэг нь Каннабис ургамлаар бохирлогдсон хуванцар ундааны сав зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ