Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182/шш2016/01001

 

                                       

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 08 өдөр

      Дугаар 182/ШШ2016/01001

       Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 2 175 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Дтой 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг сарын 0.8 хувийн хүүтэй хоёр сарын хугацаатай байгуулсан юм. Гэрээний хугацаа дууссан боловч, Б.Д нь зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч Б.Доос үндсэн зээл 1 500 000 төгрөг, 90 хоногийн алданги 675 000 төгрөг нийт 2 1750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Дт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөгийг өдрийн 0.8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаатай зээлдүүлсэн. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Б.Доос зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг байнга шаардсан байсан. Б.Д нь орлого муутай байна гээд 10 000, 20 000 төгрөгөөр нь  л цувуулж өгдөг байсан. Зээлийн хүүд 610 000 төгрөг авсан учраас зээлийн хүү шаардаагүй.

 Харин Б.Доос үндсэн зээл 1 500 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны буюу 90 хоногийн 0.5%-ийн алданги болох 675 000 төгрөг нийт 2 175 000 төгрөгийг  нэхэмжилсэн  юм.  Одоо үндсэн зээл 1 500 000 төгрөгийг гаргуулж авахыг хүсч байна. Алданги 675 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Б.Д хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч байна. Миний бие нь С.Дгээс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөгийг 2 сарын  хугацаатай, 0.8 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн болно. С.Дд 610 700 төгрөгийг өгсөн. Эдийн засгийн хямралаас хамаарч зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Надад өндөр хүү, алданги төлөх боломж байхгүй. Харин үндсэн мөнгийг нь бага, бага хэмжээгээр төлөх саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Б.Дт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 500 000 төгрөг алданги 675 000 төгрөг нийт 2 175 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч С.Д нэхэмжлэлийн шаардлагаа 675 000 төгрөгөөр багасгаж, үндсэн үүрэг болох 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

Хариуцагч Б.Д нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч С.Дгээс 1 500 000 төгрөгийг өдрийн 0.8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги  тооцохоор харилцан тохиролцож, 1 500 000 төгрөгийг зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4 тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Б.Д 1 500 000 төгрөгийг  шилжүүлж өгөх, Б.Д нь зээлсэн 1 500 000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба зээлийн хүү өдрийн 0.8 хувь байхаар харилцан тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д заасан  заалтуудтай нийцжээ.

Иймд зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Дээрх гэрээний дагуу С.Д нь Б.Дт 1 500 000 төгрөгийг   шилжүүлж өгсөн байх бөгөөд Б.Д нь зээлийн хүүд 610 700 төгрөг төлж, үндсэн зээл 1 500 000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Зохигчид хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул зээлсэн         1 500 000 төгрөгт хүү тооцох үндэстэй бөгөөд зээлийн хүү төлсөн тухайд талууд маргахгүй байгаа болно. 

Иймд хариуцагч Б.Д нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул зээлийн үндсэн үүрэгт 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д  зааснаар хариуцагч Б.Доос 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Дд олгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 750 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос 38 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ                                Ж.ЦЭНГЭЛ